Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Э.Уранчимэг,

-иргэний хариуцагч А.Ш,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Э, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн,

-шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Нэд холбогдох эрүүгийн 2134000000478 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулалтын газарт жолооч ажилтай, ам бүл 3 оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагнал: Онц тээвэрчин, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь “Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр баг нүүрс буулгах цэг буюу Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн асфальтан замын 57-58 дахь км-ийн шонгийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “17-65 ТӨА” улсын дугаартай “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” “жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам дээр өөрийн эгнээндээ “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон зорчиж явсан Н.Лын ардаас мөргөж, амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Н нь мэдүүлэхдээ: “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Энхсаран нь мэдүүлэхдээ: “Хэрэгт өгсөн хохирлын баримт 10.070.525 төгрөг байгаа. Нэмж сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Ш нь мэдүүлэхдээ: “Тайлбар байхгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000478 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Н нь “Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр баг нүүрс буулгах цэг буюу Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн асфальтан замын 57-58 дахь км-ийн шонгийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 24-ний  өдөр “17-65 ТӨА” улсын дугаартай “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” “жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам дээр өөрийн эгнээндээ “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон зорчиж явсан Н.Лын ардаас мөргөж, амь насыг хохироосон үйл баримт нь дараах

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-12 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 13-18 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ё.Эгийн “Талийгаач 1984 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд айлын том хүү болж мэндэлсэн. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжээд сумандаа ерөнхий боловсролын сургуульд суралцаад, Зэвсэгт хүчний 05 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хаасан. Талийгаач надтай хамт амьдрахаасаа өмнө гэр бүлтэй байсан юм. Өмнө нь амьдрал зохиохдоо 2 хүүхэдтэй болсон байсан. Тэгээд надтай хамт амьдрахдаа 1 дагавар хүүхэдтэй ирж байсан юм. Одоо хүүхэд нь надтай хамт байгаа. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Манай хүүхдүүд 4 сараас 14 насны 4 хүүхэдтэй. Талийгаач “Жүр үр” ХХК-д жолооч, “Бүти” ХХК-д оператор, “Юни тек” ХХК-д оператор зэрэг ажил эрхэлдэг байсан. Сүүлийн 2 жил мал маллаж амьдарч байсан. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талийгаач бид хоёроос ковид-19 өвчин илрээд гэрийн тусгаарлалтад байсан. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг өнгөрч байхад мал байгаа айлаас нь дуудаад явчихсан байсан... 2021 лны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг өнгөрч байхад мал байгаа айлын хүн н.Соёл-Эрдэнэ нь дуудаад гэрээсээ өөрийнхөө мотоциклтой Төв аймгийн Сэргэлэн сум Давааны ар гэх газар руу ганцаараа явсан. Тэгээд орой болчихоор нь би санаа зовоод 18 цаг өнгөрч байхад залгасан чинь очиж байна, 5 толгойн дундын нүүрсний цэг дээр явж байна. Одоо уруудаад орлоо гэж хэлж байсан. Дараа нь дахиад талийгаачийн утас руу залгасан чинь цагдаагийн алба хаагч утсыг нь аваад осолд орсон тухай надад хэлсэн... Талийгаачийн унаж явсан мотоцикл нь улсын дугаар байдаггүй юм. Талийгаач хүнээс хуучин мотоцикл худалдаж авсан юм. Уг мотоцикл нь талийгаачийн өөрийнх нь эзэмшлийнх байгаа юм... Би гомдолтой байна. Би одоо өрх толгойлсон эх хүн болж байна. Би одоо 4 хүүхдээ ганцаараа тэжээнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42 тал/,

-Иргэний хариуцагч А.Шгийн “...17-65 ТӨА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Япон улсын тусламжаар Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт ирээд  манай байгууллага руу шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр уг тээврийн хэрэгсэлд зах зээлийн үнэлгээг тодорхойлоход 18.500.000 төгрөгөөр тогтоолгосон. Энэхүү автомашин нь байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг... Уг тээврийн хэрэгслийг Б.Н нь тушаалаар хариуцаж унадаг юм... Ажлын бус цагаар байгууллагын тээврийн хэрэгсэл гражид байх ёстой. Уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг бүгдийг нь Б.Н хариуцдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46 тал/,

-Гэрч Т.Энхтүвшингийн “2021 оны 10 дугаар сарын 24-ний 18 цагийн орчимд н.Цоггэрэл бид хоёр харуулын 2 дугаар пост дээр байж байтал засмал замаар урдаас хойшоо зам тавь гэж орилоод улаан галын машин түс хийх чимээ гарсан. Тэгээд н.Цоггэрэл бид хоёр очих гэж байтал тэр улан өнгөтэй автомашин хойшоо чигээрээ яваад өгсөн. 10 орчим минутын дараа нөгөө мотоциклтой хүн мөргөсөн улаан машин хойноос урагшаа нэлээн удаан явсан. Намайг харахад машин дотор 3 хүн байсан. Тэгээд тэр машин ослын газар зогсохгүй шууд урагшаа яваад урд байдаг өвөлжөөтэй айлд оччихсон. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48 тал/,

-Гэрч Ц.Цоггэрэлийн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд ээлжийн ахлах н.Энхтүвшинтэй байж байтал засмал замаар урдаас хойд чиглэлд зам тавь, зам тавь гээд чанга яригчаар орилоод удалгүй улаан өнгийн галын машин яваад өнгөрөхөөр нь удалгүй түс хийсэн чимээ гарсан. Тэгээд н.Энхтүвшин бид хоёр зам дээр яваад очиход мотоциклтой хүн автомашинд дайруулчихсан байсан. Тэр мөргөсөн улаан өнгөтэй галын машин нь хойшоо яваад 10 орчим минутын дараа буцаад хойноос урагшаа яваад, хажуугаар яваад орой дээр байх өвөлжөөтэй айлд очсон. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Улаан өнгийн автомашины жолооч нь ажлын хувцастай байсан. Хэргийн газар дээр уг автомашины захирал нь гэж хүн ирээд юу болсон талаар тандаж байгаад улаан машинтай хүмүүсийг авч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 тал/,

-Гэрч М.Батдоржийн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд би н.Батдоржийн гэрт байж байтал Б.Н ногоон довоос хүүхдээ авч ирэх гэсэн юм. Хамт яваад ирье гээд дуудахаар нь н.Батдорж бид хоёр гэрт нь очсон. Б.Нийн хашаанд байгууллагын “17-65 ТӨА” улсын дугаартай автомашин байсан. Б.Н өөрөө халамцуу байсан. Тэгээд бид уг автомашинтай 0.5 литрийн Ерөөл нэртэй 1 шил архийг Б.Н Ар урт хүнсний дэлгүүрээс аваад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Ногоон дов гэх газар руу явж байгаад айлаа олохгүй болохоор нь Долоон уулын тэнд очоод 0.5 литрийн Ерөөл нэртэй 1 шил архиа гурвуулаа хувааж уучихаад буцаад Зуунмод сум руу явсан. Долоон уул гэх газар засмал замд ороод тусгай гэрэл дохио асаасан. Б.Н нь машин гүйцэж түрүүлэх болон зөрж өнгөрөхдөө “зам тавь” гээд чанга яригчаар хэлээд яваад байсан. Тэгээд гэнэт л мотоциклтой хүн урд харагдаад түс хийгээд явчихсан. Тэгээд цаашаа явж байгаад эргээд буцаж дарга А.Шгийнх руу явсан. Тэгээд дарга А.Ш, н.Буяндэлгэр хоёр түрүүлээд автомашинтай явсан. Би ардаас нь “17-65 ТӨА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хэргийн газар дээр очсон. Осол болох үед Б.Н тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Осол болсны дараа ямар ч архи уугаагүй, осол болохоос өмнө Долоог уул гэх газарт 1 шил архи гурвуулаа хувааж уусан. Буцаад ирэхэд цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52 тал/,

-Гэрч М.Буяндэлгэрийн “2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр М.Батдорж бид хоёр манай гэрт байж байтал утсаар Б.Н ногоон довоос хүүхдээ авч ирэх гэсэн юм, хамт яваад ирье гээд дуудахаар нь М.Батдорж бид хоёр гэрт нь очсон. Б.Нийн хашаанд байгууллагын “17-65 ТӨА” улсын дугаартай авто машин байсан. Б.Н өөрөө халамцуу байсан. Тэгээд бид уг автомашинтай 0.5 литрийн ерөөл нэртэй 1 шил архийг Б.Н аваад Төв аймгийн Сэлэнгэ сумын нутаг Ногоон дов гэх газар руу явсан. Замдаа явж байгаад Долоон уулын баруун урд тал руу салаад айлаа олохгүй байж байгаад тэндээ 0.5 литрийн ерөөл нэртэй 1 шил архиа гурвуулаа хувааж уучихаад буцаад Зуунмод сум руу явсан. Тэгээд би замдаа нэг хэсэг зүүрмэглэчихсэн чинь түг хийх чимээ гарахаар нь би юу болов оо гэсэн чинь Б.Н мотоциклтой хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд цаашаа чигээрээ явж байгаад буцаад мөргөсөн хүнийхээ хажуугаар гараад явж байхад үед хар хувцастай хүн улаан модоор зогс гэсэн дохио өгөхөөр нь зогсохгүй хажуугаар нь гараад дарга А.Шгийнх руу явсан. Тэгээд би А.Штай хэргийн газар дээр буцаад ирсэн. Буцаад ирэхэд цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. Удалгүй ардаас “17-65 ТӨА” улсын дугаарт автомашинын М.Батдорж жолоодчихсон Б.Н хажууд нь суучихсан ирсэн. Осол болсны дараа Б.Н, М.Батдорж бид гурав архи уугаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54 тал/,

-Шүүгдэгч Б.Нийн сэжигтнээр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд н.Буяннэмэх, М.Батдорж хоёр руу залгаад ханиндаа цуг хөдөө явчихаад ирье гэж хэлсэн. н.Буяннэмэх, М.Батдорж хоёр манай гэрт ирээд бид гурав “17-65 ТӨА” улсны дугаартай “Ланд-круизер 70” маркийн автомашинтай би автомашиныг жолоодоод Төв аймгийн Сэргэлэн сумын Ногоон дов гэх газар руу явсан. Төв аймгийн Зуунмод сумын Ар урт дэлгүүгээр 0.5 литрийн ерөөл нэртэй 1 шил архи авсан. Тэгээд хөдөө очих айлаа олохгүй төөрөөд түлш хүрэхгүй болохоор нь буцаж явах замдаа Долоон уул гэх газар нөгөө авсан архиа хувааж уучихаад Төв аймгийн Зуунмод сум руу явсан. Засмал зам дээр гарч ирээд би автомашиныхаа тусгай дуут дохиог асаагаад зөрч өнгөрсөн болон гүйцэт түрүүлсэн автомашинуудыг зам тавь гэж чанга яригчаар яриад явсан. Нүүрс буулгах цэг буюу Долоон уул гэх газар явж байтал урд асфалтан зам дээр мотоциклтой хүн явж байсан. Тэгээд би ардаас нь зам тавь гээд орилсон чинь сандраад гуйваад эхэлсэн. Тэгээд би зогсоож чадалгүй ардаас нь мөргөчихсөн. Би тухайн үед зогсоох арга хэмжээ аваагүй. Намайг мотоциклтой хүнийг мөргөх үед мотоцикл нь урд гуперт түрэгдээд мотоциклийн жолооч нь миний автомашины хамар дээр унаад урагшаа үсэрчихсэн. Тэгээд би айсандаа зогсоогүй, нэлээн хол явж байгаад буцаж дарга А.Шгийнх руу явж байгаад хэргийн газрын хажуугаар явж байхдаа харахад мотоцикл, дээлтэй хүн хоёр засмал зам дээр хэвтэж байсан. Тэгээд яг хэргийн газраар хажуугаар дамжин өнгөрч байх үед хар хувцастай хоёр хүн ирчихсэн намайг улаан модоор зогс гэсэн дохио өгөхөд нь айгаад зогсож чадаагүй шууд дарга А.Шгийнх руу очоод мотоциклтой хүн мөргөөд алчихлаа гэж хэлсэн. Тэгээд М.Буяндэлгэр, А.Ш хоёр харьер маркийн автомашинтай хэргийн газар руу явсан. Ардаас нь байж байгаад би М.Батдоржоор машин жолоодуулаад очсон. Очиход цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. “17-65 ТӨА” улсын дугаартай автомашиныг ер нь би тушаалаар хариуцаж авч унадаг юм. Байгууллагын гаржид уг автомашин нь багтахгүй болохоор нь би хашаандаа тавьчихсан байсан юм. Би уг автомашиныг хүүхдээ хөдөөнөөс авч ирэх гээд жолоодож явсан юм. Манай байгууллагаас албаны автомашиныг хувьдаа ашиглахыг хориглодог юм. Осол болох үед миний хажуу талын суудал дээр н.Буяннэмэх, арын суудал дээр М.Батдорж зорчиж явсан. Осол болох үед би 80км цагийн хурдтай явж байсан байх. Миний автомашин 80км цагаас дээш гарахаар ээрээд хааз авахаа больчихдог юм. Мотоциклтой хүн мөргөх үед М.Буяндэлгэр ах унтчихсан, М.Батдорж чанга яригчаар яриад явж байсан... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 тал/,

-Шинжлэн ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/02 дугаартай бүрэлдэхүүнтэй “Улсын дугааргүй Даюн маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “а” ба “б”-р заалт буюу “Механикчсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх буюу түр зөвшөөрөл ... тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ”, “в”-р заалт буюу “Жолооч нь ... Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалалтын малгай зааврын дагуу өмсөх ... үүргийг хүлээнэ” гэснийг тус тус зөрчсөн байна... “17-65 ТӨА” улсын дугаартай “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно”, 12.3-р заалт буюу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ” авна гэснийг тус тус зөрчсөн байна... “17-65 ТӨА” улсын дугаартай “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” болон 12.3-р заалтуудыг зөрсөн нь ослын шалтгаан болсон байна... Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна... Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйлс илэрсэнгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65-66 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/385 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 99-116 тал/,

-Төв аймгийн шүүхийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаартай “Талийгаачийн биед гавал ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун бөөрний хальсны хуулралт, баруун 10 дугаар хавирганы хугарал, хуйханд шарх, биед зулгаралт гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Н.Л нь гавал ясны хугарал, дотор эрхтний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 1.5 хувийн спиртний агуулам илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна...” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 121-124 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 125-130 тал/,

-Шүүгдэгч Б.Нийн яллагдагчаар өгсөн “2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумаас надтай хамт ажилладаг М.Батдорж, М.Буяндэлгэр нартай миний ажилладаг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газрын “Ланд круйзер-70” маркийн “17-65 ТӨА” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид гурав Төв аймгийн Сэргэлэн сумын Ногоон дов гэх газар руу миний хүүхдийг авахаар явсан. Бид нар хүүхдээ авах айлаа олохгүй төөрч байгаад буцаад Төв аймаг руу явж байхдаа 18 цаг өнгөрч байхад Нүүрсний цэгийн наад талд харанхуйд засмал зам дээр миний машины урд талд гэрэлгүй мотоциклтой хүн орж ирэхээр нь миний машинд хамт явж байсан М.Батдорж нь машины чанга яригчаар зам чөлөөл гэж хэлсэн. Тэгтэл тэр мотоциклтой хүн зам голлоод явж байснаа гэнэт машины урдуур орж ирээд мөргүүлээд миний жолоодож явсан машины копутан дээр гараад ирэхээр нь би сандарсандаа машины жолооны хүрдийг зүүн гар тийш дартал нөгөө хүн маань машины копутан дээрээс баруун гар тал руу унасан. Тэгээд машинаа зогсоогоод шоконд орсон байдалтай байж байгаад дарга А.Ш руу яриад мотоциклтой хүн мөргөөд осол гарчихлаа гэж хэлээд дуудсан. Тэгээд дарга ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд хэмжилт, үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 тал/,

--Шинжлэн ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02/06 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/02 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна... Зам тээврийн осол дээр тогтоосон акт, согтуурлын зэргийг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн Б.Нийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалтыг зөрчсөн гэж үзсэн... Тухайн үед хавтаст хэрэгт авагдсан зураг дээрх багажны заалтаар Б.Нийн амьсгал дахь спиртийн агууламж 3.09 промиль /%/ байна... Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйлс илэрсэнгүй...” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 53-54 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Н нь “Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр баг нүүрс буулгах цэг буюу Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн асфальтан замын 57-58 дахь км-ийн шонгийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 24-ний  өдөр “17-65 ТӨА” улсын дугаартай “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” “жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам дээр өөрийн эгнээндээ “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон зорчиж явсан Н.Лын ардаас мөргөж, амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд согтуугаар замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас Н.Лын амь нас хохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Н нь “Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр баг нүүрс буулгах цэг буюу Улаанбаатар хотоос Дундговь явах чиглэлийн асфальтан замын 57-58 дахь км-ийн шонгийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 24-ний  өдөр “17-65 ТӨА” улсын дугаартай “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” “жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх 4.1-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

   Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу шүүгдэгч Б.Нийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас “хүний амь нас хохирсон” гэсэн хүндрүүлсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг юм.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

 

Мөн шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, “17-65 ТӨА” улсын дугаартай “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

   Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Б.Нийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уранчимэгээс: Шүүхээс шүүгдэгч Б.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт Б.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирсэн бөгөөд түүнийг холбогдох байгууллагад шилжүүлэх саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгээс:: Шүүгдэгч Б.Нийг шүүхээс гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч талаас хохирол төлөх завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд шүүхээс тогтоосон 4.833.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд шилжүүлсэн байна. Шүүхээс сэтгэл санааны хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг зааж өгсөн байдаг. Энэ хэрэгт нэг зүйл хэлэхэд хохирол хор уршгийн асуудал бүрэн төлөгдсөн гэдэгт эргэлзээтэй байгаа. Яагаад гэхээр амь хохирогч нас барснаас хохирогчийн ар гэрт эцэг, аав хүний орон зай байхгүй болсон бөгөөд хор уршгийн асуудал арилсан гэдэгт эргэлзээтэй байгаа. Завсарлагын хугацаанд шүүгдэгч талаас сэтгэл санааны хохирлыг өгье гэж ярьсан байгаа юм. Өмнө нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд мөнгө өгнө гэж ханддаг байсан. Үндсэндээ бол амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 20 сая төгрөг өгчих гэж нэхэмжилсэн зүйл байдаггүй. Өөрсдөө 4 хүүхдэд чинь тус бүр 5 сая төгрөг шилжүүлээд өгнө. Цаашид тусалж явна гэж хандаад байсан учраас та нарын хэлж байгаа 20 сая төгрөгийг чинь авчихъя буюу өөрөө хэлбэл 50-60 сая төгрөг нэхэмжлээд өндөр ял оногдуулж өгнө үү гэж хатуурхаж байгаа зүйл байдаггүй. Тэгэхээр улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас:: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа илчилсэн. Шүүхээс гэм буруутайд тооцож тодорхой хэмжээгээр хохирол төлүүлэхээр тогтоож өгсөн. Үүнийг төлсөн. Шүүхийн шатанд ирээд төлж байгаа биш өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэх үеэс л хохиролтой холбоотой бүх зүйлд оролцож байсан хувийн байдал харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг заасан. Тэгэхээр 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн 1.2-т бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн гэх нөхцөл байдал байгаа. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт харагдахгүй байгаа. Хохирлын хэмжээнд шүүхээс тогтоож өгсөн бодит хохирлыг төлье сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар нэхэмжлээд явах биз. Хамгийн гол нь миний үйлчлүүлэгч 4 хүүхдийн асуудалд тэжээгчээ алдсаныг цаашид тусламж үзүүлье тусална гэдэг байдалтай байгаа.  Хэдийгээр шүүхээс тогтоосон 4.833.000  төгрөгийг  төлсөн хэдий ч нэмж 3 сая төгрөгийг нэмж өгнө гэдгийг илэрхийлж уулзсан. Тэгэхээр үүнд өөрийнх нь  хувийн байдал зэрэг нөхцөл байдал харагдаж байна. Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэж заасан байдаг. Энэ хуулийг хэрэглэх нөхцөл нь бүрдсэн байх тул энэ хуулийг хэрэглэж өгнө үү “ гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцдэг.

 

Шүүх шүүгдэгч Б.Нэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Э учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дугаар зүйлд заасанг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэл гаргасанг хүлээн авах үндэслээлгүй байна.

       Учир нь шүүгдэгч Б.Н нь хэдийгээр анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн боломжийн хирээр нөхөн төлж , нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон буюу бусдад учруулсан хохирол хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон “ байна “ гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Б.Нийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Н.Лын амь нас хохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс 10.070.528 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 6.716.038 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  шүүгдэгч талаас гаргаж өгсөн баримтуудаас 1.816.000 төгрөг, 675.000 төгрөг, 500.000 төгрөг нийт 2.991.000 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Нээс 3,725,038 төгрөгийг, амь хохирогч Н.Лын унаж явсан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээ болох 1.107.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Эд, Зуунмод сумын хот тохижуулалтын газрын нэр дээрх бүртгэлтэй “17-65 ТӨА” улсын дугаартай “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 993.600 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Зуунмод сумын хот тохижуулалтын газарт тус тус олгож, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тус тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлсэнг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болон амь хохирогч Н.Лын унаж явсан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийн үнэ буюу нийт 4.833.000 төгрөгийг, Зуунмод сумын хот тохижуулалтын газрын нэр дээрх бүртгэлтэй “17-65 ТӨА” улсын дугаартай “Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 993.600 төгрөгийг тус тус төлж барагдуулсан гэж үзсэн.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Эгийн өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

          Учир нь өмгөөлөгчийн 2.000.000 төгрөгийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарагдах боловч мөн хуулийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газраас батална” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-д “ өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчлагдсан бөгөөд хохирогч түүний өмгөөлөгч нарын хоорондын гэрээний үндсэн дээр сайн дураараа харилцан тохиролцож төлсөн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн.

 

Иймд шүүгдэгч Б.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

 

Эрүүгийн 2134000000478 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 496 тоот яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Б.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирсэн бөгөөд түүнийг холбогдох байгууллагад шилжүүлэх” дүгнэлтийг танилцуулсан боловч шүүхэд шүүгдэгч Б.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. .

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Нийг согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа  үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн 2134000000478 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, шүүгдэгч Б.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Эд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5.826.600 төгрөгийг төлсөнг дурдаж, сэтгэл санааны хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ял эдлэх хугацааг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА