| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0051/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/41 |
| Огноо | 2022-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ,
-улсын яллагчаар Г.Энхбат,
-шүүгдэгч, хохирогч П.Н, О.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Н, О.Б нарт холбогдох эрүүгийн 2134000000397 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх П.Н
Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх О.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Нэргүй нь Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр П.Отгонжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч О.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.Цолмонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.Н нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч О.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч П.Н, О.Б нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Нэргүй нь Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр П.Отгонжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч О.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.Цолмонтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Н, О.Б нар нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 70, 71 тал/
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-77-78 тал/ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагч нарт танилцуулж, яллагдагч О.Б, П.Н нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч О.Б, П.Н нар холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааныг товыг хохирогч М.Цолмон, П.Отгонжаргал нарт мэдэгдсэн боловч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудаст авагдсан шүүгдэгч нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д “ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх “ гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, П.Н нарын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Б, П.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч О.Б, П.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Б, П.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Н, О.Б нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч П.Н, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, О.Б нарт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч П.Н, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА