Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
Хэргийн индекс | 170/2022/0025/Э |
Дугаар | 2022/ШЦТ/22 |
Огноо | 2022-02-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.*******т холбогдох 2223000000017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймаг сум ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэр тоот хашаанд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.*******тай “Архи уусан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар руу нь гутал шидэх, гараараа толгойн тус газар цохих зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэр тоот хашаанд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.*******тай “Архи уусан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар руу нь гутал шидэх, гараараа толгойн тус газар цохих зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Мөрдөн шалгах ажиллагаанд: - Хохирогч О.*******гийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө сэрээд манай нөхөр хэрүүл нэхээд хоорондоо маргалдаж байгаад миний толгой руу нэг удаа цохиод гэдэс рүү өшиглөөд, тэгээд хоорондоо эвлэрсэн. Орой хоол ундаа хийж идчихээд байж байсан чинь манай нөхөр намайг хардаад бас хэрүүл нэхээд байхаар нь би гараад гудамжинд явж байсан чинь манай нөхрийн ангийн хүүхэдтэй таараад тэр нь намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд байж байсан чинь манай нөхөр намайг хүргэж өгсөн хүнтэй хардаад эхэлсэн. Тэгээд намайг цохиж унагаасан, миний өмсдөг гутлаар толгой руу цохиод байсан. Тэгээд цагдаа дуудах гэсэн чинь цагдаа руу яриулахгүй байхаар нь 2021 оны 12 сарын 20-ны орой гэрээсээ утсаа авч гараад нууцаар цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Манай нөхөр хөдөө ажлаар явж байгаад саяхан ирсэн. Тэгээд намайг хардаад хардалтаас болоод бид хоёр хэрэлдэж, маргалдсан. Тэгээд эвлэрчихсэн байсан чинь орой ангийнхаа хүүхэдтэй хардаад намайг зодсон. Миний өмсөж явсан гутлыг тайлагдаад унахаар аваад миний араас шидээд толгой руу цохисон, мөн толгой руу гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/, - Гэрч М.ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байсан чинь манай найз ******* утсаар яриад манайд ирж адууны мах ид гэхээр нь эхнэр бид хоёр яваад очсон. Тэгээд бид нар юм яриад сууж байсан чинь *******ын эхнэр бие засаад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд эхнэр нь гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь манай эхнэр бид хоёр гараад *******ын эхнэрийг хайгаад олоогүй. Тэгээд буцаад *******ын гэрт ороод сууж байсан чинь манай сумын гэдэг залуу *******ын эхнэрийг аваад ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр ы машинд суугаад гэртээ хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, - Гэрч Х.ын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таксинд явж байсан бөгөөд эцэс рүү хүн буулгах гээд явж байсан юм. Тэр үед 4 дүгээр сургуулийн замын хажуу талаар нэг эмэгтэй хүн гүйж явсан. эцэс гарч хүн буулгачхаад буцаад уруудаж явсан чинь нөгөө эмэгтэй чинь гараа өргөөд зогсож байхаар нь хажууд нь очоод зогссон чинь миний машинд орж ирээд суухаар нь “Хаа хүрэх вэ” гэсэн чинь “Хаа ч хүрсэн яахав” гэхээр нь “Тэр чинь юу гэж байгаа юм? Хаа хүрэхээ хэлэхгүй бол болохгүй” гэж хэлээд харсан чинь манай багын найз *******ын эхнэр ******* байсан бөгөөд би тэр эмэгтэйгээс “Танай нөхрийг ******* гэдэг үү, чи энд юу хийж яваа юм бэ” гэсэн ******* надад хэлэхдээ “Би нөхөртэйгөө муудалцсан. Манай нөхөр намайг хардаад байдаг юм” гэхээр нь би “Тэр яахаараа эхнэрээ хардаж байдаг юм бэ? Би чамайг гэрт чинь хүргээд өгье” гэж хэлээд *******г аваад гэр рүү нь явсан. Тэр үед *******ын гэрт эхнэртэйгээ байсан. Тэгээд би *******ын гэрт ороод “Чи яагаад эхнэрээ хардаад байдаг юм бэ? энэ хүн чинь гудамжинд явж байна” гэж хэлсэн. Тэр үед ******* надад хэлэхдээ “Би эхнэрээ хардаагүй. Харин наад хүнийг чинь хайгаад олохгүй байсан юм” гэж хэлсэн. Тэгээд явах гэсэн чинь эхнэрийн хамт гэртээ харина гэхээр нь би ыг эхнэрийнх нь хамт аваад гэрийнх нь гадаа буулгаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 000000034 дугаартай “...Иргэн О.*******гийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, хүзүүний урд доод хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хавдар, зүүн хацарт цус хуралт, баруун шилбэний дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн хавирганы нуманд зөөлөн эдийн гэмтэл тогтоолдоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. О.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн О.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/, - Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын баг тоотод манай гэрт болсон. Би тухайн үед эхнэр ******* руу гутал аваад шидчихсэн.
Мөн гар хөлөөрөө нааш түлхсэн. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, тов мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй учир шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа илэрхийлсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн толгой руу гараараа цохих, толгой тус газар нь гутлаар цохих зэрэг үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулжээ. Шүүгдэгч Э.******* нь хохирогч О.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Э.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, эхнэр, нөхрийн хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Хохирогч О.******* нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь түүний мөрдөн байцаалтад өгсөн “...надад гомдол, санал болон нэхэмжлэх зүйл алга” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Э.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ