Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Х.Ганболд  нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч С.Болорчулуун,

Иргэдийн төлөөлөгч Э.Цогтбаясгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа,

Шүүгдэгч О.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирпүрэвийн Наранбаатарт холбогдох эрүүгийн 201510010114 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 23-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Жинчингийн 01-46 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1998 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлэн тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 56 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 94 дүгээр зүйлийн 94. 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн Боржигон овогт Очирпүрэвийн Наранбаатар /ЗН76012319/

Холбогдсон хэргийн талаар:

- Яллагдагч О.Наранбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 17-ны 00 цаг 40 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Жинчингийн 1-47 тоотод архи уулгасангүй гэх ялимгүй зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл болох хутгаар Б.Лхагважавын баруун гуяны орчим хутгалан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

- 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3 дугаар баг Замын гудамжны 03-12 тоотод оршин суух иргэн С.Болортуяагийн орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж БНХАУ-д үйлдвэрлэсэн 32 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хулгайлан бага бус хэмжээний буюу 266,880 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим давтан үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Амандогийн гудамжны 01-45 тоотод оршин суух Д.Гантуяагийн орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж БНХАУ-д үйлдвэрлэсэн 32 инчийн “Монел” маркийн зурагт, “Шарф” маркийн будаа агшаагч зэргийг хулгайлан бага бус хэмжээний буюу 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Наранбаатар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр танихгүй хүмүүстэй гадуур архи ууж байгаад цоожтой Монгол гэр тааралдахаар нь хаалгыг нь хэмх татаж онгойлгоод дотор нь ортол хүн байгаагүй. Тэгээд зурагтын тавиур дээрээс нь цагаан өнгийн хавтгай зурагтыг аваад төрсөн дүү Нарангэрэлийн гэрт очсон. Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд танихгүй айлаас 1 ширхэг зурагт, 1 ширхэг будаа агшаагч хулгайлсан ба хаалганы цоожийг нь эвдэн дотогш орсон. Миний буруу хулгай хийсэн нь үнэн. Авсан зүйлүүдээ бүгдийг нь буцаагаад өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би ачаа зөөгөөд хэдэн төгрөг олсон. Тэр мөнгөөрөө хүмүүстэй архи уусан. Тэгээд Н.Ундрахбаярын гэрт ортол Н.Ундрахбаярын эхнэр Отгоо, Б.Лхагважав, тэр гурав архи уугаад сууж байсан. Би ороод үүдэнд нь зогсож байтал Б.Лхагважав намайг гар гэж хөөж түлхэж гарган довжоон дээр унагаагаад хэл амаар доромжилж 2, 3 удаа миний цээжин дээр өшиглөж цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрээд гэр лүүгээ очиж хутга аваад иртэл Б.Лхагважав Н.Ундрахбаярынхаас гараад явж байхад нь би хөл рүү нь хутгалсан тэгээд яваад өгсөн. Ер нь байнга намайг дарамталж, дээрэлхдэг. Хэрэг болсны дараа бас намайг зодоод цустай маань хутгаж л байсан. Б.Лхагважав надад учруулсан гэмтэл байхгүй. Намайг өөрөө айлд байж намайг хөөж гаргаад цохьсон болохоор нь дургүй хүрсэн. Танхайн хэрэг хийгээгүй, би зөвшөөрөхгүй, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй...”  гэсэн мэдүүлэг /хх 126, 130-131/,   

- Хохирогч Б.Лхамжав мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Н.Ундрахбаяр гэртээ эхнэр П.Отгонбаярын хамт байсан би тэдний гэрт очихдоо Улаан бөглөөт 2 ширхгийг Пүүжээ гэдэг айлаас авч очсон. Тэдний гэрт бид 3 архиа хувааж ууцгаасан гэтэл 23 цаг өнгөрч байхад О.Наранбаатар тэдний гэрт орж ирсэн тэр үед нь би чамтай хамт архи уухгүй гэж Н.Ундрахбаярын гэрээс түүнийг хөөж түлхэж гаргасан. Өөр түүнтэй маргаж муудсан зүйл байхгүй. Тэгээд би тэр хоёртой архиа хувааж ууж дуусаад 10 цаг 20 минутын дараа харих санаатай гарсан гэтэл О.Наранбаатар Н.Ундрахбаярын гэрийн гадаа сууж байсан. Би түүний хажуугаар өнгөрч явахад намайг хөөe гэж дуудсан яасан бэ гэж түүн рүү очиход шууд баруун гуяны хэсэгт хутгаар хутгалсан. Тэр үед би Ундрахаа намайг О.Наранбаатар хутгалчихаад явчихлаа гэж хэлсэн ба Ундрахбаяр гарч ирээд намайг гэр рүү хүргэж өгсөн. Тэгээд манай эхнэр Дашдулам эмнэлэгт дуудлага өгч эмнэлэгт очиж үзүүлэн 5 оёдол тавиулсан. Хар иштэй дунд зэргийн хутга харагдсан ба намайг хутгалчихаад шууд хутгаа аваад яваад өгчихсөн юм. О.Наранбаатар хамт архи уугаагүй Н.Ундрахбаярын гэрээс хөөж гаргалаа гэж намайг хутгалсан. Гэрийн хаалгаар түлхэж гаргахад О.Наранбаатар нь довжоон дээр тээглээд бөгсөөрөө газар унасан ба цохиж зодох үйлдэл нэг ч хийгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хx-ийн 35-36/,

- Хохирогч М.Болортуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн орчим цоожтой байсан манай гэрийн хаалганы цүүг мултлан хулгайч орж, дотроос нь цагаан өнгийн хуванцар гадартай Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт алдагдсан. Би хулгайд алдагдсан зурагтаа 2016 оны 05 дугаар сард Эрээн хотын цахилгаан барааны дэлгүүрээс 1200 юаниар худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 42-43/,

- Иргэний нэхэмжлэгч О.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: “...Нарангэрэлийн гэр сагсны шийдтэй ойрхон болохоор хүүхэд дээ ус өгөхөөр гэр рүү нь ороход саарал өнгийн юүдэнтэй цамцтай нэг ах цагаан өнгийн зурагт тогонд залгаад сууж байсан. Тэгснээ нөгөө тогонд залгасан зурагтаа зарлаа гэхээр нь хэдээр зарах юм бэ гэж лавлаж асуухад 40,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Манай аавын гэр зурагтгүй болохоор аавдаа худалдаж авч өгье гэж бодоод 40,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учраас гэрт очиж мөнгийг нь өгсөн. Надад учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хx-н 46-48/,

- Хохирогч Д.Гантуяа мөрдөн байцаалтын шатанд: “...Би 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөө яваад 16-ны орой гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрсэн байдалтай дотроос нь Шарф маркийн будаа агшаагч, Монел маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайд алдсан байсан. Би хулгайд алдсан будаа агшаагч, зурагт хоёроо 2015 оны 1 дүгээр сард Замын-Үүд сумын цахилгаан барааны дэлгүүрээс зурагтыг 350,000, будаа агшаагчийг 35.000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 51/,

- Гэрч Н.Ундрахбаяр мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Отгонбаярын хамт гэртээ байж байхад 23 цагийн орчим гаднаас Б.Лхагважав 2 ширхэг улаан бөглөөт архитай халамцуу орж ирсэн. Тэгээд бид 3 нөгөө авчирсан архийг нь хуваагаад ууж суутал 00 цагийн орчим гаднаас О.Наранбаатар халамцуу орж ирсэн чинь Б.Лхагважав би чамтай хамт архи уухгүй, чи миний эхнэрийг өшиглөсөн байна лээ гээд түлхээд гэрээс гаргасан. Энэ үед О.Наранбаатар хаалганы довжоон дээр арагшаа савж унасан ба хаалгаа хаагаад Б.Лхагважавтай гэрийн гадаа маргалдаад байсан. Б.Лхагважав ганцаараа буцаад орж ирсэн. Ингээд үлдсэн 1 шил архиа уугаад 00 цаг 44 минутын үед Б.Лхагважав гэртээ харьлаа гээд гарсан. Тэгсэн 2-3 минутын дараа гэрийн гадаа Б.Лхагважав Н.Ундрахбаяраа гээд орилохоор нь гэрээс гарах гэтэл урдаас цусаа гоожуулаад ороод ирсэн. Тэгээд би юу болсон талаар тодруулж асуухад О.Наранбаатар гэрийн гадаа хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 60-61/,

- Гэрч П.Отгонбаяр мөрдөн байцаалтанд: “...Бид 3 хоорондоо юм ярингаа нөгөө архиа уугаад сууж байтал О.Наранбаатар гаднаас согтуу орж ирсэн. Тэгсэн Б.Лхагважав О.Наранбаатарыг чи намайг эзгүйд манай эхнэрийг өшиглөсөн байна лээ гээд хоорондоо маргалдаад хаалгаар хөөж гаргасан. Удалгүй Б.Лхагважав буцаж гэрт орж ирэхээр нь үлдсэн архиа ууж дуусгаад Б.Лхагважав гэртээ харьлаа гээд гарсан. Гараад удаагүй байж байтал Б.Лхагважав намайг О.Наранбаатар хутгалчихлаа гээд хөлнөөсөө цус гоожуулаад орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хx-н 62/,

- Гэрч И.Дашдулам мөрдөн байцаалтанд: “...Манай нөхөр Б.Лхагважав нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн үед гэртээ хоол идчихээд согтуу байдалтай Н.Ундрахбаярын гэр рүү явсан. Тэгээд 00 цагийн орчим О.Наранбаатарт хутгалуулчихлаа гээд баруун гуянаасаа цусаа гоожуулаад Н.Ундрахбаяр, П.Отгонбаяр нарын хамт гэрт ирсэн. 2016 оны хавар Б.Лхагважавыг хөдөө ажлаар явсан хойгуур О.Наранбаатар манай гэрт согтуу орж ирээд агсан согтуу тавих гээд байхаар нь гэрээсээ хөөсөн, гэтэл миний салтаа руу нэг удаа өшиглөөд явчихсан юм. Энэ байдлыг Б.Лхагважав мэдээд О.Наранбаатартай муудалцсан болов уу гэж бодож байна. О.Наранбаатар миний салтааруу өшиглөхөд миний биед гэмтэл бэртэл учраагүй учир гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хx-н 63/,

- Гэрч Т.Адъяа мөрдөн байцаалтанд: “...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим гэртээ хувцасаа угаагаад сууж байтал урд гудамжнаас нэг согтуу эрэгтэй хүн цагаан өнгийн хавтгай зурагт бариад манай байшингийн хажуугаар зөрсөн. Тэгээд нөгөө хүнийг хаана очиж зурагтаа зарах нуу гээд дагаад явтал Амарын гудамжинд байдаг нэг байшин руу орсон. Ингээд хэсэг хугацаанд гарч ирэхийг нь хүлээгээд ирэхгүй байхаар нь гэртээ очиж урд айлын хүнд энэ талаар хэлсэн. Манай хүүхдүүд гадаа тоглож байсан болохоор тэр хүнийг урд айлын гэрээс зурагт аваад гарсан гэж байсан. Араас нь харахад улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн юүдэнтэй цамцтай байсан...” гэсэн мэдүүлэг /хx-н 64/,

- Гэрч О.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ортол О.Наранбаатар ах манайд ирчихсэн нэг цагаан өнгийн зурагт тогонд залгаад ажиллаж байгаа үгүйг нь шалгаад сууж байсан. Удалгүй Номин-Эрдэнэ гаднаас хүүхэддээ ус уулгахаар манай гэрт орж ирэх үед О.Наранбаатар ах авчирсан зурагтаа манай найз том зурагт аваад үүнийгээ 20,000 төгрөгөөр зарчих гэж хэлснийг Номин-Эрдэнэ сонсоод та яг хэдэн төгрөгөнд зарна гэнэ ээ гээд лавлаж асуухад 40,000 төгрөгөнд зарна гэж хэлсэн. Тэгтэл Номин-Эрдэнэ одоо надад мөнгө байхгүй гэрээс очоод авъя гээд тэдний гэр болох сургуулийн гудамжны 01-40 тоотод очиж 40,000 төгрөг бэлнээр авсан. Ингээд О.Наранбаатар ахыг гэрийнх нь үүдэнд буулгаад ахынхаа гэрт очиж хөзөр тоглоод харьсан...” гэсэн мэдүүлэг /хx-н 65-66/,

- Гэрч Г.Баянцогт мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Замын-Үүд сумын 3 дугаар баг Жинчингийн гудамжинд айлын байшин бариад зогсож байтал 40-50 орчим насны хажуу айлын /баруун талын Монгол гэр/ согтуу залуу гэрээсээ гарч ирээд хойд айлын гэрийн цоожийг сүх маягтай нэг төмрөөр цохиж онгойлгоод дотроос нь будаа агшаагч, хавтгай зурагт бариад өөрийнхөө гэр рүүгээ оруулсан. Үүний дараа гэрээ цоожлоод буцаад гарах гэхээр нь цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 71/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-23, 28-29/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай шинжээч П.Гаваасүрэнгийн “...Б.Лхагважавын биед баруун гуяны дотор дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно, хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хx-н 74/,

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 316-28 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “...32 инчийн “Самсунг” маркийн цагаан өнгөтэй LED зурагт нь 266,880 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /хx- 83-90/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай шинжээч Б.Баясгалангийн “...Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөрний гэрэл зураг нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөрний гэрэл зураг нь О.Наранбаатарын өмсөж явсан гэх гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна, хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлж авсан гутлын мөрний гэрэл зураг нь О.Наранбаатарын өмсөж явсан гэх гутлын улны хэмжээ, хээний зураглал зэрэг ерөнхий шинжээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт /хx-н 92/,

- 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаартай шинжээч С.Энхтайваны “...2015 онд 350,000 төгрөгөөр худалдан авсан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн 32 инчийн Монел маркийн LED зурагт нь 280,000 төгрөг, 2015 онд  35,000 төгрөгөөр худалдан авсан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн “Шарф” маркийн будаа  агшаагч нь 30,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хx-ийн 101/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай шинжээч П.Болдбаатарын “...Сэжигтэн О.Наранбаатараас хураан авч шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь хэргийн газраас бэхжүүлэн авч харьцуулах шинжилгээнд ирүүлсэн мөртэй мөрний ерөнхий шинж тэмдгийн хувьд хоорондоо тохирч байна....” гэсэн дүгнэлт /хx-104/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-136/,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998.06.26-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Говьсүмбэр аймгийн шүүхийн 1998.07.10-ны өдрийн 19 дугаартай магадлал, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012.02.01-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015.02.05-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамж /139-147/,

- О.Наранбаатарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 166/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн хос пүүз, хар өнгийн салаатай хос углааш зэргийг үзүүлж таниулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар дүгнэхэд:  2016 оны 05 дүгээр сарын 17-ны шөнө хохирогч Б.Лхагважав нь 2 шил архи авч Н.Ундрахбаярынд очиж,  Н.Ундрахбаяр, түүний эхнэр П.Отгонбаяр нартай авч очсон 2 шил архиа хувааж ууж дуусаад гэртээ харих гэж яваад баруун гуяндаа хутгалуулсан,

- 2016 оны 06 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3 дугаар баг Замын гудамжны 03-12 тоотод оршин суух иргэн С.Болортуяагийн гэрээс 32 инчийн Самсунг маркийн зурагт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Амандогийн гудамжны 01-45 тоотод оршин суух Д.Гантуяагийн гэрээс 32 инчийн Монел маркийн зурагт, Шарф маркийн будаа агшаагч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан гэмт хэргүүд гарсан үйл баримт болсон байна.

 Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас О.Наранбаатарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 17-ны 00 цаг 40 минутын үед архи уулгасангүй гэх ялимгүй зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн Б.Лхагважавын баруун гуяны орчим хутгалан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэж,

- 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3 дугаар баг Замын гудамжны 03-12 тоотод оршин суух иргэн С.Болортуяагийн орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан бага бус хэмжээний буюу 266,880 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим давтан үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Амандогийн гудамжны 01-45 тоотод оршин суух Д.Гантуяагийн орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан бага бус хэмжээний буюу 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч О.Наранбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3 дугаар баг Замын гудамжны 03-12 тоотод оршин суух иргэн С.Болортуяагийн гэрийнх нь хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлан бага бус хэмжээний буюу 266,880 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим давтан үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Амандогийн гудамжны 01-45 тоотод оршин суух Д.Гантуяагийн гэрийнх нь хаалганы  цоожийг эвдэн орж 32 инчийн Монел маркийн зурагт, буцаа агшаагч зэргийг хулгайлан бага бус хэмжээний буюу 310,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би айлын хаалга эвдэж ороод 2 зурагт, 1 будаа агшаагч хулгайлсан нь үнэн. Авсан зүйлүүдээ буцаагаад өгсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч М.Болортуяагийн “... цоожтой байсан манай гэрийн хаалганы цүүг мултлан хулгайч орж, дотроос нь цагаан өнгийн хуванцар гадартай Самсунг маркийн 32 инчийн зурагт алдагдсан” гэсэн мэдүүлэг,  иргэний нэхэмжлэгч О.Номин-Эрдэний “...Нарангэрэлийн гэр сагсны шийдтэй ойрхон болохоор хүүхэд дээ ус өгөхөөр гэр рүү нь ороход саарал өнгийн юүдэнтэй цамцтай нэг ах цагаан өнгийн зурагт тогонд залгаад сууж байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Гантуяагийн “...гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрсэн байдалтай дотроос нь Шарф маркийн будаа агшаагч, Монел маркийн 32 инчийн зурагт хулгайд алдсан” гэсэн мэдүүлэг,  гэрч Т.Адъяагийн “...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим гэртээ хувцасаа угаагаад сууж байтал урд гудамжнаас нэг согтуу эрэгтэй хүн цагаан өнгийн хавтгай зурагт бариад манай байшингийн хажуугаар зөрсөн” гэсэн мэдүүлэг, гэрч О.Нарангэрэлийн  “...О.Наранбаатар ах манайд ирчихсэн нэг цагаан өнгийн зурагт тогонд залгаад ажиллаж байгаа үгүйг нь шалгаад сууж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Баянцогтын  “...40-50 орчим насны хажуу айлын согтуу залуу гэрээсээ гарч ирээд хойд айлын гэрийн цоожийг сүх маягтай нэг төмрөөр цохиж онгойлгоод дотроос нь будаа агшаагч, хавтгай зурагт бариад өөрийнхөө гэр рүүгээ оруулсан” гэсэн мэдүүлэг,  Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Наранбаатар нь давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч О.Наранбаатарыг үл ялихгүй зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн Б.Лхагвасүрэнгийн баруун гуяны орчим хутгалж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, О.Наранбаатарын дээрх гэмт үйлдэл нь танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй, харин  хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж үзэж зүйлчилэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын үндсэн шинж нь олон нийтийн газар орчин тойрны хүмүүсийн тайван байдлыг алдагдуулах, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлж нийгэмд аюултай үйлдлээ удаан хугацаанд үргэлжлүүлэх хэлбэрээр илэрдэг.

Улсын яллагч яллах дүгнэлт болон ялын шүүмж явуулахдаа “...Шүүгдэгч О.Наранбаатар нь архи уулгасангүй, айлын гэрээс түлхэж хөөж гаргаж унагаалаа гэх үл ялихгүй зүйлээр шалтаглан Б.Лхагважавыг хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулж  танхайрсан. Энэ үйлдэл нь танхайн сэдэлтийн шинжийг агуулсан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан гэж мэтгэлцсэн нь дээрх үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Мөн танхайн үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, эмх замбараагүй шинжтэй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өрөө хянаж хүссэн үр дүндээ хүрээд үйлдэлээ зогсоодог байна.

Шүүгдэгч О.Наранбаатар нь О.Лхагважавын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “... О.Лхагважав нь намайг Н.Ундрахбаярын гэрээс хөөж түлхэн унагаж миний цээж рүү 2-3 удаа цохьсон... ер нь намайг дарамталж дээрэлхдэг болохоор миний дургүй хүрээд гэр лүүгээ очиж хутга аваад хутгалсан...  гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Лхамжавын “...О.Наранбаатар тэдний гэрт орж ирсэн тэр үед нь би чамтай хамт архи уухгүй гэж Н.Ундрахбаярын гэрээс түүнийг хөөж түлхэж гаргасан… Тэгээд би тэр хоёртой архиа хувааж ууж дуусаад 10 цаг 20 минутын дараа харих санаатай гарсан гэтэл О.Наранбаатар Н.Ундрахбаярын гэрийн гадаа сууж байсан. Би түүний хажуугаар өнгөрч явахад намайг хөөe гэж дуудсан яасан бэ гэж түүн рүү очиход шууд баруун гуяны хэсэгт хутгаар хутгалсан… намайг хутгалчихаад шууд хутгаа аваад яваад өгчихсөн..." гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ундрахбаярын “...00 цагийн орчим гаднаас О.Наранбаатар халамцуу орж ирсэн чинь Б.Лхагважав би чамтай хамт архи уухгүй, чи миний эхнэрийг өшиглөсөн байна лээ гээд түлхээд гэрээс гаргасан. Энэ үед О.Наранбаатар хаалганы довжоон дээр арагшаа савж унасан ба хаалгаа хаагаад Б.Лхагважавтай гэрийн гадаа маргалдаад байсан... Б.Лхагважав гэртээ харьлаа гээд гарсан... Тэгсэн 2-3 минутын дараа гэрийн гадаа Б.Лхагважав Н.Ундрахбаяраа гээд орилохоор нь гэрээс гарах гэтэл урдаас цусаа гоожуулаад ороод ирсэн. Тэгээд би юу болсон талаар тодруулж асуухад О.Наранбаатар гэрийн гадаа хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Отгонбаярын “...О.Наранбаатар гаднаас согтуу орж ирсэн. Тэгсэн Б.Лхагважав О.Наранбаатарыг чи намайг эзгүйд манай эхнэрийг өшиглөсөн байна лээ гээд хоорондоо маргалдаад хаалгаар хөөж гаргасан… Б.Лхагважав гэртээ харьлаа гээд гарсан. Гараад удаагүй байж байтал Б.Лхагважав намайг О.Наранбаатар хутгалчихлаа гээд хөлнөөсөө цус гоожуулаад орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгч О.Наранбаатарыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  Түүнд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч О.Наранбаатар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт оногдох хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, ялыг ялгамжтай оногдуулсан болно.

 Мөн шүүгдэгч О.Наранбаатарын ялтай байдал нь өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болох боловч түүний нийгэмд биеэ авч яваа байдал, урьд хорих ял эдэлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг чангаруулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч О.Наранбаатарын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн хос пүүз, хар өнгийн салаатай хос углааш зэргийг шүүгдэгч авна гэж байх тул түүнд олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигон овогт Очирпүрэвийн Наранбаатарт Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2.  Шүүгдэгч Боржигон овогт Очирпүрэвийн Наранбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Очирпүрэвийн Наранбаатарыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч О.Наранбаатарт оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд багтааж,  түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч О.Наранбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Наранбаатарын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт түүний иргэний баримт бичиг хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг улаан өнгийн хос пүүз, 1 ширхэг хар өнгийн салаатай хос углааш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Наранбаатарт олгосугай.  

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Наранбаатарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ

ШҮҮГЧИД                                                     А.ЦЭРЭНХАНД

                                                                Х.ГАНБОЛД