| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
| Хэргийн индекс | 126/2020/0009/З |
| Дугаар | 00009 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 00009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, Шарнууд овгийн Д-ын О-ийн РД/ХЛ65022520/ нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Б.М-т холбогдох “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 1,2 сарын тэтгэврийг нөхөн гаргуулахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.О би Хөвсгөл аймгийн Прокурорын газарт 27 жил ажилласан бөгөөд төрийн байгууллагад нийт 28 жил 9 сар ажиллаж Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн хуулийн заалтын дагуу өөрийн хүсэлтээр 55 насанд хүрээгүй байхдаа тэтгэвэр тогтоолгохоор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хандаж, Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т-аас асуухад манай хуулинд тусгагдаагүй тул болохгүй гэсэн учир материалаа өгөлгүй буцаж явсан. Ингээд би Прокурорын байгууллагаас 25 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүмүүс тэтгэвэрээ авч байгааг сонсоод 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст материалаа бүрдүүлж өгсөн юм. Гэтэл миний тэтгэвэр тогтоолгох материалыг тэтгэвэр тогтоолтын мэргэжилтэн Б.М хүлээн авч хянаад 2020 оны 02 дугаар сарын 25-наас өндөр насны тэтгэврийг тогтоож 55 нас хүрсэн даруй тэтгэврийн мөнгөө авахаар тогтоосон байсан. ” гэжээ. Одоо миний бие анх аймгийн Нийгмийн даатгалд хандсан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны тэтгэвэрээ нөхөн гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн тэтгэвэр тогтоолтын байцаагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.О нь Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн хуулийн заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл өгсөн боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалттай зөрчилдөж байх тул тухайн хуулийн заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй таны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “... 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” заалтын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу 55 насанд хүрсэн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоож, мөн өдрөөс тэтгэврийг олгож эхэлсэн болно. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул Прокурорын тухай дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль
бус болохыг тогтоолгох, 2020 оны 1,2 сарын тэтгэврийг нөхөн гаргуулахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр тэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 01 сарын өндөр насны тэтгэвэрийг гаргуулах тухай шаардлагаа багасгаж, 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг буюу 1 047 422 төгрөгийг гаргуулахыг даалгахыг хүссэн бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/443 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасаныг харгалзан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д-ын О-ийг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Д.О нь улсад нийт 30 жил 3 сар 9 хоног ажиллаж шимтгэл төлсөн үйл баримттай хариуцагч маргаагүй бөгөөд сарын дундаж хөдөлмөрийн хөлс, адилтгах орлогоос 45 хувиар тооцож, ногдох хувь болон ногдох хэсгийг нэмж сард олгох бүрэн тэтгэврийг 1 119 656 төгрөгөөр тогтоож, 2020 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн түүнд өндөр насны тэтгэвэр олгохоор хариуцагчаас шийдвэрлэжээ.
Д.О нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хандсан боловч 54 нас 11 сартай, улсад 30 жил 3 сар 9 хоног ажилласан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын 55 насны болзлыг хангаагүй тул өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй гэж үзэн баримт материалаа өгсөн өдрөөс бус 55 насанд хүрсэн өдөр буюу 2020 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоосон нь хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд ... 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас бйх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, ... эсхүл нас харгалзахгүйгэр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заажээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийт 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заагаагүй учраас түүний өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй байгаа талаар хариуцагч маргаж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан тул прокурорын өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг илүү нарийвчлан зохицуулсан Прокурорын тухай хуулийг тухайн тохиолдолд хэрэглэх нь зүйтэй.
Түүнчлэн материаллаг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдсэн даатгуулагчийн “өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх”-ийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй.
Иргэний эрхийг дордуулсан хуулийг хэрэглэхгүйгээр илүү нарийвчлан зохицуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэнтэй нийцнэ.
Иймээс иргэн Д.О-ээс тус албан тушаалтанд хүсэлт гаргаснаар 2020 оны 01 сарын 27-ны өдөр “Тэтгэврийн 973339 дугаар хувийн хэргийг нээсэн өдрөөс өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул түүний өндөр насны тэтгэврийг 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс эхлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, мөн хугацаанаас эхлэн 2020 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэлх 29 хоногийн хугацааны өндөр насны тэтгэвэр 1 047 422 төгрөгийг нэхэмжлэгчид нөхөн олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйл, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг баримтлан Д-ын О-ийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг буюу Д.О-ийн өндөр насны тэтгэврийг тогтоож олгоогүй Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д-ын О-т өндөр насны тэтгэврийг 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс эхлэн тогтоож олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, түүнд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 29 хоногийн хугацааны өндөр насны тэтгэвэр 1 047 422 төгрөгийг Д.О-т нөхөн олгож, нэхэмжлэлийн үлдсэн “... 2020 оны 01 сарын өндөр насны тэтгэвэрийг гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН
.