Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Х.Оюунцэцэг,

-хохирогч Б.Э,

-шүүгдэгч Б.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мод холбогдох эрүүгийн 2134003990018 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Be happy” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эм Жи Жи И Си” ХХК-ийн уурхайн засварын талбай дээр ажлаа хурдан хийсэнгүй гэж дарамталлаа гэх шалтгаанаар инженер Б.Эыг заамдан авч, түлхэж унагаасны улмаас Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.М нь мэдүүлэхдээ: “2021 оны 09 сарын 05-ны өдөр ажил дээр тасарсан янзлаад байж байсан. Бүх юмаа хийчхээд ганцхан хөндлөн шон гагнах гээд гагнуурын аппарат хайгаад засварын талбай руу явж байсан чинь л араас Энхсаруул ах уурлаад юм аа бэлддэггүй юм уу гээд байсан. Тэгээд гагнуурын аппарат аваад юм аа хийх гээд ирээд суусан чинь араас юм хэлээд байхаар нь Б.Э ахыг түлхсэн чинь унасан. Тэгээд хөл нь бэртсэн” гэв.

Хохирогч Б.Э нь мэдүүлэхдээ: “Би 2 өдрийн өмнө буюу 9 сарын 05-ны өдөр тог тасарна. Ахын дүү юм аа сайн бэлдчихээрэй. Тог тасрах юм чинь трансформатораа бэлдчихэе гээд өглөө нь тусдаа уулзаад салсан. 9 сарын 05-ны өдөр тог ирэх гээд байдаг. Тог ирвэл уул уурхайн баяжуулалтын үйл ажиллагаа явагдах гээд байдаг. Тэгээд би сандраад хүлээгээд яасан юу болсон гээд байж байсан чинь Мөнхболд над руу залгаад ахаа гагнуур байна уу гэхээр нь яасан бэ чи юу болсон бэ гэхэд би урьд нь гагнаад бэлдчихгүй яасан юм бэ гээд ууртай хэлсэн. Тэгээд би хойноос нь засварын талбайд машинтай очсон чинь машины араа салгаагүй байхад намайг боож унагаад чамайг бол би алсан байхад нээх харамсах юм байхгүй гээд ухаан баларттал боосон. Тэгээд би машинаа унтраачхаад араас нь очоод би чамд яагаад юм хэлж болохгүй байгаа юм бэ яасан бэ юу болсон бэ гэсэн тэрнээс жоохон маргалдаж байсан. Тэгээд энэнээс болоод дахиж намайг боож унагаах гээд ийм зүйл болсон. Би эрүүл мэндээрээ хохирсон. Би эрүүл бүрэн бүтэн байсан зүйлээ буцаагаад хэвийн болгох хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа болохоос сэтгэл санааны хохирол бас бус хохирлыг нэхэмжлэхгүй байгаа. Энэ хүн өөрөө эргээд бас амьдралтай хүн. Тэгээд 3.500.000 төгрөгөөс 2 сая дөрвөн зуун хэдэн төгрөг нь Мөнгөнгүүр эмнэлэгт хагалгаанд орох хагалгааны мөнгө шинжилгээний төлбөр, эмчилгээний зардалд орсон. 15.900.000 төгрөгөөс 1 сая гаран нь хасагдана гэж бодож байгаа” гэв

            Шүүгдэгч Б.М нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эм Жи Жи И Си” ХХК-ийн уурхайн засварын талбай дээр ажлаа хурдан хийсэнгүй гэж дарамталлаа гэх шалтгаанаар инженер Б.Эыг заамдан авч, түлхэж унагаасны улмаас Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
  • Хохирогч Б.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
  • Шүүгдэгч Б.Мын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
  • Гэрч Г.Н мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
  • Гэрч А.Н мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 463 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 тал/,
  • Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
  • Хохирогчийн Б.Мын мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

                  

                   Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 58 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 02 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 58-59 тал/ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Мод холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э нь “...хялбаршуулсан журмаар 500.000 төгрөгөөр торгуулах гэж байна. Эхлээд миний хохирлыг барагдуулж өгчхөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна” гэх хүсэлт гаргасан байна.

шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”, 2 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М нь хүсэлт гаргаж прокурор 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагыг шүүгдэгч Б.М хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хавтаст хэргийн 58 дугаар хуудаст авагдсан шүүгдэгч Б.Мын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Мын хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасанд харшлахгүй байна.

 

Шүүхийн шатанд хохирогч Б.Э нь 15.996.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Эд 3.500.000 төгрөг төлсөн гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч 2.450.000 төгрөг нь хагалгаанд орсон зардал гэж үзэж байгаа. Харин 1.050.000 төгрөг нь 15.966.000 төгрөгөөс хасагдаж тооцогдоно “ гэж мэдүүлж байх тул хохирогч Б.Эын 15.996.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.050.000 төгрөгийг хасч 14.946.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж  Мөнгөнгүүр эмнэлэгийн хагалгааны багц шинжилгээний талаарх баримтыг /хх-43-44/ гаргаж өгсөн бөгөөд тус баримтанд “..энэхүү тариф нь 2021 оны тариф бөгөөд дараа онд Эрүүл мэндийн даатгал болон Мөнгөн гүүр эмнэлгийн үнэ тариф шинэчлэгдэн батлагдахыг анхаарна уу” гэсэн бөгөөд хохирогч Б.Эын ирээдүйд хагалгаанд орох болон эмчилгээ хийлгэх цаг хугацаа болоогүй дээр дурьдагдсан Мөнгөнгүүр эмнэлгийн танилцуулга хохирогчийн мэдүүлэг зэргээс үзэхэд өнөөдрийн шүүх хуралданаар шууд гаргуулах боломжүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрх зүйн байдал дордохоор байна гэж үзсэн. Харин ажилгүй байсан хугацааны цалин гэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд хохирогч Б.Э хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хэд хоног хэвтэн эмчлүүлсэн болон эмчлэгдэж гарсан талаархи баримт /эмнэлэгийн магадлагаа буюу лист авсан эсэх, нийгмйн даатгалын зөрүү бодогдсон эсэх зэрэг/ хэрэгт авагдаагүй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Мыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Эд 1.050.000 төгрөг төлсөнг дурдаж, хохирогч Б.Э нь 14.946.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ю.ЭНХМАА