Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/Ма2016/0164

 

Иргэн Д.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Д-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ө- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 810 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Э-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар захирамжаар иргэн Д.Э-од Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 25, 26 дугаар байрны хооронд 0.016 га газрыг 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрх олгож, үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар уг газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан билээ.

Нийслэлийн Засаг даргаар газар эзэмших эрхээ баталгаажуулсны дагуу 2009 оны 12 дугаар сараас эхлэн Д.Э- нь эзэмшлийн газар дээрээ үйлчилгээний барилга барих өөрийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх, зураг төсөв батлуулах зэрэг ажлыг хийсэн боловч барилгын зураг төсөл боловсруулалтын шатанд техникийн шаардлагаар газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болсон.

Иймээс Д.Э- 2012 оны 02 дугаар сард эзэмшил газрынхаа зориулалтыг өөрчлөхгүйгээр хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хандан гаргасны дагуу мөн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар миний эзэмшил газрын хэмжээг 0.040 газар болгон нэмэгдүүлж, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газрыг дахин баталгаажуулж шийдвэрлэсэн болно.

Уг захирамжийг үндэслэн Нийслэлийн газрын албанаас Д.Э-той Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 5 жилийн хугацаатай шинэчлэн байгуулж, 0379078 дугаартай гэрчилгээ олгосон юм.

Д.Э- өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барихаар холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах, ажлын зургийг шинэчлэн боловсруулах ажлыг хийлгээд явж байхад буюу 2012 оны 08 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар захирамжаар ННХХК-д Д.Э-ын эзэмшил газартай давхцуулан 0.019 га газрыг эзэмших эрх олгосон болохыг мэдсэн болно.

Иймээс нэхэмжлэгч Д.Э- нь өөрийн эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглах, газартай холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, газрын давхцалтай асуудлаа шийдвэрлүүлэхээр тухайн үед Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус хандсан билээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, түүний мэргэжилтнүүд нь маргаантай асуудлыг шийдвэрлэж өгнө гэж уг хугацаанаас хойш хүлээлгэн, газрын давхцлыг арилгаж ННХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/705 дугаар захирамжаар хүчингүй болгосон юм.

Гэвч Нийслэлийн Засаг дарга 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/706 дугаар захирамжаараа Д.Э-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Засаг дарга гаргасан дээрх А/706 дугаар захирамждаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр 24.1.6-д инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих гэж, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг баримталжээ.

Иргэн Д.Э- нь Нийслэлийн Засаг даргад хандан газрыг давхцуулан олгосон шийдвэрээ эргэн харж, давхцлыг арилгаж өгөх гомдлыг гаргасан байхад миний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргаж байгаа нь Газрын тухай хуульд нийцэхгүй, хууль бус болсон байна.

Тухайлбал, Д.Э- төрийн хуулийн дагуу томилогдсон Нийслэлийн Засаг дарга гэх албан тушаалтанд хандаж газар эзэмших хүсэлтээ гаргасны дагуу уг албан тушаалтан иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул иргэн Д.Э- нь Иргэний хуулийн дагуу уг газрын шударга эзэмшигч юм.

Иймд иргэн Д.Э- нэгэнт шударгаар газар эзэмших эрх олж авч, Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Газрын албатай хоорондоо газрын эрх зүйн харилцаа үүсгэсэн бол энэхүү харилцааг болоод газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн дагуу дуусгавар болгох, цуцлах ёстой байхад Нийслэлийн Засаг дарга өөрийн өмнө олгосон шийдвэрээ цуцалсан шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Иргэний хуулийг зөрчин манай компанийн шударгаар газар эзэмших эрхийг зөрчиж байна.

Нөгөө талаас иргэн Д.Э- газрын давхцалтай маргаанаа шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хандсан байхад тэрээр 2 жил судалж байгаа нэрээр хүлээлгэсэн нь түүний эзэмшил газрыг хууль бусаар хураан авах ямар нэг арга, гарц хайж байсан гэж үзэхээр байгаа нь дээрх хуулийн заалтыг баримтлан газар эзэмших эрхийг нь дуусгавар болгож байгаагаар харагдаж байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д ...өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх нийтлэг үүрэг хүлээнэ гэж заасан байна.

Нийслэлийн Засаг дарга нь иргэний шийдвэрлүүлэхээр гаргасан гомдлын хүрээнээс хальж, өөр үндэслэлээр Д.Э-ын газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь захиргааны илт хууль бус шийдвэр гэж үзэж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/706 дугаар захирамжийн Д.Э-од холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг баримтлан хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын иргэн Д.Э-ыг илтэд хохироосон газар эзэмших эрхийг дуусгавар болгосон боловч газрын эзэмших эрхийг хуулийн дагуу сэргээн эдлүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, зөрчигдсөн эрхийг сэргээн, Д.Э- надад эзэмшүүлсэнтэй адил хэмжээний газрыг өөр газарт шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэрийг Газрын тухай хуульд нийцүүлэн гаргахыг даалгаж, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн З.Э- 2006 оны 02 дугаар сарын 25-ны өдөр анх газар олгосон байдаг. 2009 оны 11 дүгээр сарын 10-ны А/607 дугаар захирамжаар баталгаажуулж авсан байдаг. Мөн газрын зориулалтыг өөрчлөхгүйгээр газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 419 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлсэн. 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газрын хэмжээг нэмэгдүүлээд үйл ажиллагаа явуулах гэж байтал 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр А/38 дугаар захирамжаар ННХХК газрыг давхцуулан олгосон талаар мэдээд 2012 оны 08 дугаар сард давхцлыг арилгаж өгнө үү гэж дээд шатны байгууллагад хандсан. 2012 оны 08 дугаар сараас хойш 2 жилийн дараа 2014 оны 08 дугаар сарын 14-ний А/706 дугаар захирамжид иргэн Д.Э-ын газар нь инженерийн шугам сүлжээтэй давхцсан учир газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн. Гэтэл 2012 онд газрын давхцлын асуудлаар хандсан байхад өөр байдлаар шийдвэрлэж иргэний эрх ашгийг зөрчиж байна. Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой газрын албанаас өгч байгаа тайлбарыг харахаар инженерийн шугам сүлжээтэй давхцсан гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2006 онд хууль тогтоомжийн дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан. Тухайн үед инженерийн шугам сүлжээтэй гэдэггүй байсан. Одоо Д.Э-ын газрыг шугам сүлжээтэй давхцсан байна гээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаагаас Д.Э-ын эрх ашиг зөрчигдөх гээд байна. Тухайн үед газрын албанаас инженерийн шугам сүлжээтэй давхцсан байна гэсэн тайлбар өгсөн бол өөр газарт газар эзэмших хүсэлтээ гаргах байсан. Кадастрын зургаас харахаар хуучин газрын дотор нь ННХХК-д газар олгосон байдаг. Инженерийн шугам сүлжээний газар нь хаана байна гэхээр Д.Э- болон ННХХК-д олгосон газартай давхцсан байдаг. Газрын албанаас хэмжилт хийгээд инженерийн шугам сүлжээтэй газраасаа 5 метрийн зайтай газар олговол инженерийн шугам сүлжээ давхцахгүй гэсэн байдаг.

Иймд Д.Э-ын газрын хэмжээг багасгаж олгох боломжтой гэж үзэж байна. 2006 онд гаргасан газар эзэмших өргөдлийн дагуу тус газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж үзвэл өөр газарт эзэмшүүлэхийг даалгах байдлаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Барилга байгууламж барих, газрыг эвдэхгүйгээр дулааны улиралд эзэмшээд ашиглаад явах боломжтой байгаа. СӨХ-ийн асуудал яригдахгүй гэж үзэж байна. Багасгаад өгөх боломжтой газрыг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль бус гэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 313 дугаар захирамжаар иргэн Д.Э-од Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 25, 26 дугаар байрны хооронд 160 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар барилга барих зөвшөөрлийг олгосон. Мөн 2012 оны А/419 дүгээр захирамжаар талбайн хэмжээг 400 м.кв болгон нэмэгдүүлсэн байна.

Тус газар дээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 38 дугаар захирамжаар ННХХК-д давхцуулан 190 м.кв газрыг контор, үйлчилгээний зориулалтаар олгосон байсан бөгөөд тухайн газар эзэмших эрхийн талаар Эхлэл-2 СӨХ, Бид СӨХ-өөс хүчингүй болгохоор удаа дараа хүсэлт ирүүлж байсан, мөн хөрш зэргэлдээ орших Монро импекс ХХК-ийн орц гарцыг хаасан зэрэг нөхцөл байдлууд үүссэн учир Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/706 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Мөн иргэн Д.Э-оос Нийслэлийн Засаг даргад хандан өмнө эзэмшиж байсан газрын байршлыг өөрчлөн өөр газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн ба уг өргөдлийн хариуг 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэрлэх боломжгүй тухай хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хугацаанд өгсөн байна.

Газрын тухай хуульд газар эзэмших эрх нь хүчингүй болсон тохиолдолд газар эзэмшигчид адил хэмжээний газрыг өөр газарт шилжүүлэн эзэмшүүлэх тухай зохицуулалт байхгүй ба иргэн Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын байршил шилжүүлэн эзэмшүүлэх талаар гаргасан хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу шинээр газар эзэмших хүсэлт гэж үзнэ.

Ийнхүү хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эзэмшихээр хүсэлт гаргасан газрын байршил нь тодорхойгүй, бичиг баримтын бүрдэл зэрэг нь дутуу, мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар болон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэрлэх боломжгүй байдлыг газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 810 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл хугацаанд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/706 дугаар захирамжийн Д.Э-од холбогдох хэсэг, газрын эрхийг өөр газар шилжүүлж эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 810 дугаар шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэгдүгээрт, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь иргэн Д.Э-од газар эзэмших эрх олгохдоо дээрх хуулийн заалтыг зөрчиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт эзэмшүүлсэн, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-днийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, 21 дүгээр зүйлийн 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасныг тус тус зөрчиж дүүргийн Засаг дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн инженерийн шугам сүлжээ бүхий газар эзэмшүүлсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, нэгэнт шүүх уг маргаан бүхий газрыг инженерийн шугам сүлжээ бүхий газар мөн гэж дүгнэсэн атлаа нийслэлийн Засаг дарга 2009 болон 2012 онд газар эзэмшүүлэх, барилга барих эрх олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглоно гэж заасныг зөрчиж олгосон буруутай үйл ажиллагаанд огт дүгнэлт өгөөгүй байна. Мөн тухайн байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх асуудлыг шалгаж дүгнээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргыг хуульд заасны дагуу тухайн инженерийн шугам сүлжээ бүхий газарт нэхэмжлэгчид газар олгох боломжтой эсэх, эсхүл өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох өмнө эзэмшиж байсан газрын байршлыг өөрчлөн өөр газар шилжүүлж эзэмшүүлэхгүй байгаа үйлдлийг эс үйлдэхүй гэж үзэн эс үйлдэхүйн актыг түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, нийтийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...иргэн Д.Э- нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 25, 26 дугаар байрны хооронд 400 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ба өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барихаар холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах, ажлын зургийг шинэчлэн боловсруулах ажлыг хийлгээд явж байхад миний эзэмшил газартай ННХХК-д давхцуулан 0.019 га газрыг эзэмших эрх олгосон болохыг мэдсэн... холбогдох мэргэжилтнүүд нь уг асуудлыг шийдвэрлэж өгнө гэж хүлээлгэн, газрын давхцлыг арилгаж ННХХК болон миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Миний бие Нийслэлийн Засаг даргад хандан газрыг давхцуулан олгосон шийдвэрээ эргэн харж, давхцлыг арилгаж өгөх гомдлыг гаргасан байхад миний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргаж байгаа нь Газрын тухай хуульд нийцэхгүй, хууль бус болсон байна... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, харин хариуцагчаас ... иргэн Д.Э-ын эзэмшлийн газар дээр ННХХК-д давхцуулан 190 м.кв газрыг контор, үйлчилгээний зориулалтаар олгосон ... тухайн газар эзэмших эрхийн талаар Эхлэл-2 СӨХ, Бид СӨХ-өөс хүчингүй болгохоор удаа дараа хүсэлт ирүүлж байсан, мөн хөрш зэргэлдээ орших Монро импекс ХХК-ийн орц гарцыг хаасан зэрэг нөхцөл байдлууд үүссэн учир Д.Э- болон ННХХК-ийн газар эзэмших эрхүүдийг хүчингүй болгосон... Газрын тухай хуульд газар эзэмших эрх нь хүчингүй болсон тохиолдолд газар эзэмшигчид адил хэмжээний газрыг өөр газарт шилжүүлэн эзэмшүүлэх тухай зохицуулалт байхгүй ба иргэн Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын байршил шилжүүлэн эзэмшүүлэх талаар гаргасан хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу шинээр газар эзэмших хүсэлт гэж үзнэ. Ийнхүү хүсэлт гаргахдаа Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, эзэмшихээр хүсэлт гаргасан газрын байршил нь тодорхойгүй, бичиг баримтын бүрдэл зэрэг нь дутуу байсан тул шийдвэрлэх боломжгүй гэх хариуг хүргүүлсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэрлэх боломжгүй байдлыг газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй гэж маргажээ.

Харин хариуцагч нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн маргаан бүхий А/706 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 607, 2012 оны А/419 дүгээр захирамжийн нэхэмжлэгч Д.Э-од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч шүүхэд ...тус газар дээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 38 дугаар захирамжаар ННХХК-д давхцуулан 190 м.кв газрыг контор үйлчилгээний зориулалтаар олгосон байсан бөгөөд тухайн газар эзэмших эрхийн талаар Эхлэл-2 СӨХ, Бид СӨХ-оос хүчингүй болгуулахаар удаа дараа хүсэлт ирүүлж байсан, мөн хөрш зэргэлдээ Монро импекс ХХК-ийн орц гарцыг хаасан зэрэг нөхцөл байдлууд үүссэн учир Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/706 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж маргаан бүхий актын үндэслэлийг өөр агуулгаар тайлбарлажээ.

Шүүх ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/419 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, боломжтой бол газрын хэмжээг багасгаж эзэмшүүлэх, боломжгүй гэж үзвэл хариуцагчаас өөр газарт газар эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, өөр газарт адил хэмжээний газар эзэмшүүлэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий тус хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий актын үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээр дурдсан хариуцагчийн зөрүүтэй тайлбартай холбогдуулан хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх зорилгын хүрээнд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг өөрөөр хэлбэл, хариуцагчаас судалж, тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн эсэхийг тодруулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасантай нийцээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө нөхцөл байдлыг судалж, шалган тогтоосон эсэх талаарх баримтыг хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т тус тус заасны дагуу шүүх хэргийн оролцогчийн тайлбар, маргаан бүхий акт зэрэг нотлох баримтыг /тухайлбал хариуцагчийн тайлбарыг/ урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоох боломжгүй тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулж, хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргийн хүрээнд дээр дурдсанчлан хариуцагчаас өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээр зөрүүтэй тайлбарыг, нэхэмжлэгчээс хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байхад шүүх хариуцагчаас шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг судлан тогтоосон эсэхтэй холбоотой нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй байна гэж үзлээ.

Тухайлбал, шүүх ...дүүргийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газар ... эзэмшүүлсэн ... нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна... иргэн хуулийн этгээд тодорхойлох эрх, боломж байхгүй ...тиймээс ... энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүнээс үл хамаарах шалтгаанаар хөндсөн, ...шугам сүлжээтэй газар нь давхцаж байгааг тогтоосон олгох боломжгүй гэдгмйг мэдэгдсэн бол өөр газарт хүсэлтээ гаргах, газраа ашиглахаар хөрөнгө оруулалт хийхгүй байх нөхцөл боломжийг хязгаарласан гэх үндэслэлийг үгүйсгэх үндэслэлгүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагуудад нэгдсэн дүгнэлт хийхдээ холбогдох нотлох баримтыг хэрэгт цуглуулах ажиллагааг хийгээгүй, гаргуулж хавсаргаагүй нь буруу байна.

Тодруулбал, маргаан бүхий актыг гаргах болсон нөхцөл байдал бодитоор үүссэн эсэхийг нотлох баримт болох нэхэмжлэгчийн эзэмшил газар нь инженерийн шугам сүлжээтэй давхацсан эсэх, давхцаж байгаа бол ямар шугам сүлжээтэй аль хэсгээр хэрхэн давхцаж байгааг, түүнчлэн нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж байх үед тус газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан эсэх, шугам сүлжээ байсан эсэхийг шүүх тодруулж, үнэлж дүгнэх зайлшгүй шаардлагатай байна.

Түүнчлэн хэрэв, эрх бүхий этгээдээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд өөр газарт адил хэмжээний газар шилжүүлэн эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд шүүхээс хариуцагчид тус үүргийг хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хууль бус болохыг тогтоож, даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон бол шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т зааснаар ...шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах шийдвэрийг гаргахаар байна.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ...хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох, акт гаргахыг даалгах үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа өөр газар шилжүүлж эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн актыг түдгэлзүүлэх гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, хариуцагчийн шийдвэр, тайлбартай холбогдуулан нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, нөхцөл байдлыг тодруулан тал бүрээс нь бодитой дүгнэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ