Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Уд холбогдох эрүүгийн 2134002900419 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, тусгай дунд боловсролтой, оператор мэргэжилтэй оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т.У

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.У Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед хохирогч Э.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаа маргалдаж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хэвлий, баруун өвдгөнд цус хуралт, хэвлийд цус хуралт, зүүн хацар зулайд зөөлөн эдийн няцрал гэтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Т.У нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлжээ.

Хохирогч Э.О нь: “Одоо надад гомдол санал байхгүй. Жаргалын Ариунбаатар гээд багийн найзтайгаа Төв аймгийн Хайлааст багт малаа зарж байна гээд ирсэн. Тэгээд бид цугтаа архи уусан. Тэгээд би согттолоо ч уугаагүй. Би тэгээд явлаа гээд би эхлээд Т.У руу залгасан. Тэгээд буцаагаад Т.У над руу залгаад 4 дүгээр байрын гадаа сууж байна хальт уулзъя гэсэн. Тэгээд Ариунбаатарынхаас машинаар хүргүүлээд машинд сууж байгаад Уламбаярыг утсаар тоглож байхад нь гарыг нь жоохон шоглоод хөдөлгөсөн. Тэгээд байж байгаад хоорондоо инээлдэж байж байгаад Т.Утай ам мурийгаад муудалцсан. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа” гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134002900419 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Т.У Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед хохирогч Э.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хэвлий, баруун өвдгөнд цус хуралт, хэвлийд цус хуралт, зүүн хацар зулайд зөөлөн эдийн няцрал гэтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

-Хохирогч Э.Оын “2021 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 07 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирээд хувцсаа солиод н.Ариунбаатар гээд найзтайгаа уулзаад, н.Дэлгэрмөрөн гэдэг залуугийн хамт гурвуулаа тэднийд 1 шил 0.75 литрийн Соёрхол архи ууж дуусгаад 12 цаг 20 минутын орчимд н.Ариунбаатарын эхнэр намайг гэрийн хажууд хүргэж өгсөн. Тэгээд гэр рүүгээ арай орж амжаагүй байхад Т.У гээд манай найз над руу залгаад 4 дүгээр байрны цаад талын орцонд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би очсон чинь н.Уламбаяр, Т.У хоёр хамт байж байсан. Тэгээд н.Уламбаяр намайг чи согтуу байгаа юм уу гэж асуусан. Тэгээд жоохон юм ярьж зогсож байгаад за би харьлаа, явлаа орой ажилтай гэж хэлээд явах гэтэл Т.У машинаасаа бууж ирээд чи машинд суу гээд зандраад чанга дуугаар хэлсэн. Тэгэхээр нь би машинд суухгүй явлаа гэхэд чи суугаадах гээд орилоод байсан. Тэгэхээр нь эргэж хараад алхсан. Тэгсэн чинь араас гүйж ирээд мөрнөөс татаж эргүүлээд шууд нүүр рүү цохисон. Тэгээд учир зүггүй хүзүүнээс боогоод намайг унагаагаад дээрээс дэвсээд байсан. н.Уламбаяр ирээд хөл рүү өшиглөсөн. Тэгээд Т.У миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд тэрнээс хойш зүйлийг санахгүй байгаа. Тэгээд би гэртээ ирсэн байсан. Тэр намайг гэрт хүргэж өгөн байсан. Миний карманд байсан гар утас байхгүй байсан. Тэр оройдоо ажлын байран дээрээ цусаар бөөлжөөд бие салганаад ажлаасаа чөлөө аваад гэртээ ирээд унтаж чадалгүй бие өвдөөд халуурч хоносон. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнөөдөр эмнэлэгт үзүүлсэн. Гэмтэл байж магадгүй, хавирга хугарсан байна гээд нүүрэнд зөөлөн эдийн няцрал байна гээд Улаанбаатар хотод яаралтай үзүүлэхээр болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

-Шүүгдэгч Т.Уын гэрчээр өгсөн “Би Төв аймгийн Заамар сумын хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг н.Баянмөнх гэх хүний нөхөрлөлд ковшийн оператороор ажилладаг юм. Энэ оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн орчим ажлаасаа буугаад 10 цагийн орчим Заамар сумын Хайлааст 3 дугар баг Сов дээр замын унаагаар ирж буугаад н.Уламбаяр гэх ах, өөрийн найз болох н.Түвшинтөгс хоёртой утсаар яриад Шижир-Алт алтны үйлдвэрийн 3 дугаар байрны гадна уулзахаар болж шууд очсон чинь н.Уламбаяр ах, н.Түвшинтөгс нар байрны гадаа н.Уламбаярын “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгсэл дотор утсаараа тоглоом тоглоод сууж байхад нь очиж уулзаад тоглоод машинд нь сууж байтал Э.О манай найз н.Түвшинтөгс рүү хэд хэдэн удаа залгасан. Тэгэхэд нь дуудлага авалгүй тоглож байсан болохоор салгаад байсан. Тэгтэл миний утас руу Э.О хэд хэдэн удаа залгасан. Би бас тоглож байсан болохоор дуудлагыг нь авахгүй тасалж байгаад байн байн залгаад байхаар нь аваад ярьтал Э.О архи уусан согтуу байдалтай хаана байгаа юм бэ, хамаа яагаад утсаа авахгүй салгаад байгаа юм бэ гэхээр нь би тоглож байна шүү дээ яах гээд байгаа юм бэ гэхэд намайг ирээд аваадах би согтуу байна. Эсвэл чи хаана байгаа юм, би яваад очьё гэхээр нь би яах гээд байгаа юм бэ согтуу байж гэртээ харь гээд салгасан чинь н.Түвшинтөгс рүү залгаад тоглуулахгүй байхаар нь н.Түвшинтөгс утсаа аваад байгаа газраа хэлсэн чинь 1 цагийн дараа Э.О ганцаараа алхаад ирсэн. Би хаанаас ирснийг нь хараагүй. Ирээд шууд н.Уламбаяр ахын машиных нь цонхоор ирж утсыг нь булааж аваад намайг яагаад та нар тоохгүй байгаа юм бэ, би илүү юу, утас чинь илүү юу гээд утсыг нь өгөхгүй байхаар нь н.Уламбаяр ах машинаасаа буугаад утсаа авах гэсэн чинь н.Уламбаяр ахыг Э.О заамдаж аваад та нар намайг яагаад байгаа юм бэ, яагаад тоохгүй байгаа юм бэ, би бүр алхаад ирлээ гэж хэлсэн. Өнөөдөр миний төрсөн өдөр, ганц юм авч өг гээд н.Уламбаяр ахад хэлсэн. Тэгээд тэр хоёр бага зэрэг маргаад утсаа аваад салсан. Э.О машины цонхоор намайг хараад юу байна хамаа, гайхаад байгаа юм уу мань чинь шоронд гоё гоё юм сурсан, зүгээр байгаагүй шүү дээ гэхээр нь чи одоо яах гээд байгаа юм бэ тоглож байхад залгаад балай юм уу гэхэд Э.О чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ чи гай л болно шүү хамаа гэхээр нь би уучихсан байж боль гэртээ харь гэхэд машинд жолоочийн арын хаалгаар орж ирж миний хажуу талд суугаад үгээр өдсөн. Тэгэхээр нь би хүргэж өгье гэж бодоод машинаас Э.Оыг авч буугаад гэр рүү явах гэтэл Э.О хоёулаа сайхан үзэх үү гэж хэлээд миний майкаар хоолой боосон. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гэсэн дийлэхгүй байхаар нь зөрүүлээд өөрийг нь цамцаар боосон. Тэгсэн чинь баруун гараараа миний зүүн хацарт 2 удаа цохисон. Тэгэхээр нь би тавиад цааш нь түлхсэн чинь зүүн гараараа миний баруун хацарт1 цохихоор нь би бүүр уур хүрээд баруун гараараа Э.Оын зүүн хацарт 2-3 удаа алгадсан чинь Э.О чи надад гар хүрэх болоогүй шүү хамаа гээд баруун хацарт зүүн талын чамархай орчим баруун гараараа 2 удаа цохихоор нь би шууд барьж аваад хавсраад газар унагаагаад дээр нь гарч суутал машинаас н.Уламбаяр ах, н.Түвшинтөгс 2 бууж ирээд намайг татаж салгаад н.Уламбаяр ах та хоёрыг зөндөө харлаа юундаа зодолдоод байгаа юм бэ гээд салцгааж, н.Түвшинтөгс бид хоёр Э.Оыг гэрт хүргэж өгөхөөр хоёр талаас нь сугадаж бариад явж байтал Э.О бид хоёроос мултраад шууд гүйгээд эргэж хараад намайг өнөө шөнө нэвт хутга шаана гэж хэлээд цаашаа гүйгээд явчихаар нь араас нь н.Түвшинтөгс очиж газар унагасан. Э.Оын утсыг халаас руу нь хийж өгөөд гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд ирсэн. Тэгээд бид 3 хэсэг тоглоод сууж байтал Э.Оын ээж нь миний утас руу залгаад Э.О хэнтэй зодолдсон юм бол, утас нь байхгүй байна гэхээр нь би шууд ганцаараа гэрт нь явж очоод ээжтэй уулзаад болсон явдлыг үнэнээр нь хэлсэн чинь ээж нь за яахав та хоёр хоорондоо учраа олсон л бол надад ямар хамаа байхав харин гар утас нь яасан юм бол гэхээр нь мэдэхгүй гэж хэлээд гэрт нь болон гэрээс нь гарч орц, хашаанд хайсан боловч олдохгүй байхаар нь би шууд өөрийнхөө гэрт 13 цагийн орчимд ирсэн. Тэгсэн Э.О н.Уламбаяр ах бид хоёр зодуулсан гээд цагдаад гомдол гаргасан байсан. Намайг 18-ны өдөр ажлаасаа бууж байхад цагдаагаас дуудаад мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,

-Гэрч Ц.Уламбаярын “Би 2021 оны 09 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө би Төв аймгийн Заамар сумын нутаг Хайлааст багт байх н.Пүрвээ гэх хүний уурхай дээр ажиллаж байгаад өглөө 08 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирж хувцсаа солиод буцаж гараад н.Түвшинтөгс гэх найзтайгаа байрныхаа гадаа уулзахад тэднийх өөр байр руу орно байранд нь өөр хүмүүс орж байгаа гээд намайг гэр нүүлгээд өг гэхээр нь би хамт байж байтал тэднийх нүүж орох байр олдоогүй учир тэр өдөртөө больсон. Тэгж байтал 10 цаг өнгөрөөд Т.У ажлаасаа буугаад явж байгаад бид хоёртой утсаар яриад бид хоёрыг байж байгаарай уулзая гээд хэлэхээр нь бид хүлээж байгаад уулзаад н.Түвшинтөгсийн байрны цаад талынх нь байрны гадна миний машин дотор сууж байгаад гар утсаараа тоглоом тоглоод сууж байхад Т.У руу Э.О 10 цаг өнгөрч байхад залгаад байна байгаа юм гэхээр нь байгаа газраа зааж өгсөн чинь Э.О удалгүй согтуу хүрч ирээд бид нарыг тоглож байхад тоосонгүй, мэндэлсэнгүй гээд машины цонх онгорхой байхад миний утсыг булааж авахаар нь би уурлаад машинаасаа буугаад утсаа аваад Э.Оыг нэлээн согтуу байхаар нь үг нийлэхгүй юм байна. Чи одоо яв гэж хэлээд буцаад машиндаа суусан. Тэгтэл Т.У машинаас буугаад Э.Оыг гэр рүүгээ явах гэхэд нь очиж уулзаад миний машинд суулгах гэхэд нь машинд суугаагүй. Би н.Түвшинтөгстэй хамт гар утсаараа тоглоом тоглоод машиндаа сууж байтал Т.У муухай орилохоор нь харсан чинь Э.О газар уначихсан Т.У хажууд нь зогсож байсан. Тэгэхэд нь бид хоёр хамт буугаад н.Түвшинтөгс надаас түрүүлж очоод Т.У одоо боль гээд татаад авсан. Э.О нь хамуудаа яаж байгаа юм бэ гээд л би та нарыг яавал яана гээд л дарамтлах үг хэллэгээр яриад байсан. Намайг очиход Т.Уын майк нь урагдчихсан цээжээрээ нүцгэн майк нь газар хэвтэж байсан. Э.Оыг н.Түвшинтөгс хоёр хоёр талаас нь сугадаж өргөөд миний машины урд талд байсан бетон хавтан налуулж суулгасан. Тэгэхэд нь би Т.Уд яах гэж согтуу хүнтэй зодолдож байгаа юм бэ зүгээр явуулчихгүй эрүүлд нь учраа олохгүй гай болно шүү гээд хэлсэн. Тэгтэл Э.Оын утас дуугарч ээж нь залгаад хаана байгаа юм бэ гэхэд Э.О өөрөө ярихгүй гээд Т.Уд утсаа өгсөн. Тэгсэн Т.У утсыг нь авсан чинь Э.О Т.Уд намайг Алтан-Дорнодод согтуу явж байгаад хүнд зодуулчихлаа одоо би хүргэж өгөх гэж байна гээд ээжид хэлчих гэж хэлсэн. Тэгсэн Т.У Э.Оын хэлснийг нь яг дуурайгаад ээжид нь хэлсэн. Тэгтэл Э.Оын ээж хурдан гэрт аваад ир гэж хэлэхээр нь н.Түвшинтөгс Т.У хоёр Э.Оыг хоёр талаас нь сугадаад явсан. Явахаасаа өмнө гар утсыг нь халаас руу хийгээд малгай нүдний шил хоёрыг нь газраас авч өмсүүлээд явсан. Би тэндээ машин дээрээ үлдэж Т.У, н.Түвшинтөгс хоёрыг хүлээж байгаад ирэхээр нь н.Түвшинтөгсийн гэрт орж дахиж тоглоод байж байтал Т.Уын утас дуугараад Э.Оын ээж нь залгаад хүүхдийн утас авчихсан байна гэхээр нь Т.У н.Түвшинтөгс хоёр халаас руу нь хийж өгөөд оруулсан гэж хэлсэн чинь салгачихаар нь Т.У, н.Түвшинтөгс хоёр дахиж гарч яваад явсан газраасаа хайгаад утсыг нь олоогүй буцаад ирсэн. Тэгээд байж байтал Э.Оын ээж н.Түвшинтөгсийн гэрт нь орж ирээд Т.Уыг баахан загнаж байгаад гарсан. Тэгсэн Э.О маргааш нь цагдаад өргөдөл гаргасан байхаар нь би ирж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

-Гэрч Б.Түвшинтөгсийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө, шөнийн ээлжинд гарч 17-ны өглөө 8 цагт ажлаасаа буусан. Ажлын газраас миний амьдарч байгаа байранд өөр хүн оруулж намайг цэцэрлэгийн байр руу оруулна гээд байж байтал н.Уламбаяр бас шөнийн ээлжинд гараад ажлаасаа буугаад ирчихсэн байхаар нь би манайхыг хамт нүүлгээд өг гээд орох байраа үзтэл цэцэрлэгийн захирал нь оруулахгүй гээд, тэгээд нүүхээргүй болчихоор нь би н.Уламбаярын хамт түүний машинд суугаад утсаараа оролдож сууж байтал би Т.Утай ярьсан чинь Т.У бас шөнийн ээлжинд гараад буучихсан Сов руу явж байна гэхээр нь н.Уламбаяр бид хоёр байрны гадаа байна хүрээд ир гээд зүгээр л дуудсан юм. Удалгүй Т.У ирэхээр нь бид нар утсаараа тоглоом тоглоод н.Уламбаярын машинд сууж байхад Э.О 11-12 цагийн орчим над руу залгахаар нь би дуудлагыг нь авсан чинь согтуу яриад намайг ирээд авчих гэхээр нь байрны гадаа хүрээ ир н.Уламбаярын машинд Т.У бид нар сууж байна гээд хэлчихсэн чинь Т.У руу Э.О залгаад бас л хүрч ирээд авчих гэхэд нь Т.У байрны урд машинд сууж байна чи өөрөө хүрээд ир гээд дуудчихсан юм. Удалгүй Э.О ганцаараа явган алхаад н.Уламбаярын машин дээр хүрч ирээд н.Уламбаярыг тоглуулахгүй дэлгэцийг нь хуруугаараа оролдож байгаад утсыг нь булааж аваад та нар намайг тоохгүй байна, миний төрсөн өдөр гэж хэлтэл н.Уламбаяр машинаасаа буугаад Э.Оаас гар утсаа авах гээд маргалдаж байгаад утсаа аваад машиндаа орж ирээд суусан. Тухайн үед нь би бас машинаас бууж н.Уламбаяр, Э.О хоёрын маргааныг салгасан чинь Э.О явлаа гэхээр нь би машинд орж ирж суугаад шууд тоглоод эхэлсэн. Тэгсэн чинь Т.У машинаас буугаад Э.Оыг машины хойд талд зогсож байхад нь уулзаж байсан. Тэгсэн чинь Т.Уын дуу чангараад эхлэхээр нь хартал Э.О машины хойд талд 3-4 метр газарт хөлөө жийгээд газар суучихсан Т.У урд талаас харчихсан явган сууж байхаар нь  би тэр хоёр дээр очоод та хоёр одоо яагаад байгаа юм бэ, больцгоо гээд газар шороон дээр байсан Э.Оын нүдний шил, гар утас хоёрыг авч Э.От өгөөд түүнийг сугадаж босгоод бид нар тэндээ хэсэг тэр хоёрын маргасан шалтгааныг ярьсан чинь Э.О Т.У согтуу байхад зодчихлоо гээд Т.У нь том том дуугараад л байсан. Тэгж байтал Э.О харилаа гээд явахаар нь Т.У бид хоёр хүргэж өгье гээд араас нь дагаад байрны ард талаар замаар 60-70 метр л явсан байх тэгэхэд Т.У Э.Оыг утсыг нь өгсөн гээд надаас асуухаар нь би Э.Оуюнбаатарт араас нь хашгирч хөөе халаас руу чинь хийчихсэн шүү гэхэд Э.О халааснаасаа утсаа гаргаж ирээд бид хоёрт харуулахаар нь бид хоёр за за гээд буцаад н.Уламбаярын машин дээр ирж н.Уламбаярыг аваад манай гэрт орж ирээд тоглоод хэвтэж байтал Э.Оын ээж нь эхнэрийг нь дагуулаад орж ирээд Э.Оын гар утас байхгүй байна. Утас нь хаана байна гэхээр нь хамгийн сүүлд Т.У бид хоёрт гар утсаа гаргаж ирээд харуулсан газрыг нь зааж өгөөд ээж, эхнэр хоёрыг нь явуулсан. Удалгүй ээж нь Т.У руу залгаж загнасан чинь Т.У гэрт нь очиж уулзана гээд гараад явсан. Тэгсэн маргааш нь намайг цагдаа дээр н.Золбоо гэх ах дуудаж мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

-Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №386 дугаартай ...Э.Оын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хэвлий, баруун өвдгөнд зулгаралт, хэвлийд цус хуралт, зүүн хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 15-17 тал/,

гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Т.Уын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.У Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед хохирогч Э.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаа маргалдаж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хэвлий, баруун өвдгөнд цус хуралт, хэвлийд цус хуралт, зүүн хацар зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

                            

Прокуророос шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Т.Уын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Т.У нь хохирогч Э.Оыг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

 

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Т.У нь хохирогч Э.Оыг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд толгойн тус газарт нь данхаар цохиж, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Т.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т.Уд дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Уд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Т.Уд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Т.Уд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Т.Уын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Оын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хэвлий, баруун өвдгөнд цус хуралт, хэвлийд цус хуралт, зүүн хацар зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч Э.О нь шүүгдэгч Т.Уаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Уыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн 2134002900419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

            Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Уд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2134002900419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ю.ЭНХМАА