Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 986

 

        Л.С-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Бадрал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадралын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг үндэслэн Л.С-д холбогдох 201625030991, 201625032137 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Адуучин овгийн Л.С-, 1977 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 407 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон ба уг ялаа эдэлж байгаад оргосон,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 349 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 934 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 47 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн, одоо цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа, /РД:/;

Л.С- нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орон байранд нэвтэрч 17 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэн, иргэн Н.Ганбаатар, Ц.Цэрэндолгор, Б.Гаадамба, З.Эрдэнэ-Очир, Д.Батсүмбэрэл, Ш.Дашням, П.Дэлгэрдалай, Ж.Долгормаа, Ц.Чойжоо, М.Эрдэнэчимэг, Б.Чимэд-Очир, Б.Ариунзаяа, Ч.Зууннаст, Б.Баярмаа, М.Дашхүү, Д.Одцэцэг, М.Оюунбаяр нарт нийт 20.614.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба Чингэлтэй дүүргийн прокурорын газраас түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, 201625030991 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор, Л.С-г ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Прокурор Э.Бадрал тус шүүхэд бичсэн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.С-гийн 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 18-464 тоот иргэн П.Болдын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга, сангийн бойпор, Дарь эхийн мутар гэх зүйл, хүрд, бүс, гүц зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь 201625032137 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татжээ. Л.С-гийн дээрх үйлдэл нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан тул түүнд холбогдох эрүүгийн 201625030991, 201625032137 дугаартай хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр хөнгөн ял оногдуулах үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн байна. Иймд уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн ба уг дүгнэлтээ дэмжиж байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Л.С- нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд, Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орон байранд нэвтэрч 17 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэн, нэр бүхий 17 иргэнд нийт 20.614.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлжээ.

Гэтэл дээрх 17 удаагийн хулгайн үйлдлээс гадна, 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 18-464 тоот иргэн П.Болдын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга, сангийн бойпор, Дарь эхийн мутар гэх зүйл, хүрд, бүс, гүц зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулж 201625032137 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тогтоогдлоо.

Л.С-гийн энэхүү гэмт үйлдэл нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байсан байна.

Шүүх аливаа гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёс, шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэсний дагуу Л.С-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.” гэж,

мөн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ.” гэж шүүхийн шийдвэрийг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халжээ.

Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсан байна.

Харин тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

Иймд прокурор Э.Бадралын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн 201625030991 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс үзвэл, Л.С-д холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн нь тогтоогдож байна. Гэтэл шүүх шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт шийдвэрийн огноог “2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр” гэж, мөн шүүгдэгчийн нэрийг “А.С-” гэж ташаарч бичсэн байгааг тус тус анхааруулж тэмдэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.С-д холбогдох эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очих хүртэл Л.С-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                           ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                                   Н.БАТСАЙХАН