| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0024/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/24 |
| Огноо | 2022-02-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч П.******* Өмгөөлөгч В. Хохирогч А.******* Шинжээч П. Гэрч Г.******* Иргэдийн төлөөлөгч П. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох 222300000006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг сум баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд Завхан аймгийн сум баг ын хэсэг тоот хашаанд байрлах гэртээ иргэн А.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт *******гийн ******* нь 2021 оны 12 дугаар сарын 11- ний өдөр 13 цагийн орчимд Завхан аймгийн сум багийн ын хэсгийн тоот хашаанд байх гэртээ иргэн А.*******тай маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Бусдад хутгалуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч А.*******ийн “ Би тэр өдрийн өглөө.... ******* гэх залуугийн ... гэрт нь ороод архи ууж байсан. Тэгээд архи уугаад сууж байхдаа ******* бид хоёр хоорондоо үе үе маргалдаад байсан. ******* над руу “Чи хэн юм бэ? Би гэрийн эзэн байна” гээд дайраад байсан. Тэгээд би дотроо за ингэсхийж байгаад гэртээ харихгүй бол болохгүй юм байна гээд бодож байсан. Тэгээд бүү мэд тасарчихсан байсан. Тэгээд гэртээ ухаан ороод сэрсэн чинь гэдсэндээ хутгалуулсан байсан. ... Миний биед баруун хавирганы доод хэсэгт гэдэсний орчимд нэг удаа хутгалуулсан шархтай болсон байсан. Бас биеийн энд тэнд зулгарсан шарх гэмтлүүд байна лээ. Уг гэмтлийг хэн ямар байдлаар учруулсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, П.******* хохирогч А.*******ийг хутгалсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч А.*******гийн “... өглөө ******* нэг танихгүй залуутай ...хамт орж ирсэн. Орж ирээд тэд нар нийлээд нэг шил Хараа нэртэй 500 граммын архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд ******* ... Тэр танихгүй залуутайгаа нэг нэгэндээ томроод баярхаад маргалдаад байсан. Тэр хоёр хоёулаа ээлжлээд нэгнийгээ цохиж аваад байсан тэгэхээр нь би боль тэгдэггүй юм гээд салгасан. ******* тэгэхэд гутлынхаа түрийнээс жижигхэн бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд гэдэс рүү нь хатгаад байсан. Цус гарсан. Тэгэхээр нь би хүүе яанаа тэгдэггүй юм гэж хэлээд болиулаад тэр хутгыг нь аваад гэрийнх нь гадаа гаргаад машиных нь тэнд нуучихсан. Тэгэхгүй бол ахиад хутгалчихаж магадгүй гэж бодоод хутгыг нь нуусан....” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.*******ын “2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ... ******* ах ах хоёр ... буцаж ирэхдээ нэг залуу дагуулаад ороод ирсэн. Тэгээд орж ирээд дөрвүүлээ нийлээд хоёр шил архи, 1 том пивотой уусан...Бид нар үлдээд байж байтал ******* ******* хоёр муудалцаад байсан. Тэгээд нэг тэр хоёр гэрээс гарчхаад буцаж орж ирэхдээ ******* нь гэдэснээс цус гараад байна гээд надад цамцаа сөхөөд үзүүлж байсан санагдаж байна. Би тухайн үед нэлээн согтсон байсан учир зарим юмыг санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр, хохирогч А.******* гэртээ ирэхдээ бусдад хутгалуулсан байдалтай ирсэн талаар мэдүүлсэн гэрч М.ын “... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ...хашааны хаалга онгорхой баахан үхэр ороод ирсэн байсан. ... үхрээ хөөгөөд гаргасан чинь хадам ээжийн гэрт нэг хүн дуугарах шиг болохоор нь нөгөө ******* согтуу ирсэн байна гэж бодоод ороод харсан чинь ******* шал согтуу гэртээ баруун талынхаа орон дээр хэвтэж байсан. Тэгээд би гэртээ ороод хадам ээжийг “Нөгөөдөх чинь согтуу ирсэн байна, гэртээ орохгүй бол болохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд хадам ээж гэртээ ороод өмхий үнэртээд байна энэний үнэр танарыг яана. Өмдөндөө шээж баачхаж” гээд хадам ээж үзсэн юм шиг байна лээ. Тэгээд босгоод хувцсыг нь тайлуулж өмдийг нь сольё гээд орноос нь буулгасан чинь орны бүтээлэг нь цус болсон байсан юм шиг байна лээ. Тэгэхээр нь манайд хадам ээж гүйж орж ирээд “Хамаг юм нь цус болчхож энэ одоо яасан юм бол” гээд нөхөр бид хоёрт хэлсэн.Тэгээд хадам ээж манай нөхрийн хамт хадам ээжийнд орсон. Тэгээд хүнтэй зодолдоод цустай хутгалдчихаа биз гэж бодоод тоогоогүй хувцсыг нь тайлаад сольсон гэсэн. Тэгээд гадаа гаргаж байгаад хамаг хувцсыг нь тайлсан чинь гэдсэндээ хутганы шарх байхаар нь хадам ээж манайд гүйж орж ирээд надад “Энэ хутгалуулчхаад хүрээд ирж” гээд надад хэлсэн....” гэсэн мэдүүлгээр, хохирогч А.*******ийг хутгаар хатгасан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч П.*******ы ”... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ... *******, *******, ******* гурав архи уугаад сууж байсан. Тэгээд удалгүй ******* бид хоёр маргалдсан. Тэгээд ******* намайг ширээн дээгүүр түлхэж унагаагаад бид хоёр ноцолдсон. Тэгээд би гэрийн баруун гар талын хивсэн доор байсан хутгыг аваад *******ийг хатгачихсан. Тэгээд ******* бид хоёр эмнэлэг явж байх үед ******* гэр рүүгээ явчихсан. Би тухайн үед гудамжинд тасраад уначихсан...” гэсэн мэдүүлгээр, П.*******ы хашаанд байсан хөх өнгийн Портер маркийн ******* улсын дугаартай автомашины тэвшний хэсэгт өвсөн дээр хар өнгийн ременин хуйтай хүрэн иштэй ажлын хэсэг нь улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсныг эд мөрийн баримтаар хураан авсан гэж бичсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогдсон байна. Шүүгдэгч П.*******ы А.*******ийг хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000000026 дугаартай “Иргэн А.*******ийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралт, тархи доргилт, хамрын нурууны баруун талд, баруун өгзөгний дээд хэсэгт, зүүн өгзөгний дээд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун хэсэгт, баруун бугалганы гадна хэсэгт, баруун өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх үүссэн гэмтлүүд нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн А.*******ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч нь хохирогчийг хутгалахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч П.*******ы хохирогч А.*******ийг хутгалсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн гар хийцийн аль нь байж болно” гэж заасан ба дээрх тайлбарт заасан хүйтэн зэвсэг гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зориулалт бүхий эд зүйл хэрэгсэл түүний дотор хутга, заазуур бусад мэс хамаарна. Шүүгдэгч П.******* нь хохирогч А.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг хутгалсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.гийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан ”...хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэж, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар дахин шинжээч томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэлгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дээрх хүсэлтээ дэмжиж оролцсон ба шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой учир өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзлаа. Учир нь: Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон А.*******ийн өвчний түүхэнд хэвлийн хөндийн нэвтэрсэн шархны гүний талаар бичээгүй боловч шарханд урсгуур тавихад цусархаг шингэн гарсан байдлыг, мөн хэвлийг эход харахад бага аарцагт бага зэргийн шингэнтэй гэж тэмдэглэсэн эмчийн тэмдэглэл зэрэгт үндэслэхэд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон учир хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлоо нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү ” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг, хууль зүйн дүгнэлтийн хамт зөвшөөрөх тухай ойлголт бөгөөд гэм буруугийн талаар огт маргахгүй байх явдал юм. Гэтэл шүүгдэгчтэй нэгдмэл ашиг сонирхолтой эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байхад шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бэлтгэлийн цахилгаантай цамцыг хохирогч буцаан авах хүсэлт гаргасан тул хохирогчид буцаан олгох зүйтэй байна. Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 11 см, бариул хэсэг 9 см хэмжээтэй бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нимгэн хөх судалтай цагаан өнгийн фудволка 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн зузаан дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн урдаа оруулгатай жинсэн өмд зэргийг цаашид ашиглах боломжгүй тул устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар П.*******ыг 05 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.*******д оногдуулсан 05 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн, цахилгаантай бэлтгэлийн цамцыг хохирогч А.*******т буцаан олгож, ажлын хэсгийн урт 11 см, бариул хэсэг 9 см хэмжээтэй бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нимгэн хөх судалтай цагаан өнгийн фудволка 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн зузаан дотуур өмд 1 ширхэг, урдаа хөх өнгийн оруулгатай жинсэн өмд 1 ширхэг зэргийг тус тус устгасугай.
6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” тухай хүсэлтийг хангахаас татгалзсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
П.ДОРЖБАЛ