| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02253/И |
| Дугаар | 102/ШШ2017/02008 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/02008
2017 оны 07 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2017/02008 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Холбоо толгой, 10 дугаар гудамж, 20 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Аюурзанын Мөнхтулгын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 17 дугаар байр, 66 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Батхишигийн Хуланд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Хулантай 2016 оны 3 дугаар сард танилцаж, хамтран амьдрах болсон бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бидний хүү М.Гэрэлт-Ертөнц мэндэлсэн. Б.Хулан байнгын хэрүүл хийж, гэр бүлээс гадуур амьдралтай болсон бөгөөд 2017 оны 5 дугаар сарын үед 5 сартай нялх хүүхдээ надад үлдээгээд явсан бөгөөд Сэлэнгэ аймагт өөр хүнтэй гэр бүл болсон. Бид эвлэрээд хамт амьдрах боломжгүй тул хүү М.Гэрэлт-Ертөнцийг миний асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: Батхишиг овогтой Хулан миний бие А.Мөнхтулгатай 2016 оны 3 сард танилцаж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүүтэй болсон. Амьдарч эхэлснээс хойш бид хоёр үл ялих шалтгаанаас болж хэрүүл маргаан тасрахаа больсон. А.Мөнхтулга нь намайг гэх өчүүхэн ч сэтгэлгүй, зөвхөн хүүхдээ л гэдэг. Ийм учраас бид хоёр ярилцаж тохиролцоод хүүхдээ аавд нь үлдээж салахаар болсон. Миний бие нь А.Мөнхтулгын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн сар болгоны тэтгэмж олгоход надад татгалзах юм байхгүй. Шүүх хуралдаан болох үед би Сэлэнгэ аймагт байх тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхтулга нь хариуцагч Б.Хуланд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3-т “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурьдсан үйл баримтууд тогтоогдож байна.
Зохигчид 2016 оны 3 сард танилцаж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Мөнхтулгын Гэрэлт-Ертөнцийг төрүүлжээ. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хүүг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна. Зохигчид 2017 оны 5 дугаар сараас тусдаа амьдарч байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүг төрсөн хүүхэд нь мөн эсэх талаар маргаагүй шүүхээр эцэг тогтоолгох шаардлагагүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зааснаар хариуцагч хүүхдийн асрамжийг хүлээн зөвшөөрч байх тул 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Гэрэлт-Ертөнцийг эцэг А.Мөнхтулгын асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар хуульд заасан хэмжээгээр тогтоолгохоор тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Гэрэлт-Ертөнцийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эх Боржигон овогт Батхишигийн Хулангаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй” болохыг эх Б.Хуланд, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Б.Хулан нь эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг нэхэмжлэгч А.Мөнхтулгад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2017 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатар хотын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 185.300:2=92.650, 92.650х12=1.111.800 төгрөг болж байна/ 1.111.800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 32.833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Гэрэлт-Ертөнцийг эцэг А.Мөнхтулгын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Гэрэлт-Ертөнцийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эх Боржигон овогт Батхишигийн Хулангаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 32.833 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ