| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01720/И |
| Дугаар | 102/ШШ2017/01601 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/01601
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/01601 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Хөрш-50” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгын 7-5 дугаар байр, 34 тоот хаягт оршин суух, Бэйс овогт Бямбаагийн Сийлэгмаа /РД:УУ72101803/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 204.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны 5 дугаар байрны 34 тоотын оршин суугч Б.Сийлэгмаа нь 2015 оны 1-12 дугаар сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-3 сар, нийт 27 сарын 204.200 төгрөгийн СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч Б.Сийлэгмаа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, нийт оршин суугчдын эрх ашгийг үл хүндэтгэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагчаас 204.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 204.200 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөрш-50” СӨХ нь хариуцагч Б.Сийлэгмаагаас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 204.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Сийлэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 204.200 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.800 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Хөрш-50” СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Сийлэгмаад холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 204.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 204.200 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохирч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.800 төгрөгийн 50 хувь болох 3.400 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 3.400 төгрөгийг хариуцагч Б.Сийлэгмаагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ