Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 08

 

Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Л.Амаржаргалын өмгөөлөгч Л.Жавзмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 59А дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 737 дугаар магадлалтай, 201626020092 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Амаржаргалын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Их Монгол овогт Лхагважавын Амаржаргал нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чонод овогт Энхболдын Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Их Монгол овогт Аюушийн Баатар нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Л.Амаржаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил хорих ялаар, Э.Мөнх-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 cap хорих ялаар, А.Баатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 cap хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 59А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар, тэдгээрийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Г.Энхтүвшин, Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Л.Жавзмаа, Ч.Болдбаатар нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад таамаглалаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч цүнхээ тавихгүй чирэгдэн унаснаас гэмтэл учирсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хохирогч цүнхнийхээ оосорыг гартаа ороосон байсныг шүүгдэгч хараагүй буюу мэдээгүй байдаг. Тиймээс булаалт үйлдэх явцад хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн 146, 98 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна. А.Баатар нь булаалтын гэмт хэрэгт оролцсон оролцоо байхгүй болох нь камерын бичлэг болон бусад нотлох баримтаар тодорхой байдаг. Харин түүний үйлдлийг гэмт хэргийг үл мэдээлсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй гэж үзэж байна.

Тэрээр шүүгдэгч Амаржаргалтай хамт байсан боловч ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Амаржаргал гэнэт үүссэн санаагаар хохирогчийн цүнхийг булааж зугтсан гэмт үйлдлээс болсон нь түүний өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэсэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэг хангагдаагүй гэж үзэж байна.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжилсний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байтал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хяналтын шатны шүүх үүнийг зөвтгөж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, А.Баатарын зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хэрэв дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл А.Баатарт Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон нь эргэлзээтэй, мөн ямар хэрэг үйлдэх талаар огт тохиролцоогүй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгээс харагддаг.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн үйлдлийн оролцоо, хор холбогдлыг ялгаж үзээгүйгээс болж хамт явсан Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын эрх зүйн байдал дордож тэдэнд оногдох ял шийтгэл нь хүндэрч байгаа болно. Иймд Эрүүгийн хуулийн 6, 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 155, 246 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Л.Амаржаргалын өмгөөлөгч Л.Жавзмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...хохирогчийн цүнхэнд хүрч татсанаар довтолгоон эхэлж дээрмийн гэмт хэрэг төгссөн байх ба тухайн үед хүч хэрэглээгүй, өөрөөр хэлбэл довтолгоон хүч хэрэглэхтэй нэгэн зэрэг хийгдэх дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна. Харин цүнхийг салгаж авах санаа зорилгоо хэрэгжүүлэхээр хүч хэрэглэснээр хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Тухайн үед хохирогчийн цүнхийг булааж аваад гадагшаа чиглэн зугтах явцад хохирогч цүнхнийхээ оосорыг гартаа ороочихсон байсан тул чирэгдэж улмаар биед нь хүндэвтэр гэмтэл учирсан. Тухайн үед хохирогчид гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй, цүнхийг алдахгүйн тулд гадагшаа чиглэсэн зугтах үйлдлээс хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан. Иймд 2 тусдаа бие даасан “булаах”, “дээрэмдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдэл гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн талаар зөрүүтэй дүгнэлт хийжээ. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь амь насанд аюултай шинж агуулаагүй, санаатайгаар биед нь халдаж гэмтэл учруулаагүй, өөрөөр хэлбэл гэмтэл нь болгоомжгүй байдлаас үүссэн, цүнхийг нь авахын тулд дотогшоо хохирогч руу чиглэсэн ямар ч үйлдэл хийгээгүй, гадагшаа зугтах үйлдэл хийснээс хохирогчид гэмтэл учирсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 92 дугаар зүйлийн 92.2, 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1, 140 дүгээр зүйлийн 140.1 дэх заалтууд илтэд зөрчигдөж байцаан шийтгэх ажиллагаа хуульд нийцээгүй. Үүнийг шүүхийн шатанд засах боломжгүй байгааг шат шатны шүүх анхаарч үзээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа Л.Жавзмаа өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож дээрмийн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн шатны уруу цүнхний оосороор нь чирж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдгээрийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авахаар урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч Г.Цэцэглэнгийн араас байрны орц руу орж, улмаар хохирогчийн хамт лифтэнд орсон үедээ түүний цүнхийг хүч хэрэглэн шүүрч авсан ба цүнхээ тавихгүй хохирогчийн эсэргүүцлийг дарахын тулд түүнийг шатны уруу чирж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын амь нас, эрүүл мэндэд халдаж хүч хэрэглэсэн аливаа үйлдэл нь хохирогчийн эд зүйлийг авахаас өмнө, эсхүл бусдын эд зүйлийг хууль бусаар авсны дараа тухайн эд зүйлийг хохирогчид буцааж өгөхгүй, өөрсдийн эзэмшилд үлдээхийн тулд хохирогчийн зүгээс ирэх эсэргүүцлийг дарахад чиглэгддэг.

Хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нарт хуульд зааснаас доогуур ял оногдуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг булаах” гэмт хэргээр зүйлчлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 59А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 737 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Амаржаргалын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч А.Баатарын өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                                    ДАРГАЛАГЧ,           

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                  Т.УРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                        Б.БАТЦЭРЭН