Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1904

 

М.Бын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01921 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Б,

Хариуцагч ХБ ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч М.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул,

            Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХБ ХХК-д 2010 онд ажлын ярилцлаганд орж тэнцэн Мэдээлэл технологийн эрсдэл хариуцсан мэргэжилтнээр анх орж ажилласан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр 2014 оны 8 дугаар сараас Мэдээллийн аюулгүй байдлын аналистаар 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарах өдөр хүртэл ажилласан юм. Би тус банкинд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил болон ажлын алдаа дутагдал доголдол гаргаж байгаагүй болно. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 06/1484 тоот захирлын тушаал гарч ажлаас чөлөөлсөн юм.

Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг барьсан боловч намайг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэдгийг үнэн зөвөөр тогтоолгүйгээр гарсан гэж үзэж байна. Иймд намайг мэдээллийн аюулгүй байдлын аналистын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин түүнтэй тэнцэх нөхөх олговорыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, Д.Даваажаргал нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Банк Мэдээллийн аюулгүй байдлын аналистуудын ур чадвар, мэргэжлийн мэдлэгийн түвшинг шалган тогтоох шаардлагатай гэж үзсэн тул Мэдээллийн аюулгүй байдлын аналистын ажлын байранд аттестатчилал буюу ажилтны мэргэжил мэргэшил, мэдлэгийн ур чадварыг шалган тогтоох шийдвэрийг гаргасан.

Ийнхүү хэрэгжүүлсэн аттестатчиллаар нэхэмжлэгч М.Б нь ажил мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/1484 тоот тушаал хуульд нийцсэн тул М.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Бын хариуцагч ХБ ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргж байна. Үүнд: Шүүх хавтаст хэрэгт цугларсан /х.х-29-33/ ХБны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журмын 4.1-д аттестатчиллын шалгалтын тов, шалгалтын чиглэлийг шалгалт эхлэхээс 1 сараас доошгүй хугацааны өмнө гаргаж, мэдэгдэнэ гэсэн атал шалгалт авах удирдамж нь /хх-35/ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарч 3 хоногийн дараа буюу 09 дүгээр сарын 16-ны өдөр аттестатчилал авч журмаа зөрчсөн болох нь /хх-35/ талд авагдсан тушаалаар тогтоогдсон байдаг. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж чадсангүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 2006 оны 07дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т уг заалтыг тайлбарласан байна. ХБ ХХК-ийн гаргаж өгсөн /хх-148/ SOC аналистын ажлын байрны 2 дахь удаагийн аттестатчиллын шалгалтын материал, үнэлгээ танилцуулсан уулзалтын тэмдэглэл гэх баримтад М.Быг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоох хүчин чадал бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй байхад энэ баримтыг үндэслэн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 06/1484 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал гаргасан байна.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч М.Б нь 2 удаагийн аттестатчиллын шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй.

ХБ ХХК нь ажилтны мэргэжил ур чадварын түвшинг тогтоох аттестатчилал явуулахдаа ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж тогтоох журмын 2.3, 3.1.2-т заасныг зөрчиж аттестатчилалыг явуулснаас аттестатчиллын үнэлгээгээ журмын дагуу дүгнэж чадаагүй байдаг. Тухайлбал, аттестатчилалын комиссыг шийдвэр гаргах түвшиний удирдах албан тушаалтан болон ажилтнуудын төлөөллөөс бүрдүүлнэ гэсэн байхад захирал зөвлөх гэх зэрэг удирдах албан тушаалтан орсон байгаа /хх-34 тал/, шалгалтын материалыг аттестатчиллын комисст ороогүй хүн зассан /х.х-148 тал/, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 10 оноо байхаас 6.3 гэж дүгнэсэн боловч үнэлгээг нотлох сүүлийн 4 буюу /х.х-35/ 2015 оны 3, 4, 2016 оны 1 болон 2 улиралын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэсэн гэх боловч 2015 оны 4, 2016 оны 2 улирлыг нотолсон баримт байхгүй.

Мөн М.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчиж ажлаас халах тухай мэдэгдлийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн атлаа 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрөөр хэлбэл мэдэгдэл өгснөөс хойш 29 хоноод ажлаас чөлөөлж хууль зөрчсөн байхад шүүх “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр “...хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг 30 хоногийн өмнө үүгээр мэдэгдэж байна...” гэсэн агуулга бүхий мэдэгдэл /хх-39 тал/-ээр мэдэгдсэн байх тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлсэн гэж үзнэ.” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв үнэлж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч ХБ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогчтой 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр /хх1-18-25/ ХБ ХХК-ийн Мэдээллийн аюулгүй байдлын газрын Мэдээллийн аюулгүй байдлын аналистаар ажиллаж байсан М.Быг тус банкны хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06/1484 дүгээр тушаалаар /хх1-3/ ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” үндэслэлээр цуцалжээ.  

Хариуцагч “ХБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02/362 дугаартай “Аттестатчилалын комисс томилох тухай” тушаалаар /хх1-34/ мэдээллийн аюулгүй байдлын аналистын ажлын байранд ажиллаж буй ажилтнуудыг аттестатчилалд хамруулахаар шийдвэрлэн, шалгалтын комиссыг томилж, аттестатчиллын журмыг тогтоосноор томилогдсон комисс шалгалтыг авч дүгнэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шалгалтад М.Б нь 44.8 оноо авч, хангалтгүй үнэлгээтэй дүгнэгдсэнийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний хуудсаар нэхэмжлэгчид танилцуулсан талаарх баримтууд /хх1-147/ хэрэгт авагдсан ба ажил олгогч 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шалгалтын дүнг үндэслэж, ажилтнуудыг ажлаас чөлөөлөөгүй, тус шалгалтаас хойш нэхэмжлэгч нь ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсэн,  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шалгалтын дүн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болоогүй байна.

Иймд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэрийг танилцуулсан атлаа   ажилтнуудад шалгалтад бэлтгэх хугацаа, боломж олголгүйгээр  3 хоногийн дотор шалгалт авсан, аттестатчиллын комисст  захирал, зөвлөх зэрэг удирдах албан тушаалтан орсон нь шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтан болон ажилтнуудын төлөөллөөс бүрдсэн комисс бүрдүүлэх журмын заалтыг зөрчсөн, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 10 оноо байхаас 6.3 гэж дүгнэсэн боловч үнэлгээг нотлох сүүлийн 4 буюу 2015 оны 3, 4, 2016 оны 1 болон 2 улирлын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэсэн гэх боловч 2015 оны 4, 2016 оны 2 улирлыг нотолсон баримт байхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

ХБ ХХК-ийн Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдлүүдийг илрүүлэх, илэрсэн эрсдэл болон зөрчлүүдийг үнэлж дүгнэх, удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөх зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хийсэн аудитын үнэлгээгээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах төвийн үйл ажиллагаа удаашралтай, боловсон хүчний чадавхи хангалтгүй талаар дүгнэсэн байх тул уг дүгнэлтийг үндэслэн аттестатчлал явуулахаар шийдвэрлэсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын аналистуудыг зориуд шахах зорилгоор шалгалт авч унагасан гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь сургалтыг англи хэл дээр явуулсан тул олйгомжгүй байсан, ажлын байдлаас шалтгаалан бүрэн хамрагдаж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийг буруутгах үндэслэл биш бөгөөд ажилтнуудыг сургалтад хамруулсны дараа шалгалтыг дахин явуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн эрхийг хангасан гэж үзэх ба М.Б нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2 дахь удаагаа шалгалт өгч, 20 асуултаас 8 асуултыг хариулж, 45.5 хувьтай үнэлэгдсэн тухай шалгалтын материал болон үнэлгээ танилцуулсан уулзалтын тэмдэглэл /хх1-142-146,148/ хэрэгт авагдсан байна.

Иймд нэхэмжлэгч М.Б нь шалгалт явуулах, үнэлэх журамтай танилцсаны үндсэн дээр зохих бэлтгэл хангагдсаны дараа 2 дахь удаагийн аттестатчлалд орсон ба шалгалтын үнэлгээтэй танилцаж, гарын үсэг зурсан, тухайн үед үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлыг  гаргасан гэх боловч уг тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь 2 дахь удаагийн шалгалтыг  комисст ороогүй этгээд авч, үнэлгээ өгсөн  гэх боловч ХБны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журмын 2.4-т холбогдох газрын төлөөллийг оролцуулах, комиссын бүрэлдэхүүнийг нууцлах гэж заасан тул мэдээллийн аюулгүй байдлын захирал Д.Даваажаргал үнэлгээ өгснийг журам зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн ажил олгогчоос 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэхдээ мөн оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр дуусгавар болгохыг тухайлан зааж мэдэгдсэнтэй нэхэмжлэгч М.Б танилцаж, гарын үсэг зурсан байх тул мэдэгдлийг 30 хоногийн өмнө хүргээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 Дээрх үндэслэлүүдээр хариуцагч буюу ажил олгогч нь комисс томилж, аттестатчилалын шалгалт явуулсан нь ХБны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж тогтоох журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ажилтны мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхэд зохих журмын дагуу үнэлгээ хийсэн, уг үнэлгээг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06/1484 тушаал гаргаж, М.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 

Иймд  анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв ба зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, шийдвэр үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01921 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ