Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2019/0125/З |
Дугаар | 657 |
Огноо | 2019-10-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 657
2019 оны 10 сарын 07 өдөр Дугаар 128/ШШ2019/0657 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “М” ХХК,
Хариуцагч: АМГТГКХ, МХЕГДУЕБ,
Нэхэмжлэлийн шаардлага: “М ХХК-ийн эзэмшилд байгаа XV-01824* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ААМГТГКХ цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл гэж тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг ААМГТГКХт даалгуулах, XV-01824* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй МХЕГД, УЕБийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч МХЕГД, УЕБийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч АМГТГКХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр Д аймгийн С, С, У сумдын нутагт орших Ш нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-003* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Цөмийн энергийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “...Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрыг татан буулгасугай” гэсэн байсан. Ингэснээр Цөмийн энергийн газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, шилжүүлэх чиг үүрэг бүхэлдээ эрх залгамжлагч байгууллага болох Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт шилжсэн. Улмаар Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлт нь Цөмийн энергийн газар татан буугдаж, түүний ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой чиг үүрэг Ашигт малтмал газрын тосны газарт шилжсэнтэй холбогдуулан хийгдсэн өөрчлөлт юм. Тухайлбал цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуульд 112 дугаар зүйл гэсэн нэмэлтээр 112.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 112.1.1. цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэсэн байна. Цөмийн энергийн тухай хуулийн 15.2-т “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”, 15.2.1 “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх”, 15.2.2 “цацраг идэвхт ашигт малтмал ашиглах”, 15.2.3 “цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх гэсэн зохицуулалт мөн нэмэлтээр оруулсан байна. Засгийн газрын 2 агентлагийн үйл ажиллагааг нэгтгэж, тусдаа ашигт малтмалын зөвшөөрөл олгохоо больсонтой холбогдуулан Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.1 “хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх”, 28.6.2 “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах” гэсэн заалтыг тус тус 2015.02.13-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл цацрагт идэвхт болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөр өөр агентлагаас авч тус тусын хуулиар зохицуулж байсныг болиулж нэгтгэсэн нь дээрх нэмэлт, өөрчлөлтүүдээс тодорхой харагддаг. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтаас "цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн”, “цацраг идэвхт болон” гэсэн зохицуулалтыг тус тус хассан. Ингэснээр ашигт малтмалыг цацраг идэвхт болон бусад ердийн ашигт малтмал гэсэн ангиллыг байхгүй болгосон. Гэтэл АМГТГКХ нь цацраг идэвхт болон ердийн ашигт малтмалын хуулийн зохицуулалт адил болсон, мөн 2 тусдаа агентлаг нэгдсэний дагуу манай Ц-003* дугаартай тусгай зөвшөөрлийг өөрийн агентлагт шилжүүлэн авахдаа ХV-01824* дугаартай болгон бүртгэж авсан атлаа өмнөх хүчингүй болсон хуулийн үйлчлэлээр манай лицензийг тусдаа дотооддоо хууль бусаар “цацраг идэвхт бодис" гэсэн хууль бус бүртгэлээр бүртгэж байна. Үүний үр дагаварт манай байгууллага хайгуулын үйл ажиллагаа эрхлэхдээ нэмэлт зөвшөөрөл авах шаардлагатай болсон, хайгуулын үйл ажиллагаа хийж байхдаа бусад төрлийн ашигт малтмал илрүүлэх боломжийг хязгаарласан. Мөн тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлаж байна. Манай зүгээс хуулийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Хууль тогтоогч хуулийг нарийвчлан зохицуулсан байхад хууль хэрэгжүүлэгч байгууллага нь уламжлалт байдлаасаа салж чадахгүй байна. Манай байгууллага 2017 оны 06 дугаар сарын 21, 2017 оны 09 дүгээр сарын 24, 2017 оны 11 дүгээр сарын 16, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу нийт 4 удаагийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүссэн албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулсан. Эдгээр албан тоотод манай компанийн эзэмшлийн Д аймгийн С, С, У сумдын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ХV-01824* тоот Ш нэртэй талбай болон С аймгийн Э сумын нутагт орших “ХЦӨ" нэртэй талбайд хайгуул судалгааны ажил явуулах зөвшөөрлийг хүссэн боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь 2017.10.24-ний өдрийн №01/322* тоот Зөвшөөрөл олгох тухай албан тоотоор зөвхөн С аймагт орших хайгуулын талбайд зөвшөөрөл олгосон. Харин манай албан бичгээр гаргасан Д аймаг дахь тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй. Төрийн захиргааны байгууллагын үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй үйлдлийн улмаас манай “М" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Бид 7 дахь жилийн төлбөрөө төлсөн боловч мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих зөвшөөрлийг олгоогүй, үүнээс шалтгаалж хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...”, “...Ашигт малтмал эрж хайхтай холбоотой маш чухал хуулиудын нэг бол газрын хэвлийн тухай хууль байдаг. Газрын хэвлийн тухай хуулийн 22.3 дахь хэсэгт “үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсгийг бүрэн илрүүлж, тэдгээрийн нөөцийн хэмжээ, чанар боловсруулах технологийг үнэн зөв тодорхойлох, ашигт малтмалын ордод геологи-эдийн засгийн үнэлгээ өгөх” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгогдож байгаа бол газрын доор ямар баялаг байгааг хэн ч мэдэхгүй. Гэтэл хууль бусаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын төрлөөр нь ялгаварлаад эхлэхээр байгаль орчны сөрөг нөлөөлөл бий болно. С, Д аймгийн талбайн аль алинд нь асар их хэмжээний хөрөнгө оруулалт, эрсдэл үүрсний эцэст газар доор ямар ашигт малтмал байгаа гэдгийг бид илрүүлж байгаа. Энэ мэт ялгавартай хандаж байгааг хууль тогтоогчдын зүгээс ойлгож 2015 онд цөмийн энергийн тухай хуулиас геологийн эрж хайхтай холбоотой зохицуулалтуудыг хасаж, ашигт малтмал руу оруулсан байгаа. Энэ асуудлыг хууль тогтоогч болон шүүх засаглал ойлгож байхад хэрэгжүүлэгч агентлаг нь ойлгохгүй байгаа юм. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын өгсөн тайлбарт “Ашигт малтмал хайх гэж эрдсийн хуримтлалын байршил тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу түүний хэвлийд геологийн хайгуулын судалгааг түүний нөөц баялаг ашиглах боломжийг судлах техник эдийн засгийн үнэлгээг ойлгоно” гэсэн байсан. Энэ тодорхойлолтоос харахад ашигт малтмалын хайгуул хийнэ гэдэг нь газрын хэвлийд байгаа ашигт малтмал ямар төрлийн ашигт малтмал хэдий хэмжээнд байна гэдгийг судалгаа хийж, ашиглах боломжтой эсэхийг судлах ойлголт болж байгаа юм. Хариуцагчийн өгсөн тайлбарт судалж байж тогтооно гэдгийг дурдсан атлаа цөмийн энерги гэсэн “А” тэмдэглэгээтэй учир зөвхөн цөмийн энерги хай гэсэн шаардлага тавьж байгаа юм. Ямар ч төрийн ажил албан бичгээр явах ёстой. Удаа дараа 2 адилхан талбайд адилхан материал бүрдүүлээд хүсэлт өгсний дараа нэг нь дээр зөвшөөрсөн хариу өгсөн атлаа нөгөө дээр нь ямар үндэслэлээр татгалзаж байгаа гэдгээ тодорхойлохгүй байна. Хэрэв үнэхээр тухайн үед тэдний шаардлагыг хангахгүй байсан юм бол бичгээр хариу өгч болох байсан...” гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдөр бидний мэдэж байгаагаар Монгол Улсад “Ц” гэсэн лиценз байхгүй. 2009-2014 оны хооронд байсан. 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн цөмийн энергийн тухай хуулиас цацраг идэвх гэсэн заалтуудыг хүчингүй болгосон. Цөмийн энергийн тухай хуулийн 43.3, 43.5 дахь хэсгүүдэд мэргэжлийн шаардлагад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлсон байдаг. Мэргэжлийн хяналтын газрын хувьд хамгийн сүүлд тавигдах ёстой шаардлагыг хамгийн түрүүнд тавиад байгаа юм. Ажлаа хийж эхлээгүй байж маш их зардал шаардагдах шаардлагуудыг биелүүлэх боломжгүй. Захиргааны байгууллагад гаргасан хүсэлтэд хуулийн хугацаанд багтаан хариу өгөх ёстой байтал утсаар хариу өгсөн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ асуудлыг тухайн үед нь хариу өгсөн байсан бол бид шаардлагатай баримтуудыг бүрдүүлэх боломжтой байсан. Хариуцагчийн өгсөн тайлбарын 1.3 дахь заалтад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төрөл тодорхой бус, нөөц тодорхой бус байдаг тул төрлөөр ангилан бүртгэдэггүй гэсэн тайлбар өгсөн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.
Гурав. хариуцагч МХЕГД, УЕБийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цөмийн энергийн тухай хуулийн 17.1.2 дахь хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг заасан байдаг. Харамсалтай нь нэхэмжлэгч байгууллагын зүгээс хангалттай нотлох баримт гаргаж өгөөгүй учир тухайн үед Д аймагт УЕБийн зөвшөөрлийг гаргаж өгч чадаагүй. Нэхэмжлэгч талын зүгээс тайлбар гаргахдаа хоёр талбайг ялгаварлан үзсэн гэдэг. Гэхдээ хамгийн гол үндэслэл нь хийх ажлын төлөвлөгөөнөөс шалтгаалж байсан. С аймагт судалгааны ажил хийгдэж байсан, харин Д аймагт өрмийн ажил хийгдэх ёстой байсан. Хэрэв нэхэмжлэгч талын зүгээс нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн байсан бол УЕБийн зүгээс татгалзах ямар нэгэн үндэслэл байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт анх гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр хоорондоо ярилцаж байх хугацаанд нэхэмжлэгч талаас дараагийн хүсэлтүүдийг гаргаж байсан болохоор тухай бүрт нь бичгээр хариу өгч чадаагүй. Нэхэмжлэгч байгууллагын гаргасан өгч байсан нэмэлт материалууд нь манай шаардсаны дагуу гарган өгч байсан юм. Цөмийн энергийн тухай хуулийн 43.3, 43.5 дахь хэсгүүдэд заасан үндсэн шаардлагуудыг тэдэнд байнга сануулж байсан боловч нэхэмжлэгч тал нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шаардлагатай баримтуудыг шүүхэд гарган өгөөгүй юм...” гэв.
Дөрөв. хариуцагч АМГТГКХийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Д аймгийн С, С, У сумын талбайд “М” ХХК-д 2010 онд тусгай зөвшөөрөл олгосон. Цөмийн энергийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг 3 жилээр сунгасан. Цөмийн энергийн газрын чиг үүрэг ашигт малтмалын газарт шилжсэний дагуу Ц-003* дугаартай тусгай зөвшөөрлийг ХV-01824* дугаартай тусгай зөвшөөрөл болгон бүртгэсэн. Цөмийн энергийн тусгай зөвшөөрлийг “Ц” гэж бүртгээд, ашигт малтмалын “XV” гэж бүртгэдэг зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар “ХV” нь ердийн ашигт малтмалыг ойлгоно гэсэн зохицуулалт байхгүй. Цөмийн энергийн газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг анх авсан, цөмийн энергийн газрын чиг үүрэг ашигт малтмалын газарт шилжиж ирснээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн нь ердийн ашигт малтмал гэж бүртгэх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч компани нь С аймгийн Э сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл аваад уран хайж байх явцад нүүрс гарч ирсэн. Энэ маргааны хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа газрын доор ямар баялаг байгааг мэдэх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна. Хэрэв өөр баялаг хайж байсан юм бол хайгуулын тусгай зөвшөөрлийг яагаад цөмийн энергийн газраас авсан юм бэ, тухайн үед Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл авах бүрэн боломжтой байсан...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “М ХХК-ийн эзэмшилд байгаа XV-01824* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГКХ цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл гэж тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг АМГТГКХт даалгуулах, XV-01824* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй МХЕГД, УЕБийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж харин “хариуцагч нарын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгч 2017 онд өөрийн XV-01824* дугаартай хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулаагүй атлаа тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 255,128.914 төгрөгийн хохирлыг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.
1. “М” ХХК-ийн эзэмшилд байгаа XV-01824* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГКХ цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл гэж тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг АМГТГКХт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анх Цөмийн энергийн газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК-д Д аймгийн С, С, У сумдын нутаг “Ш” нэртэй 117231 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-001* тоот тусгай зөвшөөрлийг олгож, Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгажээ.
Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж хэрэгжүүлж байсан чиг үүргийг АМГТГКХт шилжүүлсний дагуу нэхэмжлэгчийн цацраг идэвхт ашигт малтмалын Ц-001* тоот тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэн ашигт малтмалын хайгуулын XV-01824* тоот тусгай зөвшөөрөл болгон бүртгэж, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан байна.
Нэхэмжлэгчээс “...АМГТГКХ цацраг идэвхт ашигт малтмалын Ц-001* тоот тусгай зөвшөөрлийг шинэчлэн XV-01824* тоот тусгай зөвшөөрөл болгон бүртгэж авсан атлаа манай тусгай зөвшөөрлийг дотооддоо хууль бусаар “цацраг идэвхт ашигт малтмал” гэсэн тэмдэглэгээ хийснээр манай компанийн тусгай зөвшөөрөл жил бүр бусад хайгуулын тусгай зөвшөөрөл дээр тавигддаг шаардлага дээр нэмэгдэж “цацраг идэвхт буюу ураны хайгуулын тусгай зөвшөөрлийн шалгуурыг нэмэлтээр хангаж ажиллах шаардлага тавигдаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж маргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл “тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй бүртгэл”-ийн “ашигт малтмал” гэсэн хэсэгт “цацраг идэвхт ашигт малтмал” гэсэн бүртгэл хийгдсэн байна. Мөн тусгай зөвшөөрлийн тойм зурагт бусад хайгуулын тусгай зөвшөөрлийг “зураасгүй” тэмдэглэдэг бол цацраг идэвхт ашигт малтмалыг “босоо шугам”-аар тэмдэглэсэн болох нь тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй бүртгэл, талбайн тойм зургаар нотлогдож байна.
Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасан, Улсын Их Хурлын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Цөмийн энергийн тухай хуульд 112 гэсэн зүйл нэмж, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эдлүүлэхээр хуульчилсан.
Мөн Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн талбайд оршиж байгаа ашигт малтмалыг ашиглах эрх нь хайгуулын ажлын зардал гаргаж, тухайн нөөцийг илрүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн онцгой эрх бөгөөд тухайн талбайгаас анх олгосон ашигт малтмал илрээгүй, өөр ашигт малтмал илэрсэн байдал нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн онцгой эрхийг эдлүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл биш, нэгэнт илрээгүй ашигт малтмалыг ашиглах хүсэлт гаргах боломжгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан гэсэн үндэслэлээр эрх бүхий захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид цөмийн энергийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, хуульд нийцэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хайгуулын талбайгаас цацраг идэвхт ашигт малтмал илрээгүй учраас Цөмийн энергийн тухай хуулийг энэ маргааны үйл баримтад хэрэглэхгүй, ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл учраас Ашигт малтмалын хуулийг хэрэглэнэ” гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлтээс үзвэл цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хайгуул хийж, тус талбайд цацраг идэвхт ашигт малтмал илрээгүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч цацраг идэвхт ашигт малтмал хайх явцад өөр төрлийн ашигт малтмал илрүүлж, нөөцийн судалгаа, тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлж, нөөцийг бүртгүүлсэн бол өөрийн үйл ажиллагаанаас бий болгосон үр шимийг буюу дараагийн үйл ажиллагаа явуулах эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч давуу эрхээр авахаар байна.
Харин Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх хэсэгт цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр явуулахаар, мөн хуулийн 112.1.1дэх хэсэгт зааснаар Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхтэй гэж, энэхүү үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь Цөмийн энергийн тухай хуулийн 17.2-д “...мөн хуулийн 17.1-д заасан” шаардлагаас гадна дараахь нөхцөлийг хангасан байна”, 18 дугаар зүйлийн 18.2-д “Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 17.2-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно” гэжээ.
Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх нь АМГТГКХт шилжсэн хэдий ч цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн этгээдэд Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг тавигдахаар байна.
Өөрөөр хэлбэл зөвхөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлага тавигдах бөгөөд харин уг талбайд ердийн ашигт малтмал хайж, илрүүлсэн тохиолдолд л Ашигт малтмалын тухай хуульд заасан ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагууд хамаарагдахаар байна.
Дээрх нөхцөл байдлаар нэхэмжлэгчийн “... Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгохоор хууль өөрчлөгдөж, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх тусгай зөвшөөрлийг АМГТГКХ XV дугаарт оруулж бүртгэсэн л бол зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага тавигдах ёстой...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Тодруулбал цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх хайх тусгай зөвшөөрөл олгох эрхийг АМГТГКХ хэрэгжүүлснээр цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх үйл ажиллагаа, түүнд тавигдах шаардлага нь ердийн ашигт малтмал эрэх хайх үйл ажиллагаатай нэг байна, Цөмийн энергийн тухай хуульд заасан нарийвчилсан зохицуулалт үйлчлэхгүй гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчээс “...АМГТГКХ манай компанийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бүртгэхдээ “цацраг идэвхт ашигт малтмал” гэсэн тэмдэглэл хийх ёсгүй...” гэж байгаа хэдий ч энэ тэмдэглэгээг хийхгүй байснаар Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Тусгай зөвшөөрөл болон энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.
Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т захиргааны актыг утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан,захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй,түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тохиолдолд илт хууль бус захиргааны акт болохоор заажээ. Тэгвэл захиргааны байгууллагын “цацраг идэвхт ашигт малтмал” гэж тэмдэглэгээ хийсэн үйлдлийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд АМГТГКХ XV-01824* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “цацраг идэвхт ашигт малтмал” гэж тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг АМГТГКХт даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
2. “М” ХХК-ийн эзэмшилд байгаа XV-01824* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй МХЕГД, УЕБийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “УЕБийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно” гэж цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавигдах үндсэн шаардлагыг заажээ. Энэхүү заалтын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээс тухайн жилд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн хайгуулын үйл ажиллагаанд тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, төлөвлөгөөг хянасны үндсэн дээр УЕБийн зөвшөөрлийг олгохоор байна.
Хариуцагчаас “...М ХХК нь Д аймгийн С, С, У сумдын нутагт Ш нэртэй талбайд хайгуулын үйл ажиллагаа гүйцэтгэх цацрагтай ажиллагсдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулах болон ажиллагсдын мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн тогтмол хяналтад хамруулж байгаа талаар мэдээллийг 2017 онд ирүүлээгүй тул УЕБийн зөвшөөрөл олгох нөхцөл бүрдээгүй...” гэжээ.
Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан нэр томьёоны тодорхойлолтод “шарлага” гэж цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүрээс хүнд үзүүлэх нөлөөллийг, “мэргэжлийн шарлага” гэж ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа цацрагийн нөлөөллийг хэлнэ гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Цацрагтай ажиллагч нь мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтанд хамрагдана”, 43.5-д “Цацрагтай ажиллагч нь мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн тогтмол хяналтанд байж, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдана” гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ажиллагсдын “эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн хуудас”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын цөмийн хяналтын хэлтсийн даргын баталсан 2017 оны “Хайгуулын үйл ажиллагааны цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм”, Д аймгийн С, С, У сумдын нутагт орших Ш” талбайд 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг баримтууд байх бөгөөд дээрх хуулийн 43.1, 43.5-д заасан баримтууд байхгүй байна.
Нэхэмжлэгч “М” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17/11, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17/19, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17/20, дугаартай албан бичгээр Д аймаг болон С аймгууд дахь тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг явуулж байжээ. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “зөвшөөрөл олгох тухай” “... танай байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон холбогдох материалуудтай танилцаж хянаж үзээд С аймгийн нутаг дэвсгэрт орших тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох” утга бүхий 01/3223 албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж, харин Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11/3898 дугаартай албан бичгээр “...М” ХХК-ийн Д аймгийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-01824* тоот талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг одоогоор олгоогүй” гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Дээрхи нотлох баримтуудаас үзвэл мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль бус эс үйлдэхүйг гаргасан гэж үзэх үндэслэлгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан өөрийн чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөөс үл хамаарах шалтгаанаар хайгуулын ажиллагаа явуулах боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна.
Мөн УЕБийн зөвшөөрлийг олгосон XV-017247 тоот талбайд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт шалгалт хийхэд 35 төрлийн зөрчил, дутагдал илэрсэн, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны биелэлт 35,92 хувь буюу өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдэж, “М” ХХК-д зургаан сая төгрөгийн шийтгэл оногдуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны материал”-аар тогтоогдож байна.
Иймд “МХЕГД, УЕБийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.1, 17 дугаар зүйлийн 17.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГКХт, МХЕГД, УЕБид холбогдуулан гаргасан “М ХХК-ийн эзэмшилд байгаа XV-01824* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГКХ цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрөл гэж тэмдэглэгээ хийж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийг бусад ердийн ашигт малтмалын нэгэн адил бүртгэн тусгай тэмдэглэгээ хийхгүй байхыг АМГТГКХт даалгуулах, XV-01824* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгоогүй МХЕГД, УЕБийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ