| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02459/И |
| Дугаар | 102/ШШ2017/02075 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/02075
| 2017 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/02075
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, 7а байр, 44 тоот хаягт байрлах, “Отто” Сууц Өмчлөгчдийн Холбоо /цаашид “СӨХ” гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, 1а байр, 18 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Эмээлийн Сүхбаатар /РД:ЧЖ71010775/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 472.290 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Шүрхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Отто” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Шүрхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Богд-Ар хорооллын 1а байрны 18 тоот хаягт оршин суух Э.Сүхбаатар нь 2012 оны 2 дугаар сараас 10 дугаар сар хүртэл, 2015 оны 4, 5 дугаар сар, 8 дугаар сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 2017 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар дуусталх СӨХ-ны төлбөр болох 472,290 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул уг төлбөрийг нэхэмжилж байна. Хариуцагч төлбөрийг төлөхөө ухамсарлаж байгаа. Хуулийн хөөн хэлэлцэн хугацаа дууссан бол 2012 оны төлбөрийг хасахад татгалзах зүйл байхгүй. Манай СӨХ нь зөвхөн оршин суугчдын төлбөрөөр санхүүждэг тул тэр хэмжээгээрээ санхүүгийн асуудал хүндэрдэг. Завсар үйлчилгээг сайжруулах санхүүгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүхэд хандахаас өөр арга байгаагүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Отто” СӨХ нь хариуцагч Э.Сүхбаатараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 472.290 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.Сүхбаатар нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хэдий ч шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй, шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч “Отто” СӨХ нь өмчлөгч Э.Сүхбаатараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” гэж заасны дагуу хариуцагч Э.Сүхбаатар нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй байна.
Гэхдээ нэхэмжлэгч нь 2012 оны 2 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 472.290 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар хуульчилсан тул 2012 оны 2 дугаар сараас 2012 оны 10 дугаар сар дуусталх хугацааны 131.000 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.
Иймд хариуцагч Э.Сүхбаатараас 2015 оны 4, 5 дугаар сар, 2015 оны 8-12 дугаар сар, 2016 он, 2017 оны 1-3 дугаар сар дуустал хугацааны төлбөрт 356.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Отто СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 14.818 төгрөг 70 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11.355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Э.Сүхбаатараас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 356.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Отто” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.818 төгрөг 70 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Сүхбаатараас 11.355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Отто” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ