Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2022/0011/Э |
Дугаар | 2022/ШЦТ/15 |
Огноо | 2022-01-06 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,
-улсын яллагч Б.Мөнхтулга,
-шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бхолбогдох эрүүгийн 2134000000462 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, краны оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Улаан сахиус овгийн Ц.Б / /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Бяцхан булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.889 метр куб бөөрөнхий хуурай эгэл нарс мод бэлтгэж, “47-20 СЭҮ” улсын дугаартай, “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 384.331 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгч Ц.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлжээ.
Гэрч С.Сүхжаргал нь: “Тухай үед би гэртээ хэвтэж байсан. Тэгсэн Ц.Б надад би төмсөө зооринд хийдэг тэгсэн зоориноос төмсөө хулгайд алдаад болдоггүй. Өөрөө тэндээ гэр барьж амьдрахаас. Гэр барихаас өмнө модонд явмаар байна надад туслаад өгөөч гэсэн. Зөвшөөрөлтэй эсэх талаар нь би ерөөсөө мэдээгүй” гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134000000462 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Бяцхан булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.889 метр куб бөөрөнхий хуурай эгэл нарс мод бэлтгэж, “47-20 СЭҮ” улсын дугаартай, “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 384.331 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 тал/_
-эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл /хх-ийн 13-15 тал/,
-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/,
-иргэний нэхэмжлэгч С.Нямдоржийн “Миний хувьд Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Буйлаас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн 1.152.993 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Төв аймгийн Жаргалант сумаас уг хэрэгт иргэний нэхэмжлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна... Миний хувьд үнэлгээгээр гаргасан мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
-шүүгдэгч Ц.Бийн гэрчээр өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-нд өглөө 11 цагийн үед баазын баруун талын ам буйлаас гэх газар бэлдчихсэн байсан модыг “47-20 СЭҮ” улсын дугаартай Бонго жи2 маркийн тээврийн хэрэгслээр очиж өчих гэсэн дугуй хагарсан. Тэгээд ирж дугуйгаа нөхөөд буцаж очиж ачаад явж байгаад талын гуу гэх газар цагдаад баригдсан. Тухайн модыг манай гэрт байгаа хужаа цагаан хөрөөгөөр бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
-гэрч С.Сүхжаргалын “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-нд гэртээ байж байхад найз Ц.Б модонд хамт яваад ачилцаад өгөөч гэсэн. Тэгээд баазын баруун талын амнаас орж ачсан. Тэгээд модноос гараад явж байгаад талын гуу гэх газар цагдаад баригдсан. Тухайн цахилгаан хөрөө болон тээврийн хэрэгсэл нь манай найз Ц.Бийн эзэмшлийн машин. Мод бэлтгэх тусгай зөвшөөрөл байгаа эсэх талаар би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Төв аймгийн Батсүмбэр суман дахь сум дундын ойн мэргэжилтэн Ц.Батбаярын гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан ... БОАЖС-ын 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-гээр тооцон гаргав. ...Борнуур сумын ойн сан нь 2013 оны ой зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаардаг болно. Бэлтгэсэн нийт 2.889м3 бөөрөнхий хуурай эгэл нарс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 2.889м³*1.8*73907төгрөг=384331 / гурван зуун наян дөрвөн мянга гурван зуун гучин нэг/ төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин үржүүлж гаргана... гэж дүгнэлт /хх-ийн 32 тал/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 07/405 дугаартай ...Ц.Бийн өмчлөлийн “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи 2” маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө үнэлгээний өдөр болох 2021 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 843.700 /найман зуун дөчин гурван мянга долоон зуу/ төгрөг болно... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-52 тал/,
Шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн “...Миний хувьд Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт амьдардаг бөгөөд зун жоохон төмс тарьчихаад түүнийг хурааж аваад хадгалах зоорь олдохгүй болохоор нь хүний зоорь түрээсэлж хадгалсан юм. Тэгтэл тухайн зоорьноос хүмүүс миний төмсийг аваад байхаар нь хажууд нь нэг гэр бариад төмсөө манаад өвөлжихөөр шийдээд эхний ээлжинд түлээний мод бэлтгэхээр шийдээд Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг Бяцхан булаг гэх газар руу саманд хөлсөөр ажил хийдэг С.Сүхжаргалыг гуйгаад 30.000 төгрөг өгөхөөр болоод дагуулан өөрийн эзэмшлийн “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслээр өөрийнхөө эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг аваад явсан юм. Тухайн газар очоод мод бэлтгэх гэсэн чинь өмнө нь мод бэлтгэж үзээгүй учраас яаж бэлтгэдгийг мэдэхгүй явж байтал хүмүүс унагаад үлдээчихсэн модыг цуглуулаад өөрийн машинд багтах хэмжээгээр тайрч элдээд машиндаа ачаад явж байгаад цагдаад баригдсан... Надад мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 59-50 дугаар хуудас/ болон шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 62, 64-73 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Бяцхан булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.889 метр куб бөөрөнхий хуурай эгэл нарс мод бэлтгэж, “47-20 СЭҮ” улсын дугаартай, “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 384.331 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Ц.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хэнийг ч хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ц.Б нь зөвшөөрөлгүйгээр “өдөр Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Бяцхан булаг” гэх газраас 12 ширхэг эгэл нарс мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэснээрээ тухайн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг төгссөн байна гэж үзлээ.
Тухайлбал шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Ц.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, малын саравчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 07/405 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Бийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч С.Сүрэнхорол:
... Шүүгдэгч Ц.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох саналыг гаргаж байна... гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд 450.000 төгрөгөөс торгуулийн ял нь эхэлж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн санал болгосон 700.000 төгрөгийг торгох ялыг дэмжиж оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ялыг багасгаж өгнө үү. Ц.Бийн хувьд “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулж улсын орлого болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох саналыг дэмжиж байна... гэж тус тус дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Ц.Бэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг давхар харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуу/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Бэд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуу/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 384.331 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.152.993 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ц.Б нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийг үнийг хавтаст хэргийн 38-52 дугаар хуудсанд авагдсан “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 07/405 дугаартай үнэлгээний тайлан /шинжээчийн дүгнэлт/-р үнэлэгдсэн үнэ болох 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь “ Л.Чинзоригтой худалдах худалдан авах гэрээ хийсэн байгаа” гэх боловч дээрхи тээврийн хэрэгслийн өмчлөгч Л.Чинзориг нь шүүгдэгч Ц.Бэд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон итгэмжлэл олгосон хугацаа дуусаагүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгчийн өмчлөлд шилжсэн гэж үзэхээргүй байх тул бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзсэн болно.
Эрүүгийн 2134000000462 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Улаан сахиус овгийн Ц.Б-д / /-д буцаан олгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цахилгаан хөрөөг ,
Жаргалант сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 12 ширхэг 2.889 метр куб бөөрөнхий хуурай эгэл нарс модыг ,
Шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгсэл өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 800.000 төгрөгийг шүүгдэгч Улаан сахиус овгийн Ц.Б-ээс гаргуулж тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Улаан сахиус овгийн Ц.Б-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Улаан сахиус овгийн Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цахилгаан хөрөөг, Жаргалант сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 12 ширхэг 2.889 метр куб бөөрөнхий хуурай эгэл нарс модыг тус тус улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Улаан сахиус овгийн Ц.Б-с гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн 2134000000462 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “47-20 СЭҮ” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Улаан сахиус овгийн Ц.Б / /-д буцаан олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА