Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б. ******* Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийшүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ид холбогдох 2123000000200 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сум ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой *******ын *******, /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 11 дүгээр сард Завхан аймгийн ******* сум ******* багийн нутаг “” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.*******ын өмчлөлийн үхэр сүргээс эвэртэй зөв талын чих урдаасаа ухам, хойноосоо ганзага имтэй, улаан хүрэн зүсмийн эр болон эм үхэр буюу 2 тооны буюу олон тооны бод малыг Бонго Жи-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлж 2.400.000 /Хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: овогт *******ын ******* нь 2020 оны 11 дүгээр сард Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.*******ын өмчлөлийн үхэр сүргээс эвэртэй зөв талын чих урдаасаа ухам, хойноосоо ганзага имтэй, улаан хүрэн зүсмийн эр болон эм үхэр буюу 2 тооны бод малыг Бонго Жи-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Бэлчээрээс 2 тооны үхрээ хулгайд алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ын ”... Завхан аймгийн ******* сум ******* багийн нутаг “” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 26-ны хооронд эр, охин 2 тооны үхэр байхгүй болсон байсан. Би тухайн сарын 24-ний орой үхрээ хурааж бөөгнүүлж ... нэг хоног үхрээ харалгүй орхичхоод ... 26-ны өглөө үхрээ бүртгэсэн чинь 2 тооны үхэр байхгүй болсон байсан. Манай хулгайд алдсан үхэр хоёулаа эвэртэй зөв талын чих урдаасаа ухам, хойноосоо ганзага имтэй, хоёулаа улаан хүрэн зүсмийн нэг нь цайвардуу хошуутай, нөгөө нь бараандуу хошуутай үхрүүд байгаа... Би хулгайд алдсан үхрээ нэгийг нь 1 сая төгрөгөөр үнэлмээр байна, тэр үед хязаалан насны үхэр ийм үнэ ханштай байсан гэсэн ...” мэдүүлгээр, Б.******* нь шүдлэн насны монголын эр, охин улаан хүрэн үхрүүд ачиж ирсэн талаар гэрч Д.ын ”... Манайх 25-нд зээлээ хийх байсан. Тэгээд би ******* руу өдөр нь яриад мөнгө олоод өгөөч гэж хэлсэн. Тэгсэн орой манай нөхөр над руу яриад мөнгө олдохгүй байна гэсэн. Тэгээд би унтаад амраад байж байтал 5 цаг өнгөрөөгөөд манай хүн ороод ирсэн. Тэгээд би босоод чи яав зүгээр үү гэсэн чинь найзаасаа 2 үхэр аваад ирлээ гэсэн. Тэгээд өглөө гаргаж янзлаад нэг үхрийн махыг авч яваад зараад ирсэн. Манай нөхөр ******* нь шүдлэн насны монголын эр, охин улаан хүрэн үхрүүд ачиж ирсэн байсан. Манай нөхөр нэг үхрийн махыг нь 700.000 төгрөгөнд зарсан, нэг үхрийн махыг нь өөрсдөө идсэн. Надад хаанаас авсан талаараа хэлээгүй найзаасаа л гэсэн үг хэлсэн... Өөрийнхөө Бонгогоор ачиж ирсэн. ******* дугаартай шөнө гэртээ ирэхдээ лав ганцаараа орж ирсэн харин цаана хөдөө ачихдаа хүнтэй хамт ачсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, Б.*******оос 1 тооны үхэр худалдаж авсан тухайгаа мэдүүлсэн гэрч Г.гийн “... Би 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Шүдлэн үхрийн мах 700.000 /Долоон зуун мянга/ төгрөгөөр худалдан авч байсан. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сумаас ирээд хэд хонож байгаад авсан тэгэхээр 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр юм уу эсвэл 26-ны үед авсан. Би В.*******той үхэр авахаас хэд хоногийн өмнө зах дээр явж байгаад тааралдсан. Тэгтэл идэшний шүдлэн үхэр авах уу гаргаж, янзлаад өгнө гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу яриад идэшний үхрээ аваарай гэхээр нь очиж шүдлэн үхрийн мах авсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Д.******* 2 тооны үхрээ алдаад хайж байсан талаар гэрч С.*******гийн “... 2 тооны үхэр алдсан гэж манайд ирж сурагласан. Яг ямар насны үхэр алдсаныг нь мэдээгүй. Д.******* нь алдсан үхрээ сайн сураглаж явсан...” гэсэн мэдүүлгээр, Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ийн “... 2020 оны 11 дүгээр сарын 25-н билүү 26-ны өдрийн орчимд Завхан аймгийн ******* сум ******* багийн нутаг “” гэх газарт утсаар ярьчхаад шөнийн 22 цагийн орчимд явж байхад зам дээр олон тооны үхэр байхаар нь зогсоод 2 үхэр бугуйлдаад амьдаар нь өөрийн унаж явсан ******* улсын дугаартай Бонго Жи-2 маркийн машиндаа ачаад шууд сумын төв орчхоод гэрийнхээ хашаанд хонуулаад өглөө хоёуланг нь гаргаад 1 үхрийн махыг нь 700.000 төгрөгөөр худалдсан, нөгөө үхрийн махыг нь өөрөө хэрэглэсэн. Тэгтэл энэ жил үхрийн эзэн ******* гэх хүн чи миний үхрийг хулгай хийсэн гээд байхаар нь за за тэгсэн гээд үнэнээ хэлээд 2 үхрийн хохирол болох 2.800.000 төгрөгийн *******ын данс руу нь хүний дансаар дамжуулж төлсөн...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогчид 2,400,000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн ******* сумын Үнэлгээний комиссын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн алдагдсан малын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ. Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 2 бод малыг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг, олон тооны мал хулгайлах үйлдлээ хялбарчлах, үйлдлээ түргэвчлэх зорилгоор машин механизм ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох машин механизм ашигласан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан “Хэргийн талаар ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдолгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах нийтлэг үндэслэлийг уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан ба уг хуулийг 2 дугаар бүлэгт өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээг зохицуулсан. Шүүгдэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар цаг хугацааны хувьд тухайн хуулийн үйлчлэлд хамаарч байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Корона-вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан тул түүнд оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн ******* суманд оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Завхан аймгийн ******* сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн Бонго жи-2 маркийн ЗАА улсын дугаартай автомашиныг ашигласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан “тээврийн хэрэгсэл” гэсэн ойлголтод хамаарч байх тул тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож, уг автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдтэл хэвээр үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан машин, механизм ашиглан олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б.*******ийг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 1 жил 4 сарын хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр явах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

7. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,250,000 төгрөгийн үнэ бүхий Бонго жи-2 маркийн ЗАА улсын дугаартай автомашиныг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

10 . Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ