Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Ц.Батбямба,

-шүүгдэгч О.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Ат холбогдох эрүүгийн 2202000000071 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.А нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цахиуртөмөрийн Түмэнбаярын хувийн мэдээллийг ашиглан өөрийн зураг бүхий Т0034193 дугаартай буцах үнэмлэхийг Монгол Улсаас Шведийн Хаант Улсын Стокхолм хотод суугаа элчийн сайдын яамнаас гаргуулан авч, Төв аймгийн Хөшгийн хөндий, “Чингис хаан” олон улсын агаарын замын хилийн боомтоор 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаартай аяллын онгоцоор Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.А нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүгдэгч О.А нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч О.А нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цахиуртөмөрийн Түмэнбаярын хувийн мэдээллийг ашиглан өөрийн зураг бүхий Т0034193 дугаартай буцах үнэмлэхийг Монгол Улсаас Шведийн Хаант Улсын Стокхолм хотод суугаа элчийн сайдын яамнаас гаргуулан авч, Төв аймгийн Хөшгийн хөндий, “Чингис хаан” олон улсын агаарын замын хилийн боомтоор 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 дугаартай аяллын онгоцоор Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан хуудас /хх-ийн 10 тал/,

-шүүгдэгч О.Аын мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 тал/,

-Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/,

-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-22 тал/,

-Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хариу /хх-ийн 25 тал/,

-Шүүгдэгч О.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-60, 65-67 тал/,

-Гэрч О.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/,

-Гэрч Ж.Оюунаагийн мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/,

-Гэрч Ж.Даваадуламын мэдүүлэг /хх-ийн 78-80 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 636 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-94 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 635 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-105 тал/,

-Шүүгдэгч О.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-115 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.А нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 124 тал/,

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 13 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-127-128 тал/ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч О.А нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч О.Ат холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Аын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч О.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирол хор уршиг , бусад асуудлаар:

            Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “DJ00221211” дугаартай гадаад паспортыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “сиди”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалж, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Аыг хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуу/ нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат оногдуулсан 1.500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “1 ширхэг сиди”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн “DJ00221211” дугаартай гадаад паспортыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА