Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар М.Гансувд,

-шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Тэнгис,

-шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б, Э.С холбогдох эрүүгийн 2134000000437 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Б

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал япон хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 47Б-23 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э.С

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.С, Д.Б нар нь бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5 уут “каннабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн орой Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутгаас хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 01 цаг хүртэлх хугацаанд Төв аймгийн Борнуур сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ “Тамгын булаг авто” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй “29-66 УБҮ” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн ачаа тээш хадгалах хэсэгт хадгалсан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.С нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000437 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Э.С, Д.Б нар нь бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5 уут “каннабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн орой Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутгаас хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 01 цаг хүртэлх хугацаанд Төв аймгийн Борнуур сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ “Тамгын булаг авто” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй “29-66 УБҮ” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн ачаа тээш хадгалах хэсэгт хадгалсан үйл баримт нь дараах

-Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

-Эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа, тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18 тал/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-ийн 21-22 тал/,

-Шүүгдэгч Д.Бгийн гэрчээр өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчим Улаанбаатар хотоос өөрийн хамтран амьдрагч н.Зул мөн өөрийн багийн найз н.Сугараа түүний эхнэр н.Сарангуа бас Сарангуагийн охиныг аваад Баруунхараа гэх газар руу найрын хонь авахаар явсан. Тэгээд очих гэсэн газрын хүмүүсийн утас нь холбогдохгүй мөн машины бензин дуусч байсан, замаа сайн мэдэхгүй байсан учраас буцахаар шийдсэн. Тэгээд хаанаас гэдгээ мэдэхгүй байна Жаргалант сумын салдаг гэх газар нийлээн өнгөрөөд 10 гаран километр яваад буцаад Улаанбаатар руу эргэсэн. Тэгээд Жаргалант салдаг өнгөрөөд бие засан гээд зогссон. Тэгээд замаас гараад доош буугаад тамхи татангаа бие засаж байхад хажууд өндөр өндөр өвс ургасан байсан. Түүний н.Сугараа хараад энэ өвс мөн үү гэж надаас асуугаад бид 2 очоод үзэхэд шарилж өвс цуг ургасан байсан. Тэгээд мөн байна гээд бид 2 машины ард байсан хувцасны уутыг аваад торонд хийж бэлдээд машины арын тээшинд хийсэн. Тэгээд түүсэн өвснөөс 1 атга аваад машины кабин руу ороод Улаанбаатар хот руу хөдлөөд явж байхдаа татаж байсан. Тамхины дотор хэсгийг асгаад дээрээс нь холиод хийсэн. Тэгээд машинаа зогсоогоод гадаа гарч н.Сугараа бид хоёр бэлдсэн тамхиа асаагаад татаж байхад н.Зулаа машинаас нойрмог гарч ирээд татаж байсан тамхинаас 2-3 сороод даараад байна гээд машинд н.Зулаа буцаад суусан. Бид нөгөө бэлдсэн тамхиа татаж дуусаад цааш хөдөлсөн. Тэгээд нэг тойрог дөнгөж өнгөрөөд цагдаа нар зогсоогоод тээш шалгаад баригдсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудагдан ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 тал/,

-Шүүгдэгч Э.Сын гэрчээр өгсөн “Манай ээжийн дүүгийн хүүхэд н.Батзоригийн бэр гуйх ёслолын ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд очиж хоноод маргааш 2021 оны 09 дүгээр сарын 22-ны ёслолын ажиллагаанд оролцсон. Тэр найр болж байх үед н.Батбилэг ах манай гэр бүлд 1 хонь амласан. Тэгээд бид нар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хотод гэртээ ирээд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хонио авах гээд Баруунхараа хөдлөхөөр болсон. Тэгээд явахдаа найз болох н.Баяраад утсаар хамт явах уу гээд асуусан. Тэгэхэд н.Баяраа эхнэртэйгээ хамт явахаар болоод би эхнэр н.Сарангуагийн машиныг жолоодож найз н.Баяраагийн гадаа очиж н.Баярааг эхнэр н.Зулаатай нь аваад 20 цагийн орчимд Улаанбаатараас Баруунхараа чиглэлтэй гарсан. Тэгээд замдаа явж байгаад очих айл маань утас нь холбогдохоо болиод бид нар зам мэдэхгүй учир буцахаар болсон. Тэгээд буцаад явж байхдаа н.Баяраа бид хоёр бие засах гээд замын хажууд зогссон. Бид 2 бие засаж байхад н.Баяраа энэ нөгөө татдаг ургамал байна гэж хажууд өндөр ургасан байсан ургамал руу заасан. Тэгээд хоорондоо ярилцаад авч явахаар болоод машин дотор байсан хувцасны уутыг суллаж аваад 5 ширхэг торонд ургамлаа түүж дүүргээд машины тээшны хэсэгт хийгээд цааш хөдөлсөн. Тэгээд хэсэг явж байгаад дахин зогсоод бага зэргийг атгаж аваад 1 ширхэг тамхины доторхыг асгаад оронд нь нөгөө өвсөө хийгээд н.Баяраа татаж байхад нь би 1-2 удаа сорж үзээд машиндаа суусан. Харин надтай зөрөөд н.Зулаа машинаас шээлээ гэж гарсан. Тэр үед н.Зулаа н.Баяраагийн тамхинаас татсан байж магадгүй би яг хараагүй. Тэгээд цаашаа хөдлөөд уул ороогоод цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33 тал/,

-Гэрч Т.Зулын “Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байхад миний утас руу манай найз залуугийн найз болон н.Сугараа залгаад манай найз залуу н.Баяраатай яриад хамт хөдөө явах уу гэж санал тавьсан. Н.Баяраа надаас хамт явах уу гэж асуухад нь би дургүйхэн зөвшөөрөөд хамт Баруунхараа явсан. Тэгээд шороон замаар явж явж байгаад засмал зам дээр гараад хэсэг яваад очих айл руугаа залгахад утас нь холбогдохоо больсон. Тэгээд харанхуй болоод машины бензин дуусч байсан учир бид нар ярилцаад буцахаар болоод эргээд Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд би замдаа хэсэг унтсан байсан. Нэг сэрсэн чинь зогсчихсон байсан. Тэгээд гараад ирэхэд н.Сугараа, н.Баяраа хоёр гадаа зогсож байсан. Тэгээд би буугаад бие засаад тэр 2 дээр яваад очиход тамхи татаж байсан. н.Баяраагийн татаж байсан тамхинаас 2-3 удаа сороод тамхийг нь өгчихөөд дараад машиндаа ороод суугаад үргэлжлүүлэн унтсан. Тэгээд дахин сэрэхэд цагдаа зогсоогоод машин тээврийн хэрэгслийг шалгаж байсан. Тэгээд бид нарыг Борнуур сумын цагдаагийн хэсэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 тал/,

-Гэрч С.Сарангуагийн “Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн найз залуу болох Э.С түүний эгч н.Уянга нарын хамт бэр гуйлганд Сэлэнгэ аймаг Баруунхараа гэх газар руу явсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бэр гуйх ажил дуусаад буцаад Улаанбаатар хот явсан. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай найз залуу намайг н.Баяраа, н.Зулаа хоёртой охиноо аваад салхилуулангаа Баруунхараа яваад ирье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд миний машинтай Улаанбаатар хотоос 19 цагийн үед гарсан. Тэгээд миний машиныг манай найз залуу Э.С барьж явж байсан. Би өмнө өдөр бас нойр муутай байсан учир Борнуур сум өнгөрөөд шинэ засмал замд дөнгөж ороод би унтаад өгсөн. Тэгээд удалгүй байж байхад машин зогссон. Тэгэхэд манай машинаас манай найз залуу Э.С, миний охин н.Уярал, н.Баяраа, н.Зулаа нар шээлээ гэж буусан. Би үргэлжлүүлээд унтсан. Тэгээд замдаа бас н.Баяраа, н.Сугараа 2 зогсож буугаад тамхи татаад байсныг санаж байна. Буцаж унтаад 1 сэрсэн чинь цагдаа зогсоогоод шалгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

-Биологийн дээж, авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 76-79 тал/,

-Монгол Улсын олон улсын гэрээ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /хх-ийн 84-86 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 04-н-ий өдрийн №4414 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээ хийлгэхэд тэнцэж байна. “С 2021.09.24” гэсэн хаягтай шээс, “Т.Зул УК89103004 2021.09.24” гэсэн хаягтай шээс, “Д.Б НЙ91052838 2021.09.29” гэсэн хаягтай шээс, “Сарангуа УП93010868 2021.09.24” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №4413 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийлгэхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтайг гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтайг гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94 тал/,

-“Эм Жэй Жэй ЭМ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/338 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-112 тал/,

Шүүгдэгч Д.Бгийн яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байхад миний найз Э.С миний гар утас руу залгаад Сэлэнгэ аймгийн Баруун хараа гэх газар хонинд хамт яваад ирье гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд төр өдөр эхнэр Т.Зулын хамтаар явахаар болсон. Тухайн өдөр 17 цагийн үед Э.С, эхнэр С.Сарангуагийн хамтаар манай гэрт ирээд намайг эхнэр Т.Зулын хамтаар аваад шууд Баруун хараа гэх газар явахаар явсан. Бид нар замдаа явж байхдаа Номин худалдааны төвөөс идэх юм авсан. Улаанбаатар хотоос гарч байхад 18 өнгөрч байх шиг байсан бид нар авсан хүнсээ замдаа идээд явсан. Бид нар шороон замаар явж байгаад Урьхан өнгөрөөд засмал замтай нийлсэн. Тэр үед Э.С нь хонь авах айл руугаа ярихад тэр хүн нь гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар тэнд яах вэ гэж ярилцаж байхад машины бензин дуусч байхаар нь эргээд Улаанбаатар хот руу буцаав явсан. Тэр үед машин дотор явсан С.Сарангуа, н.Зул нар унтаж явсан. бид нар явж байгаад Төв аймгийн Борнуур сумын нутагт харанхуйд бие засахаар зогссон ба машинаа зогсоогоод машинаас Э.С бид хоёр буугаад бие засангаа тамхи татаж байсан. Бид хоёр тамхи татаж байхдаа тэнд ургасан байсан ургамлыг хараад би Э.Саас энэ нөгөө хүмүүсийн татаад байдаг ургамал мөн үү гэж асуухад Э.С нь сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Би Э.Сд хандан энэ ургамлаас түүх үү гэж хэлтэл Э.С зөвшөөрөөд машины багажинд байсан тортой хувцасны торыг аваад уг торонд нөгөө ургамлаас түүж хийсэн. Бид хоёр уг ургамлыг түүгээд машины багажинд хийгээд машиндаа суугаад Улаанбаатар хот руу явсан. бид нар Борнуур сумын салдаг уулзварын ойролцоо ирж байхад машинаа ахин зогсоогоод нөгөө түүсэн ургамлаас татаж байсан тамхиндаа жаахныг хийгээд машинаас гарч гадна татсан. Э.С бид хоёр ургамал хийсэн тамхиа татаж байхад н.Зул машинаас бие засахаар гарч ирсэн ба бие засчхаад Э.С бид хоёр дээр ирээд тамхинаасаа өгөөч гээд уг тамхинаас 2 удаа сорчхоод даараад байна гээд машиндаа суухаар явсан. Тэгээд Э.С бид хоёр машиндаа суугаад Улаанбаатар хот руу явсан. Урьхан өнгөрөөд явж байхад цагдаа зогсоож шалгаад машины багажыг үзээд түүсэн ургамлыг олоод Э.С бид хоёрыг саатуулсан. Ийм л үйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 тал/,

Шүүгдэгч Э.Сын яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр С.Сарангуа, найз Д.Б, түүний эхнэр н.Зул нарын хамтаар манай эхнэр С.Сарангуагийн машинтай Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Баруунхараа гэх газар руу манай үеэл ахынхаас хонь авахаар 18 цагийн орчим явсан. Бид нар Төв аймгийн Жаргалант сумын салдаг уулзвар өнгөрөөд явж байгаад би нөгөө хонь авах хүн рүү залгаад та хаана байгаа юм, гэртээ байгаа юм уу би очиж байна гэж хэлэхэд нөгөө ах бэр нь төрөх гээд Зүүнхараа явсан, манайх хүнгүй байгаа гэхээр нь бид нар эргээд Улаанбаатар хот руу явсан. Бид нар эргээд явж байгаад замдаа машинаа зогсоогоод машинаас гарч бие зассан. Гадна харанхуй байсан болохоор хаана явж байснаа сайн санахгүй байна. Д.Б  бид хоёр машинаас бууж бие засаад тамхи татаад зогсож байхад Д.Б нэг өвс заагаад энэ нөгөө хүмүүсийн хэрэглээд татаад байдаг өвс мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлтэл Д.Б мөн юм шиг байна хоёулаа түүх үү гэхээр нь би зөвшөөрөөд түүсэн. Бид хоёр уг ургамлыг түүгээд 10-20 минут болсон байх түүж дуусаад Улаанбаатар хот руу явсан. Бид нар ургамлыг түүгээд тэндээсээ Улаанбаатар хот руу явж байхад дахин бие засахаар замын хажуу талд зогссон ба харанхуй байсан болохоор хаана явж байснаа санахгүй байна. Машинаа замын хажуу тал руу зогсоогоод байж байхад Д.Б нөгөө ургамлаас тамхин дотор хийгээд татаж байхаар нь би уг тамхинаас нь сорж үзсэн. Би уг тамхинаас сорж үзэхэд гашуун амт мэдрэгдэж байсан. Тэр үед н.Зулаа машинаас гарч ирээд бие засахаар явсан. Би тэр машиндаа эргэж очоод суусан. Тэгээд машины гадна Д.Б, н.Зулаа нар үлдсэн. Тэгээд удалгүй машинд орж ирээд суугаад дахин Улаанбаатар хот руу явж байхад цагдаа нар зогсоогоод машин шалгаад өвсийг олоод тэгээд саатуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 тал/ болон шүүгдэгч Э.С, Д.Б нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт  

Шүүгдэгч Э.С, Д.Б нар нь бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5 уут “каннабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн орой Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутгаас хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 01 цаг хүртэлх хугацаанд Төв аймгийн Борнуур сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ “Тамгын булаг авто” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй “29-66 УБҮ” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн автомашинд ачаа тээш хадгалсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.С, Д.Б нарын худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5 уут “каннабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Тухайлбал шүүгдэгч Э.С, Д.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт хуульчлагдсан “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тус бүлгийн гэмт хэргүүдээс шүүгдэгч Э.С, Д.Б нарын холбогдсон гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэх шинжүүдийн аль нэгийг хангасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан.

 

Улмаар шүүгдэгч Э.С, Д.Б нарын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис”-ыг хадгалсан гэмт үйлдлийг гэм буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн бол төгссөн гэмт хэрэг гэж үзнэ

.

 

Иймд шүүгдэгч Э.С, Д.Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч М.Гансувдаас: “Шүүгдэгч Д.Б, Э.С нар нь бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5 уут каннабис нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 сарын 23-ны  өдрийн орой Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутгаас хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 09 сарын 24-ний өдөр шөнө 01 цаг хүртэл Төв аймгийн Борнуур сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ Тайгын булаг авто ХХК-н нэр дээр бүртгэлтэй 2966 УБҮ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээр ачаа тээш хадгалах хэсэгт хадгалсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдээр нотлогдоно тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б, Э.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Э.С нар тус бүрд нь 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ урьдчилан цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 уут 5 кг каннабис нэршилтэй бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ Тайгын булаг авто ХХК-н нэр дээр бүртгэлтэй 2966 УБҮ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийг үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч О.Тэнгисээс: “Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Тохиолдлын шинжтэй анх удаа болгоомжгүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн асуудал яригдан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч байна гэдэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Ямар ч байсан өөрсдийн буруутай үйл ажиллагаанд тухайн цаг хугацаанд нийтийн сүлжээгээр олж харсан гэдэг ойлголтоор түүж бэлтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн үүнийг харгалзаж үзнэ үү. Энэ гэмт хэрэг өөрөө сонгох санкцтай. Хөнгөн гэмт хэргийг нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болно гэдгийг бүгд мэдэж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргахгүй байгаа байдал, гэр бүлийн хүн нь мөн 7 сартай жирэмсэн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах хугацааг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх боломжтой. Мөн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар мансууруулах бодисоос сэргийлэх хамгаалах сургалтыг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс: “Миний үйлчлүүлэгч нь хууль бусаар сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн гэх үйлдэлдээ маргадаггүй. Улсын яллагчийн санал болгосон 1 жил 1 сарын хорих ялын тухайд гэвэл өнөөдөр Монгол улсад залуучууд гэндэж санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдож байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай буюу хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялтай. Өмгөөлөгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялаар 1 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Яагаад гэхээр өнөөдөр бид нар ялын төрлөөс хамгийн хүнд ялыг энэ залуучуудад өгвөл тэр хорих байгууллагад удаа дараа гэмт хэрэг үйлдсэн муухай хүмүүс байдаг учир энэ хүүхдүүдийг засах биш бүүр ч буруу зам руу чиглүүлэх боломжийг олгодог. Тийм учраас анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй. Энэ гэмт хэрэг нийгэмд аюултай гэмт хэрэг. Гэхдээ сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр донтсон архаг болсон асуудал гараагүй. Тэгэхээр өнөөдөр бид нар болчимгүй өөрсдийнхөө буруу зүйл хийсэн гэдгээ гэмшиж байгаа байдал, хар тамхитай холбогдохоор ямар аюулт хор уршигтай байдаг гэдгийг ойлгож ухаарч байгаа учраас хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.   

 

   Шүүгдэгч Э.С, Д.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Э.С, Д.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.С, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.С, Д.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С, Д.Б нарыг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн  ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.С, Д.Б нарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож,  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.Б, Э.С нарын гэм буруутай үйлдлийн улмаас Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдалд хор уршиг учирч болохоор байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлэх” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.С, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.Сарангуагийн эзэмшлийн “Тайгын булаг авто” ХХК-ийн нэр дээрх “29-66 УБҮ” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 8.856.000 төгрөгийг шүүгдэгч Э.С, Д.Б нараас хувь тэнцүүлж 4.428.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2134000000437 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Д.Б, Э.С нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Номин” гэсэн бичигтэй гялгар ууттай 1.245 кг, цагаан ууттай 1.130 кг, “Номин” гэх ууттай 1.730 кг, ногоон эрээн цамцанд ороосон 2 гялгар ууттай 1.090 кг буюу нийт 6.215 кг каннабисын төрлийн ургамлуудыг устгахыг тус шүүхийн Тамгын газар даалгасныг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.Б, Э.С нарыг худалдаалах зорилгогүйгээр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Б, Э.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, Д.Б нарыг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхын сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.С, Д.Б нарт Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.С, Д.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.С, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.Сарангуагийн эзэмшлийн “Тайгын булаг авто” ХХК-ийн нэр дээрх “29-66 УБҮ” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 8.856.000 төгрөгийг шүүгдэгч Э.С, Д.Б нараас хувь тэнцүүлэн 4.428.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн 2134000000437 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б, Э.С нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Номин” гэсэн бичигтэй гялгар ууттай 1.245 кг, цагаан ууттай 1.130 кг, “Номин” гэх ууттай 1.730 кг, ногоон эрээн цамцанд ороосон 2 гялгар ууттай 1.090 кг буюу нийт 6.215 кг каннабисын төрлийн ургамлуудыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА