Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 2123000000203 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр хүүхдийн хамтаар Завхан аймаг сум баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, Регистрийн дугаар: *******

Шүүгдэгч: Ц.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орчим Завхан аймгийн сум Чандмана багт орших иргэн Ц.*******ийн гэрт орох үедээ түүний 800.000 /Найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий ногоон нуухтай, улаан чулуун толгойтой, мөртэй шинэ цагийн шар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж, түүнд 800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******гийн ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орчим Завхан аймгийн сум Чандмана багт орших иргэн Ц.*******ийн гэрээс ногоон нуухтай, улаан чулуун толгойтой, мөртэй шинэ цагийн шар манан хөөргийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Хөөргөө алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ц.*******ийн “... 2021 оны 11 дүгээр сарын 05-нд хөөргөө гэрээсээ хайгаад олохоо байсан. Тухайн өдрүүдэд манай гэрт ...******* манай найз нар байсан. ...Миний хөөрөг шар өнгийн торгон даалинтай ногоон нуухтай, улаан чулуун толгойтой, мөртэй, шинэ цагийн шар манан хөөрөг байгаа юм. ...Одоо хөөргөө буцаагаад авчихсан. надад гомдол санал алга...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн алдсан гэх ногоон нуухтай, улаан чулуун толгойтой, мөртэй, шинэ цагийн шар манан хөөргийг шүүгдэгч Ц.******* өөрт нь өгсөн талаар мэдүүлсэн гэрч Д.*******ын “...2021 оны 11 дүгээр сарын 02-нд Сайхан багийн засаг даргын сонгууль дээр очиж саналаа өгчихөөд *******ынд орсон. ...би цай уугаад гарсан чинь ******* хамт гарч ирээд куртикныхаа халааснаас шар өнгийн, ногоон нуухтай, улаан толгойтой хөөрөг гаргаж ирж надад өгөөд нөгөө надад 2020 онд өгсөн байсан хөөргөө авсан... Даалингүй хөөрөгнийх нь халбага нь байхгүй, шар мана юм шиг хөөрөг куртикнээсээ гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...Манай өвгөн ******* нэг халтар манан хөөрөгтэй байж байгаад ******* гэгч нэг удаа гуйж аваад тэгээд өгөөгүй гэсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 02-нд Сайхан багийн засаг даргын дахин сонгуулиа өгөөд эргэж ирсэн чинь манай өвгөн өөр хөөрөг барьсан халбага нь байдаггүй халбага хийдэг юм уу даа гээд сууж байхаар нь юун хөөрөг юм гэсэн чинь нөгөө ******* өмнө нь өгсөн хөөргөө хүний хөөрөг байсан гээд авсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.*******ын “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ...*******ийнд би архи уусан. ...******* гэртээ ганцаараа архи уугаад тасраад унтчихсан байхаар нь би хоймрын орны толгойн хажууд номын сангийн дээр байсан хөөргийг нь аваад гэртээ харьсан юм. Гэртээ очоод байж байтал ******* гуай манайд ирсэн юм. Өмнө нь би ******* гуайн хөөргийг гуйж аваад гээчихсэн, хөөрөгний өртэй байсан болохоор *******ийнхээс авсан хөөргөө өгчихсөн юм.

Шинэ цагийн ногоон нуухтай, улаан чулуун толгойтой, мөртэй, шар манан гэмээр хөөрөг байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-н үнэлгээчний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 150 дугаартай алдагдсан хөөрөгний үнэлгээг “шинэ цагийн ногоон нуухтай, улаан чулуун толгойтой, мөртэй, шар манан хөөрөгний үнэлгээг 800000 төгрөгөөр тогтоолоо” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүдэгч Ц.*******ыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн ногоон нуухтай, улаан чулуун толгойтой, мөртэй шинэ цагийн шар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Мөн түүнчлэн шүүгдэгч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг мэдэж хүсч үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг, бусдын ногоон нуухтай, улаан чулуун толгойтой, мөртэй шинэ цагийн шар манан хөөргийг хулгайлсан үйлдэл “Хулгайлах” гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангажээ. Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ц.*******т хөөргийг хүлээлгэн өгсөн, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар : Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Ц.*******ын хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ. Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн тэссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.*******т 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ц.*******т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА