Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар С.Сүрэнхорол,

-шинжээч Ө.Сарангэрэл /онлайн/

-шинжээч И.Ганболор,

-шинжээч Ж.Мягмаржав /онлайн/,

-иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.М,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

Шүүгдэгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг, М.Өлзийцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Цад холбогдох эрүүгийн 2134001820393 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ганцаараа амьдардаг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 36-475б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №636 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, мөн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №400 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө.Ц /РД:ХИ79090119/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ө.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг “52-ын давааны ар” гэх газрын асфальтан зам дээр “Тоёота приус-30” маркийн “95-51 УАК” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна 80 км-ээс ... хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч О.Бийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ө.Ц мэдүүлэхдээ: “7 дугаар сарын 14-ний өдөр архи уугаад тэгээд маргааш нь гэр бүлийн зугаалга хийе гээд найзуудтайгаа зугаалъя гээд ярьсан байсан. Тэгээд миний архи гараагүй учраас эхнэрээрээ машинаа бариулаад явсан. Тэгж явж байгаад Чинбат, Төгсөө гэх найзуудаа аваад Төгсөөгийнд очоод аяллын сандал, тогоо гэх мэт эд зүйл аваад байж байсан чинь Польшоос Мягмарсүрэн ирсэн байсан. Тэгж явахад манай эхнэр байнга машинаа барьж яваад гүнтийн даваанд ирсэн чинь манай эхнэр энэ эвгүй юм байна гэхээр нь би давж өгсөн. Тэрнээс хойшоо дандаа манай эхнэр машин барьсан. Тэгээд 52-н даваанд очоод Мягмарсүрэнг 30-н минут хүлээгээд хоёулаа буцаад явъя гээд явсан. Яагаад буцаад явсныг ойлгохгүй байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б мэдүүлэхдээ: “Би Ө.Ц гэх хүнийг сүүлийн 1 жилдээ таньдаг болсон. Цагаан сараар нэг манайд ирсэн. Амь хохирогч манай төрсөн эгч. Манай эгчтэй хааяа муудалцаад дараа нь эвээ олсон байдаг. Би 3 сараас эхлээд Налайхад ажил хийсэн. 7 сарын 08-ны өдөр гэртээ ирсэн. 7 хоногийн дотор Ө.Ц гэдэг хүн миний эгчийг 3 удаа зодсон. Нэгэнд нь тархийг нь хазсан байсан. Энэ яасан бэ гэхэд энэ юманд нидэрсэн гэж нууж байсан. Дараа нь тохойг нь гэмтээсэн байсан. Энийг гэмтлийн эмнэлэгт манай эхнэртэй яваад зөөлөн эдийн гэмтэл гээд гипсдүүлээгүй ирсэн. Тэгээд удалгүй Ө.Ц манай эгчийн зүүн талын духыг нь овойтол нь хөмсөгтэй нь мөргөсөн байсан. Тэгээд та яаж байгаа юм бэ гэсэн би мөргөсөн юм аа гээд өөрөө хэлж байсан. Миний мэдэхийн зогсолтгүй 7 хоног архи уусан. Би яагаад энэ хүнийг манай эгчийг алсан гэж бодож байгаа вэ гэхээр манай эгч хэзээ ч тэгж хурдтай явдаггүй. Манай эгч дандаа бүсээ зүүж, суудлаа урагш нь болгож суудаг. Би өмнө нь эгчдээ та ямар ойрхон суудаг юм бэ гэж хэлж байсан. Дөнгөж дүүгээсээ машин авснаас хойш үе үе хаа нэг барьдаг. Миний эгч бол зөөлхөн явдаг. Ө.Ц бол согтуу нисээд явдаг. Манай хоёр хүүхдийг усанд явж байна гээд хамт аваад явахад нь би эхнэртээ согтуу галзуу хүнтэй хамт хүүхэд өгч явууллаа гэж эхнэртээ уурлаж байсан. Энэ хүн бол маш хурдан явдаг. Осол болоход миний мэдэхийн 7 цаг гээд түрүүлээд гараад явсан. Тэгээд 1 цаг өнгөрч байхад Ө.Ц над руу залгаад нөгөө эгч чинь газар дээрээ нам явчихлаа би зовоож шаналгаагүй гэж надад хэлсэн. Энэ хүн өмнө нь миний эгчийг тамхины цогоор хүйсийн нүхэнд нь хийж тарчлааж байсан. Тэгэхээр өмнө нь яргалж зовоож байсан болохоор найз нөхөд дээр нь очдоггүй байсан. Тэгээд над руу тэгж залгахаар нь би та хаана байгаа юм бэ тоглоод байгаа юм уу гээд 2-3 удаа залгасан. Тэгэхэд гэмтлийн машинд явж байна гэж хэлсэн. Би хаана болсон юм бэ Цагдаагийн байгууллагуудаас асуусан чинь мэдэхгүй байна гэсэн. Тэгээд жоохон тайвшраад байж байсан Төв аймгийн Цагдаагийн газраас залгаад ийм асуудал боллоо гэсэн. Тэгээд би яваад очсон 2 цагдаа ирсэн байсан. Бүрэлдэхүүн арай ирж амжаагүй байсан. Тэгээд бүрэлдэхүүн нь ирээд зураг хөргөө дараад явсан. Манай эгч машин барьж яваагүй гэдэг нь ямар ч хүн харсан тодорхой байна. Өөрөө согтуу галзуу машин барьж яваад ийм зүйл болсон. Үгүй гэвэл надад баримт байгаа. Миний эгч 2 хүүхэдтэй. Өр нь ганц охин дээр нь бууж байгаа болохоор өрийг нь даруулах мөн бусад нэхэмжилж байгаа мөнгөө авна” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.М мэдүүлэхдээ: “Одоо надад гомдол санал байхгүй. Манай ах Ө.Ц талийгаачтай танилцаад 5 жил болж байгаа. Цагаан сараар н.Батгэрэл орж ирээд золголт хийгээд явдаг буюу өмнө нь таньдаг байсан” гэв.

Шинжээч И.Ганболор мэдүүлэхдээ: “Тухайн зам тээврийн ослын бүрэлдэхүүнд очсон. Хэргийн газарт очоод машин ямар байдалтай байсан болон цогцос хаана байсан гэдгийг хэргийн газрын үзлэг хийхэд би цуг байсан. Машины яг яагаад урд цонх хагарсан болон амь хохирогч шидэгдсэн зэргийг харгалзан үзээд жолоочийн эсрэг талд явсан байх боломжтой. ...Тухайн осол болсон хэргийн газарт очиход приусны урд зүүн тал хэсэг далангийн үерийн хана мөргөсөн байсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс үерийн далангийн цууралт үүссэн гэж мөн хэлж байсан. Үерийн даланг очоод мөргөхөд хамгаалалтын дэр жолооны хүрд тээглэнэ. Зорчих хэсэгт сууж явсан хүн шууд шидэгдээд үерийн даланг мөргөх боломжтой гэж харсан” гэв.

Шинжээч Ө.Сарангэрэл мэдүүлэхдээ: “ Анх үзэхэд духны зүүн урд доод хэсэгт 1x1 хэмжээтэй хүрэн ягаан өнгийн, зүүн хацарт 5x2  хэмжээтэй хүрэн ягаан өнгийн нөсөө зүүн, цээжний зүүн дээд хэсэгт зүүн эгэмд 10x6 см цус хуралт, зүүн тохой зүүн бугуйн гадна хэсэг, зүүн гарын ар хэсэг жижиг жижиг олон тооны хүрэн ягаан болон цайвар ягаан зулгаралтуудтай, зүүн гуяны дээд дунд хэсэг нэлэнхийдээ цус хуралттай, нурууны баруун доод хэсэгт 10x4 см хүрэн шаргал өнгийн цус хуралтын голд хүрэн цайвар өнгийн цус хуралттай, зүүн хөлийн урд хэсгээс зүүн гуяны дунд хэсэг хүртэл гөлтгөнө боолттой, хурууны хөдөлгөөн чөлөөтэй гэсэн гэмтлүүдтэй байсан “гэв.

Шинжээч Х.Мягмаржав мэдүүлэхдээ: “...Суудлын бүс хийсэн эсэхээс хамаарна. Суудлын бүс хийгээгүй бол сул явсан зорчигч буюу жолооны хүрд бариагүй хүн илүү шидэгдэх боломж өндөртэй. Хэрвээ жолоочийн суудалд сууж явсан зорчигчийн хаалга онгойж саваагүй л бол гадагшаа шидэгдэх боломж магадлал бага. Автомашины хөдөлгөөний онол гэж байдаг. Автомашин шарвах үеийн хурдыг тодорхойлдог томьёо байдаг. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа томьёогоор боддог. 159.3 гэдэг нь шарваж байгаа үед машин мурийж явдаг. Энэ бол мурийлтын радиус. Мурийлтын радиусыг геометрийн аргаар бодож гаргаад 159.3 гэж гаргасан байгаа. Үүнийг орлуулаад гаргахад 113.63 км/цаг гэж гарсан”“ гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134001820393 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ө.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг “52-ын давааны ар” гэх газрын асфальтан зам дээр “Тоёота приус-30” маркийн “95-51 УАК” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна 80 км-ээс... хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч О.Бийн амь насыг хохироосон үйл баримт нь дараах:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 5 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-19 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-27 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бийн “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 52 минутад Ө.Ц өөрийн 80166063 гэсэн дугаараас залгаад эгч чинь машин барьж явж байгаад Баянчандманийн 52-ийн давааны ард бид хоёр онхолдоод эгч чинь газар дээрээ нам явчихлаа, би эмнэлгийн автомашинд явж байна, эмч жолооч хоёртой явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгэхгүй та яагаад худлаа яриад байгаа юм бэ юу гэж хамт явсан хүмүүсийн нэг нь үхдэг юм бэ гэсэн чинь нээрээ яасан гэж ийм юмаар тоглох юм бэ би одоо гэмтэл рүү явж байна гэж хэлсэн. Тэгээд шууд Төв аймгийн Баянчандмань сумын 52-ийн давааны ард ирсэн. Намайг ирэхэд цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан... Намайг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэртээ ирснээс хойш Ө.Ц өнөөдрийг хүртэл тогтмол архи ууж байгаа юм. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ө.Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх. Тухайн үедээ нэрийг нь хэлж байсан боловч нэрийг нь санахгүй байна. Ө.Цын найзууд л гэж сонссон. “95-51 УАК” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг эгч н.Батчимэг ажилдаа явахдаа ихэнхдээ жолооддог байсан. Тэгэхгүй бол Ө.Ц нь согтуудаа машин унах гээд байдаг юм... Ө.Ц одоо гэмтэл дээр байгаа байх. Ер нь ихэнхдээ Ө.Ц Улаанбаатар хотын Дамба орчмоор л байдаг юм. Урьд нь Ө.Ц өөрөө дэслэгч цолтой замын цагдаа байж байгаад хадгалчихсан гэж сонсож байсан... Тээврийн хэрэгслийг яг хэн нь жолоодож явсныг тогтоолгомоор байна. Манай эгч ер нь бол жолоо барихдаа суудлаа руль рүүгээ их шахаж барьдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33 тал/,

-Иргэний хариуцагч Ө.Мөнх-Эрдэнийн “95-51 УАК” улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сард Да хүрээ захаас 15.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ах Ө.Цаас өөрийн эзэмшлийн “95-51 УАК” улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 5.000.000 төгрөг өгч хашаа байшинг нь худалдаж авч байсан юм. Би нэрээ шилжүүлээгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ө.Мөнх-Эрдэнийн “95-51 УАК” улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сард Да хүрээ захаас 15.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ах Ө.Цаас өөрийн эзэмшлийн “95-51 УАК” улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 5.000.000 төгрөг өгч хашаа байшинг нь худалдаж авч байсан юм. Би нэрээ шилжүүлээгүй байгаа юм... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/,

-Гэрч С.Ундрахын “2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 50 минутад 52-ийн давааны орчимд авто ослын дуудлага ирлээ гэх утгатай дуудлага ирээд 13 цаг 11 минутад осол болсон газарт очих үед замын баруун талын далан руу автомашин онхолдож орсон. Эмэгтэй хүн тээврийн хэрэгслийн хойд тал дээр нас барсан байдалтай Ө.Ц гэх хүн автомашины баруун урд талд газар сууж байсан. Тэгээд би очоод үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн орчиндоо харьцаатай, асуултад тодорхой хариулна, зүүн хөл өвдгөөрөө хавдсан, хөдөлгөөн хязгаарлагдсан явж чадахгүй байсан. Өвчтөнд өвчин намдаах тариагаар хийгээд эмнэлгийн автомашинд суулгаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 тал/,

-Шүүгдэгч Ө.Цын гэрчээр өгсөн “2021 оны 07 дугаар сарын 15-ны өглөө Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо Зүрх уулын 432 тоот хашаанд байх гэрээсээ хамтран амьдрагч н.Батчимэгийн хамт “95-51 УАК” маркийн тээврийн хэрэгслээр аялж зугаалах гээд Батсүмбэр сумын Сөгнөгрийн гол руу явахаар төлөвлөж өглөө өглөө 09 цаг 00 минутад Гүнтийн даваагаар даваад шууд 52-ийн даваагаар давж Баянбуурал орох зорилготой явж байтал засмал зам дуусаад шороон замаар орчихоор нь буцаж эргээд Гүнтээр давж орж ирсэн засмал замын хажууд ирээд 0.5 литрийн экс архийг н.Батчимэг, бид хоёр хувааж уусан. Тэгээд би жолоочийн хажуу талын суудлаа бага зэрэг налуулаад суудлын бүсээ цээжин дээгүүрээ давуулаад бүслээд унтсан. Тэр үед би их согтуу байсан. Нэг сэрсэн чинь машин зүүн талаараа унаад онхолдчихсон байсан. Би суудал дээрээ сууж байсан. Талийгаач бетонон хананы наад талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би хаалгаа онгойлгоод автомашинаас буугаад сууж байтал цагдаагийн алба хаагч эмнэлгийн ажилчид ирсэн... Улаанбаатар хотоос гараад осол хүртэлх хугацаанд н.Батчимэг жолоодож явсан ба дунд нь Баянчандмань сумын нутагт байх хар моддын даваа гэх газрын бэлээс асфалт нь замын төгсгөл шороон замын эхлэл хүртэл замын би тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Бусдаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй... н.Батчимэг бид хоёр осол болохын өмнө 0.5 литрийн экс нэртэй архийг хувааж уусан... Би уг тээврийн хэрэгслийг өөрийн хашаа байшингаараа солиод нэмж 5.500.000 төгрөг бэлнээр авч худалдан авч байсан. Тээврийн хэрэгсэл манай хамгийн бага төрсөн дүү Ө.Мөнх-Эрдэнийн нэр дээр байдаг...Талийгаач суудлын бүс хэрэглээгүй, харин би суудлын бүсийг цээж хэсгээ даруулж бүсэлсэн байдалтай зорчиж явсан... Ослоос бол миний тархи доргисон, нүүр хэсэг улайж хөхөрсөн, зүүн гар олон тооны жижиг шалбархайтай, нурууны 4,5,6-р үе диск мултарсан, цээж, хөл, гар хөхөрч няцарсан, зүүн өвдөгний сэртэн яс хугарсан гэсэн гэмтлүүд учирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3300 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд, бор ягаан өнгийн хөхний даруулга, юүдэнтэй цэнхэр өнгийн цамц, шаргал өнгийн дотоож дээрх цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Юүдэнтэй цэнхэр өнгийн цамц, шаргал өнгийн дотоожин дээр цус нь АВО системээр О/I/ бүлийн харьяалалтай хүний цус байна. Хар өнгийн өмд, бор ягаан өнгийн хөхний даруулган дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 55-56 тал/,

--Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3298 дугаартай “Ө.Ц гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 59 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 3297 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Ө.Ц гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 62-63 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1972 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн юүдэнтэй цамц 190х80мм, 35х20мм, хөхний даруулга 35х15 мм, хар бэлтгэлийн өмд 25х20мм, шаргал дотоож 65х15мм гогдогдсон татах хүчний үйлчлэлээр гарсан гогдолт, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц 140х30мм, 280х140мм, 220х50мм, 200х140мм, хар бэлтгэлийн өмд 5х8мм, 350х120мм, шаргал дотоож 120х60мм, 65х30мм гогдогдсон татагдах болон үрэлтийн хүчний үйлчлэлээр гарсан сэмрэлт, үзмэн ягаан хөхний даруулга 25мм, шаргал дотоож 13мм татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралт, гаргал өнгийн дотоож 5х7мм хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан цооролт гэсэн тус тус гэмтлүүдтэй байна. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 60-68 тал/,

--Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3301 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн түшлэгний хажуу талд байх толбонд цус илэрсэн. Дэр болон суудал хэсэг дээр цус илрээгүй. Биологийн гаралтай өөр бусад толбо, үс илрээгүй. Түшлэгний хажуу талд илэрсэн цус нь бүлгийн харъяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй. Түшлэгний хажуу талд байх толбонд нэг эмэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75-76 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3303 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ослын дэрний хэсэгт байх толбонд цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо, үс илрээгүй. Ослын дэрний хэсэгт илэрсэн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. Ослын дэрний хэсэгт байх толбонд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн байна. Ослын дэрэн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Ө.Цын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /1-р хх-ийн 80-81 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3299 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн таазан дээрх хүрэн өнгийн толбонуудад цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Таазны зүүн, баруун, голын хэсгээс хэсэгчлэн авсан бүх толбонууд илэрсэн бус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Таазны зүүн, баруун голын хэсгээс хэсэгчлэн авсан бүх толбонууд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн...” /1-р хх-ийн 85-86 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3304 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүүн талын нарны хаалтан дээрх толбонд цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо, үс илрээгүй. Зүүн талын нарны хаалтан дээрх толбонд илэрсэн В/III/ бүлгийн харьяалалтай байна. Зүүн талын нарны хаалтан дээрх толбонд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 90-91 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3305 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн баруун талын нарны хаалтан дээр толбонд цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо, үс илрээгүй. Баруун талын нарын хаалтан дээрх толбонд илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Баруун талын нарны хаалтан дээрх толбонд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 95-96 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3302 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн суудлын бүрээсний дэр, түшлэг, суудал хэсэгт байх толбонд илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Суудлын бүрээсний дэр, түшлэг, суудал хэсэгт байх толбонд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 100-101 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1856 дугаартай “Ө.Цын биед духанд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, цээжний зүүн дээд хэсэг зүүн эгмэнд цус хуралт, зүүн тохой зүүн бугуйнд болон зүү гарт зулгаралтууд, зүүн талын шаант ясны далд хугарал, нүүр болон зүүн  шуунд зулгарсан шарх, нуруу, зүүн гуянд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 106-107 тал/,

-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №78 дугаартай “...Талийгаачийн биед гавал тархины ил хагарал, тархины эдийн няцралт, хатуу ба зөөлөн бүрхүүлийн урагдалт, гавлын орой ба суурь ясны олон тооны салсан хугарал, гол судас, цагаан мөгөөрсөн хоолойн тасралт, үнхэлцэг хальсны урагдалт, дэлүү элэгний няцралт, уушигны дэлбэнгийн язарсан шарх, хуйхны язарсан шарх, хамар ясны мөгөөрсөн хугарал, хүзүүний нугалмын хугарал, олон хавирганы хугарал, хонгоор ясны хугарал, нүүр, биед зулгаралт, шарах гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. О.Б нь гавал, тархи дотор эрхтний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цуснаас спирт тогтоогдсонгүй. Талийгаач нь 1 дүгээр бүлийн цустай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 130-135 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 139-151 тал/,

-Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/02 дугаартай “...95-51 УАК” улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин нь шарваж эхлэхээс өмнө 100,63 км/цаг-аас их хурдтай явж байжээ... “95-51 УАК” улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн автомашины жолооч хурд хэтрүүлсэн нь зам тэврийн ослын шалтгаан болсон байна... Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэг орчин нөлөөлөөгүй байна...Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйл илэрсэнгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 156-158 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 06/309 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 161-176 тал/ зэрэг болон шүүгдэгч Ө.Цын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ө.Цыг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг “52-ын давааны ар” гэх газрын асфальтан зам дээр “Тоёота приус-30” маркийн “95-51 УАК” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна 80 км-ээс ... хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч О.Бийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ө.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас зорчигч О.Бийн амь нас хохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний хүний амь нас хохирсон.

 

Шүүгдэгч Ө.Цын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчид болон шүүгдэгч Ө.Ц нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй, харин шүүгдэгч Ө.Цыг цагаатгах байр суурьтай оролцох талаар хүсэлтээ илэрхийлсэн боловч гэм буруугийн шүүх хуралдааны дүгнэлтдээ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах талаар мэтгэлцэж оролцсон.

Шүүгдэгч Ө.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг “52-ын давааны ар” гэх газрын асфальтан зам дээр “Тоёота приус-30” маркийн “95-51 УАК” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч Х.Мягмаржавын “...Хэрвээ жолооч цонхоор шидэгдэж унана гэвэл нэгдүгээрт жолооны хүрд тээглэнэ. Жолооны хүрд жолоочийн хөдөлгөөнийг зохих хэмжээгээ хязгаарлана. Жолооч бол жолооны хүрднээс барьж явдаг учраас учиргүй шидэгдэхгүй. Ямар ч жолооч хүн жолооны хүрднээс барьж явна. Тийм учраас жолооч шидэгдэх магадлал харьцангуй бага...  Суудлын бүс хийгээгүй бол сул явсан зорчигч буюу жолооны хүрд бариагүй хүн илүү шидэгдэх боломж өндөртэй. Хэрвээ жолоочийн суудалд сууж явсан зорчигчийн хаалга онгойж саваагүй л бол гадагшаа шидэгдэх боломж магадлал бага...” гэх мэдүүлэг, шинжээч И.Ганболорын “...Тухайн зам тээврийн ослын бүрэлдэхүүнд очсон. Хэргийн газарт очоод машин ямар байдалтай байсан болон цогцос хаана байсан гэдгийг хэргийн газрын үзлэг хийхэд би цуг байсан. Машины яг яагаад урд цонх хагарсан болон амь хохирогч шидэгдсэн зэргийг харгалзан үзээд жолоочийн эсрэг талд явсан байх боломжтой... Тухайн осол болсон хэргийн газарт очиход приусны зүүн тал хэсэг далангийн үерийн хана цууралт үүссэн байдаг. Үерийн даланг очоод мөргөхөд хамгаалалтын дэр жолооны хүрд тээглэнэ. Зорчих хэсэгт сууж явсан хүн шууд шидэгдээд үерийн даланг мөргөх боломжтой гэж харсан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болох зураг 8-д ослын дэр гарсан байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн №3298 тоот шинжээчийн дүгнэлтээр “ шүүгдэгч Ө.Ц гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь В (III) бүлгийн харьяалалтай гэжээ /1-хх-59/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр “Тоёота приус-30” маркийн “95-51 УАК” улсын дугаартай тээврийн хэрэгслийн таазны хэсэг, тээврийн хэрэгслийн зүүн, баруун талын нарны хаалт, зүүн урд талын бүрээс зэрэгт шинжилгээ хийхэд  2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн № 3303 тоот, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №3299 тоот, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №3304 тоот, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны №3305 тоот, мөн өдрийн №3302 тоот шинжээчийн дүгнэлтүүдэд /1-хх-80-81 ,85-86,90-91, 95-96, 100-101/ шүүгдэгч Ө.Цын В (III) бүлгийн цус илэрсэн байна.

Харин амь хохирогч О.Б нь Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №78 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд тусгаснаар “...1 дүгээр бүлийн цустай ” байсан байна. /1-хх-130-135 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ц нь “...Би нэг сэрсэн зүүн тал руугаа харсан хэвтэж байсан. Би бүсээ давуулаад зүүн талын хаалгаар гарсан...Зүүн талын хаалгыг өөрөө онгойлгоод буусан... далий газар байсан...” гэж мэдүүлж байгаа нь хавтаст хэргийн 11-13 талд авагдсан гэрэл зургийн  үзүүлэлтүүдээс харахад шүүгдэгч Ө.Ц нь тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын хаалгаар гарах боломжгүй. Хэрэг учрал болсны дараагаар тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөж тээвэрлэсэн талаар гэрчүүд мэдүүлдэг, тухайн тээврийн хэрэгсэл нь далангаас доошоо зүүн талаараа унасан байрлалтай тэгш газар болох нь гэрэл зургийн үзүүлэлтээр тодорхой харагдаж байх тул шүүгдэгч Ө.Цын дээрх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн  шинжээч И.Ганболорын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ амь хохирогчийн Зүүн талын хуйх, зүүн талын гавал ясны хугаралтай, баруун нуруу урагшаа түрж оронгуутаа нугасны том нүх нь салаалсан хугаралтай байсан. Тархины тал хэсэг гарсан байсан....Приусны багана гавал толгой хэсгээрээ мөргөөд ийм гэмтэл учрах магадлалтай. Талийгаачийн хувьд зулайн зүүн талдаа гэмтэл үүссэн байсан. Толгой хэсэг нь урд багана мөргөөд нурууны гэмтэл үүссэн...Амь хохирогч хэрвээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол ингэж шидэгдэх боломж байхгүй. “ гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд амт хохирогч О.Б нь тухайн тээврийн хэрэгслийн зорчигч байсан гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Цыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас: “Шүүгдэгч Ө.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Тийм учраас шүүгдэгчид хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Мөн хохирол төлөгдөөгүй байгаа. Бид 12.739.285 төгрөгийг нэхэмжилснээс шүүхээс 3.646.269 шийдвэрлэсэн. Тийм учраас хохирол төлөгдөөгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Цын өмгөөлөгч Т.Батцэцэгээс: “Шүүхээс шүүгдэгч Ө.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ө.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ө.Ц нь шүүхээс тогтоосон байгаа хохирлыг нөхөн төлсөн. Үйлдсэн гэмт хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Ө.Ц хувийн байдлын хувьд энэ олон өр төлбөр гарснаас хойш өмгөөлөгчийн зардал зэргийг дүү нар нь өгч байгаа. Ө.Цын хувд хөдөлмөрийн чадваргүй. Биеийн байдлын хувьд өвдөгний үе солиулах хагалгаанд орох шаардлагатай. Таяггүйгээр явах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Цаашид өвдөгний үеэ солиулаад ажил хөдөлмөр хийгээд энэ олон зардлыг төлж энэ хүнд асуудлаас гарна. Нэгэнт болгоомжгүйгээр үйлдэгдсэн харамсалтай осол гарсан байхад заавал Ө.Цад хорих ял оногдуулах гэж байгаа нь зүйд нийцэх үү. Энэ хүн өнөөдөр эрүүл мэнд, сэтгэл санааны маш хүнд байдалтай байгаа. Энэ хүнтэй хамт амьдарч байсан хүн нь нас барсан. Ө.Ц өвчин намдаах эм тарианы хамааралтай хажууд нь заавал нэг хүн асаргаанд байх шаардлагатай байгаа. Өвдөгний үеэ солиулчихвал цаашид ажил хийн. Эдгээр нөхцөл байдлуудаас ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 2.1, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү  “ гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ө.Ц нь гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэж маргадаг бөгөөд шүүхээс гэм буруутайд тооцсоны дараагаар гэм буруугийн талаар тайлбар мэдүүлэг гаргаж байгаа нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

Харин шүүгдэгч Ө.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны шударга ёсны зарчимд нийцүүлж түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчилсан учраас шүүгдэгч Ө.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ө.Цын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн О.Бийн амь нас хохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь шүүхийн шатанд 12.739.285 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 3.646.269 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж банкны зээлийн төлөлтийн 6.402.588 төгрөг оршуулгын зардлын 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Учир нь амь хохирогч О.Бийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ХААН банктай хийсэн гэрээ нь хуулбар байх бөгөөд гэрээнд зээлдэгчийн гарын үсэг ямар учраас баталгаажуулаагүй болох Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлтийн дагуу зээл авсан атлаа зээлийн дахин банкинд очиж гэрээг баталгаажуулаагүй болох банкны зүгээс найдваргүй зээлдэгчийн талаарх баримт амь хохирогчийн хувийн мэдээлэлд авагдсан эсэх ямар журмын дагуу охин Б.Энхчимэгээс зээл төлүүлэх болсон зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй, оршуулгын зардлын баримт нь “и баримтны” бүртгэлгүй, нотариатаар баталгаажуулаагүй зэрэг нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүгдэгч Ө.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3.646.269 төгрөгийг төлөх талаар завсарлуулах хүсэлт гаргаж 3.644.550 төгрөг төлсөн бөгөөд 1719 төгрөг дутуу төлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь хохиролд оруулан тооцоход татгалзаагүй учраас шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан гэж үзсэн.

 

Мөн шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч Ө.М нь шүүгдэгч Ө.Цаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэд шүүгдэгч Ө.Цаас гаргуулах хохирол төлбөргүй.

 

Иймд шүүгдэгч Ө.Цыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн 2134001820393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Цыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ө.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.Ц нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бд 3.646.269 төлсөнг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь оршуулгын болон банкны зээлийн талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн 2134001820393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

            8 Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Цад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА