Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.*******д холбогдох 2123001300195 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр, хүүхдийн хамтаар Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Урьд: Завхан аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгний торгуулийн ялаар, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 89 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 20 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02А дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн овогт *******ын *******, /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах замын уулзвар хэсэг дээр ******* улсын дугаартай “Тоёота ЕД” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан. “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг мөн дүрмийн 15.9 дүгээр зүйлд “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж иргэн П.*******ын жолоодож явсан ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар П.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол саналгүй, намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Иймд хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ын ******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах замын уулзвар хэсэг дээр ******* улсын дугаартай “Тоёота ЕД” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа иргэн П.*******ын жолоодож явсан ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Ослын талаар мэдүүлсэн хохирогч П.*******ын “...2021 оны 10 дугаар сарын 02-ны орой ...Дэнж уруудаад явж байтал Шинэ хорооны чиглэлээс хоёр автомашин уруудаж ирж яваа харагдсан. Нэг нь гүйцэж түрүүлээд нэлээн хурдтай ирж яваад уулзвар дээр ирээд Дэнж рүү эргэх гэж байгаа бололтой дохиогоо өгөөд ирэхээр нь би тоолгүй чигээрээ явж байтал миний автомашины баруун талаас мөргөчихсөн. ...би машинтайгаа тэнцвэрээ алдаад зам дээр машинтайгаа онхолдоод дээшээ харчихсан. ...удаагүй эмнэлгийн машин ирээд намайг эмнэлэг аваад явсан. ...миний найман хавирга хугараад уушиг цоорж унасан байна гэсэн. ...би Улаанбаатар хот руу очоод Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлгээр, Зам тээврийн ослын талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ...Шунхлай шатахуун түгээх станцаас бензин аваад цааш хөдлөөд явсан чинь уулзвар дээр хоёр автомашин мөргөлдсөн байсан...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.*******гийн “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Шунхлай“ шатахуун түгээх станцын уулзвар дэнж рүү өгсдөг уулзвар ...Дэнжээс уруудаж явсан Фургон маркийн автомашинтай мөргөлдчихсөн. Надад автомашин жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би хийсэн хэргээ бүрэн ухамсарлаж байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо бүрэн төлсөн байгаа...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******гийн үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.ийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “...Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл нь Тоёота ЕД маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан. “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг мөн дүрмийн 15.9 дүгээр зүйлд “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрсний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой байна...” гэсэн магадлагаагаар тогтоогдсон. Мөн Зам тээврийн ослын улмаас П.*******ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 000000332 дугаартай “...Үзүүлэгч П.*******ын биед зүүн талын 2, 3, 4, 5, 7, 8 дугаар хавирга хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, зүүн уушгины уналт, цоорол гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд, Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд.

Дээрх гэмтлүүд бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд. Үзүүлэгч П.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн үедээ амь насанд аюултай гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт болон Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, дугуйн учирсан хохирлыг тогтоосон дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийн “Н.*******г Alcotest багаж ашиглан шалгахад 1,63 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн хэсгээр тогтоогдож байна. Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж, өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёота ЕД” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо П.*******ын жолоодож явсан ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан буюу “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 800000 төгрөгийг хохирогч П.*******т төлсөн болох нь шүүх хуралдаанд хохирогчийн “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбараар тогтоогджээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ. Шүүгдэгч Н.******* хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ. Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Н.*******г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хасахаар заажээ. Иймд шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хассугай.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Н.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА