Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/MA2016/0456

 

М.Зэнзмаа нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ц.Намжилмаа, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Батбаатар нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Зэнзмаа, Ц.Намжилмаа, Ц.Пүрэвсүрэн, Д.Отгонлхагва, Г.Эрдэнэбаатар нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр 4.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 486 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 7 орон сууцыг шинэчлэх, 1,4 га газрыг шинэчлэх төслийг “Гэзэгийн худаг” ХХК-д өгөхөөр шийдвэрлэснийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хариуцагч нараас уг 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээдийг хуульд зааснаар сонгон шалгаруулахыг хариуцагч нарт даалгуулах шаардлагатай нэхэмжлэлээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 486 тоот захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 7 орон сууцыг шинэчлэх, төслийг “Гэзэгийн худаг” ХХК-иар гүйцэтгүүлэхээр зөвшөөрч, 1,4 га газрыг эзэмшүүлэх эрх олгохоор зөвшөөрсөн дүгнэлтийн актуудыг тус тус түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныг баримтлан холбогдох дэд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг хуульд заасан журмын дагуу дүгнэн шалгаруулсны үндсэн дээр холбогдох захиргааны актыг гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 162 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй. Шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгч нарын зүгээс “Гэзэгийн худаг” ХХК-ийг уг төслийг хэрэгжүүлэх чадваргүй, хөрөнгийн эх үүсвэргүй, олон аж ахуйн нэгж, байгууллагуудаар ажил гүйцэтгүүлж ажил гүйцэтгүүлсний хөлсийг өгөлгүй их хэмжээний өрөнд орсон гэж маргадаг. Хэргийн материалд ямарваа нэг хууль бус гэх баримт байхгүй, нэхэмжлэгч нарын цагдаагийн газарт гаргасан гомдлын дагуу гомдлыг шалгаж хууль бус баримт ашигласан болох нь тогтоогдоогүй, энэ прокурорын тогтоол хэрэгт авагдсан байгаа болно. Түүнчлэн төсөл хэрэгжих хугацааны 80 орчим хувьд буюу 3 жил гарангийн хугацаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар маргаан бүхий газар үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн, ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Мөн хэрэгжих явцад зарим нэг хувийн ашиг сонирхолтой оршин суугчдын гаргасан хэл ам, шүүхийн ажиллагааны удаашралтай явцаас хамаарч төсөлд хөрөнгө оруулахаар тохиролцсон гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нар нүүрээ буруулж, төслийг хэрэгжүүлэхэд удаа дараа саад болж байсан болно. Энэ мэт байдлыг үнэлж цэгнээгүй, нотлох баримтыг бодитой шинжлэн судлаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар нь “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 486 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 7 орон сууцыг шинэчлэх 1,4 га газрыг шинэчлэх төслийг “Гэзэгийн худаг” ХХК-д өгөхөөр шийдвэрлэснийг илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх,  уг 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээдийг хуульд зааснаар сонгон шалгаруулахыг хариуцагч нарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучнаар/ 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар маргаан бүхий захиргааны актуудыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

          Нийслэлийн барилга, хот, байгуулалт төлөвлөлтийн газрын 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлаар “Гэзэгийн худаг” ХХК-ийн боловсруулсан 1,4 газрын “Үйлчилгээтэй орон сууцны хотхон”-ы байршлын схем зургийг баталгаажуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд оруулснаар маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 486 дугаар захирамж гарчээ.

          Уг захирамжаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн Ж-1 дүгээр хэсгийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн, иргэд, оршин суугчдын оролцоотой хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай Барилга, хот, байгуулалтын төлөвлөлтийн газар /хуучнаар/ болон “Гэзэгийн худаг” ХХК-ийн саналыг дэмжин 1,4 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулан 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх олгосон байна.

 Хариуцагч Нийслэлийн барилга, хот, байгуулалтын төлөвлөлтийн газар /хуучнаар/ нь Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т зааснаар шинэ хороолол, бичил хорооллын зураг төсөл, техникийн баримт бичгийг батлах эрхтэй ч энэ чиг үүргээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана,” 18 дугаар зүйлийн 18.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хотын захирагчийн ажлын алба нь энэ хуулийн хүрээнд гаргасан аливаа шийдвэрийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлнэ” гэж зааснаар төслийг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгохдоо “Гэзэгийн худаг” ХХК нь тухайн орон сууцны өмчлөгч нартай тохиролцсон эсэх, оршин суугчид зөвшөөрсөн эсэхийг шалгах шаардлагатай байжээ.

Гэтэл тухайн аж ахуйн нэгжийн бүрдүүлж өгсөн бичгийн баримтад үндэслэн “Гэзэгийн худаг” ХХК-нд эрх олгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

          Шүүх маргаан бүхий актыг хүчингүй болголгүйгээр газар эзэмших эрх олгосноос хойш үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн “Гэзэгийн худаг” ХХК төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх гэж байгаа, төслийг хэрэгжүүлэх зорилгоор бусад этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх болон хамтран ажиллах гэрээ хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлээгүй байсан хангалттай хэмжээний хугацаанд төслийг хэрэгжүүлэх ажил хийгдээгүй, тухайн орон сууцны оршин суугчдын дийлэнхи нь цонх, хаалгаа авч явсанаас уг орон сууцанд хүн амьдрах боломжгүй болж үлдсэн айл өрхүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа, тус компани газрын төлбөрт 30.800.000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус компанид газар эзэмшүүлэх асуудлыг дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн үндсэн үүрэг, эрхэм зорилготой нийцжээ.

           Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтүүдээр удаа дараа хойшлуулж шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангасан тул дахин хурал хойшлуулахыг хүссэн хүсэлтүүдийг хангах боломжгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН