| К ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 811 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, К ХХК-ийн нэхэмжлэлтэй, СБД-н тх-н татварын улсын байцаагч Р.Ц-, Ц.О- нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч К ХХК-ийн захирал П.Ж- болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бүхий л үйл ажиллагаандаа татварын хуулиуд болон холбогдох дүрэм, журмуудыг баримтлан ажиллаж олсон орлогоо хуульд заасны дагуу тайлагнаж татвараа төлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн. Гэтэл татварын улсын байцаагч Ц.О-, Р.Ц- нар нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 250006995 тоот актаар манай компанид 34,736,000.00 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэх төлбөр ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Манай компани нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2011-05-21-135 тоот гэрээ байгуулж гэрээний хавсралтын дагуу төмөр нийлүүлэх болсон. Бид БНХАУ-ын Тиэн Жин хотын И Тиэн Ван ган төмөр ХХК-аас төмөр худалдан авч Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн боловч уг компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж зарим төмөр нь чанарын шаардлага хангаагүй улмаас бид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд дотоодын зах зээлээс /Монхорус интернэшил ХХК-иас/ 220.000.000 төгрөгийн үнэ бүхий төмөр худалдан авсан бөгөөд мөнгөн дүнд энэ компанийн тамга тэмдэг бүхий 008712338 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан /Сангийн сайдын 1999 оны 122 дугаар тушаалаар батлагдсан/-ыг бичиж өгсний дагуу манай компани тус худалдан авалтыг санхүүгийн тайландаа тусгаж тайлангаа гаргасан бөгөөд алдагдсан гэх хуурамч нэмэгдсэн өртөгийн албан татварын падаан ашиглан төсөвт төлөх татвараа бууруулсан гэж үзэн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй юм. Мөн уг 008712338 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг яагаад МИХХК-иас алдагдсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. МИХХК нь манай компаниас худалдан борлуулалтын орлогод авсан мөнгөн орлогоо компанийхаа тайланд тусгаагүй бол тухайн компанийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тус компани хариуцлагаа хүлээх асуудал болохоос бус худалдан авалтын төлбөрөө төлж, падаан бичүүлэн авч тайлангаа гаргасан манай компанийг буруутгах үндэслэл болохгүй юм. Иймд манай К ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан, 74.1.4-д зааснаар тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх үйлдэл гаргасан гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулах үндэслэлгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасны дагуу манай компани МИХХК нь санхүүгийн тайландаа дээрх худалдан авалтын орлогыг тусгасан эсэхийг мэдэх боломжгүй, мөн шалгаж үзэх эрхгүй. Тиймээс уг үндэслэлээр манай компанийг зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй юм. Иймд СБД-н татварын улсын байцаагч Ц.О-, Р.Ц- нарын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250006995 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэв. Хариуцагч СБД-н татварын улсын байцаагч Ц.О-, Р.Ц- нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: К ХХК нь 2011 онд 200,000.0 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн нь МИХХК-ийн алдагдсан 008705948 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан болох нь дараах баримтаар нотлогдсон. Үүнийг дурдвал: 2012 онд МИХХК-д Нийслэлийн Татварын газраас хяналт шалгалт хийж, дээрх падаантай холбоотой зөрчилд татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Улмаар Нийслэлийн прокурорын газар хянаж үзээд уг падаан нь алдагдсан падаан болохыг нотолсон дүгнэлт гаргасан байна. Нэгэнт МИХХК нь татварын албанаас өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан 008705948 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан алдагдсан нь прокурорын байгууллагаар шалгагдан батлагдсан тул уг падаанд бичигдсэн борлуулалтын дүн нь МИХХК-ийн борлуулалт биш гэдэг нь тодорхой бөгөөд 5276748 регистрийн дугаартай К ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа 008705948 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтыг тусган тайлагнаж өөрийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм гэжээ. Хариуцагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Татварын улсын байцаагчийн 250006995 тоот актын 01 хавсралтад Монхорус ХХК-ийн алдагдсан 008705948 тоот нэмэгдсэн өртгийн албан татварынпадааныг 008712338 тоот гэж андуурч бичсэн байна. Иймд 008712338 тоот падаан гэж бичсэнийг 008705948 тоот падаан гэж залруулж ойлгоно уу гэжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 811 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн СБД-н Тх-н татварын улсын байцаагч Р.Ц-, Ц.О- нарын тогтоосон 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 250006995 тоот актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Тус шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тайлбарлахдаа ...Нийслэлийн татварын газраас 2014 оны 01 дүгээр сарын сарын 16-ны өдрийн 1/45 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээллийг үндэслэн 2011 оны К ХХК-ийн татвар төлөлтөнд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар МИХХК-иас алдагдсан гэх 008705948 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 200.000.000 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнаж төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил нь акт тавих үндэслэл болсон байна... гэж дүгнэсэн. Гэвч МИХХК-иас алдагдсан гэх 008705948 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныгК ХХК нь хууль бус аргаар олж авсан, хуурамчаар үйлдсэн зүйл огт байхгүй бөгөөд эл асуудлыг холбогдох хуулийн байгууллагууд болон татварын байгууллага өөрөө тогтоосон зүйлгүй. Зөвхөн МИХХК-д холбогдох Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг үндэслэж л К ХХК-ийг буруутган нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан. Гэтэл МИХХК болон К ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах ажиллагаа хийгдсэн болох нь зөвхөн дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бус анхан шатны санхүүгийн баримтуудаар нь нотлогддог, үүнийгээ ч гэсэн татварын байцаагчид өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Харин МИХХК нь татвараа нуун дарагдуулсан хэргээр хуулийн байгууллагад шалгуулахдаа дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодогч ажлын хариуцлага алдсаны улмаас алга болгосон гэж тайлбарласан байдаг ба уг тайлбарыг үндэслэн прокурорын байгууллага дээрх шийдвэрийг гаргасан байдаг. МИХХК болон К ХХК-иас авсан худалдан борлуулалтын мөнгөн орлогоо компанийнхаа тайланд тусгаагүй, бичиж өгсөн падаанаа алдагдсан гэж мэдүүлсэн нь тухайн компанийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл бөгөөд тус компани хариуцлага хүлээх асуудал болохоос бус худалдан авалтын төлбөрөө төлж, падаан бичүүлэн авч хуульд заасны дагуу тайлагнасан компанийг буруутгах үндэслэл болохгүй юм. Ийм байтал шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн цааш нь шүүх үндэслэх хэсэгтээ ... Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй байна... гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэвч МИХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа дээрх худалдан борлуулалтын орлогыг тусгасан эсэхийг худалдан авагч мэдэх боломжгүй, мөн шалгаж үзэх эрхгүй. Харин худалдан авагчийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийсэн болох нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон санхүүгийн баримтуудаар тогтоогдож байгаа. Тиймээс шүүх дээрх хуулийн заалтыг үндэслэн хуулийн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүх шийдвэр гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3-д заасныг удирдлага болгосон. Гэвч К ХХК нь тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ...үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан... зүйл огт байхгүй. Зөвхөн хуульд заасны дагуу л худалдан авалтын үнийн дүнгээрээ тайлангаа гаргасан бөгөөд К ХХК нь татвар ногдох орлогоо нуун дарагдуулсан гэж зүйл тогтоогдоогүй. Тиймээс тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-д нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах үйлдлийг К ХХК нь гаргаагүй. Тэгтэл шүүх уг хуулийн зүйл, заалтуудыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь мөн л хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иймд дээрх хууль зүйн үндэслэл, нотлох баримтуудыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 811 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн СБД-н Тх-н татварын улсын байцаагч Р.Ц-, Ц.О- нарын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250006995 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: СБД-н Тх-н татварын улсын байцаагч Р.Ц-, Ц.О- нарК ХХК-ийн 2011 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2011 онд 200.000.000 төгрөгийн бараа материал худалдан авсан нь анхан шатны баримтаар нотлогдож байгаа боловч МИХХК-иас алдагдсан гэх 008712338 тоот падаанаар 200.000.000 төгрөгийн худалдан авалт хийснээр тайлагнаж, төсөвт төлөх татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчсөн... гэж үзэж 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр татварын улсын байцаагчийн 250006995 тоот актаар 200.000.000 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 20.000.000.00 төгрөгийн нөхөн татвар, 6.000.000.00 төгрөгийн торгууль, 8.736.000.00 төгрөгийн алданги нийт 34.736.000.00 төгрөгийн төлбөр ногдуулжээ. Нэхэмжлэгч К ХХК-аас татварын улсын байцаагчийн дээрх актыг эс зөвшөөрч ...бид дотоодын зах зээлээс /МИХХК-иас/ 220.000.000 төгрөгийн үнэ бүхий төмөр худалдан авсан бөгөөд мөнгөн дүнд энэ компанийн тамга тэмдэг бүхий 008712338 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичиж өгсний дагуу манай компани тус худалдан авалтыг санхүүгийн тайландаа тусгаж тайлангаа гаргасан бөгөөд алдагдсан гэх хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан төсөвт төлөх татвараа бууруулсан гэж үзэн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй... гэж маргасан байна. Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч К ХХК нь нэхэмжлэлдээ ...уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж гэрээний хавсралтын дагуу төмөр нийлүүлэх болсон. Бид БНХАУ-ын Тиэн Жин хотын И Тиэн Ван ган төмөр ХХК-иас төмөр худалдан авч Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн боловч уг компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж зарим төмөр нь чанарын шаардлага хангаагүйн улмаас бид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд МИХХК-иас 220.000.000 төгрөгийн үнэ бүхий төмөр худалдан авсан бөгөөд мөнгөн дүнд тус компани нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгсөн... гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 82 тоот тогтоол[1] болон МИХХК -ийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 363/15 тоот албан бичгээр[2] К ХХК болон МИХХК-ийн хооронд худалдан авалт хийгдээгүй, мөн МИХХК-ийн 008705948 дугаар бүхий падаан алдагдсан болох нь тогтоогдож байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 82 тоот тогтоолд ... МИХХК нь татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн эсэхийг шалгасан ...Нийслэлийн татварын газраас худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас ... 008705948 ... дугаар бүхий .. падааныг тус компанийн тооцооны нягтлан бодогч М.Ариунаа ажлын хариуцлага алдсаны улмаас алдагдсан зэрэг нь ... баримтаар тогтоогдож байна. Иймд МИХХК татвар төлөхөөс зайлсхийсэн гэх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй..., мөн МИХХК -ийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 363/15 тоот албан бичигт ...манай компани К ХХК-тай борлуулалт болон гэрээний ямар нэгэн харилцаа үүсгэж байгаагүй болно... гэх зэргээс үзвэл нэхэмжлэгч компани нь 008705948 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар МИХХК-тай худалдан авалт хийээгүй нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ...МИХХК ньК ХХК-иас авсан худалдан борлуулалтын мөнгөн орлогоо компанийнхаа тайланд тусгаагүй .... нь тухайн компанийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл ... худалдан авалтын төлбөрөө төлж, падаан бичүүлэн авч хуульд заасны дагуу тайлагнасан компанийг буруутгах үндэслэл болохгүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй... гэжээ. Нэхэмжлэгчийн ...МИХХК борлуулалтын мөнгөн орлогоо компанийнхаа тайланд тусгаагүй гэх тайлбарыг нотлох хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх ба худалдан авалт хийгдээгүй тохиолдолд падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгах боломжгүй тул нэхэмжлэгчийн дээрх гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх тул татварын улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250006995 тоот актаар тогтоосон нийт 34.736.000.00 төгрөгийн төлбөрөөс 20.000.000.00 төгрөгийн нөхөн татварыг К ХХК-аар төлүүлж, 6.000.000.00 төгрөгийн торгууль, 8.736.000.00 төгрөгийн алданги нийт 14.736.000.00 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 811 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 250006995 тоот актаар ногдуулсан 6.000.000.00 төгрөгийн торгууль,8.736.000.00 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг багасгаж, 20.000.000.00 төгрөг болгон тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ [1] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал [2] Хавтаст хэргийн 71-72 дугаар тал |