| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01893/И |
| Дугаар | 102/ШШ2017/01545 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/01545
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01545
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65-2 байр, 53 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, 34 настай, эрэгтэй, Боржигон овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ /РД: ХА83011111/,
Нэхэмжлэлийн шаардлага: Г.Мөнх-Эрдэнийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийг төлөөлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч А.Идэр, гуравдагч этгээд Г.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мөнх-Эрдэнэ нь 1983 онд төрсөн. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт ял эдэлж ялын хугацаа дуусч гарсан. Түүнээс хойш олон нийтийн газраар явж, архидан согтуурч, байнга бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, бүлэг үүсгэн, төмөр замын нутаг дэвсгэрт оршин суух иргэдийн тав тухыг алдагдуулдаг. Төмөр замын иргэдээс удаа дараа гомдол ирсэн тул Г.Мөнх-Эрдэнийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан гэв.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ял эдлэх хугацаа дуусч хорих ангиас гарч ирсэн. Би байнга архидан согтуурсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд 14 хоногийн өмнө архи уусан. Автобусны буудал дээр би 3 найзтайгаа хамт зогсож байхад бид дөрвийг шууд машинд суулгаад Дэнжийн 1000 дахь 72 цагийн саатуулах байранд аваачиж хийсэн. Тэр орой би татаж унасан. Энэ хүнийг авахгүй, зүгээр хүн байна гэж тэнд ажилладаг хүн хэлсэн. Тэгээд би эмнэлэгт очсон. Байнга архи ууж хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулсан зүйл байхгүй. Би вокзал дээр явах нь явдаг боловч орилж чарладаггүй. Миний хоолой хутгалуулж гэмтэл авснаар ийм сөөнгө болсон байхад байнгын архи уудаг болохоор ийм болсон гэдэг. Ийм хоолойтой болохоор архи байнга уудаг гэж бодоод байх шиг байна. Би баригдсан өдрийнхөө орой гарсан. Надтай хамт байсан 3 хүн тэнд 3 хонож өнөөдөр хугацаа нь дуусч шүүхээр орж байна. Нэг удаа боломж өгнө үү. Өөр өөрийгөө засаад авч чадна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс нь гуравдагч этгээд Г.Мөнх-Эрдэнийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Гуравдагч этгээд Г.Мөнх-Эрдэнэ нь байнга архидан согтуурдаг, архинд донтох эмгэгтэй, эмчилгээнд хамрагдаг шаардлагатай болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байна.
Гуравдагч этгээд нь архи байнга хэрэглэдэг, архидан согтуурсан үедээ зөрчил гаргасан, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан нь цагдаагийн байгууллагын АСАП сангийн бүртгэл, зөрчлийн лавлагаа, 2011 онд Архаг архичдын судалгаанд бүртгэгдсэн байдал, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугчид болон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас Цагдаагийн байгууллагад гаргаж байсан өргөдөл зэргээр тогтоогдож байхаас гадна гуравдагч этгээд Г.Мөнх-Эрдэнэ нь сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийлж байна.
Иймд Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэсэн нөхцөл байдал бий болсон байх тул гуравдагч этгээд Г.Мөнх-Эрдэнийг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Ганболдын Мөнх-Эрдэнийг /РД: ХА83011111/-г албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлэхээр тогтоосугай.
2. Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Г.Мөнх-Эрдэнийг архины албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Гуравдагч этгээд Г.Мөнх-Эрдэнийн албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд шийдвэр гарсан, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ