| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 186/2018/0199/Э |
| Дугаар | 996 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 996
Б.Б, А.Ч нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Эрдэнэбат,
иргэний нэхэмжлэгч Ц.Батбаяр,
шүүгдэгч Б.Б, А.Ч ,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 634 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Эрдэнэбатын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Б, А.Ч нарт холбогдох эрүүгийн 1711009660039 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овогт Б-н Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт ........ дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар гудамжны ... тоотод оршин суух, .......... дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 46А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр эдлэх ялыг дүйцүүлэн хасаж суллагдсан, /РД:............./;
2. Д овогт А-н Ч, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэй, ............ сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......дүүргийн 6 дугаар хороо, ......... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 144 дүгээр магадлалаар дээрх ялыг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болгон өөрчилж шийдвэрлэсэн, /РД: ............/;
Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Цаг уур, орчны шинжилгээний газрын орчимд хохирогч О.Ч руу хүч хэрэглэн довтолж, “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулж, гэмт хэргийг гүйцэтгэсэн,
А.Ч нь урьдчилан амлаж, шүүгдэгч Б.Б-г санаатай гэмт хэрэг үйлдэхэд “Соната-6” загварын, ....... УБН улсын дугаартай авто машинаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилж, Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн, А.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 3 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ч-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 3 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Б.Б-ий цагдан хоригдсон 228 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Ч 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас хохирогч О.Ч-д төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Б.Б, А.Ч нараас тус бүр 440.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярт олгож шийдвэрлэжээ.
Прокурор Т.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилж, шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч Б.Б, А.Ч нар 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн автобусны буудлын эцсээс шүүгдэгч Б.Б-ий “Соната-6” загварын 89-29 УБН улсын дугаартай автомашинтай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв номын сангийн орчимд ирсэн. Энэ үед хохирогч О.Ч Төв номын сангийн орчимд найзуудтайгаа караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 22 цаг 45 минутын орчимд гарч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй дэлгүүрийн орчимд “Самсунг галакси эс-8” загварын гар утсаа хараад явж байхад шүүгдэгч Б.Б хүч хэрэглэн довтолж, гар утсыг авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.
А.Ч-н мэдүүлгээр Төв номын сангийн үүдэнд байхдаа урьдчилан амлаж шүүгдэгч Б.Б-ийг хохирогч О.Ч-н гар утсыг авахад өөрийн унаж явсан “Соната-6” загварын 89-29 УБН улсын дугаартай автомашинаар хангаж дэмжлэг үзүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул уг зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
А.Ч, Б.Б нар нь хохирогч О.Ч-г өмнө нь огт танихгүй ба шөнийн цагаар буюу 23 цагийн үед түүнийг гар утсаа хараад явж байхад гар утсыг нь авахаар тохиролцож, Төв номын сангаас автомашинтай дагаж, хүч хэрэглэн авч, маргааш өдөр гар утас худалдаалдаг Теди төвд ажилладаг Ч.Одхүү гэдэг хүнд “манай ахын утас байгаа юм, хайрцгийг нь би таньд маргааш аваад ирье” гэж хэлж зарсан байдаг.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.Ч нь Б.Б-ийг хохирогч О.Ч-н гар утсыг хүч хэрэглэж авах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж өөрийн унаж явсан автомашинаар хангаж дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй, бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цаашид бусдад дамжуулан борлуулсан үйлдлээр илэрдэг гэмт хэрэг байна.
Гэтэл шүүх А.Ч-н урьдчилан амлаж, шүүгдэгч Б.Б-ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд автомашинаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч А.Ч, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын ялагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч А.Ч нь хохиролд 350.000 төгрөг өгсөн. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй. Би А.Ч-той ярилцаж номын сангийн үүднээс хохирогчийг дагасан. Прокурорын эсэргүүцлийг зөв гэж бодож байна. ...” гэв.
Шүүгдэгч А.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тухайн үед дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй. Намайг эргээд зогсож бай гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно хэмээн заажээ.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Цаг уур, орчны шинжилгээний газрын орчимд хохирогч О.Ч руу хүч хэрэглэн довтолж, “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг авч, 1.850.000 төгрөгийн хохирол учруулж, гэмт хэргийг гүйцэтгэсэн,
А.Ч нь урьдчилан амлаж, шүүгдэгч Б.Б-ийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд “Соната-6” загварын, 89-29 УБН улсын дугаартай автомашинаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн байж болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Харин анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Б.Б, А.Ч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Тухайлбал, Б.Б-ий яллагдагчаар “... 30 орчим насны эрэгтэй гарч ирээд утсаараа оролдоод тонгойгоод зогсож байхад нь А.Ч харчихаад “чи булаагаад зугтчих гэхээр нь ард талд нь автомашин байна шүү дээ” гэхэд “за тэгвэл дагаад явж байя” гэж хэлсэн. Ингээд бид хоёр тэр хүний явсан зүгт автомашинтайгаа дагаад явсан. Цаг уур орчин судлалын хүрээлэнгийн хойд талд ирээд би автомашинаас буусан. А.Ч “автомашинтайгаа зугтахад бэлдээд байж байя” гэж хэлсэн. ... гар утсыг авч зугтаагаад А.Ч дээр очсон. Бид хоёр тэр газраас зугтаад шууд яармаг явсан. ...” /1 хх 57-59/ гэх, А.Ч-н яллагдагчаар “... Би Б.Б-ийг гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг мэдсээр байж хамт явсан бөгөөд тухайн үед автомашинаараа Б.Б-ийг очих газарт нь хүргэж өгч тус болсон. ...” /1 хх 60-63/ гэсэн мэдүүлгүүдээр Б.Б, А.Ч нар нь бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон, А.Ч нь дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон болохыг нотолж байна.
Иймд прокурор Т.Эрдэнэбатын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэлээ.