| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01875/И |
| Дугаар | 102/ШШ2017/01759 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/01759
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/01759 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Гермес центр Б-17 тоот хаягт байрлах, “Змен” ХХК /РД:5271266/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 23.070.452 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Змен” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 15.380.302 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэх боломжгүй болгож байна. Иймд хариуцагчаас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 15.380.302 төгрөг, алданги 7.690.150 төгрөг, нийт 23.070.452 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч “Змен” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 15.380.302 төгрөгөөс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 13.000.000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 7.690.150 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн үлдэх 2.380.302 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Змен” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 23.070.452 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 7.690.150 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 13.000.000 төгрөгийг төлж, үлдэх 2.380.302 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байх тул хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Змен” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 23.070.452 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 7.690.150 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 13.000.000 төгрөгийг төлж, үлдэх 2.380.302 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 136.651 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ