Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Э.Уранчимэг,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

-шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Д.Л-д холбогдох эрүүгийн 2034000000665 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх овгийн Д.Л

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Лдорж нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг “Өлгий даваа” гэх газар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шөнө “Зил-131” маркийн “36-81 СЭА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а буюу Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 23.1 дүгээр заалт буюу “Ачааны автомашины... тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, 23.9.а буюу “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч... тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Н.Б, Н.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.М эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирч Д.Г амь нас хохирч, Эрүүгийн хуулийн тусгай анийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Лдорж нь мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь мэдүүлэхдээ: “Нэгэнт хүний амь нас хохирч нөхөж баршгүй хохирол учирсан тул гомдол санал байхгүй. Д.Лдоржоос өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг, амь хохирогчийн хүүхдүүдэд хуульд заасан төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2034000000665 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Лдорж нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг “Өлгий даваа” гэх газар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шөнө “Зил-131” маркийн “36-81 СЭА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а буюу Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 23.1 дүгээр заалт буюу “Ачааны автомашины... тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, 23.9.а буюу “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч... тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Н.Б, Н.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.М эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирч Д.Г амь нас хохирсон үйл баримт нь дараах

-Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-12 дугаар хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мын “...Миний дүү Д.Гантөмөр нь 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн айлын отгон хүүхэд байгаа юм. Ерөнхий боловсролын сургуульд 8 дугаар анги хүртлээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр 8 жилд төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой. 2007-2008 онд цэргийн алба хаасан. Талийгаач өмнө нь 2002 онд нэг бүлтэй байгаад салаад өөр н.Даваасүрэн гэдэг хүнтэй амьдраад 10 гаран жил болж байна. Энэ хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Зан байдлын хувьд сэргэлэн, найз нөхөд ихтэй, тусархаг, цоглог хүүхэд байсан. Ослын талаар над руу н.Энкүүлээ зам тээврийн осол болсон талаар хэлсэн. Би хамгийн сүүлд талийгаачтай 10 дугаар сарын эхээр уулзсан. Надад самарт явах гэж байгаагаа хэлээгүй, Хүдэр явлаа гэж хэлж байсан. Талийгаач нялх хүүхэдтэй, гэр бүлд нь болон буяны ажилд нь тусламж, дэмжлэг үзүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

-Хохирогч Х.М “...2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнө яг цагийг нь сайн мэдэхгүй байна зил-131 маркийн “36-81 СЭА” улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр 5 хүн сууж явсан. Даваа уруудаад явж байсан чинь машин гэнэт жолоодлогогүй болоод замаас гараад машин хөрвөж эхэлсэн. Би эхний хөрвөлтөд нь шидэгдээд газар унасан. Нэг сэрсэн чинь ёоёо гэсэн хүмүүс орилолдож байсан. Машин онхолдож, аваараас арай гайгүй бэртсэн хүмүүс нь бие чинь гайгүй юу гэж ирж асуусан. Миний зүүн хөл хөдлөхгүй байсан. Баруун хөлөө хөдөлгөх гэтэл миний баруун хөл хугараад эргэчихсэн байсан. Тэгээд хөл нь хугарчихсан байна гээд миний дээрээс хөнжил хучаад байсан. Хоёр нь утасны сүлжээ хайгаад уул руу явсан. Хэдэн цагийн дараа Түнхэл тосгоноос эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

-Хохирогч М.М: “Би 2020 оны 10 дугаар сарын 13-нд анх н.Энхүүлээ, н.Магнай, н.Лхагва, н.Дорж, н.Хангал, н.Мөөгий, н.Мөнгөөнөө, н.Ойлко, н.Батбаатар, н.Бэк нарын хамт Түнхлээс Асралт хайрханы ойролцоо Хан-Хэнтий нурууны бүсэд хуш модны самар түүхээр гарсан. Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зорьсон газраа хүрч отголж буугаад ажлаа эхэлсэн. Тэнд 15 хоногийн хугацаанд 3 тонн гаран Хуш модны самар түүгээд зарим хэсэг самраа ууланд хүнд зарчихаад үлдсэн ачаагаа ачаад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Түнхэл рүү гарсан. Уулнаас дөнгөж буугаад аманд байсан замын постод шалгуулаад хөдөлсөн. Тэгтэл шөнө гэнэт машин замын хажуугийн жалга руу онхолдсон. Тухайн үед юу болсныг сайн мэдээгүй. Нэг сэрэхэд би ачаад дарагдаад хөдөлж чадахгүй болчихсон байсан. Тэгтэл хамт явсан арай гайгүй хүмүүс нь дарагдсан хүмүүсээ гаргаж авч намайг гаргасан. Тэгтэл хүмүүс н.Ойлко өнгөрчихсөн байна гэсэн. Тэгээд н.Мөөгий, н.Энхүүлээ хоёр пост руу тусламж дуудахаар явсан. Удалгүй Түнхэлээс эмнэлэг ирээд бид нарыг Түнхэлд авч ирсэн. Миний зүүн талын хавирга хугарсан гэмтсэн юм шиг байна. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

-Шүүгдэгч Д.Лдоржийн гэрчээр мэдүүлсэн “...Би 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Түмэн боргоцой” гэх компанитай гэрээ байгуулаад Түнхэл тосгоноос хуш модны самар бэлдэх зөвшөөрөл аваад би өөрөөсөө гадна 10 хүнтэй цуг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Нэмэхийн даваа” гэх газар очсон. Товлосон газраа очиж 10 гаруй хоног самар түүж бэлдээд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим отгоо буулгаад хүмүүсийнхээ хамт буцаж явах замдаа Өлгийн даваа гэх газар миний машины 5 булны шарик гацаж замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарсан. Би тухайн хүмүүсийг зохион байгуулж хариуцаж самар түүхээр авч явсан. Самарт миний өөрийн эзэмшлийн “36-81 СЭА” улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай аав н.Доржсүрэн болон надтай цуг модонд явдаг н.Хангал, н.Дэлгэр, н.Мөнгөө, н.Мөөгий, н.Батбаяр, н.Хангалын Сэлэнгэ аймгаас дагуулж ирсэн бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна н.Энхүүлээ, Олька гэж дууддаг 2 залуу, өөр бас 2 залуутай нийт 11 хүн явсан. Самар түүж дуусаад уулнаас бууж явахдаа буюу өчигдөр би өөрөө машинаа жолоодоод, кабин дотор манай аав н.Доржсүрэн, н.Энхүүлээ, талийгаач н.Олька, н.Дэлгэр нар кабинд, бусад нь тэвшин дээр суугаад явж байсан. Кабин дотор миний хажууд буюу талийгаач, түүний цаад талд манай аав, хаалган дээр н.Дэлгэр, н.Энхүүлээ хоёр давхралдаад суусан байдалтай байсан. Бидний  ирж байсан зам нь модонд явах зорилгоор засаж янзалсан уулын хажуугаар зассан зам байсан. Зөв талын буюу жолооч талын 5 булны шарик гацаж, машины жолооны хүрт эргэхгүй, ажиллагаагүй болоод замын хажуу орж уулын уруу өнхрөөд дугуй нь дээшээ хараад мод тулаад зогсчихсон байсан. Тэгээд Түнхэл тосгоны эмнэлэг дуудааж гэмтэл авсан 6 хүнийг аваад Зүүнхараагийн эмнэлэгт ирсэн. Осол болсон газар талийгаач болон 4 хүн, машинаа үлдээсэн. Би өөрөө ухаан ороход би машины хажууд газар хэвтээд босож чадахгүй байсан. Талийгаач машины хажуу талын цонхоор цээжин хэсэг нь гарчихсан байсан гэсэн. Би өөрөө очиж хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

-Гэрч Ш.Д “...2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Түнхлээс  хүү Д.Лдорж, н.Хангал, н.Дэлгэр, н.Мөнхдалай, н.Мөнгөө, н.Батбаяр, н.Энхүүлээ, н.Газориг, н.Магнай, н.Наагий гэх хүмүүстэй явсан. Нэмэхийн даваа гэх газарт самарт гарсан. Нийт 14 хоног самар түүж өчигдөр 16 цагийн үед ачаагаа ачаад хүмүүсээ аваад Нэмэхийн даваагаас уруудсан. Тэгээд Өлгий даваа уруудаад явж байхад 20 цаг болж байсан. Кабин дотор би, талийгаач, н.Газориг, н.Дэлгэр, н.Энхүүлээ, дээр бусад нь сууж явсан. Тэгээд Зил-131 маркийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй, хүү Д.Лдорж бариад Өлгий даваа уруудаад явж байтал зүүн урд талын таван бул нь гацаж шууд замын хажуу руу онхолдсон. Нэг мэдсэн намайг кабинаас татаж гаргасан. Тэгээд зам дээр гарч бусад нь хөл, гар, нуруу, цээжээрээ бэртэж, кабинд байсан нэг маань нас барсан. Тэгээд доошоо 2 нь явж хэл дуулгасан. 22 цагийн үед Түнхлээс эмнэлгийн машин ирж бэртсэн хүмүүсийг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

-Гэрч Н.Х “...Бид нар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өглөө эрт Түнхэлээс 11-үүлээ самарт Д.Лдоржийн Зил-131 маркийн машинаар Нэмэхийн даваа руу самарт гарсан. 14 хоног түүж цайруулаад өчигдөр 16 цагт ачаагаа ачаад уруудсан. Өлгий даваа уруудаад явж байхад гэнэт замын хажуу руу онхолдсон. Нэг хөрвөөхөд нь би шидэгдэж хаягдаад хэсэг ухаан алдсан байсан. Сэргээд харсан чинь машины доор байсан. Би ачаа дээр сууж явсан. 4 хүн гэмтэж, 1 хүн кабинд нас барсан. Шөнө 22 цагийн үед Түнхлээс эмнэлэгт ирж гэмтсэн хүмүүсийг авч явсан. н.Доржоо ах, н.Мөнхдалай, н.Дэлгэр бид 4 хэргийн газар үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,

-Гэрч О.М “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Түнхлээс 11-үүлээ  Нэмэхийн давааны орчим самарт Д.Лдоржийн Зил-131 маркийн “36-81 СЭА” улсын дугаартай автомашинаар самарт явсан. Тэгээд 14 хоног түүж цайруулаад өчигдөр Нэмэхийн даваанаас 16 цагийн үед самраа ачаад хүмүүсээ аваад буусан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад Өлгий даваа руу шороон замаар уруудаж байтал машины зүүн урд талын 5 бул нь гацаж эхлээд зогсож ухарч үзээд, тэгээд зуурахгүй болохоор нь уруудаж хөдөлж байтал гэнэт замын хажуу руу машин онхолдсон. Би дээр сууж байсан болохоор шидэгдэж машин дээгүүр өнхөрч самартай хэсэг нь таарч би зүгээр үлдсэн. Тэгээд н.Насанбат, н.Доржоо ах, н.Батдэлгэр, н.Энхүүлээ нарыг татаж гаргаад, талийгаач Д.Гантөмөрийг хайсан чниь байхгүй. Тэгсэн чинь зүүн урд карланы доор дарагдчихсан байхаар нь гаргаад үзсэн чинь амьсгал хураачихсан байсан. Тэгээд бусдыгаа дээш нь зам руу гаргаж, доошоо хэл хүргэхээр н.Энхүүлээтэй явсан. Тэгээд замд таарсан машинаар сүлжээтэй газар очиж утсаар жолоочийн эхнэр 103 руу залгаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

-Гэрч Л.Б “...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Түнхлээс хамт ажилладаг Д.Лдоржийн Зил 131 маркийн 36-81 СЭА улсын дугаартай авто машинаар 11-үүлээ Нэмэхийн давааны орчим самарт гарсан. 14 хоног түүж цайруулаад өчигдөр 16 цагт нэмэхийн даваанаас самраа ачаад буусан. Тэгээд 10 гаруй км явж Өлгий даваа уруудаж байгаад машины 5 бул гацаж замын хажуу өндөр эрэг рүү уруудаж онхолдсон. Би кабинд н.Доржпүрэв, Д.Лдорж, талийгаач Д.Гантөмөр, н.Энхүүлээ нартай явж байсан. Нэг мэдсэн машин онхолдож кабин дотор байсан. Цээжин дээр юм дарчихсан гэнэт ухаан орж кабинаас гарсан. Тэгээд бусадтайгаа нийлж дээшээ зам дээр гарч зогссон. Нэлээн хэд маань бэртсэн, Д.Гантөмөр кабинд дарагдаж нас барсан байсан. н.Мөнхдалай хэл дуулгахаар н.Энхүүлээтэй явсан. Шөнө түргэний машин, эмч нар ирж нөгөө хэдийг маань аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12572 дугаартай “Н.Б биед зүүн талын 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн даланд цус хуралт, зулгаралт, хоёр чихний дэлбэн, баруун хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 693 дугаартай “...М.Мөнхнарангийн биед баруун 2,4,5 дугаар хавирганы зөрөөгүй, 3 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, цээжний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд болох 2,3,4,5 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэг, цээжний цус хуралт гэхтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-70 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 692 дугаартай “...Х.Мөнгөнсүхийн биед 4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1,2,3,5 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэн, арын сэртэнгийн хугарал, баруун 2,3,4,5,6 дугаар хавирганы далд хугарал, баруун шаант ясны зөрөөтэй далд хугарал, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд болох бүсэлхийн 4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар хүнд зэрэгт, бүсэлхийн 1,2,3,5 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэн, арын сэртэнгийн хугарал, баруун 2,3,4,5,6 дугаар хавирганы далд хугарал, баруун шаант ясны зөрөөтэй далд хугарал гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэг, баруун шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-75 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаартай “...Д.Гантөмөрийн биед зүүн талын олон хавирганы хугарал, дотуур цус алдалт /800гр/, хуйханд шарх, нүүр, биенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хүнд, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Д.Гантөмөр нь цээжний гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. Д.Г цусанд этилийн спирт илрээгүй байна. Ходоодны шингэнд 0.9 хувийн промилли спиртийн агууламж илэрсэн байна. Ходоодны шингэний агууламжид илэрсэн спиртээр согтолтын зэргийг тодорхойлогдохгүй. Д.Гантөмөр нь 3 дугаар бүлгийн цустай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-127 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 128-130 тал/

-Хохирогч Н.Б “...2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ууланд 10 хүний хамт хуш модны самар түүж байгаад бүгдээрээ уулнаас бууж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон руу явахаар болсон. Тэгээд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Өлгийн даваа гэдэг давааг уруудаад явж байтал гэнэт машин онхолдчихсон. Би юу болсон талаар огт мэдээгүй. Тээврийн хэрэгслийг Д.Лдорж жолоодоод явж байсан. Би тээврийн хэрэгслийн ачаа дээр нь өөр 5 хүний хамт суугаад явж байсан. Би осол болох үед унтаад явж байсан болохоор яагаад, юунаас болоод автомашин онхолдсон талаар мэдээгүй. Миний хоёр хавирга хугарсан байна гэсэн. Миний эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 135 тал/,           

-Гэрч П.Б “...Бид гар 11-үүлээ Төв аймгийн Батсүмбэр сумын Нэмэхийн даваа гэдэг газар руу самарт гараад 15 хоноод 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уулнаас бууж яваад Өлгийн даваа гэдэг газар руу уруудаж явж байтал автомашины 5 бул дуугараад Д.Лдорж, н.Батдэлгэр хоёр буугаад автомашины 5 булыг үзээд автомашинаа ухраагаад урагшаа явж байгаад замын эрэг рүү уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137 тал/,

-Гэрч Л.Б “...Бид нар автомашин төв зам дээр гарч ирэх үед бүгдээрээ суугаад доош уруудаад явж байтал автомашин гэнэт зогсоод Д.Лдорж таван бул гацчихлаа гэж хэлэхээр нь бид хоёр буугаад автомашиныхаа таван булыг харсан чинь юм харагдахгүй болохоор нь ухраагаад үзсэн чинь 5 булны гацаа нь гарчих шиг болсон. Тэгээд хөдлөөд удаагүй байтал эрэг рүү автомашин онхолдчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 139 тал/,

-Гэрч О.Энх-Амгалангийн “2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нэмэх гэдэг газар арван нэгүүлээ самар түүж байгаад “36-81 СЭА” улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Өлгийн даваа гэдэг даваа уруудаад явж байтал жолооч Д.Лдорж 5 булны шарик дуугарлаа, зогссон чинь н.Батдэлгэр тэр хоёр бууж 5 булнуудыг шалгачихаад Д.Лдорж гайгүй юм шиг байна гэж хэлээд хөдөлсөн чинь 4-5 метр яваад жолооч Д.Лдорж баруун тал руугаа дарсан чинь болохгүй байсан. Тэгээд л зүүн эрэг рүү уначихсан. Тэгээд машин унаад миний толгой дээр төмөр унах шиг болсон чинь би ухаан алдчихсан байсан. Тэгээд намайг н.Мөөгий сэрээгээд хөлснөөс татаж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 142 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Лдорж нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг “Өлгий даваа” гэх газар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шөнө “Зил-131” маркийн “36-81 СЭА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а буюу Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 23.1 дүгээр заалт буюу “Ачааны автомашины... тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, 23.9.а буюу “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч... тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Н.Баярмагнай, Н.Мөнхнаран нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Мөнгөнсүхийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирч Д.Гантөмөрийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

 

Улсын яллагч Э.Уранчимэгээс: Шүүгдэгч Д.Лдоржид өөрийнх нь хувийн байдал хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялын 2 жилийг хасах саналыг гаргаж байна.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар жолооны 1691314 үнэмлэх, “36-81 СЭА” автомашины гэрчилгээ хураагдаж ирсэн. Шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Батбаяраас: “Автотээврийн гэмт хэрэг нь хэдийгээр болгоомжгүйгээр үйлдэгддэг ч энэ гэмт хэрэг гарахгүй байх боломж бололцоо бол хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар харагддаг. Оршуулгын зардалтай холбоотой 6 сая төгрөг өгсөн боловч хүний амь нас нөхөж баршгүй хохиролд тооцогддог. Хуульд зааснаар эрүүгийн хариуцлага шийдвэрлэж өгнө үү гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналтай нэг байр суурьтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагаас: “Эрдэнэт хүний амь нас гэдэг юугаар ч орлуулшгүй. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас Н.Баярмагнай, Н.Мөнхнаран нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Мөнгөнсүхийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирч Д.Гантөмөрийн амь нас хохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Лдоржийн тухай үйлдэл нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а буюу Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 23.1 дүгээр заалт буюу “Ачааны автомашины... тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, 23.9.а буюу “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч... тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох, ачааны автомашины тэвшин дээр хүн тээвэрлэхийг хориглох, Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглохыг мэдсэн үед зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу шүүгдэгч Д.Лдоржийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас “хүний амь нас хохирсон” гэсэн хүндрүүлсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг юм.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Мөн шүүгдэгч Д.Лдорж нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Зил-131” маркийн “36-81 СЭА” улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

   Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Д.Лдоржийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Лдоржид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирлыг төлж, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж багыы зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, хохирогч Н.Баярмагнай, М.Мөнхнаран, Х.Мөнгөнсүх нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, амь хохирогчийн хууль төлөөлөгч Д.М гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Лдорж нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Лдоржийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Тиймээс шүүгдэгч Д.Лдоржийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Лдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих үндсэн ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассан байх тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

                                                                 

Бусад асуудлын талаар:  

Шүүгдэгч Д.Лдоржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Баярмагнай, Н.Мөнхнаран нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Мөнгөнсүхийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирч Д.Г амь нас хохирсон хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Баярмагнайд 1.287.000 төгрөг, М.Мөнхнаранд 1.100.000 төгрөг, Х.Мөнгөнсүхэд 1.200.000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мт 6.000.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Н.Баярмагнай, М.Мөнхнаран, Х.Мөнгөнсүх нар шүүхийн шатанд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мт нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй гэх тул энэ энэ тогтоолоор шүүгдэгч Д.Л хохирогч нарт гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч Д.Л тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт  гаргасан “ хүүхдийн тэтгэлэг тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага “ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул Иргэний хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Учир нь амь хохирогч Д.Гантөмөрийн хүүхэд болох охин Г.Мягмарсүрэн, Л.Анударь нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Мөнгөнморьт сумын Булаг багийн Засаг даргын тодорхойлолт, амь хохирогч Д.Гантөмөрийн эхнэр Т.Даваасүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна.

 

              Эрүүгийн 2034000000665 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Лдорж нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Лдоржийн №01691314 серийн дугаартай жолоочийн үнэмлэх, “36-81 СЭА” улсын дугаартай “Зил 131 0” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураагдан ирсэн, шүүгдэгч Д.Лдоржийн эзэмшлийн “36-81 СЭА” улсын дугаартай “Зил 131 0” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, түүний №904917 серийн дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг, шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгахыг тус тус дурдах нь зүйтэй.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Лийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Д.Лийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь хохирогч Н.Баярмагнайд 1.287.000 төгрөг, М.Мөнхнаранд 1.100.000 төгрөг, Х.Мөнгөнсүхэд 1.200.000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мт 6.000.000 төгрөг төлсөнг дурьдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэгч эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Л эзэмшлийн “36-81 СЭА” улсын дугаартай “Зил 131 0” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Д.Л буцаан олгож, түүний №904917 серийн дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг, шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Д.Лийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА