Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.*******ид холбогдох 2223000000001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Завхан аймаг ******* сум ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч Ч.******* нь 20******* оны 04 дүгээр сард Завхан аймгийн ******* сум багийн нутаг дэвсгэр “Харганы хөшөөт” гэх газарт ижил сүргээсээ тасарч бэлчээрт байсан хохирогч Д.*******ын өмчлөлийн зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 4 настай халтар зүсмийн үрээ, зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 5 настай хүрэн зүсмийн үрээ буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий 2 тооны адууг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ын *******ын ******* нь 20******* оны 04 дүгээр сард Завхан аймгийн ******* сум багийн нутаг дэвсгэр “Харганы хөшөөт” гэх газарт ижил сүргээсээ тасарч бэлчээрт байсан хохирогч Д.*******ын өмчлөлийн зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 4 настай халтар зүсмийн үрээ, зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 5 настай хүрэн зүсмийн үрээг завшсаны улмаас хохирогчид 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч Д.*******ын “...Би 20******* оны хавар сумын иргэн гэдэг хүнээс 4 ширхэг үрээ худалдаж аваад адуундаа нийлүүлээд хаячихсан юм. Тэгээд дөрөв тав хоногийн дараа адуундаа очсон чинь нөгөө 4 үрээ чинь дөрвүүлээ алга болчихсон байсан. Тэгээд хавар цаг адуу туранхай байсан болохоор энд тэнд үхчихвий гэж бодоод хүнээс асууж сураглаж байгаад ******* сумын гэдэг хүний адуунаас хоёрыг нь олж авсан юм. Тэгээд үлдсэн хоёр адууг нь сураглаж хайж байсан боловч олдоогүй байсан. ...Ширээтэй дором тамгатай халтар зүсмийн үрээ нөгөөдөх нь бас ширээтэй дором тамгатай хүрэн үрээ байсан.

20******* оны 08 дугаар сарын эхээр өөрийн ач дүү Н.ийг сум руу явуулж унуулж ирүүлсэн юм. Халтар үрээ нь 4 настай, хүрэн үрээ нь 5 настай байгаа юм. Надад учирсан хохирол , нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би алдсан адуунуудаа зүсээр нь олж авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 85-р хуудас/, - Гэрч Т.ийн “...20******* оны 07 дугаар сард гэртээ байж байсан чинь манай найз ******* “Хоёулаа сум руу яваад хоёр адуу хүнд аваачиж өгчхөөд хүрээд ирье” гэж хэлэхээр нь би цуг явсан. Тэгээд явж байх замдаа “Найз нь энэ хоёр адууг “Харганы хөшөөт” гэдэг газар байж байхаар нь авч ирээд тэжээсэн юм. Эзэн нь олдохгүй байгаа болохоор суманд агтны адуу авч байгаа гэнэ тэнд аваачаад зарчихъя” гэж хэлсэн.

Тэгээд бид хоёр сумын хойд талд байдаг адуу авч байгаа чулуун хашаан дээр адуугаа зарах гээд очсон чинь тэнд хүмүүс адуу шахчихсан адуу барьж аваад байгаа бололтой хэсэг хүмүүс байсан. Тэгээд бид хоёр адуугаа өгөх гээд тэнд очсон чинь урдаас нэг ах хүрч ирээд “Наад хоёр адуу чинь миний алдсан хоёр адуу байна. Та хоёр наадхаа хаанаас авсан юм бэ” гэж асуусан чинь манай найз ******* “Энэ хоёр адуу манай тэнд босож чадахгүй байхаар нь би авч ирээд тэжээчихсэн юм” гэж тэр хүнд хэлсэн. Тэгээд тэр хоёр хол очоод хэсэг юм ярьж сууж байгаад хоёр адууг нь өгчхөөд манай найз ******* бид хоёр гэр рүүгээ явсан ...Нэг нь ширээтэй дором тамгатай сартай хүрэн үрээ, нөгөөдөх нь бас адилхан ширээтэй дором тамгатай халтар үрээ байсан. Тухайн хоёр адууг элсэнд муудсан байхаар нь гэртээ авч ирж тэжээсэн гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/, - Гэрч Д.ын “...Тухайн өдөр ах адуундаа явахдаа “Хоёулаа манай хэдэн үрээг засаадахъя хойд салааны адууны хороон дээр хүрээд ирээрэй” гэж хэлэхээр нь би адууны хороон дээр давхиж очоод бид хоёр тэдний хэдэн үрээг засаад байж байсан чинь хоёр морьтой хүн хоёр адуу хөтөлчихсөн хүрээд ирсэн. Тэгээд би юмаа хийж дуусаад гараа угаачхаад хүрээд ирсэн чинь ах надад хандан “Энд их сонин юм болоод байна. Би алдсан хоёр адуугаа олчихлоо. Энэ хоёр залуу миний зарсан хоёр үрээг агтанд зарах гээд хөтлөөд хүрээд ирлээ” гэж надад хэлэхээр нь би харсан чинь ахын унаган хоёр үрээ нь мөн байсан. Тэгээд тэд нар надаас хол очиж тусдаа юм ярьж сууж байгаад тэр хоёр залуу хөтөлж ирсэн хоёр үрээгээ үлдээчхээд яваад өгсөн. сумын нутаг хойд салааны малын хашаанд болсон. Тухайн үед ах бид хоёр байсан ба Говь-Алтай аймгаас адуу авах гэж ирсэн ченж нар хамт байсан. ******* сумын ******* багийн хүмүүс байсан.

Нэг нь ийн банди, нөгөөдөх нь ******* гэдэг хүний банди байсан. Дормон тамгатай дэлийг нь зассан хээр үрээ, нөгөөдөх нь Дормон тамгатай хүрэн үрээ байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, - Гэрч Ц.ын “...20******* оны 07 дугаар сард Завхан аймгийн суманд Адуун чулуу гэх газарт адуу худалдаж авч байхад ******* сумаас адуу өгөх гэж ирсэн гээд морьтой хоёр залуу хоёр адуу хөтөлж ирээд надад зарах гээд байж байхад тэнд байсан сумын иргэн гэдэг хүн миний алдаад сураггүй болсон хоёр адуу мөн байна гэж хэлээд бид нараас хол очиж хэсэг юм ярьж сууж байгаад тэр хоёр залуу тууж ирсэн хоёр адуугаа тэр гэдэг хүнд өгчхөөд явж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, - Гэрч Д.гийн “...20******* оны 07 дугаар сард Хужиртийн хойд салааны бетонон хороон дээр үрээ засаад байж байсан чинь нэг нэг адуу хөтөлчихсөн хоёр морьтой залуу хүрч ирсэн чинь миний 20******* оны 02 дугаар сард сумын ******* гэдэг хүнд зарсан хоёр үрээ байхаар нь би тэр хоёроос “Наадах чинь миний алдсан үрээнүүд мөн байна. Та хоёр наад хоёр үрээгээ хаанаас авсан юм бэ” гэж асуусан чинь “Хавар эцэж тураад муудчихсан байхаар нь би тэжээж байгаад эзэн нь олдохгүй болохоор зарах гээд хөтлөөд ирлээ, таны адуу юм бол ав ав” гэж хэлээд үлдээчхээд явсан. Тэгээд би тэр хоёр адууг тэнд авч үлдсэн. ******* гэдэг хүн “Чамаас авсан 2 үрээ алга болчихлоо наана чинь очсон байж магадгүй сайн хараад сураад байгаарай” гэсэн болохоор би тухайн 2 үрээг тэр хоёроос авчихсан юм.

Миний унаган адуунууд болохоор шууд хараад таньсан. Нэг нь сартай бор хээр зүстэй ширээтэй дором тамгатай зүүн талын чих догол имтэй хязаалан үрээ, нөгөө нь духан дээрээ жижигхэн сартай ширээтэй дором тамгатай соёолон хүрэн үрээ байсан. ...Би ******* руу утсаар залгаад 2 үрээг чинь олчихлоо гэж хэлсэн чинь залуу нь ирээд туугаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, - Гэрч С.*******ын “Манайх 20******* оны 04 дүгээр сарын эхээр ******* сумын нутаг “Харганы хөшөөт” гэдэг газар хаваржиж байсан. Манай банди ******* хоёр туранхай адуу туугаад ирсэн. Тэгээд тэр хоёр адуу их туранхай байсан болохоор манай хүү өвс тэжээл өгч онд оруулсан. Тэгээд би адуу малаа хариулдаггүй хөгшин настай гарч орж чаддаггүй болохоор тэр хоёр адууг манай хүүхэд яасныг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, уг мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг алдуул малыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулснаар төгсдөг. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр сүрэгт нийлсэн эсхүл өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно. Шүүгдэгч Ч.******* нь иргэн Д.*******ын өмчлөлийн зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 4 настай халтар зүсмийн үрээ, зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 5 настай хүрэн зүсмийн үрээг сүргээсээ тасарч салсан байхад нь завшиж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ. Иймд шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. - Хохирлын талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******т 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 20******* оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаартай ХХК-ны Хөрөнгийн үнэлгээчин Х.гийн дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/-ээр тогтоогдож байна. Хохирогч Д.******* нь хулгайд алдсан зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 4 настай халтар зүсмийн, зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай 5 настай хүрэн зүсмийн хоёр үрээгээ зүсээр нь буцаан авсан болох нь хохирогч Д.*******, шүүгдэгч Ч.******* нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолхуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ