Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
Хэргийн индекс | 170/2022/0002/Э |
Дугаар | 2022/ШЦТ/08 |
Огноо | 2022-01-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 2123000000198 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багийн ******* тоотод оршин суух, аймгийн ХХК-д жолооч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн сумын баг ******* тоот өөрийн гэртээ иргэн В.*******той маргалдаж улмаар данх, аяга зэргийг түүний нүүр, толгойн тус хэсэг рүү шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ийн ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн сумын баг ******* тоот өөрийн гэртээ иргэн В.*******той маргалдаж улмаар данх, аяга зэргийг түүний нүүр, толгойн тус хэсэг рүү нь шидэж “баруун хөмсөгний дээд, доод хэсэгт шарх, хавдар, толгойн оройн хэсэгт хуйханд шарх” гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 05-09-р хуудас/ - Хохирогч В.ын “...Тухайн үед буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *******гийн эхнэр мөн *******гийн охин манай нөхөр , ******* бид нар *******гийн гэрт байж байсан. Тэгээд өглөө 09 цаг өнгөрч байх үед ******* гэрээсээ гарч явчхаад удалгүй буцаж ирсэн. Тэгээд ******* өдөржин унтаж өнжсөн. Тэгээд унтаж байгаад сэрээд орой 20-оос 21 цаг орчмын үед ******* дэлгүүрээс 0.33 литрийн нэг шил “Хараа” нэртэй архи авчраад ганцаараа уучихсан. Тэгээд тухайн архийг ууж дуусчхаад ******* эхнэртэйгээ маргалдсан. Тэгэхээр нь би *******г “та дуугүй унтчихаач” гэж хэлсэн чинь үгэнд орохгүй эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгээд эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би *******г ор руу нь түлхчихсэн. Тэгсэн чинь над руу данх болон ахиад модон аяга шидсэн.
Тэгээд миний толгойноос цус гараад байсан. Удалгүй цагдаа ирсэн. ******* эхлээд намайг баруун нүдний дээд талд данхаар нэг удаа цохиод дараагаар нь толгойны орой хэсэгт модон аягаар нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Одоо миний баруун хөмсөгний дээр шалбарч хавдсан, толгойн орой хэсэгт тархи хагарсан. Одоо миний толгой өвдөж, чих шуугиад байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13- 14-р хуудас/, - Гэрч Н.гийн “...Тухайн өдөр би өглөө 09 цагт ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байгаад 13 цагийн үед “манайхаар юу байна” гэж *******той утсаар ярьсан. Тэгсэн ******* “танай хүн жоохон юм уучихсан орж ирээд унтаж байна” гэсэн. Тэгээд би 18 цаг орчмын үед над руу манай нөхөр ******* залгаад надад ганц шил юм авчраад өгчхөөч гэсэн тэгэхээр нь би гэртээ харих замдаа нэг шил 0.33 литрийн “Хараа“ нэртэй архи авчирч өгсөн. Тэгээд манай хүн тухайн архийг ганцаараа уусан. Тэгээд ууж дуусчхаад хоолоо идэж сууж байхдаа “ахиад надаас архи аваад өг” гэж хэлсэн. Тэгэхээр би “үгүй” гэсэн тэгээд тухайн асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Тэгээд манай хүн хоол идсэн бор өнгийн модон аяга аа аваад шидсэн. Тэгсэн үүдэнд сууж байсан ыг цохичихсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/, - Гэрч Х.ын “...Би өглөө 08 цаг 30 минутад хичээлдээ явчхаад орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэх үед аав архи уучихсан байсан. Тэгээд ээжтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд аав гэрийн том өрөөнд хоол идэж байгаад хоол идэж байсан аягаа аваад шидчихсэн. Тэгсэн чинь үүдний хаалганы хажууд сууж байсан ******* эгчийн толгойг цохчихсон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000000422 дугаартай “...Иргэн В.ын биед баруун хөмсөгний дээд, дотор хэсэгт шарх, хавдар, толгойн оройн хэсэгт хуйханд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.
Иргэн В.ын биед үүссэн гэмтлүүд нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн В.ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/ - Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр 09 цагийн үед би босоод төв орж ирчхээд буцаад удалгүй гэр рүүгээ явах замаараа Ойгон дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй нэг шил архи аваад гэртээ очиж уучхаад унтаад өгсөн. Унтаж байгаад оройны 17 цагийн үед сэрэхэд манай эхнэр ирчихсэн байхаар нь 0.33 литрийн хэмжээтэй 1 шил Хараа нэртэй архи авхуулж уусан. Тэгээд хоолоо идчихээд эхнэрээс дахиад нэг шил архи аваад өгөөч гэж гуйхад үгүй гэж хэлсэн. Бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдаж, би хоол идэж байсан аягаа аваад шидсэн чинь хаалганы хажууд сууж байсан ын толгойг цохисон.
Тэгээд би *******ос уучлалт гуйсан. ...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй талаараа тайлбар өгсөн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хохирогч В.******* нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Тэгээд эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би *******г ор руу нь түлхчихсэн. Тэгсэн чинь над руу данх болон ахиад модон аяга шидсэн. Тэгээд миний толгойноос цус гараад байсан.” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл нь В.******* руу шууд чиглэсэн санаатай үйлдэл байна.
Шүүгдэгч М.******* нь хохирогч В.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Хохирогч В.******* нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь мөрдөн байцаалтад “...хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” тухайгаа илэрхийлсэн зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүхээс шүүгдэгч М.*******гийн хувийн байдлын талаарх Төрийн мэдээллийн сангаас гарах, лавлагаа, тодорхойлолтоос авсан иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 40-44-р хуудас/ болон, Гэрч П.ийн “...М.*******д төрөл садан, найз нөхөд нь их ам сайтай байдаг. М.******* нь өөрөө их дуу цөөтэй, даруу төлөв, хүнд их тусч, хүний үгнээс гардаггүй учир хадмууд нь ч их ам сайтай байдаг. М.******* нь тамхи болон согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. М.******* нь өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/, Гэрч Б.ийн “...М.*******г хараад байх үед нутаг ус, төрөл садан, найз нөхөд нь их ам сайтай юм шиг харагддаг. Хөдөө гадаанаас хүмүүс ирээд орж гарч харагддаг. М.******* өөрөө их дуу цөөтэй, даруу төлөв, хүнд их тусч, хүний үгнээс гардаггүй учир хадмууд нь их ам сайтай байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судаллаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч М.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолхуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ