Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01859

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01859

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23 дугаар байр, 70 тоот хаягт оршин суух, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ЦЕ66010960, Гал овогт Сангицэдэнгийн Энхтунгалагийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даваа овогт Гомбосүрэнгийн Бугабаатартай /РД:ШБ75070170/ хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Энхтунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Бугабаатартай 1997 оны 2 дугаар сард танилцаж, 2002 оны 9 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Дамдиндорж төрсөн бөгөөд тэр цагаас хойш бид хамт амьдарч байсан. Нөхөр Г.Бугабаатар маань 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид энэ хугацаанд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны 70 тоотод гэр бүлээрээ амьдарч байсан. Хүү Б.Дамдиндоржид тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул биднийг 2002 оны 9 дүгээр сараас эхлэн хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.Энхтунгалаг нь цус харвалтын үлдэц өвчний улмаас группт байдаг учир хамтын амьдралтай байсныг тогтоолгох шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Тиймээс хүндэтгэн үзэх  шалтгааныг минь харгалзан үзэж шүүх хуралдааныг миний биеийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу, энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Энхтунгалаг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар  зүйлийн 15.4-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу Г.Бугабаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

            Түүний гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.14-д “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэж зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох нэхэмжлэлд хамаарахаар байна.    Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдлоо.

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

С.Энхтунгалаг, Г.Бугабаатар нар нь 2002 оны 9 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан нь дараах баримтаар тогтоогдож байна.

Талийгаач Г.Бугабаатарын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан тухай 0000194608 тоот нас барсны бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрч талийгаачийн төрсөн дүү Г.Сарангэрэлийн “С.Энхтунгалаг, Г.Бугабаатар нар нь 2000 оноос хамт амьдарсан. Тэдний дундаас 2003 онд хүү Б.Дамдиндорж төрсөн.тэдний амьдарч байсан байр нь манай аавын хуучин байр болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны 70 тоот байр байсан. Бид 1 жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаад би тусдаа гарсан” гэх мэдүүлэг, гэрч талийгаачийн авга эгч О.Энхжаргалын “С.Энхтунгалаг, Г.Бугабаатар нар 2002 оноос хамт амьдарч эхэлсэн. Тэд 1996 онд Төмөр замын Амгалан дахь Хангах баазад хамт ажиллаж байсан. Тухайн үед С.Энхтунгалаг оёдолчин, Г.Бугабаатар ачигч хийдэг байсан. Миний нагац ах буюу Г.Бугабаатарын аав, ээж нартай хамт амьдардаг байсан. Тэдний дундаас 2003 онд хүү Б.Дамдиндорж төрсөн” гэсэн мэдүүлэг, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Тэдгээрийн хамтын амьдралтай байх хугацаанд дундаас нь 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Бугабаатарын Дамдиндорж төрсөн болох нь 194  дугаарын төрсний гэрчилгээгээр нотлогдлоо.

Иймд нэхэмжлэгч Гал овогт Сангицэдэнгийн Энхтунгалагийг /РД:ЦЕ66010960/,  Даваа овогт Гомбосүрэнгийн Бугабаатартай  /РД:ШБ75070170/ 2002 оны 9 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг”-ийн тэмдэгтийн хураамж хураахаар заасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Гал овогт Сангицэдэнгийн Энхтунгалагийг /РД:ЦЕ66010960/ Даваа овогт Гомбосүрэнгийн Бугабаатартай  /РД:ШБ75070170/ 2002 оны 9 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ