Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2022/0073/Э |
Дугаар | 2022/ШЦТ/71 |
Огноо | 2022-02-22 |
Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,
-улсын яллагчаар Х.Оюунцэцэг,
-хохирогч О.Т,
-шүүгдэгч Ү.А, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Ад холбогдох эрүүгийн 2134004030009 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Батсүмбэр сумын Ахмад настны үндэсний төвд галч ажилтай, ам бүл тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ү.Ад
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ү.А нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Жимстийн 1-1 тоотод байрлах гэртээ эхнэр Б.Дэлгэрмаатай муудалцаж, улмаар тэднийг салгах гэж байсан О.Тийн толгойн тус газар аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Г.Бын зүүн хөлөн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ү.А нь мэдүүлэхдээ “Тухайн өдөр ажлаасаа буугаад Г.Бынд нэг шил архи уусан. Тэгээд манайд очихоор болоод 4-үүлээ манайд ирж сууцгаасан. Тэгээд сүүлдээ яриа нь хэрүүл болоод би больцгоо тарцгаа гээд аяга аваад шидсэн чинь О.Т оногдсон. Г.Б гаднаас орж ирээд манай эхнэрийн толгойг хагалсан байна гээд муудалцсан. Тэгээд би Г.Быг өшиглөсөн чинь буруу зүйл болсон” гэв.
Хохирогч О.Т нь мэдүүлэхдээ: “Энэ хүний ярьж байгаа болгон өөрийгөө өмөөрсөн худлаа ярьж байна. Бид 2 хүүхэдтэйгээ гэртээ сууж байсан чинь энэ хүн нэлээн согтуу орж ирсэн. Би орж ирэхэд нь дургүйцээд нөхрийгөө битгий архи уу гэсэн. Би эхнэрийг нь хараад за яахав яахав гэж бодоод нэг шил архи манайд хувааж уугаад манайх руу явъя гээд гэрт нь очоод нэг шил архи уусан. Энэ хүн надтай марзаганаад яриа тохирохгүй байсан. Эхлээд эхнэр нөхөр хоорондоо муудалцсан. Би дундуур салгах гээд урдуур нь нь орсон чинь аяга аваад толгой руу шууд цохисон. Манай нөхөр явах гээд гадаа машинд суусан байж байгаад намайг гарч ирэхгүй удаад байхаар орж ирээд миний толгойг хагарсан байгааг хараад чи яагаад хоёрын хоёр эмэгтэй хүн дээрэлхээд эхнэрийн толгойноос цус гаргасан сууж байгаа юм бэ гээд заамдаж авсан. Тэгсэн өшиглөсөн юм уу яасан босож ирж чадахгүй байсан. Тэгээд эхнэрийгээ толгой руу нь цохиж ухаан алдуулсан. Тэгээд би цагдаа дуудаж өгсөн. Ирж чин сэтгэлээсээ уучлалт гуйсан зүйл байхгүй. Энэ хүнээс болоод бид хоёрын амьдрал салж байна” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134004030009 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ү.А нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Жимстийн 1-1 тоотод байрлах гэртээ эхнэр Б.Дэлгэрмаатай муудалцаж, улмаар тэднийг салгах гэж байсан О.Тийн толгойн тус газар аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн Г.Бын зүүн хөлөн тус газар өшиглөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт нь дараах
-Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 тал/,
-Хохирогч О.Тийн “Би гэртээ байсан чинь гадаа манай хоёр найз Ү.А, н.Дэлгэрмаа нар гаднаас орж ирсэн. Ү.А согтуу байсан. Эхнэр нь эрүүл ирээд дээрээсээ жоохон уучихсан Тайга гээд архи авч орж ирэхээр нь би айлд ямар муухай орж ирдэг юм, гутал энэ тэрээ тайлаач гээд жоохон ууралсан. Эхнэрийг нь би жоохон өрөвдөөд нөхрөө чи уухгүй шүү гээд авч ирсэн архинаас нь бид хэд хувааж уучхаад н.Дэлгэрмаа манай гэрт очъё гээд тэдний гэрт очсон. Манай хүн машиндаа үлдээд бид гурав гэрт ороход н.Дэлгэрмаа 0.5 граммын Эликс гэдэг архи гаргаж ирээд хувааж уусан. Ү.А эхнэр рүүгээ дайраад хоорондоо муудалцаад хоолойг нь боогоод байхаар нь би салгах гээд голоор нь орсон чинь гэнэт толгой хэсэгт аягаар цохиод халгалчихсан чинь н.Дэлгэрмаа чи одоо хүний толгой хагалчихлаа гээд дахиад муудалцаад Ү.А эхнэрээ боогоод байж байхад гаднаас манай нөхөр сонсоод ороод ирээд салгасан чинь манай хүний хөл рүү хоёр удаа өшиглөөд манай нөхөр сөхрөөд уначихсан. Босож чадахгүй байсан. Би тэгээд цагдаа дуудсан. Би цагдаа ирэх хооронд нөхрөө өргөөд машиндаа суулгаад гэрт хүргэж өгөөд цагдаа ирэхээр нь буцаад очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
-Хохирогч Г.Бын “Тухайн орой гэртээ байж байхад манай найз Ү.А эхнэрийн хамт орж ирээд 1 шил Тайга архи уусан. Тэр архиа дуусгаад Ү.Аийн гэрт очсон. Хамт жоохон сууж байгаад гадаа машиндаа ороод суусан. Эхнэр гарч ирэхгүй удаад байхаар нь гэрт яваад ороход манай эхнэрийн толгойноос цус гарчихсан Ү.А эхнэрийнхээ дээр гарчихсан хоолойг нь боогоод байж байсан. Би Ү.Аийг боль гээд татаад хойш нь босгосон чинь миний хөл хэсэгт өшиглөх шиг болсон чинь хөл эвгүй болоод хөдөлж чадахаа больсон. Эхнэр босож ирээд намайг түшээд гэрт хүргэж өгөөд цагдаа ирчихлээ гэж хэлээд буцаж гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
-Гэрч Б.Дэлгэрмаагийн “...Нөхөр бид хоёр Г.Бын гэрт очсон. Тэнд сууж байгаад манай гэрт 4-үүлээ очоод 1 шил 0.5 граммын Эликс архи хувааж уугаад юм яриад дууссан. Манай нөхөр Ү.А Г.Бтай жоохон маргаан үүсээд манай нөхөр аяга аваад шидсэн чинь О.Т урдуур нь ороод цохиулчихсан. Г.Б, О.Т нар манай хүнтэй маргалдаж муудалцаад цагдаа дуудсан. Бусад зүйлийг бол мэдэхгүй байна...”
-Гэрч Х.Түмэн-Өлзийгийн “ Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байхад 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой 24 цагийн орчимд утсаар О.Т гэх хүн залгаад намайг Ү.А зодсон, хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан гэх дуудлага, мэдээлэл өгсөн юм. Тэгээд би сумын эрүүл мэндийн байгууллагад хүн зодуулсан байна гэж мэдэгдээд эмчийн хамтаар тухайн дуудлага өгсөн газар болох Жимстийн 1-1 тоотод Ү.Аийн гэрт очиход дуудлага мэдээлэл өгсөн О.Т гэх хүн байхгүй байсан. Дуудлага өгсөн утсаар нь залгахад толгой нь хагарсан асрамжийн газар орж оёдол тавиулах гээд явж байна гэхээр нь би сумын эмчийг авчирсан байна буцаад ир гэсэн. Тэгээд Ү.Аийн гэрт ороход Ү.А эхнэрийн хамтаар унтаж байсан. Дуудаж босгоод тухайн гэрт юу болсон талаар асууж тодруулахад Ү.А ямар нэгэн хэрэг зөрчил болоогүй, би гэртээ унтаж байна гэсэн. Тэгээд Ү.Аийг босож хувцсаа өмсөх шаардлага тавьсан. Тэгтэл гаднаас О.Т орж ирсэн дуудлагаар цуг ирэн сумын эмч О.Т Ү.Аийн эхнэр Б.Дэлгэрмааг үзүүлэхэд сумын эмч О.Тиийн толгой хагарсан байна оёдол тавих шаардлагатай гээд оёдол тавьсан. Б.Дэлгэрмаагийн биед учирсан гэмтэл байхгүй гээд үзүүлээгүй. Тэгээд Ү.Аийг аваад сумын эмч О.Т нарын хамтаа Г.Бын гэрт очоод Г.Бын биед үзлэг хийхэд хөл нь хугарсан байна. Улаанбаатар явах шаардлагатай гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
-Шүүгдэгч Ү.Аийн сэжигтнээр өгсөн “Ажлаасаа буугаад найз Г.Бын гэрээр эхнэрийн хамт ороод 0.75 литрийн Тайга нэртэй архи уугаад бид 4 манай гэрт очсон. Хоол идээд юм яриад 0.5, 0.75 граммын 2 шил Эликс нэртэй архи уусан. Бид хэд хоорондоо тоглож байгаад нэгэндээ гомдоод хоорондоо муудалцаж эхэлсэн. Би ширээн дээрээс аяга аваад хана руу шидсэн чинь урдуур О.Т орж ирээд аяганд цохиулчихсан. Г.Б босож ирээд юу болоод байгаа юм бэ гээд сандал дээрээс босохдоо хальт гишгээд өмнө хугарчихсан байсан хөл нь дахиад хугарсан. Тэгээд О.Т нөхрөө аваад гэртээ харьсан. Би эхнэртэйгээ унтаад байж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
-Шүүгдэгч Ү.Аийн сэжигтнээр өгсөн “Төв аймгийн Батсүмбэр суманд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой эхнэр Б.Дэлгэрмаа, Г.Б, О.Т бид нар дэлгүүрээс архи аваад Г.Бын гэрт очиж тухайн авсан архиа хувааж уугаад тэдний гэрээс гараад манай гэрт очих гээд гараад хоол цай идэж уугаад мөн нэг шил архи би гаргаж ирээд түүнийгээ хувааж уугаад сууж байгаад би Г.Бтай хэрүүл маргаан болоод барьцалдаж аваад Г.Бын зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгтэл Г.Б хөл нь эвгүй боллоо гээд суусан. Тэгээд би ширээн дээр байсан аяга авч хана руу шидсэн чинь О.Т тухайн шидсэн аяганы урдуур орж дух хэсэгт нь цохиулан гэмтэл учирсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 461 дугаартай “О.Тийн биед духанд шарх, зүүн хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байн. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам, зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 460 дугаартай “Г.Бын биед тахилзуур, шаант ясны хугарал, хүзүү, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам, зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай “Г.Бын гэх нэртэй 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн баруун хөлний рентген зурагт гэмтлийн гаралтай эмгэг өөрчлөлт тогтоогдсонгүй. Нэмэлтээр ирсэн Г.Бын 2021 оны 08 дугаар сарын 22-ны рентген зураг нь баруун хөлний рентген зураг болно. Г.Бын биед 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үзлэг хийхэд зүүн хөлний шилбэ гөлтгөнөн боолттой байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 07-ны рентген зураг нь зүүн хөлний рентген зураг болно. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зүүн шилбэний рентген зурагт тахилзуур ясны зөрүүгүй хугарал, шаант ясны доод булууны сэлтэрсэн хугарал нь шинэ хугарал болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Ү.Аын яллагдагчаар өгсөн “...Г.Бын зүүн хөл рүү өшиглөж гэмтэл учруулсан... О.Тийн толгой руу цохиж гэмтэл учруулсан, аяга тухай үед хагарсан юм. Тэгээд тэр дор нь гэр цэвэрлээд хаясан юм... Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө иргэн О.Тийн биед хөнгөн, иргэн Г.Бын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ү.А нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Жимстийн 1-1 тоотод байрлах гэртээ эхнэр Б.Дэлгэрмаатай муудалцаж, улмаар тэднийг салгах гэж байсан О.Тийн толгойн тус газар аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн Г.Бын зүүн хөлөн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ү.А нь хохирогч О.Тийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Г.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ү.Аын бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг хууль бус үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус шинжтэй санаатай үйлдэл, учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ү.Аийг хохирогч О.Тийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Г.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Х.Оюунцэцэгээс: “Шүүгдэгч Ү.А үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал хэвийн байдал хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн нийт 2.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас: “Ү.А гэм буруугаа бүрэн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлоо бүрэн төлсөн. Миний үйлчлүүлэгч цаашид гарах зардлаа төлнө. Шинээр өгсөн баримтад миний үйлчлүүлэгчийн өрхийн орлого 1.010.000 төгрөгийн орлоготой ажилладаг, асрамжийн газарт бүтэн жилээр ажилладаг учраас торгуулийн ял оногдуулах хүсэлтэй байна. Торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож өгнө үү. Зүйлчлэлийн хувьд 2 зүйл анги нь 450.000 төгрөгийн торгох ялаар эхэлдэг. Өмгөөлөгчийн зүгээс 1.500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Ү.А хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан шүүгдэгч Ү.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нэмж нэгтгэн 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Ү.Аэд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Ү.Аэд оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ү.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Тийн биед хөнгөн хохирол, хохирогч Г.Бын биед хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Г.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байна.
Хохирогч О.Т, Г.Б нар нь хэрэгт 812.175 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс 501.705 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаж, 310.470 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд шүүгдэгч Ү.А нь хохиролд 1.698.175 төгрөг төлсөн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Т нь хохирогч Г.Бын ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй хавтаст хэргийн 101-н ар талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хохирогч Г.Бын цалингийн тодорхойлолт мөн гэж үзэх боломжгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 2134004030009 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ү.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү.Адыг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ү.Адыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ү.Аэд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр, мөн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Адэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр тогтоосон торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ү.Адэд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2134004030009 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч О.Т, Г.Б нар нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ү.Адэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА