Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

          Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Р.Энхтуяа,

Хохирогч Ж.Мөнхтуул,

Шүүгдэгч Н.Энхтөр, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлдэн овогт Намхайнямбуугийн Энхтөрд холбогдох эрүүгийн 201626011362 дугаартай, 188/2016/0140/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 25-нд хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр
Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд
боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ам бүл 5, эгч, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 25-23 тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн 04-р хороо Арцат 11 дүгээр гудамж, 442 тоотод оршин суух бүртгэлтэй гэх, ял шийтгэлгүй Дэлдэн овогт Намхайнямбуугийн Энхтөр /РД: ШГ69041911/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Н.Энхтөр нь архидан согтуурсан үедээ 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага нарангийн 40-8-Б тоотод оршин суух иргэн Д.Энхтайвны орон сууцны байшингийн хаалгыг эвдэн орж 25 кг үхрийн борц, хашаанд нь байсан Монгол банхарын гөлөг 1 ширхэг зэргийг хулгайлан бусдад 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 10 цагийн  үед Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо бага нарангийн 40-8-б тоотод байрлах Д.Энхтайваны хашаанд очсон. Учир нь миний хамтран амьдрагч Энхтуул нь Энхтайваны төрсөн эгч ба хашаанд нь жилийн өмнөөс гэр барьж амьдрах болсон Би Энхтуултай нийлээд 10 жил болж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл би тэр хашаанд амьдардаг юм. Өмнөх орой нь ажлаасаа буугаад архи ууж байгаад 17 цагийн үед Энхтуул дээр ирэхэд “уусан архиа уусан газраа шингээ” гээд хөөгөөд байсан тул би өөрийн эгч Энхсайханы гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь гэртээ ирэх замдаа хоёр шил боргио авч уугаад ирэхэд гэр цоожтой байсан. Энхтуулыг, Энхтайваны гэрт байгаа байх гэж бодоод очиж хаалгыг нь таттал цоожтой байсан хүчтэй таттал хаалга нь онгойчихсон. Тэгээд гэрт нь ороход хүнгүй байсан тэгэхээр нь хөргөгчин дээр байсан хоёр хайрцаг борцыг аваад гарсан. Гадаа Энхсайханы 3 сартай монгол банхарын гөлөг байхаар уяаг нь тайлж авах гэтэл том нохой нь хуцаад байхаар нэг хайрцаг борцыг том нохойд шидээд өгчихсөн. Ингээд гөлөгний уяаг шонгоос нь тайлж хөтлөөд нөгөө хайрцагтай борцоо аваад Энхтайваныхаас гарсан. Зүүн тийшээ гудамж уруудаад явж байтал хуурай дүү Бааяа буюу Баттулгатай таарсан. Баттулга та нэлээн согтуу байна. Манайд орж унт гээд гэртээ дагуулж орсон. Энэ гөлгийг чинь уялаа шүү гэж хэлээд хашаандаа байх том нохойны хажууд уяад миний барьж явсан нэг хайрцагтай борцыг байшингийхаа үүдний амбаарт тавиад намайг гэртээ оруулж унтуулсан. Унтаж байгаад сэрээд бие засах гээд хашаанд явж байтал Мөнхтуул хашааны гадаа машинтай ирж зогсоод хашаанд орж ирээд надад хандаж “монгол банхарынхаа гөлгийг таниад чи яагаад хамаг юм хулгайлж байгаа хулгайч бэ гэхээр нь би сандраад хулгайлаагүй гөлөг чинь намайг дагаад энд ирчихсэн гэхэд Мөнхтуул манай борц хаана байна гэхээр нь би аваагүй гэж хэлсэн. Гэтэл Мөнхтуул Баттулга-н байшинд ороход үүдэнд нь миний барьж ирсэн хайрцагтай борц байхыг хараад надад “чиний хулгайлаагүй борц чинь энд байдаг юм уу” гэж уурласан. Би уг борцыг зараад юм уу солиод архи ууя гэж бодсон мөн  банхарын гөлгийг зарвал архины мөнгө болно гэж бодсон. Надад Энхтайваны гэрийн түлхүүр байдаггүй би хаалганых нь цоожийг эвдээгүй хүчтэй татаад хаалгыг нээчихсэн урьд нь Энхтайваныг тэгж хаалгаа нээж байхыг харсан. Энхтайваныхаас авсан  2 хайрцаг борцныхоо нэгийг том нохойд нь хаяж өгсөн үлдсэн нэг хайрцгийг нь эргүүлж өгсөн. Харин 3 сартай монгол банхарын гөлгийг буцааж өгсөн. Хохирол төлбөрөө өөрийн эгч Энхсайхан дүү Алтантогос нарын дэмжлэгтэй төлж барагдуулна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 34, 38 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

 

Хохирогч Ж.Мөнхтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр, нөхөр бид хоёр ажилдаа яваад, хүүхдүүд хичээл сургуульдаа явсан эзгүй хойгуур манай үүдний амбаарт байсан хоёр ширхэг цаасан хайрцагтай нийт 50 кг борц алдагдсан, хашаанд байсан монгол банхарын 3 сартай гөлөг алга болсон байсан. Нэг хашаанд цуг амьдардаг хадам эгч Энхтуулын хамтран амьдрагч Энхтөрийг сэжиглээд гэрт нь хүн байгаа эсэхийг үзэхэд гэр нь цоожтой байсан,  Энхтөрийг хайгаад манай гэртэй ойролцоо байдаг Баттулгынд очиход хашаанд нь манай монгол банхарын 3 сартай гөлөг уяатай байсан. Би Энхтөрөөс борц хаана байна гэж асуухад “Би борцыг чинь аваагүй банхарын гөлгийг авсан” гэхэд би Баттулгын байшингийн үүдний амбаарт манайхаас алдагдсан хоёр ширхэг цаасан хайрцагтай борцны нэг нь байсан. Би Энхтөрөөс нөгөө хайрцагтай борц нь хаана байна гэж асуухад би “нэг хайрцаг борцыг л авсан гэж хэлсэн”. Манай гэрийн түлхүүр манай нөхөр хүүхдүүд болон надад байдаг заримдаа хүчтэй татахаар онгойчихдог гэж манай нөхөр хэлж байсан. Энхтөр нь манай нөхрийн эгчтэй хамтран амьдардаг ямар нэгэн хамаатан садны холбоо бол байхгүй. Манайх монгол банхарын 3 сартай гөлөгийг сарын өмнө 500.000 төгрөгөөр авч байсан, сарлагийн махаар хийсэн 50 кг борцыг 1 кг-ийг нь 30.000 төгрөгөөр үнэлж нийт 2.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17-18, 52 х/,

 

Хохирогч Ж.Мөнхтуулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 19-ний өглөө хоёр хүүхдээ аваад цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгчихөөд ажил руугаа явсан. 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд нохой байхгүй, үүдний амбаарын хаалга онгорхой байсан. Үүдний амбаар луу ороход хоёр хайрцагтай борц байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би Энхтөр ахыг авсан байх гэж бодсон. Тэгээд дүүтэйгээ Энхтөр ахын гэр лүү яваад дүүгийнх нь хашаа руу ороход манай нохой уяатай байсан. Тэгээд гэр лүү нь орох гээд явж байхад Энхтөр ах урдаас гарч ирсэн. Би яагаад нохой борц авсан юм бэ гэж хэлэхэд би борц аваагүй гэж хэлсэн. Би дүүгийнх нь байшин руу ороход жаахан борц байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна. 22 килограмм борцны үнэ 880.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Н.Энхтөрийг би 10 гаруй жилийн өмнөөс мэднэ. Манай төрсөн эгчтэй хамтран амьдардаг. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цаг хэд болж байсныг сайн санахгүй байна. Эхнэр маань над руу залгаад гэрт хулгайч орчихож, үүдний амбаарт байсан борц алга болчихож гэхээр нь би “цагдаа дууд” гэж хэлсэн. Ингээд гэртээ ирэхэд эхнэр маань борцыг Энхтөр авч яваад өөрийн танил Бааяагийн гэрт хэсгийг нь аваачиж тавьсан байсан үлдсэн хэсгийг яасныг мэдэхгүй. Манай хашаанд байсан 3 сартай монгол банхарын гөлгийг Бааяагийн хашаанд аваачаад уячихсан байсан. Монгол банхарын гөлөг маань хашаанд уяатай байдаг байсан харин борц үүдний амбаарт байсан. Манай үүдний цоож нэг эргүүлээд түгжчихсэн үед хүчтэй татахаар онгойчихдог байсан манай хашаанд байгаа Энхтуул эгчийнд байнга хүн байдаг болохоор цоожиндоо санаа зовдоггүй байсан. …” гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-27 х/

 

Гэрч Ц.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тэр өдөр ойрхон явчихаад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 13-22 тоотод байх хашаандаа машинаа оруулчихаад хашааны хаалгаа хаагаагүй байж байтал өмнө нь манай хөрш байсан Энхтөр ах нэг халтар зүсмийн гөлөг хөтөлчихсөн, хайрцагтай юм сугавчилсан нэлээд согтуу явж байсан. Би тэр авч яваа зүйлсүүдийг хулгайлсан юм гэж мэдээгүй. Тэгээд би “та чинь юу хийж яваа юм бэ, орж унтаад архиа гарга” гэхэд “за”  гэсэн тэгээд хашаанд орж ирэхээр нь “гөлгөө яах юм бэ” гэхэд “уячих” гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө нохойны ойролцоо хашааны шонгоос уячихаад гэртээ орсон. Энхтөр ах манайд ороход сугавчилж явсан алимны хайрцаг шиг хэмжээтэй хайрцагны амсар нь дэлгэгдчихсэн, дотор нь борц харагдаж байсан. Ингээд Энхтөр ах манайд ороод унтсан. Хэсэг хугацааны дараа би машиндаа юм хийж байхад, хашааны үүдэн дээр машинтай хүн ирж зогссон. Энхтөр ахын эхнэр Энхтуул эгчийн дүүгийнх нь эхнэр байсан. Тэгээд тэр эмэгтэй “Төрөө ах байна уу” гэхэд нь би “манайд унтаж байна” гэж хэлсэн.  Гэтэл байшингаас Энхтөр ах гарч ирээд Мөнхтуулаа ахын дүү гээд нөгөө эмэгтэйгээ чанга чанга яриад байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

Гэрч Д.Энхтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ …Н.Энхтөр гэдэг хүнийг би танина. Хамт амьдраад 12 жил болж байна. Д.Энхтайван бол миний төрсөн дүү би одоо тэдний хашаанд амьдарч байгаа. Болсон явдлын талаар хэлэхэд манай дүүгийн байшингийн амбаарт хоёр хайрцаг малын борц байсан нэгийг нь задалсан, нөгөө хайрцаг нь задраагүй байсан. Гэхдээ хэдэн кг байсныг нь мэдэхгүй. Мөн манай дүүгийн хашаанд нэг халтар гөлөг байсан. Манай дүү хэлэхдээ үнэтэй авсан гөлөг шүү сайн тэжээгээд өгөөрэй л гэдэг байсан. 2016 оны 05 дугаар сарын 19-ны өглөө би, манай дүү эхнэрийн хамт ажилдаа явсан манай гэрт хүн үлдээгүй Н.Энхтөр урд орой нь архи уугаад ирэхээр нь би хөөгөөд явуулчихсан байсан. Өдөр намайг ажил дээрээ байж байтал манай бэр Мөнхтуул надруу утасдаад Энхтөр ах манай борц, гөлөг хоёрыг аваад явсан  байна гэж хэлсэн. Ингээд би Энхтөртэй уулзаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

 

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 40-8б тоотод оршин суух Д.Энхтайваны 2016 оны 05-р сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл: “...миний гэрээс 2 хайрцаг 50 кг орчим борц, монгол банхарын гөлөг алдагдсан бөгөөд урьд өмнө нь байнга гэрээс хулгайд эд зүйл алдагдаж байсан. ...” / хх-ийн 4 х/,

Хохирогч Ж.Мөнхтуулын сарлагын махаар хийсэн  борцоо хадгалж байсан гэх хоёр цаасан хайрцаганд нийт тавин кг борц байсан эсэхийг тодруулж шалгаж туршилт хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14  хуудас/,

Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, 40-8-б тоотод буюу хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 7-9 х/,

Н.Энхтөрийн хулгайлсан гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 10-11 х/

Эд зүйлийн үнэлгээний комиссын хулгайд алдагдсан борц болон монгол банхарын 3 сартай гөлгийг үнэлсэн үнэлгээний хуудас /хх-ийн 47-48 х/

   Н.Энхтөрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

            Н.Энхтөр нь архидан согтуурсан үедээ 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага нарангийн 40-8-Б тоотод оршин суух иргэн Д.Энхтайваны орон сууцны байшингийн хаалгыг эвдэн орж 25 кг үхрийн борц, хашаанд нь уяатай байсан Монгол банхарын гөлөг 1 ширхэг зэргийг хулгайлан бусдад 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

   Шүүгдэгч Н.Энхтөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “... өглөө нь гэртээ ирэх замдаа хоёр шил боргио пиво авч уугаад ирэхэд гэр цоожтой байсан. Эхнэр Энхтуулыг, Энхтайваны гэрт байгаа байх гэж бодоод очиж хаалгыг нь таттал цоожтой байсан хүчтэй таттал хаалга нь онгойчихсон. Тэгээд гэрт нь ороход хүнгүй байсан тэгэхээр нь хөргөгчин дээр байсан хоёр хайрцаг борцыг аваад гарсан. Гадаа 3 сартай монгол банхарын гөлөг байхаар уяаг нь тайлж авах гэтэл том нохой нь хуцаад байхаар нь нэг хайрцаг борцыг том нохойд нь шидээд өгчихсөн. Ингээд гөлөгний уяаг шонгоос нь тайлж хөтлөөд нөгөө хайрцагтай борцоо аваад Энхтайваныхаас гарсан. ... Надад Энхтайваны гэрийн түлхүүр байдаггүй би хаалганых нь цоожийг эвдээгүй хүчтэй татаад хаалгыг нээсэн урьд нь Энхтайваныг тэгж хаалгаа нээж байхыг харсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 34, 38-р х/

 

Хохирогч Ж.Мөнхтуулын: “…2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр, нөхөр бид хоёр ажилдаа яваад, хүүхдүүд хичээл сургуульдаа явсан эзгүй хойгуур манай үүдний амбаарт байсан хоёр ширхэг цаасан хайрцагтай борц алдагдсан, хашаанд байсан монгол банхарын 3 сартай гөлөг алга болсон байсан. Нэг хашаанд цуг амьдардаг хадам эгч Энхтуулын хамтран амьдрагч Энхтөрийг сэжиглээд гэрт нь хүн байгаа эсэхийг үзэхэд гэр нь цоожтой байсан,  Энхтөрийг хайгаад манай гэрт ойролцоо байдаг Баттулгынд очиход хашаанд нь манай монгол банхарын 3 сартай гөлөг уяатай байсан. Би Энхтөрөөс борц хаана байна гэж асуухад “Би борцыг чинь аваагүй банхарын гөлгийг авсан” гэсэн тэр үед Баттулгын байшингийн үүдний амбаарт манайхаас алдагдсан хоёр ширхэг цаасан хайрцагтай борцны нэг нь байсан. ... гэх мэдүүлэг / хх-ийн 17-18, 52 х/,

 

Гэрч Д.Энхтайваны: “…Н.Энхтөрийг би 10 гаруй жилийн өмнөөс мэднэ. Манай төрсөн эгчтэй хамтран амьдардаг. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цаг хэд болж байсныг сайн санахгүй байна. Эхнэр маань над руу залгаад гэрт хулгайч орчихож, үүдний амбаарт байсан борц алга болчихож гэхээр нь би “цагдаа дууд” гэж хэлсэн. Ингээд гэртээ ирэхэд эхнэр маань борцыг Энхтөр авч яваад өөрийн танил Бааяагийн гэрт хэсгийг нь аваачиж тавьсан байсан үлдсэн хэсгийг яасныг мэдэхгүй. Манай хашаанд байсан 3 сартай монгол банхрын гөлгийг Бааяагийн хашаанд аваачаад уячихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 х/

 

Гэрч Ц.Баттулгын: “… манай хөрш байсан Энхтөр ах нэг халтар зүсмийн гөлөг хөтөлчихсөн, хайрцагтай юм сугавчилсан нэлээд согтуу явж байсан. Би тэр авч яваа зүйлсүүдийг хулгайлсан юм гэж мэдээгүй. Тэгээд би “та чинь юу хийж яваа юм бэ, орж унтаад архиа гарга” гэхэд “за”  гэсэн тэгээд хашаанд орж ирэхээр нь “гөлгөө яах юм бэ” гэхэд “уячих” гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө нохойны ойролцоо хашааны шонгоос уячихаад гэртээ орсон. Энхтөр ах манайд ороход сугавчилж явсан алимны хайрцаг шиг хэмжээтэй хайрцагны амсар нь дэлгэгдчихсэн, дотор нь борц харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 х/,

 

Гэрч Д.Энхтуулын: “ ... Өдөр намайг ажил дээрээ байж байтал манай бэр Мөнхтуул надруу утасдаад Энхтөр ах манай борц, гөлөг хоёрыг аваад явсан  байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Н.Энхтөрийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

   Н.Энхтөрийн хулгайлсан борцны хэмжээг мөрдөн байцаалтын явцад туршилт /хх-ийн 13-14  хуудас/ хийж 25 кг-аар тогтоосон,  Эд зүйлийн үнэлгээний комисс /хх-ийн 47-48 хуудас/ 1 кг борцыг 40,000 төгрөгөөр, монгол банхарын гөлөгийг 500,000 төгрөгөөр тус тус үнэлснийг шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй болно.

   Шүүгдэгч Н.Энхтөр хулгайлсан эд зүйлээс монгол банхарын гөлөг, 3 кг борцыг тус тус буцаан өгсөн. Хохирогч төлөгдөөгүй байгаа 22 кг борц х 40,0000 = 880,000 төгрөгийг нэхэмжилсэн тул уг хохирлыг гэм буруутай этгээд болох  Н.Энхтөрөөс гаргуулж хохирогч Ж.Мөнхтуулд олгохоор шийдвэрлэсэн.

 

Н.Энхтөр нь  согтуугаар гэм хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.  

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Дэлдэн овогт Намхайнямбуугийн Энхтөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Энхтөрийг 04 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Н.Энхтөрд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Н.Энхтөрөөс 880,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо 40-8-б тоотод оршин суух  Жаргалсайханы Мөнхтуул /РД:ЙС86122204/-д олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Энхтөрд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ