Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0204

 

С.Л-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч С.Л-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн С.Л-гийн нэхэмжлэлтэй, НДЕ- газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Ч.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Л- би Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх НД-ын хэлтсийн даргаар 1994 оноос 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хорин нэгэн жил ажилласан. Гэтэл НДЕ- газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн заалтыг баримталсан байсан ба энэ нь албан тушаал бууруулах заалт боловч чөлөөлсөн тушаал гаргасан байна. Хууль буруу хэрэглэсэн байдаг. Энэ талаар хариуцагчаас шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт ажил, албан тушаалаас нь чөлөөлөөгүй, харин албан тушаал бууруулсан гэдэг тайлбарыг нэмэлтээр гаргасан байна. Ажил, албан тушаал бууруулах байсан бол НДЕ- газрын дарга тушаалаа зөв гаргах шаардлагатай. Тус тушаалаас үзэхэд ажил, албан тушаал бууруулаагүй нь харагддаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх бөгөөд 2013 оны байдлаар 92 хувьтай, 2014 онд 89 оноогоор гэрээний үүргийн биелэлт дүгнэгджээ. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн гэрээ үнэлэх журмын 13.1-д 90-100 оноо буюу А-маш сайн, 13.2-т нь 80-89 оноо буюу В-сайн гэсэн үнэлгээ байдаг. Ийм үнэлгээ байхад үүнийг баримтлалгүйгээр зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь учир дутагдалтай байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж НДЕ- газрын даргын 2015 оны Б/90 дугаар тушаал нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх гэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасан захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл бүрдэж байна. Учир нь тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргах үндэслэлтэй байна. Миний бие олон жил үр бүтээлтэй ажилласныг төр засаг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг-ийн одонгоор шагнаж, байгууллага маань системийн хэмжээнд эхний таван байранд удаа дараа шалгарч байсан юм.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад заасныг баримтлан намайг ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд С.Л- намайг ажлаас илт үндэслэлгүй чөлөөлсөн хууль бус тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, НД-ын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч НДЕ- газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өвөрхангай аймгийн НД-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Л-г НДЕ- газрын даргын 2015 оны Б/90 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, НДЕ- газарт мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг үүрэг болгосон. Нэхэмжлэгч С.Л-г Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад заасан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулсан. С.Л-г албан тушаал бууруулах болсон үндэслэл нь Өвөрхангай аймгийн НД-ын хэлтсийн 2014 оны Сангийн нийт шимтгэлийн орлогын төлөвлөгөөний биелэлт 79.51 хувьтай байсантай холбоотой. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны Салбар зөвлөл С.Л-гийн өргөдлийг авч хянаад НДЕ- газрын даргын Б/90 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн байдаг. НДЕ- газрын даргын 2015 оны Б/90 тоот тушаалаар С.Л-г ажлаас халаагүй бөгөөд ажил, албан тушаал бууруулсан. Түүнчлэн С.Л-тай Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн н.Цэрэннадмид удаа дараа утсаар ярьж, Ерөнхий газрын удирдлагатай ирж уулзахыг хэлж ярьж байсан, сүүлдээ утсаа авахаа байсан. Мөн хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хуулийн зөвлөх С.М- утсаар залгаж ярихад та нартай очиж уулзах асуудал, шаардлага байхгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл С.Л- нь нэг ч удаа ирж уулзаагүй байж ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. НДЕ- газрын Тамгын газрын дарга Д.Мэндбаяр С.Л-г ирж уулзвал ажил санал болгох гэтэл өөрөө ирэхгүй байгаа нь өөрийнх нь эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэстэй байна. Нэхэмжлэгч С.Л-гийн нэхэмжлэлийн агуулга ч Төрийн албанаас чөлөөлөгдсөн гэсэн агуулгаар бичигдсэн байна. Энэ нь нэхэмжлэгч С.Л- өөрөө ажлаас чөлөөлөгдсөн гэж ойлгоод ирж уулздаггүй, мөн өдий хүртэл ажилгүй байгаа нь өөрөөс нь шалтгаалсан юм. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин, НД-ын шимтгэл төлөх үндэслэлгүй бөгөөд ирж уулзаж, тодорхой ажил эрхлэх бүрэн боломжтой гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, НДЕ- газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С.Л-г ажлаас чөлөөлөх тухай Б/90 дугаар тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг НДЕ- газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.004.354 /арван нэгэн сая дөрвөн мянга гурван зуун тавин дөрвөн/ төгрөгийг С.Л-д олгох, НД-ын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг НДЕ- газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М- давж заалдах гомдолдоо:С.Л-гийн нэхэмжлэлтэй, НДЕ- газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээрсарын 14-ний өдрийн 46 тоот шийдвэрийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардан авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан эрхийн хүрээнд давж заалдах журмаар гомдолд гаргаж байна. Үүнд:

1. НДЕ- газрын даргын Б/90 тоот тушаал нь
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг
үндэслэн /албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод ч заасан зорилго,
зорилтоо хангалтгүй биелүүлсэн" гэж С.Л-г ажлаас нь чөлөөлж,
захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан.

С.Л- нь 2014 оны Сангийн нийт шимтгэлийн орлогын төловлөгөөний биелэлт 79,51 хувьтай байсан нь зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэнийг илэрхийлсэн бөгөөд 2014 онд байгуулсан менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн үзүүлэлтийн 1.6-д заасан хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуурүзүүлэлтийн хүрэх түвшний б/ бусад авлага болон удирдах дээд байгууллагын, аудитын, хяналт шалгалтын байгууллагын санхүүгийн шалгалтаар илэрсэн урьд онуудын шийдвэрлэгдээгүй төлбөр зөрчлийг 100 хувь барагдуулах гэсэн биелэлт дээр оноо аваагүй 0,00 гэж дүгнэгдсэн байгааг шүүгч анхааран үзсэнгүй.

2.       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1-д "захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгана"
гэж заасны дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх
салбар зөвлөлийн Томдол шийдвэрлэх тухай" 20 дугаар тогтоол гаргасныг
холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт гаргаагүй гэж үзсэнийг хүлээн
зөвшөөрөхгүй байна.

3.    Өвөрхангай аймгийн НД-ын хэлтсийн даргаар
ажиллаж байсан С.Л-г НДЕ- газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, НДЕ- газарт мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг үүрэг болгосон нь түүнийг албан тушаал бууруулсныг нотолж байхад шүүгч нотлох баримтыг хэмжээнд үнэлж үзсэнгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн байр сууринаас харж шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй байна.

4.    НДЕ- газрын даргын Б/90 тоот тушаалыг
шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах, түүнчлэн материаллаг буюу хууль
ёсны байх гэсэн эрх зүйн шаардлагуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн нь чухам
ямар хуулийн аль заалтыг зөрчсөн тухай дүгнэж үзээгүй.

5.    НД-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах
хэсэгт "аймаг хэлтсийн даргыг НД-ын төв байгууллагын дарга
НД-ын үндэсний зөвлөлийн аймаг, нийслэл, дүүрэг дэх
салбар нэгжтэй зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө" гэсэн заалт нь албан
тушаал буурч байгаа этгээдэд хамааралгүй зохицуулалт юм.

6.    Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 гэж Б/90
тоот тушаалд тодорхой үндэслэсэн байхад 23 дугаар зүйлийн 23.3., 23.4-д
заасан "захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх
ямар тодорхой үндэслэл бий болсоныг тогтоогоогүй, төрийн албанаас
чөлөөлөх хуулийн тодорхой зүйл, заалтыг эрх зүйн үндэслэл болгож
заагаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалд хамааралгүй дүгнэлт
хийсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй даалгах шийдвэр гаргасан байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс ...НДЕ- газрын даргын тушаалаар С.Л- намайгажлаас чөлөөлөх тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д дэх заалт буюу албан тушаал бууруулах заалтыг баримталсан байх боловч чөлөөлсөн тушаал гаргасан байна... миний бие 2013 оны байдлаар үр дүнгийн гэрээний биелэлт 92, 2014 онд 89 хувьтайгаар тус тус дүгнэгдсэн. ... гэтэл намайг ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж, хариуцагчаас...Өвөрхангай аймгийн НД-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Л-г НДЕ- газрын даргын 2015 оны Б/90 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, НДЕ- газарт мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг үүрэг болгосон ... Нэхэмжлэгч С.Л-г Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулсан... үндэслэл нь Өвөрхангай аймгийн НД-ын хэлтсийн 2014 оны Сангийн нийт шимтгэлийн орлогын төлөвлөгөөний биелэлт 79.51 хувьтай байсантай холбоотой ... НДЕ- газрын даргын тушаалаар С.Л-г ажлаас халаагүй бөгөөд ажил, албан тушаал бууруулсан...гэж тус тус маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэж төрийн албанын үндсэн зарчмыг, 23 дугаар зүйлийн  23.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно, 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах нөхцөл шаардлага, ногдуулах эрх бүхий этгээдийг тодорхойлон заажээ.

Эрх бүхий албан тушаалтнаас төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах шийдвэр гаргах тохиолдолд тухайн ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байсныг холбогдох баримтуудад үндэслэн тодруулан тогтоосны үндсэн дээр тус сахилгын шийтгэлийг ногдуулах бол тус шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч С.Л- нь маргаан бүхий актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байх тул шүүх юуны түрүүнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу илт хууль бус захиргааны акт гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, маргаж буй харилцаанд мөрдөгдөх хууль зүйн зохицуулалт, маргааны үйл баримтад тал бүрээс нь дүн шинжилгээ хийж, захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Захиргааны актын илт хууль бусад тооцох нөхцлүүдийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тоочиж заасны дотор 9.1.1-д захиргааны акт утга агуулгын хувьд илэрхий алдаатай, 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.8-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж заасан байна.

Анхан шатны шүүх ... маргаан бүхий НДЕ- газрын даргын 2015 оны Б/90 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4-д заасан захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх ямар тодорхой үндэслэл бий болсныг тогтоогоогүй, төрийн албанаас чөлөөлөх хуулийн тодорхой зүйл заалтыг эрх зүйн үндэслэл болгож заагаагүй гэж зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, НДЕ- газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг буюу төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаал бууруулах заалтыг үндэслэн ...С.Л-г НДЕ- газарт мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг Тамгын газарт үүрэг болгосугай гэж заасан боловч тушаалын товч утга заасан толгой хэсэгт С.Л-г ажлаас чөлөөлөх тухай гэж тодорхойлсны дээр НДЕ- газарт мэргэжлийн дагуу ямар албан тушаалд ажиллахыг тодорхой шийдвэрлээгүйгээс үзвэл бодит байдалд түүнийг төрийн албанаас нь чөлөөлсөн шийдвэр болсон гэж үзэхээр байх тул утга агуулгын хувьд илэрхий алдаатай буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 2014 онд байгуулсан менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн үзүүлэлтийн[1]1.6-д заасан хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшний б/ бусад авлага болон удирдах дээд байгууллагын, аудитын, хяналт шалгалтын байгууллагын санхүүгийн шалгалтаар илэрсэн урьд онуудын шийдвэрлэгдээгүй төлбөр зөрчлийг 100 хувь барагдуулах гэсэн биелэлт дээр оноо аваагүй 0.00 гэж , оноог дундажлан нийт авах ёстой 30 онооноос нийт 14.50 оноог өгч, бүхэлд нь 89.99 оноогоор дүгнэж сайн үнэлгээ бүхий 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн баримт, 2014 онд НДЕ- газрын дарга Ц.Уртнасангаас С.Л-д төсвийн урамшуулал олгохоор санал гаргаж байсан[2] зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч 2014 онд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...С.Л- нь 2014 оны Сангийн нийт шимтгэлийн орлогын төлөвлөгөөний биелэлт 79.51 хувьтай байсан нь зорилго зорилтоо хангалтгүй биелүүлснийг илэрхийлсэн...2014 онд байгуулсан менежерийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн үзүүлэлтийн 1.6-д заасан хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшний б/ бусад авлага болон удирдах дээд байгууллагын, аудитын, хяналт шалгалтын байгууллагын санхүүгийн шалгалтаар илэрсэн урьд онуудын шийдвэрлэгдээгүй төлбөр зөрчлийг 100 хувь барагдуулах гэсэн биелэлт дээр оноо аваагүй 0.00 гэж дүгнэгдсэн байгааг шүүгч анхааран үзсэнгүй... гэж давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, уг нөхөн олговроос эрүүл мэндийн болон НД-ын шимтгэлийг суутгаж тооцож олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин нэхэмжлэгч С.Л- НДЕ- газрын даргын С.Л-г ажлаас чөлөөлөх тухай Б/90 дүгээр тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох... гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж С.Л-г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг НДЕ- газарт даалгаж шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, НДЕ- газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С.Л-г ажлаас чөлөөлөх тухай Б/90 дүгээр тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ