Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01860

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01860

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 18131, 178/1 хаягт өөрийн байранд байрлах, “Өү энд Жи” ХХК /РД: 2826453/-ийн  нэхэмжлэлтэй,

           

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Цэцгийн хүлэмж, ТЭЦ-4-ийн урд, өөрийн байранд байрлах, “Батзуурмаг” ХХК /РД: 5559731/-д холбогдох,

           

            Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 908.809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Найдантүвшин, хариуцагчийн төлөөлөгч Э.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах  нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Өү энд Жи” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Батзуурмаг” ХХК-д 43,28 м.куб буюу 908.809 төгрөгийн хайрга нийлүүлсэн. Хариуцагч компани нь энэхүү төлбөрийг барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Бидний зүгээс удаа дараа төлбөрийг төлж барагдуулах талаар хүсэлт тавьж байсан. Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актыг үндэслэж нэхэмжлэл гаргасан гэв.

            Хариуцагч “Батзуурмаг” ХХК-ийн  төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би “Батзуурмаг” ХХК-ийг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Л.Ганхуяг болон Л.Нарангэрэл нарт худалдсан юм. Тухайн үед компани Л.Нарангэрэлийн нэр дээр шилжсэн байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Л.Нарангэрэлийн нэр дээр бүртгэгдсэн байгаа. Эдгээр хүмүүс нь төлбөрөө төлөхгүй байсан тул 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр компанийг буцааж авсан. Тухайн үед буцаан шилжүүлж авахдаа ямар нэгэн өр авлага байхгүй гэж шилжүүлж авсан. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй мөнгө нь тооцоо нийлсэн актаар баталгаажсан гэж байна. Уг актад манай компанийг төлөөлж н.Батцэцэг гэх хүн санхүүгийн тамга дарсан байсан. Би компанийг эзэмшиж байх үедээ нэхэмжлэгч компанитай ямар нэгэн гэрээ байгуулсан, тооцоо нийлсэн акт үйлдсэн зүйл байхгүй. Компанийг буцааж авснаас хойш тайлан болон тамга, тэмдгээ одоо хүртэл буцааж авч чадаагүй байна. 2015 оноос хойш би компанийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн санхүүгийн үйл ажиллагаа хийгээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Ганхуяг, Л.Нарангэрэл нар нь “Батзуурмаг”  ХХК-ийн эрхийг эзэмшиж байх үед гаргасан өр төлбөр байх тул хариуцагчаар тэднийг татах нь зүйтэй гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Өү энд Жи”  ХХК нь хариуцагч “Батзуурмаг” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 908.809 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Өү энд Жи” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Өү энд Жи” ХХК, хариуцагч “Батзуурмаг” ХХК-ийн хооронд аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 43.23 м.куб, нийт 908.809 төгрөгийн үнэ бүхий хайрга  худалдан авсан бөгөөд одоог хүртэл уг мөнгийг төлөхгүй гэх тайлбарыг гаргаж нотлох баримтаар тооцоо нийлсэн актыг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч “Батзуурмаг” ХХК-ийн төлөөлөгч 2014 онд Л.Ганхуяг, түүний эх Л.Нарангэрэл нарт компанийн эрхийг шилжүүлж, компанид учирсан бүх хариуцлагыг хүлээн зөвшөөрөхөөр хуулийн дагуу хувьцааг худалдсан ба тэднийг компани удирдах үеийн үйл ажиллагаатай холбоотой тул хариуцахгүй. Мөн хэрэгт нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт бичигт манай “Батзуурмаг” ХХК-тай холбоотой гэрээ хэлцэл, бусад баримт бичиг авагдаагүй байх тул “Батзуурмаг” ХХК нь нэхэмжлэгч компанитай Иргэний хуулинд зааснаар гэрээний нэг тал болж гэрээ байгуулаагүй, ямар нэгэн харилцан тохиролцоо хэлцэл хийгээгүй гэж үзэхээр байна. Хэргийн жинхэнэ хариуцагчаар Л.Нарангэрэл, Л.Ганхуяг нарыг татах нь хуульд нийцнэ гэх тайлбарыг гаргаж маргав.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч “Өү энд Жи” ХХК болон “Батзуурмаг” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид гэрээний үүргийн дагуу 43.23 м.куб хайрга шилжүүлэн өгч, хариуцагч компани нь уг бүтээгдэхүүний төлбөрт 908.809 төгрөгийг төлөөгүй өртэй гарсан талаараа тооцоо нийлж, тамга тэмдэг дарж, гарын үсэг зуран баталгаажуулсан баримт авагдсан байх ба хариуцагч “Батзуурмаг” ХХК нь үнийг төлөөгүй болох нь нотлогдож байна.

Харин хариуцагч “Батзуурмаг” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй буюу тус компанийн захирал Э.Ганбаатар нь тухайн үед миний бие компанийн захирлаар ажиллаж байгаагүй бөгөөд уг гэрээг би өөрөө байгуулаагүй, тухайн үед компанийг удирдаж байсан этгээдүүдтэй маргаантай байгаа талаар дурдаж, энэ талаар цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Дээрх гэрээ нь хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, ... Гүйцэтгэх удирдлага нь ...хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэжээ. Дээрхээс дүгнэхэд компанийн удирдлагыг хувь хүн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэлээ компанийн өмнөх удирдлагатай холбогдуулж байгаа нь хуульд зааснаар үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэр бүхий хүмүүст холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримтыг хариуцагч ирүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагч “Батзуурмаг” ХХК-иас 908.809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Өү энд Жи” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26.361 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Батзуурмаг” ХХК-иас 908.809 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Өү энд Жи” ХХК-д олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.361 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26.361 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                         

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ