| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00989/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01610 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01610
| 2017 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/01610
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 401 дүгээр байр, 6 тоот хаягт оршин суух, Соод овогт Тогтохын Бямбасүрэн /РД:ХЖ81102405/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 47-2 дугаар байр, 10 тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Отгонбаярын Даваасамбуу /РД:ЧТ63022512/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон алдангид 94.680.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагч О.Даваасамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Т.Бямбасүрэн нь 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр О.Даваасамбууд 60.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байр, 35 тоот хаягтай Ү-2202019127 дугаар бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. О.Даваасамбуу нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан тул зээлийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүртэл сунгасан. Мөн дахин 2016 оны 5 дугаар сарын 7- ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 13 сар 23 хоногоор сунгасан. Гэрээг сунгасан хугацаанд хариуцагч нь сар болгоны хүүг төлж байгаад, 2016 оны 8 дугаар сараас хойш төлөөгүй. Мөн зээлийн үндсэн төлбөр болох 60.000.000 өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. О.Даваасамбуугаас зээлдүүлсэн үндсэн мөнгө болон 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх алданги хоногийн 300.000 төгрөгөөр, 70 хоногийн хугацаагаар бодож 21.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Ийнхүү тооцохдоо алдангийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл тооцсон. Мөн 4 сар 24 хоногийн хүү 13.800.000 төгрөг төлөгдөөгүй байна. Энэ хүү нь 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцсон хүү юм. Ингээд нийт 94.680.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч О.Даваасамбуу шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Бямбасүрэнтэй зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэрээ байгуулагдсанаас хойш би гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээг дахин 6 сарын хугацаатай сунгасан. Энэ хугацаанд мөн адил үүргээ биелүүлж, хүү төлж байсан. Гэрээний 3 дахь сунгалтын хувьд асуудал гарч байна. Гэрээг сунгаснаар гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр дууссан. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээг нөхөж дахин сунгалт хийсэн. Бодит байдал дээр 2016 оны 8 дугаар сараас хойш гэрээний үүргийн биелэлт доголдож эхэлсэн нь тодорхой болсон. Гэрээний доголдлын асуудлаар талууд тохирч болох байсан. Гэтэл хугацаа дууссанаас хойш 7 сарын дараа нөхөж сунгасан. Анх бид бие биедээ тусалж нэгэндээ мөнгө зээлдүүлсэн. Одоо учиргүй муудалцсан зүйл байхгүй. Гарцаагүй мөнгөний асуудал үүссэн тул хэсэг төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн. Би зээлийн хүүнд нийт 42.000.000 төгрөг төлсөн. Гэрээний сунгалтын хугацаанд гэрээний үүргийг цаг хугацаанд нь биелүүлж байсан, зах зээлийн хүнд нөхцөл байдалд байсан зэргийг харгалзаж үлдсэн хүү, алдангиас чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн нь хариуцагч О.Даваасамбууд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60.000.000 төгрөг, зээлийн хүү 13.680.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 21.000.000 төгрөг, нийт 94.680.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь үндсэн зээлийн зөвшөөрч, хүү болон алдангийг төлөх боломжгүй гэж татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 4 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, Л.Алтантуяагийн өмчлөлийн Ү-2202019127 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байрны 35 тоотын 98.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр хийсэн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан, нотариатаар баталгаажуулсан, Л.Алтантуяагийн олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч О.Даваасамбуу гэрээ байгуулсан байх ба барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-д “гэрээний хугацаанд хүү”, мөн гэрээний 3-т “хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги” тооцохоор харилцан тохиролцсон байна.
Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Т.Бямбасүрэн нь зээлдэгч О.Даваасасбуугийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч О.Даваасамбуу нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн нь гэрээ байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч О.Даваасамбууд 60.000.000 төгрөгийг түүний Хаан банк дахь 5172014691 тоот харилцах дансанд шилжүүлэн өгч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн” тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч Т.Бямбасүрэн нь хариуцагч О.Даваасамбуугийн өмчлөлд мөнгө шилжүүлэх зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна. Энэ нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтаар тогтоогдлоо.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлдүүлсэн 60.000.000 төгрөгийн хүүнд /нэг сарын 60.000.000 төгрөг х 6% х 4 сар/ 14.400.000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлөхөөр, гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дуусахад зээлдэгч О.Даваасамбуу нь үндсэн зээл 60.000.000 төгрөг, 4 сарын зээлийн хүү 14.400.000 төгрөг, нийт 74.400.000 төгрөг төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь зээлийн хүүг төлж, зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 6 сарын хугацаагаар, нэг сарын зээлийн хүү 6 хувь , бусад нөхцлүүд хэвээр байхаар зээлийн гэрээний сунгалт хийсэн байна.
Зээлийн гэрээний сунгалтын хугацаа 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дуусахад хариуцагч нь гэрээний хугацааг сунгах амаар саналыг гаргаж, 2016 оны 8 дугаар сарыг дуустал 60.000.000 төгрөгт ногдох хүүг сар бүр төлсөн байна. Түүний энэхүү үйлдлийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” бол гэрээ байгуулагдсанд тооцох, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д “Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зээлийн гэрээг анх тохиролцсон нөхцлөөр сунгах санал гаргасныг зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Улмаар зохигчид 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн гэрээг анх байгуулсан нөхцлөөр сунгаснаа баталгаажуулж, хүлээн зөвшөөрч гарын зурсан байдал нь нэхэмжлэгч Т.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн үндэслэл болжээ.
Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу алданги тохирсон тул нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 13.680.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алдангийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үндсэн зээлээс тооцож, 21.000.000 төгрөг, нийт 94.680.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.
Хариуцагч О.Даваасамбуу нь нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар, татгалзал гаргасан боловч 60.000.000 төгрөг зээлсэн, нэг сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж тохиролцсон, хугацаа сунгасан тухай үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн, хүүгийн төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлага үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцон 21.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, хариуцагч О.Даваасамбуугаас зээлийн гэрээний үүрэгт 94.680.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бямбасүрэнд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 631.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч О.Даваасамбуугаас 94.680.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бямбасүрэнд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 631.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Даваасамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид 631.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ