Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 127

 

Д.Б-, Д.У-, Б.С-,

Ж.Ц- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01792/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 682 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Шарнууд овогтой Д-ын Б-,

            Нэхэмжлэгч Боржигон овогтой Д-ийн У-,

            Нэхэмжлэгч Хард овогтой Б-гийн С-,

            Нэхэмжлэгч Их мэргэд овогтой Ж-гийн Ц- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг, Шарын гол суманд байрлах “Шарын гол” ХК-д холбогдох,

          “Шарын гол ХК-аас тус уурхайд ажиллаж байгаад Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу 1 удаагийн тэтгэмж Б.С- 10.368.000 төгрөг, Ж.Ц- 9.984.000 төгрөг, Д.У- 9.984.000 төгрөг, Д.Б- 10.368.000 төгрөг тус тус гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Доржсүрэнгээс:

Нэхэмжлэгч бид тус уурхайн үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон группт орж, дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

Бид Геологи, уул уурхайн салбарын 2012-2013 оны хамтын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасны дагуу “Шарын гол” ХК-ийн захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд “Шарын гол” ХК-аас тус уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж нийт 51.456.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсагаас:

Ахмадууд нь 1974-1982 оны хооронд Шарын голын уурхайд орж тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан. Геологи уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн тарифт зааснаар геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан ажилтнуудыг тус салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож ажилласан жилээр бодож 1 удаагийн тэтгэмж олгохоор заасан. Тарифын хэлэлцээрийг хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн. Хамтын хэлэлцээрт тусгагдсанаар хэн хариуцаж тэтгэмж гаргах нь тодорхойгүй ба уг гэрээг уул уурхайн салбар мөрдөж ажиллах ёстой. Үйлдвэрийн хурц хордлогод орсон ажилтнуудад нөхөн төлбөр олгоно гэж тусгасан. Хамтын хэлэлцээрийн заалтыг хамтын гэрээнд нөхөн төлбөр нэрээр тусгасан байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангаас:

2013-2014 оны хэлэлцээр байгуулагдсан боловч одоо үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй, уг хэлэлцээр нь 3 талт хэлэлцээр байна. Хамтын тарифын хэлэлцээрийн ерөнхий зүйлийн 5.5-д зааснаар ажиллаж байсан ажилтнуудад ажил олгогч нь тэтгэмж өгөх талаар заагаагүй, нийгмийн асуудлын талаар тохиролцсон хэсэгт ажил олгогч нь тэтгэмж олгоно гэж бичигдээгүй байна. Тарифын хэлэлцээрийг хамтын гэрээнд тусгаж тэтгэмж олгох ёстой байсан. Энэ хэлэлцээр дээр төлөөлөх эрх бүхий биш төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга  гарын үсэг зурсан байсан. Хамтын хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилтны асуудлыг журамладаг, урьд нь ажиллаж байсан ахмадуудад хамааралгүй гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан гэрээний харилцаа нь тэтгэмж олгоно гэж хамтын тарифын хэлэлцээрт заагаагүй байна. Хэлэлцээрийг мөрдөхийн тулд хамтын гэрээнд заавал тусгаж байж хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах боломжтой юм. Нэхэмжлэл гаргаж буй хүмүүс нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарах үедээ тэтгэлэгээ гаргуулж авсан байна. Нийгмийн халамжийн хуульд нэг сангаас дахин тэтгэмж гаргуулж авах эрхгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 682 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-д 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Д.У-т 4.992.000 төгрөг, нэхэмжлэгч Б.С-д 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Ц-т 4.992.000 төгрөгийг тус тус хариуцагч “Шарын гол” ХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-ын 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Д.У-ийн 4.992.000,  нэхэмжлэгч Б.С-д 5.184.000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Ц-т 4.992.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Шарын гол” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 259.710 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгч нар нь “Шарын гол” ХК-ийн ажилтан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж, хүнд хэлэлцээрийн заалт үйлчлэх буюу тэрхүү заалтыг үндэслэн шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэлийг хуулиар тогтоогоод өгсөн заалтыг хэрэглэхгүй буюу хамтын хэлэлцээрийн заалт үйлчилнэ гэдэг хууль зүйн үндэслэл гаргаж ирж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хамтын хэлэлцээр нь ямар ч тохиолдолд ажилтан биш хүнд үйлчлэхгүй, хамтын гэрээн дээрх тохиолдолд ажилтан биш хүнд үйлчилж болохоор хууль зүйн зохицуулалт өнөөдрийг хүртэл үйлчилж байна. Хамтын хэлэлцээрээр цөөн хэдэн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагч, ажилтан, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга зэрэг албан тушаалтан компаниа төлөөлж гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарагдаагүй байдлаас харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тэтгэмж олгох асуудлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ гэснийг сайн мэдэж байгаа бөгөөд “Шарын гол” ХК-ийн хамтын гэрээнд тусгаж өгөөч гэсэн хүсэлтийг 2004 онд гаргаж, компани хариуг 2014 оны 05 дугаар сарын 16-ны 4/110 тоот хамтын гэрээний 5.5 дахь заалтыг тусгах боломжгүй байна гэж мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Д.Б-, Д.У-, Б.С-, Ж.Ц- нараас  Шарын голын уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад  хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу 1 удаагийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Шарын гол” ХК-д холбогдуулан гаргажээ.   

            Хариуцагч “Шарын гол” ХК-аас хамтын гэрээ хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилтны асуудлыг зохицуулдаг. Хамтын тарифын хэлэлцээрийг уул уурхайн  бүх байгууллагад заавал мөрдүүлэх эрх байхгүй, байгууллагын хамтын гэрээнд тэтгэмж олгохоор тохиролцсон бол тэтгэмж өгөх ёстой. Хамтын хэлэлцээрийн дагуу шаардах эрхгүй гэж маргажээ.  

            Анхан шатны шүүх  нэхэмжлэгч нар мэргэжлээс шалтгаалан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон эмнэлэг магадлалын хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа цуцлагдсанаар тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн 5.5-д зааснаар нэг удаагийн тэтгэмжийг ажил олгогч хуулийн этгээдээс шаардах эрхтэй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

            Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Геологи, Уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-д “Геологи, Уул уурхайн салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад салбарт ажилласан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно” гэжээ. /х/х-ийн 162 дугаар хуудас /

            Хөдөлмөрийн тухай хуульд заасан хамтын хэлэлцээр гэдэг нь тухайн салбарын ажлын болон ажилтны онцлог нөхцөл байдлыг бусад салбараас ялгагдах нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн орчин түүнээс үүсэх эрдслийг бууруулах, урьдчилан сэргийлэх эрсдэл үүссэн болон гэм хор учирсан тохиолдолд хамгаалах, нөхөн сэргээх, хөнгөлөлт урамшууллыг Хөдөлмөрийн хуульд зааснаас илүү нөхцлөөр тогтоох зорилготой бөгөөд ийнхүү тогтоосон нь хууль тогтоомжид нийцснийг бүртгэсэн байх  шаардлагыг хуульчилсан байна. Харин энэхүү хэлэлцээр нь хуулийн дээрх шаардлагыг хангажээ. 

            Мөн хамтын гэрээ хэлэлцээрийн заалт нь зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад хамаатай гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй бөгөөд аливаа хамтын гэрээ хэлэлцээр нь тус байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалан өвчний улмаас тахир дутуу болох, өндөр насны тэтгэвэрт гарсан этгээдийн нийгмийн асуудлыг зохицуулсан байдаг бөгөөд Геологи, Уул уурхайн салбарын хамт /тариф/-ын  хэлэлцээрийн 5.5-д тус салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалан өвчний улмаас группт орсон иргэд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа тохиолдлыг тусгайлан тусгажээ.

Нэхэмжлэгч нар нь дээрх хэлэлцээрийн заалтын шаардлагыг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

            Д.Б-, Д.У-, Б.С-, Ж.Ц- нар нь 2013-2014 оны хуулиар тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг, үүнийг 2 дахин нэмэгдүүлж уур уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 384.000 төгрөг гэж мөрдөхөөр тогтоосныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны  шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218-д заасан “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэснийг төсөөтэй хэрэглэн тэтгэмжийг хэмжээг 192.000 төгрөгөөр тооцож олгосныг буруутгах боломжгүй байна.

            Харин анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тэтгэмж гаргуулахдаа нэхэмжлэгч Д.У-, Б.С-  нарын тэтгэвэрт гарах тухайн цаг үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг анхаараагүй байна.

            Нэхэмжлэгч Д.У- 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгч Б.С- 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.000 төгрөгөөр тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд:

           “Д.У-т 4.992.000 төгрөг” гэснийг “3.650.400 төгрөг”, Б.С-д 5.184.000 төгрөг” гэснийг “3.790.800 төгрөг” гэж,  нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Д.У-ийн 1.341.600 төгрөг, Б.С-гийн 1.393.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            2 дахь заалтыг:

            “Шарын гол” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж болох 259.710 төгрөг” гэснийг  “246.036 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ОЮУНЦЭЦЭГ 

                                          ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           Л.АМАРСАНАА