Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 65

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа

Улсын яллагч: Н.Ундрах

Хохирогч: Л.*******

Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох 201616000142 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч С.******* нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Эмнэлгийн орон сууцны 26 тоотод хамтран амьдрагч Л.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би машин засаад 20.000 төгрөг авсан байсан. Тэгээд хоол хүнсний зүйл аваад нэг шил архи аваад гэртээ очсон. Тэгээд гэрт манай найз ******* ирсэн. ******* ******* бид гурав нөгөө архиа хувааж уусан. Архи дууссан чинь ******* дахиад нэг шилийг ууя гээд байхаар нь би явж авчирсан. Тэгээд ******* харанхуй байхад явна гээд байхаар нь би явуулахгүй гээд гарнаас нь угзарч орон дээр суулгасан. Дэрээр цохьсон нь үнэн. Би архи уугаад байддаггүй хүн дахиж ингэж архи дарс хэрэглэхгүй.

            Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр Танхилын найз ******* бид гурав архи хувааж уусан. Тэгээд дуусчихаар нь би дахиад ууя гэж гуйж байгаад дахиад нэг шил архи авчируулсан. Тэгээд манай хүүхэд хөдөөнөөс ирчихсэн байсан учраас очиж хоол унд хийж өгөх ёстой гээд явах чинь Танхил явуулахгүй байсан. Би тэгээд өглөө нь гэртээ харьсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.

   Хохирогч Л.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 06 дугаар 18-ны өдөр би манай хамтран амьдрагч ******* найз *******тэй хамт нэг шил архи хувааж уусан. Тэгээд архи дуусахаар нь би дахин нэг шил архи авч ир гэж *******аас нэхсээр байгаад дахиад нэг шил архи авахуулж хувааж уусан. ******* намайг гэрлүү явуулахгүй гэж уурлаад байсан. Тухайн үед манай хүүхэд хөдөөнөөс ирж байсан болохоор би гэртээ очиж хоол цай хийх ёстой байгаагаа хэлсэн боловч ******* уурлаад чи хэнтэйгээ банзалдах гээд байгаа юм бэ гээд уурлаад байсан. Тэгээд би гарч явах гэсэн чинь намайг хүчээр буцааж татаад гараараа толгой, нүүрлүү цохиод байсан, бас гар базаж хөхрүүлсэн тэгээд би өглөөгүүр 05 цагийн үед гэрээс нь гарч зугатаад гэртээ очсон. *******тай танилцаад 2 жил болж байна, тэр хүнтэй хамтран амьдраад 4 сар гаран болж байна. Урьд нь зодож байгаагүй, хааяа нэг агсан тавьж байсан болохоос намайг зодож байгаагүй. ...Эхлээд дэрлэж байсан дэрээрээ цохьсон дараа нь миний нүүрлүү гараараа цохиж унагасан. ******* архи ууж дуусгаад биднийг муудалцаж эхлэхэд шууд гараад явчихсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

Гэрч Л.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2016 оны 06 дугаар 18-ны үдээс хойш 16 цагийн үед гадуур явж байгаад *******ы гэрт нь очсон чинь *******, ******* нар гэртээ байсан тэгээд би нэг шил архитай очсоноо гаргаж хувааж ууцгаасан бүгд л архи уусан. Тэгээд хөзөр тоглоцгоогоод архи дуусахад ******* дахиад нэг шил архи авч ууя гээд байхаар нь ******* одоо шөнийн 22 цаг өнгөрч байхад хаанаас архи авах юм бэ гэсэн чинь нэхсээр байгаад Танхилыг явуулж нэг шил архи авчруулаад хувааж ууцгаасан. Тэгээд архи дуусч байхад Танхил, ******* нар муудалцаад эхлээд *******, Танхил руу дахиад архи нэхээд байхаар нь ******* хажуудаа байсан дэрээр нүүрлүү нь шавхарсан тэгэхээр нь би боль боль гэсэн чинь тэр хоёр болиод эвлэрчихсэн байж байсан. Тэгээд би удаагүй гэрлүүгээ явсан, намайг гарахад тэр хоёр муудалцаагүй унтах гэж байгаа бололтой байсан. Намайг тэднийд байхад бол ******* дэрээр *******гийн нүүрлүү нэг удаа шавхарсан өөрөөр зодож цохиогүй намайг явснаас хойш юу болсныг мэдээгүй. *******гийн нүүрэнд ямар нэг ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

Шүүгдэгч С.******* хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...******* гэдэг хүнтэй би танилцаад 2 жил гаран болж байна сүүлийн 1 жил гаран хамтран амьдарч байгаа юм. 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би хүний машин засч өгөөд 20000 төгрөг авсан. Тэгээд тэр мөнгөөрөө хоол хүнсний зүйл авсан бас нэг шил архи аваад гэртээ очиход манай найз ******* гэдэг хүн ирсэн бид нар тэр архийг хувааж уугаад дуусгасан. Тэгтэл ******* дахиад нэг шил архи авч ир гэж надаас архи нэхээд агсраад байхаар нь би гарч дахин нэг шил архи авчирч гурвуулаа хувааж уусан. Тэгээд бид нар хөзөр тоглож байсан чинь ******* уурлаад хөзрөө шидээд байхаар нь би тоглохоо болилоо гээд хэвтсэн чинь дэр, хөнжил над руу шидээд байхаар нь миний уур хүрээд хажуудаа байсан дотроо будаатай даавуун дэрээр *******гийн толгойруу шавхарчихсан юм. Тэгсэн чинь гайгүй болсон тэгээд өглөөний 05 цаг өнгөрөөгөөд ******* гэрлүүгээ явсан тэгээд тэр явдал болсны орой нь надруу утсаар яриад чи намайг зодчихлоо гээд байсан. ...Би *******г дэрлээд хэвтэж байсан дэрээрээ толгой хэсэгт нь 2-3 удаа цохьсон бас араас нь түлхсэн чинь унасан. 2016 оны 04-р сард би гэртээ унтаж байсан чинь ******* согтуу ирчихээд ус буцалгагч шидээд миний толгойг цохьчихоор нь би уурандаа *******гийн цээжрүү тийрсэн тэгээд л өнгөрсөн өөрөөр зодож цохиогүй. Шөнө харанхуйд ******* согтуугаараа гэрлүүгээ явах гээд байхаар нь би явуулахгүй гэж л хориглосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №353 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд: *******гийн биед тархины доргилт, хуйх, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн дал, 2 талын бугалга, зүүн шуу, гуяны цус хуралт, хүзүү, баруун тавхайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 11-р хуудас/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/,

          Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ зэрэг болно.

          Шүүгдэгч С.******* нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Эмнэлгийн орон сууцны 26 тоотод хамтран амьдрагч Л.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Л.*******гийн: ”... би гарч явах гэсэн чинь намайг хүчээр буцааж татаад гараараа толгой, нүүрлүү цохиод байсан, бас гар базаж хөхрүүлсэн тэгээд би өглөөгүүр 05 цагийн үед гэрээс нь гарч зугатаад гэртээ очсон.. ...Эхлээд дэрлэж байсан дэрээрээ цохьсон дараа нь миний нүүрлүү гараараа цохиж унагасан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, гэрч Л.*******ийн:”...архи дуусч байхад Танхил, ******* нар муудалцаад эхлээд *******, Танхил руу дахиад архи нэхээд байхаар нь ******* хажуудаа байсан дэрээр нүүрлүү нь шавхарсан тэгэхээр нь би боль боль гэсэн чинь тэр хоёр болиод эвлэрчихсэн байж байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, шүүгдэгч С.*******ы:”...бид нар хөзөр тоглож байсан чинь ******* уурлаад хөзрөө шидээд байхаар нь би тоглохоо болилоо гээд хэвтсэн чинь дэр, хөнжил над руу шидээд байхаар нь миний уур хүрээд хажуудаа байсан дотроо будаатай давуун дэрээр *******гийн толгойруу шавхарчихсан юм. ...Би *******г дэрлээд хэвтэж байсан дэрээрээ толгой хэсэгт нь 2-3 удаа цохисон бас араас нь түлхсэн чинь унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/ болон Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №353 дугаартай шинжээч эмчийн: *******гийн биед тархины доргилт, хуйх, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд болон доод зовхи, зүүн дал, 2 талын бугалга, зүүн шуу, гуяны цус хуралт, хүзүү, баруун тавхайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт,  хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

            Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

           Шүүгдэгч С.*******ы үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 24-р хуудас/ ,

          Хохирогч Г.*******гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогч Г.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Иргэд хоорондын эвлэрлийн гэрээнд: Талууд энэхүү гэрээг тэгш эрхийн үндсэн дээр сайн дураараа эвлэрсэн болно” гэснээр нотлогдож байна.

           Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр С.*******ы үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.            

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ы үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. С.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар С.*******д урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА