| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0019/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/23 |
| Огноо | 2022-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
нарийн бичгийн дарга Г.Самбуу,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч, хохирогч С.Б, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон овгийн Сүрэнгийн Бат-Эрдэнэ, Боржигон овгийн Лувсандагвын Батдэлгэр нарт холбогдох эрүүгийн 2134000000397 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 59 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Л.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 44 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн С.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн “Улаан дэл” гэх газарт төрсөн дүү болох С.Б үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн “Улаан дэл” гэх газарт төрсөн ах болох Л.Бийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч С.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Л.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж мэдүүлжээ.
Хохирогч С.Б нь: “Би айлд байсан. Тэгээд явуулж өгөхөөр 2 шил архи уугаад нөгөөдхөө уугаад хоёулаа согтоод хоорондоо маргалдаад зодолдсон. Юунаас болж зодолдсон бэ гэхээр дахиж архинд явна явахгүй гээд зодолдсон. Одоо надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлжээ.
Хохирогч Л.Б нь: “Архи ууж байгаад дахиж архинд явна гэж маргалдаад хоорондоо зодолдсон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134000000397 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн “Улаан дэл” гэх газарт төрсөн дүү болох С.Б үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн “Улаан дэл” гэх газарт төрсөн ах болох Л.Бийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан үйл баримт нь дараах
-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 тал/,
-Хохирогч С.Б “Би Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг Улаан дэл гэх газарт хөдөө мал маллаж амьдардаг. Манай эхнэр, хүүхэд тухайн үед суманд, би хөдөө гэртээ ганцаараа байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой малаа хотлуулчихаад манайхтай саахалт айл болох манай төрсөн ах С.Б, хүргэн ах Т.П бид нар манай цуглаж байгаад 2-3 шил 0.75 литрийн Экс нэртэй архи хувааж уусан. Бид нар архи ууж байхдаа юунаас болж муудалцсан талаар би сайн санахгүй байна. Тухайн үед бид нар уусан архиндаа нэлээд согтсон байсан чинь С.Б ах маань согтуудаа хаашаа ч юм мэдэхгүй гараад явчихаар нь би хээр газар явган алхаад энд тэнд очоод уначих вий гэж бодоод араас нь гараад гэрийнхээ ойр хавиас хайж байгаад С.Батдэлгэр ахийг олсон чинь намайг зодох гэж араас нь ирсэн гэж ойлгосон юм уу мэдэхгүй С.Б ах шууд л миний өөдөөс зодолдоод эхэлсэн. Гартаа барьж байсан түлээний модтой бололтой зүйлээр над руу цохиж толгойн тус газар яз цохиод гэмтээсэн. Тэр үед Т.Пүрэвдорж ах бас хажууд байсан. С.Б ах тэр хоёр нийлж байгаад миний толгойн тус газарт мод юм уу модон сандлаар цохиж зодсон. Нүүрэн тус газар, эрүү, уруул орчимд хурц иртэй зүйлээр зүсэж гэмтээсэн. Би тэр хоёроос сүүлд нь сумын төв рүү мотоциклтой явж эмнэлэгт ирж үзүүлж туслалцаа авч эрүү, уруул орчимдоо 10 ширхэг оёдол, толгойн ар дагз хэсэгтээ 5 ширхэг оёдол тавиулсан гэмтэл бэртэл учирсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10 тал/,
-Хохирогч Л.Бийн “Би Төв аймгийн Баян сумын Улаан дэл гэх газарт байх өөрийн төрсөн дүү С.Б болон хүргэн дүү Т.Пүрэвдорж нарын гэр барааг нүүлгэлцэх ажилтай ирээд хэд хоног энэ айлуудад байж байсан юм. Сая энэ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой би төрсөн дүү С.Б гэрт Т.Пүрэвдорж бид хэд нийлээд 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад ярилцаж суусан. Тэр оройныхоо 21 цагийн үед архиа ууж дууссан. Тэрнээс өмнө Т.Пүрэвдорж түрүүлээд гэртээ харьчихсан байсан. Би архиа ууж дуусчихаад С.Б илүү гэрт ороод унтах гэж байтал С.Б хаалга балбаж орж ирснээ би замаа олохгүй байна сумын төв рүү цаг архинд явчихаад ирье гэхээр нь би хариуд нь явахгүй, архинд явахгүй, зам зааж мэдэх ч үгүй гэсэн чинь С.Б өөдөөс чи муу яахаараа явдаггүй юм гээд хуванцар сандал аваад орон дээрээ сууж байсан над руу шууд шидсэн. Тэгэнгүүт нь би шууд хажуугаар нь зөрөөд гэрээс гараад Т.Пүрэвдоржийн 1 км шахуу зайтай гэр рүү харанхуйд зүглээд алхчихсан. Араас С.Б хөөе чи яваад ир, нааш ир гэж орилоод үлдсэн. Тэндээсээ Т.Пүрэвдоржийн гэр рүү алхаад яваад очсон чинь С.Б надаас түрүүлээд мотоциклоо унаад тэднийд оччихсон байсан. Намайг Т.Пүрэвдоржийн гэрт ороод суусан чинь л шууд С.Б миний нүүр цээж хавьд гараараа цохиод намайг хошоо сандлаас унагаасан. Намайг уначихсан байхад дээрээс С.Б нэмж зодох гээд дайраад ирэхээр нь би хөлөөрөө тийрээд түүнийг хойшоо пийшин рүү унагаасан чинь толгойгоороо пийшин мөргөөд хагалчихсан цус нь гоожиж босож пийшингийн хажууд байсан галын дэгээ төмөр барьж босож ирээд намайг дээрээс минь толгой түрүү хоёрын гарын булчин хэсэгт зөндөө удаа цохиж гэмтээсэн. Тэр үед Т.Пүрэвдорж бид хоёрыг салгах гээд голоор ороод тэр том биетэй С.Б дийлэхгүй байсан. Тэгснээ Т.Пүрэвдорж гэрээсээ гараад хүн амьтан дуудахаар гарсан. Би гэрт нь С.Бд баригдаж зодуулахгүй гээд хэсэг ноцолдож байгаад галын дэгээ төмрөөр намайг зодоод байхаар нь би зөрүүлээд түлээний мод аваад нүүрэн тус газар нь нэгээс хоёр удаа цохисон чинь уруул эрүү орчмыг нь цохичихсон цус гар байсан. Тэгээд нэг хэсэг сиймхий гарангуут нь би С.Б гэрт нь орхиод шууд гэрээс гарч зугтаагаад хээр хэсэг гарч хэвтсэн. Холоос ажиглаад байсан чинь С.Б мотоциклоо асаагаад унаад явчихсан. Би түүнийг явсан хойно Т.Пүрэвдоржийн илүү гэрт нь очиж цус хувцсаа цэвэрлээд тэндээ хоносон... С.Б бид хоёрын хоёулангийн буруутай асуудал. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15 тал/,
-Гэрч О.Оюун-эрдэнийн “Би 2021 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед би Төв аймаг Баян сумын төв дээр ажил дээрээ дотуур байрандаа сууж байтал манай нөхөр С.Б нүүр ам нь нил цус болчихсон бас архи уусан байдалтай согтуу над дээр хөдөө гэрээсээ яваад ирсэн. Би тэр дариуд сумын эмнэлэг дагуулж очиж анхан шатны тусламж үзүүлсэн. Манай нөхрийн толгой орчимд яз цохигдсон бас эрүү уруул орчимдоо бас яз цохигдож урагдсан шархтай байсан тул сумын эмнэлэгт 15 оёдол тавиулж тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
-Гэрч Т.Пүрэвдоржийн мэдүүлэг “2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар баг Улаан дэл гэх газарт байдаг хөдөө гэртээ ганцаараа байсан. Тэгсэн тэр өдөр орой 18 цагийн үед малаа хотлуулчихаад манай гэртэй саахалт айл болох хадам дүү С.Б гэрт ороход тэрээ өөрийн төрсөн ах С.Б цуг суучихсан 2 шил 0.75 литрийн экс архи хуваагаад ууж байсан. Би тэр хоёртой цуг нийлж архинаас нь ууж байгаад 20 цагийн үед гэртээ тэр хоёрыг үлдээгээд харьсан. Тэгсэн чинь шөнө 23 цагийн үед манай гэрт С.Б орилж хашгираад ороод ирсэн. Учрыг нь асуусан чинь С.Батдэлгэр ахыгаа хаана байна, ална гэх зэргээр орилоод хажууд суугаад өөдөөс нь юм ярих гэтэл шууд С.Б түүнийг цохиод унагаачихсан. Би тэр үед дариу босоод тэр хоёрыг зодооныг салгах гэсэн боловч хүчрэхгүй байсан. Намайг хувцсаа өмсөж байх зуур С.Батдэлгэр ах, С.Б тэр хоёр дээр доороо орж ноцолдож байгаад С.Б ах С.Б манай гэрийн пийшин зүгт өшиглөөд унагаачихсан. Тэрнээс хойш харахад л С.Б толгойноос цус гоожиж байсан. Тэр хоёр хэсэг барьцалдаж зодолдож байгаад салснаа С.Б над руу агсрах шинжтэй дайраад байхаар нь би гэрээсээ гарч зугтаагаад манай гэрээс 5 км орчим зайтай Ж.С гэх айлд тусламж гуйхаар очоод тэдний утсаар эхнэр С.О ярьж болсон үйл явдлыг хэлсэн. Тэндээсээ би буцаад гэртээ харьсан чинь С.Б ах С.Б хоёр хоёулаа байхгүй байсан тул би тэр хавиараа хайж байгаад С.Б ахийг олсон. Намайг олох үед С.Б ахын толгойноос цус гоожчихсон, зүүн гар нь хавдчихсан цус болсон байсан. Би гэртээ оруулж С.Б ахын шарх, цусыг нь цэвэрлэчихээд бид хоёр унтаж амарсан. Харин С.Б бол буцаж манайд ирээгүй яваад өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №405 дугаартай ...Л.Бийн биед баруун чамархайн хуйх, зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, шуу, зүүн шуу, баруун дал, нуруу, зүүн гуянд цус хуралд, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №404 дугаартай ... С.Б биед зулай, эрүүнд шарх, баруун шуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 тал/,
-Шүүгдэгч Л.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 тал/,
-Шүүгдэгч С.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55 тал/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч С.Б, Л.Б нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн “Улаан дэл” гэх газарт төрсөн дүү болох С.Б үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн “Улаан дэл” гэх газарт төрсөн ах болох Л.Бийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Прокуророос шүүгдэгч С.Б, Л.Б нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч С.Б, Л.Б нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч С.Б нь хохирогч Л.Бийг, шүүгдэгч Л.Б нь хохирогч С.Б зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч С.Б нь хохирогч Л.Бийг, шүүгдэгч Л.Б нь хохирогч С.Б зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд толгойн тус газарт нь данхаар цохиж, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч С.Б, Л.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.Б, Л.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч С.Б, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Л.Б, С.Б нар нь хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Б, С.Б нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Л.Б, С.Б нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч С.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Бийн биед баруун чамархайн хуйх, зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, шуу, зүүн шуу, баруун дал, нуруу, зүүн гуянд цус хуралд, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Л.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б биед зулай, эрүүнд шарх, баруун шуу, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байна.
Хохирогч Л.Б нь шүүгдэгч С.Бээс, хохирогч С.Б нь шүүгдэгч Л.Бээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Л.Б, С.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60 сантиметр урттай галын дэгээ төмөр 1 ширхэг, цэнхэр өнгийн 4 хөлтэй 1 ширхэг сандлыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Б, С.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, тэдгээрээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн С.Б, Боржигон овгийн Л.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Л.Б, Боржигон овгийн С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Л.Б, Боржигон овгийн С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Боржигон овгийн Л.Б, Боржигон овгийн С.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 сантиметр урттай галын дэгээ төмөр 1 ширхэг, цэнхэр өнгийн 4 хөлтэй 1 ширхэг сандлыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2134000000397 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Боржигон овгийн Л.Б, Боржигон овгийн С.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Л.Б, Боржигон овгийн С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Л.Б, Боржигон овгийн С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА