| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01624/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01824 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01824
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01824
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 14 дүгээр байр, 02 тоот хаягт оршин суух, Том гарт овогт Жанцангийн Отгонхүүхэн /РД:ЗЖ64040408/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 71 дүгээр байр, 145 тоот хаягт оршин суух Жалайр овогт Цэдэнпилийн Мөнхцэцэг /РД:ЧР67061667/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Отгонхүүхэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам /ШТҮД: 0650/, хариуцагч Ц.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбо /ШТҮД: 2130/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Отгонхүүхэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мөнхцэцэг нь надаас 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1 сарын хугацаатай, 6 хутийн хүүтэйгээр 2.500.000 төгрөгийг зээлж авсан болно. Ж.Отгонхүүхэн миний бие уг зээлийг авч өгөхийн тулд тухайн үед өөрийн танилаас хүүтэйгээр зээл авч өгсөн бөгөөд миний бие уг зээлэнд нийт үндсэн зээлийн төлбөрийн хамт 6.100.000 төгрөг болгон төлж, хохирлоо. Иймд Ц.Мөнхцэцэгээс 3.600.000 төгрөгийг надад учирсан хохиролд тооцон үндсэн зээлийн хамт 6.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 7 дугаар сарын 08-нд танил Ж.Отгонхүүхэнээс 2.500.000 төгрөг аман гэрээгээр зээлж авсан нь үнэн. Уг хугацаанд Ж.Отгонхүүхэнд огт мөнгө төлж байгаагүй биш боломжоороо 2.670.000 төгрөг төлсөн байна. Сайн танил тул итгэлийн үндсэн дээр өгсөн авсан гарын үсэг зуруулаагүй болно. Ж.Отгонхүүхэний нэхэмжилсэн 6.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ж.Отгонхүүхэн миний бие нэхэмжлэлийн шаардлага 6.100.000 төгрөгөөс 2.600.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Мөнхцэцэг үлдэх 3.500.000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Отгонхүүхэн нь хариуцагч Ц.Мөнхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2.600.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 3.500.000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 56.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж.Отгонхүүхэний нэхэмжлэлтэй Ц.Мөнхцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2.600.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 3.500.000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 56.275 гаргуулан нэхэмжлэгч Ж.Отгонхүүхэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ