Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/02071

 

 

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/02071

Улаанбаатар хот

 

               

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9, өөрийн байранд байрлах, “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

                                                     

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамж, 159 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Гаанжуурын Даваадорж /РД:ПЭ74102617/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Даваадорж нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1132139 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг сар бүр 20.000 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлөх нөхцөлтэйгээр авсан. Хариуцагч 200.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд алданги 100.000 төгрөг тооцож, нийт 300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 200.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 100.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Г.Даваадоржид холбогдуулан зээлээр худалдах, худалан авах гэрээний үүрэгт 300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 100.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 200.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 300.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 100.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 200.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Хосбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгийн 50 хувь болох 4.810 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 4.810 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.МӨНХЦЭЦЭГ