Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч С.Д, Н.Н, тэдгээрийн өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Д, Н.Н нарт холбогдох 2134003220464 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт 

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймаг Бүрд 3 дугаар багийн нутаг Донгит гэх газарт оршин суух хаягтай боловч одоогоор гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, С.Д

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н, С.Д нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутагт “Дэлийн энгэр” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө иргэн Н.Бийн өмчлөлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 3.776.600 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Н нь:Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч С.Д нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Н, С.Д нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутагт “Дэлийн энгэр” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө иргэн Н.Бийн өмчлөлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 3.776.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:

   -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

   -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 тал/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-21 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 21 дугаартай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-25 тал/,

-Иргэний нэхэмжлэгч З.Мөнхтөрийн “Би тус тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сард Санлиг овогтой Мөнхжаргал гэх хүнд 2.000.000 төгрөгөөр зараад мөнгөө авчихсан. Бид хоёрын дунд одоо ямар нэгэн өр авлага байхгүй. Би тухайн үед ажил ихтэй байгаад хөдөө яваад нэрээ шилжүүлж амжаагүй байсаар одоог хүрээд байгаа юм... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

-хохирогч Н.Бийн “Би одоогоор Төв аймгийн Эрдэнэсант суманд эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар мал маллан амьдардаг юм. Манайх одоогоос 10 орчим хоногийн өмнө Эрдэнэсант сумын төвөөс зүүн хойд зүгт өвөлжөөндөө гэрээ бариад орхичихсон. Яг гэрээ бүрэн тохижуулж чадаагүй гэрээ барьснаасаа хойш дандаа сумын төвийнхөө гэрт очиж хонодог байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу өчигдөр би эхнэрийнхээ хамтаар өвөлжөөнийхөө урд талд байдаг худгаас үхрээ усалж гаргасан. Тэгээд өдөр нь эхнэрийнхээ хамтаар өвөлжөөн дээрээ очиж саравчин доторх малын бууц хөрзөнгөө ховхолж 15 цаг хүртэл зөөж асгачихаад сумын төвд байдаг гэртээ харьж хонохоор явсан. Явахдаа замаараа үхрээ бүртгэж харахад манай гэрийн урд талын засмал замын урд талд 18 тоотойгоо бүгд бүрэн бүтэн байсан юм. Эхнэр бид хоёр гэртээ хоночихоод өнөөдөр өглөө үхрүүдээ хураагаад бүртгэтэл манай үхрүүдээс дотор нь 3 үхэр байхгүй байсан. Тэгэхээр нь ойр хавиар жаал хайсан боловч олдоогүй, ямар ч сураг ажиг гарахгүй байна. Тэгээд эхнэр бид хоёр өвөлжөөндөө хөрзөн бууцаа ховхолж асгах гээд очтол манай малын хашаан дотор хаалганых нь ойролцоо нэг цагаан өнгийн худалдаа хийж дэлгүүрээс уншуулсан баримт байсан. Мөн малын хашааны гадна баруун талд олс, дээс байхаар нь энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Малын хулгайчид манайхыг эзгүйчилж шөнийн цагаар малын хашаанд үхэр хашиж байгаад ачиж явсан байна гэж бодож байна... Манайх 2021 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө буюу урд шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн Дэлийн энгэр гэдэг газраас зөв талын чих цуулбартай имтэй, буруу талын чих ганзага имтэй 6 настай сартай улаан зүсмийн үнээ 1, хар халтар зүсмийн 6 настай үнээ 1, саарал халзан зүсмийн 2 настай охин бяруу 1, нийт 3 тооны үхрээ алдсан... Би тэр худалдаа хийсэн и-баримтны хүнийг л сэжиглэж байна. Өөр тэр энэ гэх сэжиглэх хүн байхгүй байна. Тэр баримт нь Шонхор Супермаркет гэсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 49 минутад худалдаа хийсэн баримт байсан. Манай гэрт өчигдрийн хувьд гаднаас ирсэн болон ирэх ёстой хүн байгаагүй... 6 настай хоёр үнээгээ тус бүр 1.500.000 төгрөгөөр, харин бяруугаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна... Үхэр хулгайлсан хүмүүсээс өөрийнхөө үхрүүдийг нэхэмжилж төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Гэрч Ч.Насанжаргалын “Одоогоо 6-7 хоногийн өмнө манай гэрт н.Доной, н.Насаа гэх 2 залуу саарал өнгийн жижиг тэрэгтэй ирээд энүүхэн эндээс хонь, ямаа ачиж ирэх гэсэн юм та машинаа өгчих гээд манай нөхөр н.Мөнхжаргалд хэлсэн юм. Тэгсэн манай нөхөр ойрхон юм бол би өөрөө машинтайгаа яваад өгье гэж хэлээд хамт явсан. н.Доной, н.Насаа 2 машинаа танай гэрийн гадаа үлдээгээд явна. Тэгсэн манай нөхөр орой ирэхдээ н.Донойгийн хамт н.Доной машиныг нь барьчихсан манай нөхөр согтуу, машиндаа ирсэн. Тэгсэн машиндаа хүрэн зүсмийн үнээ амьдаар нь ачиж ирээд гэрийнхээ гадаа уяж хоносон. н.Доной манай нөхрийг хүргэж ирээд гэрийн гадаа үлдээсэн саарал өнгийн жижиг тэрэгтэйгээ яваад өгсөн. Маргааш нь манай нөхөр үхрээ өөрөө хийсэн. Хамт хийх хүн хайгаад олоогүй юм. Надад хэлэхдээ н.Доной гэх хүнээс 1.200.000 төгрөгөөр зээлээр идэшний үхэр авсан гэж хэлсэн. Мөнгийг нь 11 сарын эхээр өгнө гэж хэлээд авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07/347 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-49 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07/363 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-64 тал/,

-Шүүгдэгч С.Д яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н.Н ах дээр 1 сая төгрөгийг хэрэг байна цалин буухаар өгье машины мөнгө нэхэгдээд байна гэж хэлэхэд Аргалант суманд манай нэг танил байдаг үхэр зарна гэж байсан түүнийг очиж аваад мөнгө болгоод хэд хоногийн дараа чиний цалинг буухаар эргүүлээд өгье гэж ярилцаад н.Мөнхжаргалын машиныг гуйхаар бид хоёр тэднийх рүү явсан. Ингээд тэднийд очоод машиныг нь гуйхад ойрхон юм бол цуг яваад ирье гэж хэлээд хамт явсан. Ингээд эмээлтийн дэлгүүр дээр зогсоод архи аваад би машиныг нь жолоодоод Н.Н, н.Мөнхжаргал хоёр замдаа архи уугаад байсан. Тэгтэл нөгөө Н.Нын уулзах хүний утас нь холбогдохгүй байна гээд шууд Эрдэнэсант руу манай дүү байдаг юм, тэндээс хэдэн хонь очиж авъя чи дараа нь цалингаа буухаар мөнгийг нь өгчихнө биз гэж хэлээд Эрдэнэсант руу явсан. Ингээд бууж бие зассан чинь замын хажууд үхэр байсан. Тэгтэл Н.Н надад хандаж эндээс үхэр аваад явах уу гэхээр нь тэгье гэж хэлээд тус үхрийг туугаад ойролцоо байх хашаанд аваачиж хашиж байгаад 3 үхэр барьж машиндаа ачаад Н.Н ахын гадаа үүрээр ирээд н.Мөнхжаргалыг сэрээсэн. Ингээд юун үхэр ачсан юм бэ, би мэдээгүй шүү дээ гэж хэлж байсан. Ингээд би 1 үхрийг нь н.Мөнхжаргал ахад өгөөд та дараа мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд машинтай үхэртэй нь гэрт нь хүргэж өгөөд өөрийнхөө машиныг аваад буцсан. Нэг үхрийг нь Н.Н ах хүнсэндээ хэрэглэсэн. 1 үхрийг нь би 1.200.000 төгрөгөөр зарж машиныхаа мөнгийг өгсөн... н.Мөнхжаргал бид хоёрыг үхэр хулгайлж ачсан гэдгийг мэдээгүй. Тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/,

-Шүүгдэгч Н.Нын яллагдагчаар өгсөн “Манай танил дүү С.Д над дээр хүрч ирээд дүү нь машин зээлээр авсан юм, төлбөр нэхэгдээд байна, мөнгөний хэрэг байна мөнгө байна уу гэхээр нь би манай ах Аргалант суманд үхэр зарна гэж байсан хоёулаа тийшээ очиж уулзъя гээд үхэр ачих машин олъё гэж ярилцаад н.Мөнхжаргалынх руу явж байхдаа би н.Мөнхжаргал руу машинаа өгөөч ойрхон юманд яваад ирье гэж утсаар ярихад би хотод явж байна, гэр рүүгээ очиж байна гэж хэлсэн. Ингээд гэрт нь очоод байж байтал удалгүй хүрч ирээд ойрхноос мал ачаад ирье гэж хэлтэл эхнэр нь уурлаад тэгээд н.Мөнхжаргал явж өгөхөөр болоод гэрийнхээ гаднаас гурвуулаа н.Мөнхжаргалын машинтай хөдөлсөн. Ингээд Аргалантад байх ах руугаа залгатал гар утас нь холбогдох болохоор нь Эрдэнэсантад байдаг манай төрсөн дүү н.Насанжаргалын бага мал зарна гэж байсан учраас тэднийхээс очиж мал авъя, дараа нь чи мөнгийг нь цалингаа буухаар манай дүү нарт өгчхөөрэй гэж С.Дд хэлээд тэднийх рүү явсан. Замдаа н.Мөнхжаргал бид хоёр 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад нийлээд согтсон. Ингээд Эрдэнэсант орох гээд явж байгаад бууж бие засаад зогсож байтал хажууд үхэр байсан. Тэгэхээр нь би С.Дд хандаж эндээс нэг үхэр авчихвал яадаг юм бэ тэгье гэсэн. н.Мөнхжаргал энэ үед юу ч мэдэхгүй согтуу байсан. Ингээд машиндаа амьдаар нь ачаад Улаанбаатарт манай гадаа ирээд зогсоод н.Мөнхжаргалыг сэрээсэн. Ингээд н.Мөнхжаргал бид хоёрт хандаж энэ юун үхэр аччихсан юм бэ гэхээр нь гурвуулаа ачаад ирлээ шүү дээ гэхэд ах нь юу ч мэдээгүй шүүдээ гэж байсан. Ингээд С.Д н.Мөнхжаргал ахыг та 1 үхрийг нь ав гээд өөрөө н.Мөнхжаргалыг үхэр машинтай нь хүргэж өгөөд машинаа унаад ирэн. Үлдсэн 1 бярууг нь би хүнсэндээ хэрэглэсэн. Үнээг нь С.Д өр ширээ дар гээд С.Д өөрөө зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 тал/ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч С.Д, Н.Н нарыг нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Д, Н.Н нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч С.Д, Н.Н нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар

зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Д, Н.Н нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул С.Д, Н.Н нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Мөнхтулгаас: “Шүүгдэгч С.Д үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Н.Нт үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Шонхор супермаркетын 3221084 дугаартай E-баримтыг хэргийн хадгалах хугацаа дуусан хүртэл хадгалах, гараар эрчилсэн олсыг устгуулах, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор хэрэгт ирсэн З.Мөнхтөрийн эзэмшлийн 76-69 УБИ хюьндай Грасе маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож, тухайн тээврийн хэрэгслийн үнэ болон 891.300 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Батцэцэгээс: “Н.Нын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирол төлбөрөө төлсөн. Байшингаас унаад нурууны гэмтэлтэй одоо хагалгаанд орох шаардлагатай байгаа. Мөн С.Д хувьд өрх толгойлсон 4 хүүхдийн эцэг. Тэдгээр хүүхдүүдийг С.Дэс өөр тэжээх хүн байхгүй байгаа. Хохирол төлбөрөө төлсөн,  хохирогч гомдол саналгүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Тийм учраас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зааснаар 1 жилийн хорих ял болгож хөнгөрүүлж өгнө” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүгдэгч С.Д, Н.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир шүүгдэгч С.Д, Н.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Д, Н.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Д, Н.Н нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Хор уршиг хохирол, бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Д, Н.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.Мөнхжаргалын эзэмшлийн З.Мөнхтөрийн нэр дээр бүртгэлтэй “76-63 УБИ” улсын дугаартай “Хьюндай гарсе” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 891.300 төгрөгийг шүүгдэгч С.Д, Н.Н нараас хувь тэнцүүлэн 445.650 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2134003220464  дугаартай хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.Мөнхжаргалын эзэмшлийн З.Мөнхтөрийн нэр дээр бүртгэлтэй “76-63 УБИ” улсын дугаартай “Хьюндай гарсе” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэнг, эд мөрийн баримтаар “Шонхор супермаркетын 3221084 дугаартай E-баримт”-ыг хэрэг хадгалах хугацаа хүртэл хадагдахыг, “гараар эрчилсэн олс” 1 ширхэг хураагдан ирсэнг устгахыг , шүүгдэгч С.Д, Н.Н нь цагдан хоригдсон хоноггүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Д, Н.Н нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Д, Н.Н нарыг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Д, Н.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн 2134003220464 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй,  шүүгдэгч С.Д, Н.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “и-баримт”-ыг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалж, 1 ширхэг “гараар эрчилсэн олс”-ыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газарт даалгаж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Д, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх авч ял эдлэх хугацааг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Д, Н.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.Мөнхжаргалын эзэмшлийн З.Мөнхтөрийн нэр дээр бүртгэлтэй “76-63 УБИ” улсын дугаартай “Хьюндай гарсе” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 891.300 төгрөгийг шүүгдэгч С.Д, Н.Н нараас хувь тэнцүүлэн 445.650 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч шүүгдэгч С.Д, Н.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА