Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Г.Энхбат,

-хохирогч Г.Ц,

-шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ө.Батбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2134000000004 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 31-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүйтоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх А.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Цийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Г.Ц нь мэдүүлэхдээ: “2021 оны 11 сарын 17-ны өдөр эхнэр бид 3 өглөө байж байсан чинь эхнэрийн найз гээд нэг найз нь залгаад 2 найзтайгаа уулзах гэсэн юм аа гээд уулзаад байж байсан чинь Дорж гээд залууг дуудсан байсан. Би тэрийг мэдээгүй. Хотоос хүмүүс ирж байгаа гэж надад хэлж байсан. Тухайн үед манайд орж ирнэ гэж би бодоогүй. Дорж гэх залуугаас А.Быг асууж байсан. Тэгээд асуухад манай дүү байгаа юм аа би жолоо барьж явна гээд энэ дүүгээ авчирсан гэж байсан. Манай эхнэр асуусан чи хэдтэй юм бэ гэхэд 2000 оны 21-тэй гэж байсан. Архи уу гэж шахаагүй байсан танихгүй байсан. Би энэ хүүхэдтэй ярих зүйл байхгүй байсан. Тэгээд машинд сууж байсан гэв гэнэт заамдаж аваад баруун шанаа руу цохиод нүүр  нүдгүй балбасан. Энэ тэгээд цээжээ нүцгэлсэн хутга байвал аваад ир би энийг алж үзүүлнэ гэж байсан. Би тохиролцож ярилцаад эмчилгээ даачихвал хохиролгүй гэнээ би хурдан хагалгаанд ормоор байна гээд 2-3 эмнэлгээр зөндөө явсан. Эмч надад 1 дэх өдөр хагалгаанд орно гэсэн тэгэхээр нь би хэдэн төгрөг болох болоо гэсэн чинь хагалгаанд орсны дараа төлбөр нь гарна гэсэн. Одоогоор хэд гэдгийг мэдэхгүй байна гэсэн. Одоо цаашид ямар хохирол гарахыг хэлж мэдэхгүй байна. Би өөрөө бүжигчин хүн болохоор хүнтэй байнга харилцах болон бүжиглэхэд маш их хэцүү байгаа. Өвөл болоод яс янгинаад хэцүү байгаа” гэв.

            Шүүгдэгч А.Б нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч А.Б нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Цийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
  • Хохирогч Г.Цийн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
  • Хохирогч Г.Цийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
  • Шүүгдэгч А.Бы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,
  • Гэрч Б.Д мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
  • Гэрч А.Н мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн албаны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 476 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26, 31 тал/,
  • Шүүгдэгч А.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д “ Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно “ гэсний дагуу мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар  “ хэргийг хялбаршуулсан журмаа журмаар хянан шийдвэрлүүлэх “ хүсэлт гаргасныг улсын яллагч хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасанг шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасныг хүлээн зөвшөөрч байх тул мөн  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн гэм буруутайд тооцон, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзсэн болно.  

 

Бусад асуудлаар

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц нь 400.080 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч А.Б 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна. Харин хохирогч Г.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2134000000298 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Быг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь хохирогч Г.Цд 1.000.000 төгрөг төлсөнг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА