Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.Эрхэмбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.Эрхэмбаярт холбогдох 2123000000199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 38 настай эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Адуучин овогт Шагдарын Эрхэмбаяр, /регистрийн дугаар: ИР83021114/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цагаанчулуут сумын Онц багийн нутаг “Хар чулуут” гэх газраас иргэн Д.Мягмархоролын алдагдсан /алдуул мал/ 16 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1,160,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Адуучин овогт Шагдарын Эрхэмбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цагаанчулуут сумын Онц багийн нутаг “Хар чулуут” гэх газраас иргэн Д.Мягмархоролын алдагдсан /алдуул мал/ 16 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1,160,000 төгрөгийн хохирол учруулах хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч Д.Мягмархоролын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын эхээр 16 тооны ямаагаа алдсан. Яг хаанаас яаж алдсан талаараа мэдэхгүй байна. 2021 оны 10 дугаар сарын эхэнд Цагаанхайрхан сумын Онц баг Хар-Чулуут гэх газар намаржиж байхад бэлчээрээсээ тасарсан уу, хүн салгаж авсан уу мэдэхгүй байна. Тэгээд 10 дугаар сарын 15-д гээд “Цагдуултайн ар” гэх газар буугаад малаа тэмдэглэх гэтэл зүсээр хэдэн ямаа дутаад байхаар нь малаа тоолтол 13 тооны эм ямаа, 3 ишиг дутсан. Тэгээд ойр хавийн 2 айлын малд шүүгээд олоогүй. Тэгээд 10 дугаар сарын 29-ний өдөр манай сумын мал худалдан авч байсан Пүрэвсүрэн гэх хүний худалдаж авсан малаа туугаад явж байхад очтол манай алдсан гэх ямаа харагдахаар нь би малаа шүүгээд хартал манай 13 тооны эм ямаа байсан. Тэгээд би 13 ямаагаа ялгаад авсан. Би алдсан гэх ямаагаа 2021 оны 10 дугаар сарны 20-ны үед сумын тамгын газрын даргад бүртгүүлсэн. Харин 2021 оны 10 дугаар сарын дундуур “Цагдуултайн ар” гэх газар буугаад ямаа алга болсноо мэдээд ойр хавьд байсан хоёр айлын малаар ямаагаа шүүсэн. Тэгээд алдсан ямаагаа олоогүй би өөрөө болон манай хүүхэд бид хоёр байнга хариулдаг байсан. Манай хонь хариулдаг газар хад асга, мод ихтэй газар байсан тэгэхэд л хониноос тасарч үлдээд айлын хонинд нийлсэн байх би алдсан гэх малаа олж авсан надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй тул би шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 03-08-р хуудас/, - Гэрч Н.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх 2021 оны 10 дугаар сарын эхэн үед малаа тэмдэглэсэн чинь зүсээр ямаа дутаад тоогоор дутаад байсан 16 тооны ямаа дутаад байсан. Яг хэзээ хаанаас алдсан талаараа сайн мэдэхгүй байна. Манайх Цагаанхайрхан сумын Төмөртийн гол Хар-Чулуут гэх газар намаржиж байхад бэлчээрээсээ алга болсон байх. Тэгээд Цагдуултайн ар гэх газарт буусны дараа мал алдсан талаараа мэдсэн. Тэгээд малаа ойр хавийн айлуудаараа шүүгээд явсан тэгээд олоогүй. Манай ямаанууд бүгд хоёр эврэн дээрээ цэнхэр өнгийн будагтай буруу чих нь цуулбар имтэй байсан. Дандаа эм ямаа 3 ишиг байсан. Зүс нь хар голдуу ямаа байсан. Манай нөхөр алдсан гэх 13 тооны ямааг манай сумын мал авч байсан Пүрэвсүрэн гэх хүний худалдаж авсан хонь ямаанаас олж авсан. Харин 3 ишгийг нь манай сумын Эрхэмбаяр гэх айлын малаас олж авсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/, - Гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Мягмархорол нь надад бол ямар нэг мал зараагүй. Харин Ш.Эрхэмбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Цагаанхайрхан сум Онц багийн нутаг “Гурван толгой” гэх газар байхдаа 13 тооны эм ямааг зарсан. Зүс нь хар голдуу ямаанууд байсан. Тэмдэг нь ямар байсан талаар анзаараагүй. Тухайн ямаануудыг нэг ямааг нь 90,000 төгрөгөөр бодож тооцоод 1,170,000 төгрөг болсон. Тэгээд надад бэлэн мөнгө, төгрөг байгаагүй болохоор нь сумын төв рүү малаа тууж ороод утасны сүлжээ орсон газраас мөнгийг нь шилүүлэхээр болсон.

Тэр ямаанууд авсан өдөр би Эрхэмбаярын малд миний худалдаж авсан 27 тооны ямаа, 16 тооны хонь байсан. Тэгээд тэр малаа авах гээд очиход Эрхэмбаяр нь надад 13 тооны эм ямааг зарсан. Тэгээд би тэндээс нийт 56 тооны хонь ямааг туугаад худалдаж авсан байсан мал руугаа явж байхад Мягмархорол нь морьтой ирээд тууж явсан малыг харж байснаа “энд манай алга болсон ямаа байна” гээд миний худалдаж авсан малд ямаагаа шүүгээд нөгөө Эрхэмбаяраас худалдаж авсан 13 тооны ямааг миний ямаанаас ялгаж аваад энэ ямааг хэн чамд өгсөн бэ? гэхээр нь би “Эрхэмбаяр сая надад зарсан” гэж хэлсэн. Тэгээд Мягмархорол нь ямаагаа туугаад яваад өгсөн. Тэгээд би Эрхэмбаяр гэх хүн луу утсаар залгаад “нөгөө чиний өгсөн ямааг Мягмархорол миний алга болсон ямаа байна гээд аваад явлаа, чи очиж уулзаж учраа олоорой” гэж хэлсэн. Би ямааны мөнгийг нь шилжүүлээгүй байсан болохоор нь тэгж хэлээд орхисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, - Хохирогч Д.Мягмархоролын Завхан аймгийн Цагаанхайрхан сумын засаг даргын тамгын газарт алдсан 16 тооны ямаагаа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлж байсан талаарх тус сумын тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3-269 дугаартай тодорхойлолт болон “Алдуул малын бүртгэл”-ийн дэвтрийн хуулбар /хх-ийн 27-29-р хуудас/, - Шүүгдэгч Ш.Эрхэмбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04 билүү 05-ны өдөр Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр “Ямаан ус” гэх газарт өөрийнхөө хонио услаад буцаагаад хонио туугаад явж байхад манай хонинд айлын 10 гаруй ямаа орчихсон байхаар нь хоньтойгоо хамт туугаад гэртээ очсон. Уг айлын ямаанууд манай хонинд 20 гаруй хоносон ба Пүрэвсүрэн гэх хүн “ямаа, хонь худалдаж авна” гэхээр нь өөрийнхөө хонинд ирж нийлсэн айлын 13 тооны ямааг нэгийг нь 90,000 төгрөгөөр бодож өгсөн. Би тухайн үед ямаа худалдсан мөнгөө аваагүй, Пүрэвсүрэн “сүлжээ орсон газарт 13 ямааны мөнгө болох 1,170,000 төгрөгийг шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд Пүрэвсүрэн ямаануудаа туугаад удалгүй над руу залгаад “чиний надад зарсан ямааг Д.Мягмархорол гэх хүн ирээд, манай ямаанууд байна гээд байна ш дээ” гэхээр нь “наадуул чинь эзэнгүй байсан юм аа, өгчтх” гэж хэлсэн. Тухайн үед Пүрэвсүрэн надад ямаа худалдаж авсан гэх мөнгөө өгөөгүй байсан. Тухайн үед 3 ишиг нь манай хонинд үлдсэн байсныг маргааш нь Мягмархорол өөрөө ирж авсан. Тэгээд Д.Мягмархорол нь малаа бүрэн бүтэн тоо ёсоор нь хүлээж авсан. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг алдуул малыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж эхэлснээр төгсдөг. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр сүрэгт нийлсэн эсхүл өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно. Шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нь иргэн Д.Мягмархоролын ижил сүргээсээ тасарч салсан 16 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр эзэмшилдээ авч өөрийн өмч хөрөнгийн адил захиран зарцуулж бусдад худалдаж бага хэмжээнээс дээш 1,160,000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ. Иймд шүүгдэгч Ш.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. - Хохирлын талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мягмархоролд 1,160,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 154 дугаартай Хурд-Од ХХК-ны Хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/-ээр тогтоогдож байна. Хохирогч Д.Мягмархорол нь хулгайд алдсан 13 тооны эм ямаа, 3 тооны ишиг нийт 16 ямааг зүсээр нь буцаан авсан болох нь хохирогч Д.Мягмархорол, гэрч Г.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нь бусдад төлөх төлбөргүй байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Ш.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ш.Эрхэмбаяр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Завхан аймгийн Цагаанхайрхан сумын засаг даргын тамгын газарт 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Эрхэмбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адуучин овогт Шагдарын Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эрхэмбаярыг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газарт 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эрхэмбаярт оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нь 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ш.Эрхэмбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.Эрхэмбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ