Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0222

 

Иргэн Ц.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-, П.Б- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 882 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Г-н нэхэмжлэлтэй, *******Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч В.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ц.Г- нь 2012 онд *******20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах иргэн Д.Э-, Б.М-, Д.Д- нарын тус бүр 1 га газрыг буюу нийтдээ 30,000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшихээр хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. Дээрх 30,000 м.кв газрыг шилжүүлэн авахад *******Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 тоот захирамж гарсан бөгөөд мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******Газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай (2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл) байгуулсны дагуу *******Газрын албанаас гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000417158 дугаартай гэрчилгээгээр уг 30.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар надад олгосон. Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр буюу 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлснээс хойш 5 сарын дараа *******иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тус газар эзэмших захирамжийг 2-оос дээш жилээр зориулалтаар нь ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцлах жагсаалтанд оруулсан хэмээн тус дүүргийн газрын албаны мэргэжилтэн мэдэгдсэн. Миний бие уг газрыг 6 сарын өмнөхөн нэр бүхий 3 иргэнээс хуулийн дагуу шилжүүлэн авч, газрын төлбөр, хураамжийг зохих журмын дагуу цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний дагуу ашиглахаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох хүсэлтээ гаргахаар хөөцөлдөж байхад *******Засаг дарга намайг 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгон, цуцлах тухай шийдвэр гаргасан нь ямар ч хуулийн үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй хууль бус үйлдэл юм. Уг газартаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга барих хүсэлт 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан өөрийн хүсэлтийн талаар 2013 оны 05 дугаар сарын үед тус газрын дүүрэг хариуцсан архитектороос тодруулахад 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *******иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8/02 тоот тогтоолоор таны газар эзэмших эрхийг цуцалсан тул танд барилга барих зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг нь амаар мэдэгдсэн. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэд байгууллагаас ирсэн хүсэлт өргөдлийг холбогдоох хууль журмын дагуу хянан үзээд шийдвэрлэн, хариуг албан ёсоор өгөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл миний хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй болно. Миний бие тухайн үед газрын мэргэжилтнээс *******иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох тогтоол болон *******Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийг хуульд заасны дагуу надад гардуулан өгөхийг шаардсан боловч тэрээр "...яг одоогоор тогтоол, захирамж надад байхгүй, таньд гардуулан өгнө, тэгээд ч уг тогтоол, захирамжаар олон иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хамт хүчингүй болгож, цуцалсан тул бүгдэд нь мэдэгдэнэ..." хэмээн өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл миний газар эзэмших эрхийг цуцалсан захирамж, шийдвэрийг хуульд заасны дагуу надад гардуулан өгөөгүй, энэ талаар мэдэгдээгүй байна. Тухайн үед буюу 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр миний бие *******Засаг дарга Д.Оросоод хандан тухайн асуудлаар өргөдөл, хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй бөгөөд миний бие түүнийг уг асуудлыг шийдвэрлэхийг хүлээн өөрийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрсэн. Гэтэл *******Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр А/224 дугаартай захирамжаар миний эзэмшлийн газар дээрх хашааг буулган газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэн энэ 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр *******Газрын алба, цагдаагийн албан хаагч гэх мэт 7 хүн 2 техник хэрэгсэлтэй ирж миний эзэмшил газрын 400 метр урт бетонон блокоор хийсэн 32 175 000 төгрөгийн үнэлгээ бүхий хашааг эвдэн нурааж, миний хууль ёсны өмчлөлийн зүйлийг устган хохирол учруулсан. *******Засаг дарга, Газрын албаны дээрх хууль бус, дээрмийн шинжтэй балмад үйл ажиллагааг эсэргүүцэн миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасанчлан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/3701 албан тоотоор *******Засаг даргын хууль бус үйлдлийг зөвтгөн эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. Миний бие *******Засаг дарга нь удаа дараагийн хууль бус захирамж, хууль бус үйлдлээ залруулахгүй иргэн миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчин, газар эзэмших эрхийг маань хууль бусаар хүчингүй болгож, миний өмч хөрөнгийг эвдэж устган, улмаар миний газар дээр давхардуулан *******Засаг даргын Тамгын газрын нэр дээр газар олголт хийсэн тул энэ асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байгаа тул хуульд заасны дагуу харъяалах дээд шатны албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг даргад *******Засаг даргын хууль бус захиргааны акт, үйл ажиллагааг хүчингүй болгохыг даалгуулан газар эзэмших захирамж гаргахыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд *******Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийн иргэн Цолмон овогтой Г-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч хүчингүй болгон, *******Засаг даргын 2015 оны А/224 дугаар захирамжийг хүчингүй болгуулан, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дах заалтын дагуу зөрчигдсөн эрхийг минь сэргээж, *******20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5168 дугаар бүхий 30,000 м.кв газрыг иргэн Ц.Г-д эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баянгол Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг танай шүүхэд гаргаж байгааг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч *******Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэхүү 30000 м.кв газрыг анх 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр захирамжийг үндэслэн иргэн Д.Э-, Б.М-, Д.Д- нарт 10000 м.кв тус бүрт нь эзэмшүүлсэн байсныг 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Ц.Г- эрх шилжүүлэн аван дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 дугаар захирамжаар 8023/5168 дугаар бүхий 30000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Газар эзэмшүүлсэн дээрх 2008 оны 05 дугаар сарын 30-ны 240 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31 .2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон тул дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэсэн заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаартай захирамжаар Ц.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 882 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.5, 38 дугаар зүйлийн 38.4, 57 дугаар зүйлийн 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан *******Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ц.Г-д холбогдох хэсэг, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/224 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5168 дугаар бүхий 30.000 м.кв газрыг иргэн Ц.Г-д эзэмшүүлэх захирамж гаргахыг *******Засаг даргад даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч *******Засаг дарга давж заалдах гомдолдоо: ...Нэгдүгээрт, *******20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрний зүүн хэсэгт 3 га газрыг *******Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр захирамжаар иргэн Б.М-, Д.Э-, Д.Д- нар тус бүр 1 га хэмжээгээр аж ахуйн зориулалтаар эзэмшиж авсан байдаг ба эдгээр иргэдэд газар олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтуудыг тус тус зөрчин *******2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан эрхээ хэтрүүлэн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон, тухайн газарт огт, хур хог үүсээгүй газарт хур хог цэвэрлүүлж газар эзэмшүүлэх захирамж гаргасан болох нь тогтоогдсон байх тул дүүргийн Засаг дарга өөрөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно. Хоёрдугаарт, гэтэл уг газрыг 2012 онд нэр шилжүүлэн авсан иргэн Ц.Г- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2015 оны нэхэмжлэл гаргаснаар хэрэг үүсгэсэн ба захиргааны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцолгүйгээр захиргааны хэрэг үүсгэсэн байна. Энэ нь иргэн Ц.Г- өөрийн эзэмшлийн газар эзэмших эрх нь дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болсон талаар мөн оны 5 дугаар сард мэдсэн атал энэ тухайгаа дүүргийн Засаг даргад хандаагүй /дүүргийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан гэдэг боловч дүүргийн архив болон бүртгэлээс энэ талаар баримт олдоогүй, хавтаст хэргийн 31 дэх хуудаст дүүргийн Засаг дарга энэ тухай хариуг албан бичгээр гаргаж өгсөн/, мөн хугацаанаас хойш 8 сарын дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан ба уг өргөдлийн хариуг мөн сарын 18-ны өдөр *******өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч хариуг өгсөн байх ба мөн энэхүү хугацаанаас хойш 17 сарын дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх хандсан байхад шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчин хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гуравдугаарт, мөн уг хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүх нотлох баримтаар ирүүлсэн 2008 оны *******газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хянан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх ба нотлох баримтаар авагдсан *******өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан тогтоол нь 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10/3 тоот тогтоол байх бөгөөд хавсралт нь 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болох нь хавтаст хэргээс харагдаж байна. Шүүх энэ мэт буруу шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, мөн уг хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн зүгээс уг газарт Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон захирамж гарсан талаар мэдэгдэж байсан боловч уг асуудлыг шүүх хөндөн авч үзээгүй байна. Уг газарт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамж гарч газрыг *******Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжүүлсэн байна. Улмаар *******Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн уг газарт Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийн барилга барихаар холбогдох гэрээ байгуулагдан хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэн байгаа болно. Иймээс дээрх байдлуудыг хянан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 882 дугаар шийдвэр, нэхэмжлэгчийн хуулиар тогтоосон шаардлага хангаагүй нэхэмжлэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчээс ...*******Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 дугаар захирамж гарсан бөгөөд мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******Газрын албатай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан ба түүнээс хойш 5 сарын дараа *******Газрын албанаас газар эзэмших захирамжийг 2-оос дээш жилээр зориулалтаар нь ашиглаагүй гэх үндэслэлээр цуцлах жагсаалтанд оруулсан гэж мэдэгдсэн ... миний бие уг газрыг 6 сарын өмнөхөн нэр бүхий 3 иргэнээс хуулийн шилжүүлэн авч, газрын төлбөр, хураамжийг зохих журмын дагуу цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд ерөнхий төлөвлөгөөний дагуу ашиглахаар холбогдох газарт хүсэлтээ өгч хөөцөлдөж байхад миний газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ямар ч хуулийн үндэслэлгүй... гэж, хариуцагчаас ...иргэн Ц.Г-д олгосон захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон тул дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар Ц.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон... гэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д  Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40 дүгээр зүйлийн 40.3-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ц.Г- нь *******Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 дугаар захирамжаар *******20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах 30.000 м.кв газрыг эзэмшүүлсэн байх ба *******иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тус газар эзэмших захирамжийг 2-оос дээш жилээр зориулалтаар нь ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцлах жагсаалтад оруулж, улмаар тус дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргах учиртай.

Нэхэмжлэгч Ц.Г- нэхэмжлэлдээ: ...2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ... *******иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тус газар эзэмших захирамжийг 2-оос дээш жилээр зориулалтаар нь ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцлах жагсаалтад оруулсан хэмээн тус дүүргийн газрын албаны мэргэжилтэн мэдэгдсэн..., ...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга барих хүсэлт 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ... хүсэлтийн талаар 2013 оны 05 дугаар сарын үед тус газрын дүүрэг хариуцсан архитектороос тодруулахад 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *******иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8/02 тоот тогтоолоор таны гзара эзэмших эрхийг цуцалсан тул барилга барих зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг амаар мэдэгдсэн... гэж газар эзэмших эрхийг цуцалсан талаар мэдсэн цаг хугацааны талаар тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Ц.Г-н шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан өргөдлийн бүртгэл хяналтын карт зэргээс үзвэл тэрээр газар эзэмших эрхийг хүчингүй болсон талаар мэдсэнээс хойш Газрын тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасан хугацааг хэтрүүлэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан нэхэмжлэл дэх анхан шатны шүүхийн дардас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж заасны дагуу хугацааг тоолон үзэхэд Ц.Г-н нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон байна.

Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж хянаншийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтыг зөрчжээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан нь өөр эзэмшигчид шилжсэн тохиолдолд шилжсэн хугацаанаас эхлэн тооцно гэсэн агуулгыг илэрхийлээгүй байна. Хэдийгээр газар эзэмших эрх шилжүүлэн авах үед эрх бүхий албан тушаалтан анх олгосноос хойш 2 жил дараалан ашиглагдсан эсэх талаар дүгнэж, шийдвэрлэх эрх хэмжээтэй ч нэхэмжлэгч газар эзэмших эрхийг шилжүүлж авах үед 2 жил дараалан ашиглаагүй байсныг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүйн дээр нэхэмжлэгчээс энэ талаар тодруулах боломжтой байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэн Ц.Г-д газар эзэмшүүлсэн *******Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг зөрчсөн гэж үзэн түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон*******Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол  өөрөө хүчингүй болгоно гэж заасантай нийцсэн байна.

Иймээс *******Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар иргэн Ц.Г-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь дээр дурдсанчлан хуульд нийцсэн байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу хариуцагчаас эрх хэмжээнийхээр хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай А/224 дүгээр захирамжийг гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Ц.Г-н нэхэмжлэлтэй, *******Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон,нэхэмжлэл гаргагч Ц.Г-н *******Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлага болох *******Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай А/224 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар иргэн Ц.Г-н нэхэмжлэлтэй, *******Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ц.Г-н *******Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,*******Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай А/224 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ