Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Тариалан сумын Бадрах багийн 3-25 тоотод оршин суугч, сумын ЗДТГ-т нийгмийн даатгалын байцаагч ажилтай, Човгийн Д-ын Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгал хэлтсийн байцаагч П.Д-д холбогдох “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “ Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 43 дугаар Улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага  бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Б, хариуцагч П.Д, гуравдагч этгээд П.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

            Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 43 тоот актаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч П-ийн А-д илүү олгосон 4 100 021 /дөрвөн сая нэг зуун мянга хорин нэг/ төгрөгийг надаар төлүүлэхээр тогтоосныг буруу гэж үзэж байна. Учир нь:

            1. Уг тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2011 оны 10 дугаар сарын 24-нд анх тогтоохдоо хоёр хүүхдэд оногдох хэмжээгээр зөв тогтоон олгож байсан. Гэвч аймгаас программаар Засгийн газрын 52 дугаар тогтоолоор 2015 оны 02 дугаар сарын 01-нээс нэмэгдэл хийхдээ бүрэн тэтгэврийн хэмжээгээр нэмэгдүүлсэн байсан,

            2. Хэлтсээс тэтгэвэр тогтоолт олголтыг нэгдсэн онлайн программаар байнга хяналт тавьдаг,

            3. 2017 оны 2 дугаар сард тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны хүрээнд бүх сумдын тэтгэврийн хувийн хэргийг хэлтэст татан шалгуулахад уг зөрчлийг илрүүлж чадаагүйн улмаас тэтгэвэр зогсох хүртэл хугацаа алдаж төлбөр ихэссэн.

            4. Тэтгэвэр авагч П.А- нь өөрт илүү тэтгэвэр олгож байгааг мэдсэн мөртлөө энэ тухай надад огт мэдэгдээгүй шударга бусаар мөнгийг авч байсан. Гэвч одоо төлөх боломжгүй гэж байгаа.

            5. 2019 оны 05 дугаар сарын 14-ний 43 тоот актын төлбөрийн дүнг надад огт хэлэхгүйгээр акт тогтоож явуулсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

            6. Миний нэр дээр акт тогтоосон нь тухайн үед мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 4.2.7 дугаар заалтаар төрийн албан хаагчийн учируулсан хохирлыг төр хариуцна гэсэн заалтад харшилж байна.

            Иймд миний буруутай нь нотлогдохгүй байгаа тул Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 43 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд П.А нь 2011 онд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож байсан. Гэтэл 2015 оны 3 дугаар сард нэг хүүхэд нь насанд хүрч тэтгэмж авах эрхгүй болсон байдаг. Үүнийг нийгмийн даатгалын байцаагч миний бие мэдээгүй 2019 оны 3 дугаар сар хүртэл тэтгэмж олгож илүү 4.100.000 төгрөгийг өгсөн байдаг. Энэ хүн 4 жилийн турш 4.100.000 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас илүү мөнгө авсан байгаа. Ингээд Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч П.Д нь энэ тухай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Тариалан сумын иргэн П.А нь 4 жилийн хугацаанд илүү мөнгө авсан байна гэж хэлсэн. П.Д нь танд акт тавихаар болж байна гэж хэлээд акт тавьсан. Миний ажлыг 2016, 2017 онд шалгахад энэ алдаа дутагдлыг илрүүлээгүй юм. Одоо 4.100.000 төгрөгийг гуравдагч этгээд төлөхгүй гэсэн учраас энэ мөнгийг намайг хариуцах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй тул энэ актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгал хэлтсийн байцаагч П.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тухайн сумыг хариуцан ажиллаж байгаа нийгмийн даатгалын улсын байцаагч сар бүрийн тэтгэврийн олголтыг бүрэн хянаж, бэлтгэн хуваадаг тэжээгчээ алдсаны тэтгэврийн дүнг олговол зохих дүнгээр засаж, банкинд үнэн зөв файлыг хүргүүлэх үүрэгтэй байдаг. Иймд Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Б-ын надаар төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосныг буруу гэж үзэж байна гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 03 сарын 01-нээс Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн нэмэгдэл программаар бодогдох үед бүрэн тэтгэврийн хэмжээгээр программд өөрчлөгдөн оржээ. Энэ үед Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Б хяналгүй тэр дүнгээр олгож 2019 оны 03 сарын 17-ны өдөр хүртэл бүтэн олгосноос 4 100 000 төгрөгийг П.А-д илүү олгосон байсан тул илүү олгосон тэтгэврийг тэтгэврийн санд буцаан төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон. Хэлтсийн тэтгэврийн хяналтын байцаагч тэтгэврийн олголтыг нэгдсэн программаар хянах үүрэгтэй боловч сумын нийгмийн даатгалын улсын байцаагч мөн өөрөө сар бүр хянаж, банкинд тэтгэврийн файлыг үнэн зөв дүнгээр хүргүүлэх үүрэгтэй байдаг. Иймд Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагч Д.Б-ын би буруугүй гэсэн байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь “Тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу Тариалан сумын  тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч П.А тэтгэврийн хэмжээ өөрчлөгдсөн тухайн үед нийгмийн даатгалын байцаагч Д.Б-д хандан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь П.А-ын буруу байна гэж үзэж байна. 2019 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс манай хэлтэс дээр тогтоогдсон танай аймгийн Тариалан сумын П.А-тай хувааж олгогддог тэжээгчээ алдсаны тэтгэврийг танай хэлтэс бүтнээр олгосон байгааг хянаж үзэхийг мэдэгдэхэд би өөрөө Тариалан сумын Нийгмийн даатгалын байцаагч П.Б-д утсаар хэлж, илүү олгогдсон тэтгэвэр дээр акт тавигдах нь ээ 2015 оны 03 сараас 2019 оны 3 дугаар сарын 17-ныг хүртэл бүтэн олгогдоод илүү олгогдсон байнаа гэдгийг хэлж мэдэгдсэн болно. Тухайн үед илүү олгосон тэтгэврийн тооцоог гаргаарай гэж намайг хэлэхэд акт тавих гэж байгаагаараа өөрсдөө бодож гарга гэж хариулсан. Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргаар тухайн үед ажиллаж байсан П.Д миний бие нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэсэн заалтыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний 43 тоот улсын байцаагчийн актаар 4 100 000 төгрөгийг тэтгэврийн санд буцаан төлүүлэхээр Тариалан сумын Нийгмийн даатгалын байцаагч Д.Б-д тогтоосон болно” гэв.

Гуравдагч этгээд П.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат Т-ын П-тэй 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсон. 1998 оны 08 дугаар сарын 17-ны өдөр том охин Д, 2000 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бага охин М нар төрсөн. Нөхөр болох Т.П нь 2007 оноос хойш өөр эмэгтэйтэй хамтран амьдарч бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл нөхөр маань 2011 оны 6 сарын 30-нд үйлдвэрийн ослоор нас барсан. Нас барсныхан дараа тэжээгчээ алдсаны тэтгэмжийг миний хоёр хүүхэд болон сүүлд суусан эмэгтэйгээс гарсан хүүхэд нийт 3 хүүхдэд хуваан авахаар тогтоогдсон. Тариалан сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид тэжээгчээ алдсаны болон шилжин ирсэн гэх бичиг баримтаа өгсөн. 2011 оны 10 дугаар сарын эхнээс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэрээ авч эхэлсэн. Амьдралын боломжгүй учир гар дээрээ мөнгө авч байгаагүй зээлээр урьдчилан авч байсан. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагч Б гуай дуудаад тэтгэвэр буруу бодогдсоны улмаас 4 100 000 мянган төгрөгний төлбөр гарсан гэж хэлсэн. Яагаад ийм төлбөр гарсан юм бэ гэж  асуухад “Улаанбаатар хотод байдаг сүүлд суусан эмэгтэйгээс гарсан хүүхдэд нэмж олгохын анзааралгүй хоёр хүүхэд дээр чинь нэмж олгосон байсан, чи хотоос авч байхгүй яасан юм. Чиний хувийн хэргийг шүүгээнийхээ мухар луу  мартсан байна” гэж надад хэлсэн. Дөрвөн жил өнгөрхөд надад юуч мэдэгдээгүй, надад мэдэгдсэн байсан бол би тэтгэвэр авч байх хугацаандаа төлөх боломжтой байсан. Одоо ээжийгээ асарч амьдардаг, асаргааны 85 000 төгрөгөөр амьдардаг. Тэтгэврийн мөнгийг буруу тооцсон нь миний буруу биш хариуцсан ажилдаа хайнга хандсан байцаагчийн хариуцлаггүй ажилласан ажиллагаа тул би энэ өр төлбөрийг хариуцахгүй” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгал хэлтсийн байцаагч П.Д-д холбогдох “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 43 дугаар улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Д.Д нь улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 43 дугаар улсын байцаагчийн актаар: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг  зөрчсөн гэж үзэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан заалтыг үндэслэн Тариалан сумын Мандал багийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч Д.А-д илүү олгосон 4 100 021 /дөрвөн сая нэг зуун мянга хорин нэгэн / төгрөгийг нөхөн төлүүлэхийг хариуцуулжээ. /ХХ-6 дугаар хуудас/

Нэхэмжлэгч  П.Б нь  Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 43 дугаар улсын байцаагчийн  актыг урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасныг  2020 оны 02 дугаар сарын 19-ний  өдрийн 52 тоот албан бичгээр түүнд хариу өгсөн байх ба 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, улмаар  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт зааснаар түүнд үүрэг бий болгосон, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

   1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 06 сарын 16-ны өдрийн 1203 дугаар шийдвэрээр: П.А, Т.П нарын гэрлэлтийг цуцалж, 1998.08.17-ны өдөр төрсөн П.Д, 2000.03.17-ны өдөр төрсөн П.М нарыг ээж П.А-ын асрамжинд үлдээж, 18 настай болтол нь эцэг Т.П-ээс сар бүр тэтгэлэг гаргуулж эх П.А-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд  тэтгэмж төлөгч Т.П нь 2010 оны 06 сарын 30-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орж амь насаа алдсан байх бөгөөд амь насаа алдахаасаа өмнө И.Н-тэй хамтран амьдарч хүү П.Н-г төрүүлсэн байна. 

Улмаар  Сүхбаатар дүүргийн Нийгмийн дааталын хэлтсээс Т.П-ийн хүү болох П.Н-д хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгож байсан бөгөөд Т.П-ээс тэтгэмж авагч П.А нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл өгснөөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын даатгалын байцаагч Д.Б нь 2011 оны 10 сарын 29-ний өдөр тэжээгчээ алдсаны тэтгэврийг зохих хувь хэмжээ, сард ноогдох хувь хэмжээг тогтоож, П.А-д /2 хүүхдэд/ олгохоор тэтгэвэр тогтоож олгож байсан нь  Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т “Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн чадваргүй 1 хүнд хөдөлмөрийн баталгаат хөлсний 50 хувиар, 2 хүнд 75 хувиар,3 ба түүнээс дээш хүнд 100 хувиар тус тус тогтооно…” гэж заасантай нийцэж байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн З-д “Тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй” гэж зааснаар П.А нь хүүхдээ 19 насанд хүрсэн , илүү олгогдож байгаа талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээр тэтгэврийг хуульд заасан хэмжээнээс илүү авсан тэтгэвэр авагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн төлбөрийг буцаан шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тусгайлан дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгч Д.Б-ыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-д ”нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заалтын дагуу шууд гэм буруутай гэж үзэж илүү олгогдсон төлбөрийг төлүүлэхээр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Д.Д нь улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 43 дугаар улсын байцаагчийн актаар хариуцуулсан нь буруу байна.

Энэхүү захиргааны акт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн “29.2” гэсэн заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл энэ хуульд 29 дүгээр зүйлийн “29.2” гэсэн хуульд байхгүй заалтыг  үндэслэн гаргасан учраас тухайн актыг хуулийг үндэслэсэн  гэж  үзэх боломжгүй.  

Мөн түүчлэн  Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д” ... өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасныг харгалзан үзэх ёстой юм.

 Тодруулбал: уг заалтад “Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан бөгөөд ... өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд “шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл” байсан эсэхийг тогтоолгүйгээр шууд байцаагч Д.-аар төлүүлэхээр хариуцуулсан нь хууль бус байна.  

Шүүх хуралдаан дээр хариуцагч П.Д-аас “ ... П.А нь илүү олгогдоод байгааг мэдэгдэх үүрэгтэй байсан” гэж тайлбарласан бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэврийг шууд Хаан банкны харилцагч П.А-ын 5900267965 тоот дансанд 2015 оны 3 сараас эхлэн 2019 оны 3 сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэр бүгд 4 100 021 төгрөг илүү орсон” гэж нэхэмжлэгч Д.Б, гуравдагч этгээд П.А-ын тайлбар болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул  тухайн үед байцаагч Д.Б нь тэтгэврийн  даатгалын санд хохирол учруулах шууд санаатай болон илтэд болгоомжгүй үйлдлийг хийж байсан нь  тогтоогдохгүй байна.

Дээрхээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч Д.Б нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтны зохих хяналт тавиагүй  алдаа гаргасан байж болох боловч энэ нь тэтгэврийн санд хохирол учруулах шууд санаатай үйлдэл байсан, эсхүл илтэд  болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Иймээс Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Д.Д нь Улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 43 дугаар актыг гаргахдаа “Д.Б-ыг байгууллагадаа хохирол учруулах шууд санаатай үйлдэл байсан, эсхүл илтэд  болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэм буруутай эсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад актыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бүхий байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-аас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч П.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 43 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ЭНХТАЙВАН