Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
Хэргийн индекс | 170/2022/0015/Э |
Дугаар | 2022/ШЦТ/14 |
Огноо | 2022-01-14 |
Зүйл хэсэг | 17.12.1., |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Г. Эрдэнэжаргал Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Н.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 2123000000201 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой *******н *******, /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 07 дугаар сард Завхан аймгийн сум багийн нутаг “” гэх газарт бэлчээрт байсан иргэн Р.*******гийн өмчлөлийн хонин сүргээс 12 тооны эр хонь, 24 тооны ямаа буюу 36 тооны бог мал буюу бусдын олон тооны мал хулгайлж 4.440.000 /Дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмындагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: овогт *******н ******* нь 2020 оны 07 дугаар сард Завхан аймгийн сум багийн нутаг “” гэх газарт бэлчээрт байсан иргэн Р.*******гийн өмчлөлийн хонин сүргээс 12 тооны эр хонь, 24 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Малаа бэлчээрээс хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Р.*******гийн ”...2020 оны 07 дугаар сарын дундуур сумын багийн нутаг “” гэх газар нутаглаж байсан...Тэнд элсэн дээр хойшоо хэдэн бог мал туусан малын мөр гарсан байсан. Тэгээд ирээд хонь малаа тоолж бүртгэхэд манай малаас хонь ямаа нийлсэн 36 тооны бог мал дутаж байсан. ... Тэгээд сумын багийн иргэн Н.*******ынд очоод малаа суртал мэдэхгүй ээ тийм мал харж үзээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи Хөтгөрийн сүвээр хонь ямаа тууж явсан юм биш үү гэж хэлсэн. Тэгээд үнэнээ хэлэхгүй бол цагдаад хэлнэ шүү” гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд гэртээ хариад 2 хоноод байж байтал ******* “Уучлаарай танай хонийг би авсан юм аа” гээд 24 тооны ямаа, 6 тооны хонь нийтдээ 30 тооны баг мал авчирч өгсөн. Тэгээд 6 тооны хонь дутуу байна гэж хэлэхэд үлдсэн 6 хонийг авчирч өгсөн. ...Н.******* бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн ямар нэгэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Р.******* 36 тооны бог мал алдсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Г.*******гийн “... 2020 оны 07 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна ******* над руу залгаад “Манай бог малаас 36 тооны мал алдагдсан байна хүрээд ирээч” гэж ярьсан. Тэгээд би *******гийнд яваад очсон чинь ******* “Би хойшоо адуундаа яваад ирлээ. Тэгсэн чинь Хөтгөрийн сүвээр бог мал туусан мөр байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 хойшоо Хөтгөрийн сүвээр нөгөө бог малынхаа мөрийг хөөж яваад сумын багийн ******* гэдэг айлд очсон. Тэгсэн чинь ******* ах манай бог малаас 36 тооны мал алдагдсан юмаа бид 2 мөрийг нь хөөгөөд танай мал руу орсныг мэдсэн шүү чи манай малыг гаргаж өгөхгүй бол цагдаад хэлнэ шүү гэж хэлээд бид 2 яваад өгсөн. Тэгсэн чинь 2 хоногийн дараа 30 бог малыг нь цэнхэр будгаар будсан тууж ирж өгсөн. Тэгсэн чинь ******* 6 бог дутаж байна шүү авсан юм бол гүйцээгээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа үлдсэн 6 хонийг нь тууж авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Р.******* 36 тооны бог малаа хулгайд алдаад хайж байсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Б.*******гийн “... тэдний бог мал сумын багийн “”, “Таван ламын худаг” гэх газруудаар бэлчээрлэдэг юм. Тэдний бог мал нь зүүн талын чих нь гол цуулбар баруун талын чих нь ганзага имтэй. Тухайн үед манай бог малаас 36 тооны бог мал алга болсон байна гээд над руу залгаж асууж байсан. Би тэр алдагдсан 36 тооны бог малыг харвал им болон тэмдгээр нь танина. сумын “ ” багийн айл өрхөөр тухайн асууж сураглаад явж байсан. Яг хаагуур хайж явсныг нь сайн мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.*******ын “... 2020 оны 07 дугаар сард Завхан аймгийн сумын багийн “” гэх газарт өөрийн тэмээгээ хайгаад явж байхад тасарсан 30 гаруй тооны бог мал /хонь, ямаа/ байхаар нь туугаад гэр рүүгээ тууж яваад өөрийнхөө хониндоо аваачиж нийлүүлсэн. Тэгтэл 2 хоногийн дараа хохирогч ******* ******* 2 манай гэрт ирээд “Манай хонь, малаас дутаж байна. Чи манай мал алга болсон газраар явсан байна” гэхээр нь би “Тэгсэн тэр малыг чинь хониндоо тууж нийлүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд мал буцааж өгөөрэй гэхээр нь тууж ирсэн 6 хонь 24 ямаа аваачиж өгөөд 2 хоногийн дараа үлдсэн 6 хонийг аваачиж өгсөн... Өөрийн өмчлөлийн халиун зүсмийн нас гүйцсэн зүүн гуян дээрээ “81” гэсэн тамгатай мориороо ганцаараа тууж явсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Н.*******ын үйлдлийн улмаас хохирогчид 4,440,000 төгрөгийнхохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээчин Т.*******ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ. Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсанбусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 8 бог түүнээс дээш мал шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн“...Н.******* 36 тооны бог малыг буцааж өгсөн гэсэн ...” мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахьхэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэгүйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах нийтлэг үндэслэлийг уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан ба уг хуулийг 2 дугаар бүлэгт өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээг зохицуулсан. Шүүгдэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар цаг хугацааны хувьд тухайн хуулийн үйлчлэлд хамаарч байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан тул түүнд оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зүйтэй байна. “ Шүүгдэгч Н.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт түр оршин суух хаягтай, зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Улиастай суманд эдлүүлж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийг Завхан аймгийн Улиастай сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн халиун бор морийг ашигласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “тээврийн хэрэгсэл, уналгад” гэсэн ойлголтод хамаарч байх тул хурааж улсын орлого болгож, уг морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдтэл хэвээр үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар Н.*******ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 1 жил 6 сарын хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр явах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 1 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
7. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдээсүгэй.
8. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,100,000 төгрөгийн үнэ бүхий зүүн гуян дээрээ “81” гэсэн тамгатай халиун зүсний, нас гүйцсэн морийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
10.Шүүгдэгч Н.*******ын өмчлөлийн 1 тооны халиун морийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, 1 тооны морийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
11. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ