Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 89

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

           Нарийн бичгийн дарга Д.Пүрэвжаргал

            Улсын яллагч Т.Цэнд-Аюуш

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Отгонбаатар  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1987 оны 09  сарын 10-нд төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Банкны 1-6 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Жалиар овогт Алтантуяагийн Уугантуяад /РД: ЕЭ87091066/ холбогдох эрүүгийн 201610010163 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч А.Уугантуяа нь 2016 оны 08 сарын 06-ны өдөр 14:00 цагийн үед Замын-Үүд сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Нарны гудманд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй О.Хишигням нохойд уруулж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ

                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Уугантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “08 сарын 06-ны өдөр би гэрээсээ 12 цаг 10 минутын үед гарсан. Тэгээд хаалгаа цоожлоод нохой байдаг газарлуу хараагүй шууд таксидаад явсан. Замаараа ээжийнхээрээ орж харшлын тариа хийлгэчихээд банкан дээр очиж гүйлгээ хийсэн. Би ээжийндээ утсаа орхисон байсан. Тэгээд ээжийндээ очоод утсаа хартал манай нөхрийн дүү залгасан байсан. Тэгээд залгатал танай нохой урсан байна гэсэн. Тэгээд гэртээ очтол хүмүүс байгаагүй ба цагдаагаас утасдаад ирж байцаалт өг гсэн. Тэгээд би манайх энэ хашаа байшинг худалдаж авсан манайд нохой байхгүй гэж би эсэргүүцсэн. Анх энэ хүмүүстэй яриагүй байж байгаад байцаагчаас гэрийнх нь хаягийг аваад очоод уулзсан. Анх эмчилгээний мөнгө гэж 156,000 төгрөг гарсан байсан. Тэрийг авч очоод өгье гэсэн боловч  энэ хүмүүс эмчилгээний мөнгө төгрөг авахгүй явдаг газраар нь явна чамд эрүү үүссэн байгаа 3-5 жил авах нь тодорхой гэсэн. Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ байсан болохооор нөхрөө Сүхбаатараас дуудсан. Ийм асуудал болчихлоо гэж.  Тэгээд би  дараа нь байцаагчтайгаа очиж уулзаад энэ хүмүүс эм тарианы мөнгө авахгүй гэнээ гэсэн. Хүүхэд чинь эмчилгээ хийлгэх үзүүлж харуулах бол хамт явж үзүүлье гэж энэ хүмүүст хэлсэн чинь өөрсдөө авч явна гэсэн. Тэгээд хотод эмчилгээ хийлгээд хүүхдээ хотод эмчилгээ хийлгээд орхисон гэсэн чинь хүүхэд нь гэртээ байж байсан. Байцаагчид хэлэхэд тохиролц гэж хэлсэн. Эмчилгээний зардалд 450,000 төгрөг төлсөн.  Ер нь бол 3 сая төгрөг өг, тэгвэл хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгье гэсэн. Надад тар 3 сая төгрөг байхгүй шүүхээр шийдвэрлүүлье гээд гарсан. Нохойг хамгаалалтгүй байлгасан нь миний буруу “ гэсэн мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Отгонбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 08 сарын 06-ны өдөр би Эрээн гарах гээд явж байтал утас дуугараад автал танихгүй хүн залгаад танай хүүхдийг нохой урсан байна гэсэн. Тэгээд би очих гээд явж байтал замд утас  2, 3 дуугараад автал хүүхэд чинь уйлаад цус нь гараад байна гэсэн. Тэгээд би очоод хүүхдээ авахад тэр танихгүй ах миний хүүхдийг тэвэрсэн байсан.  Тэгээд би хүүхдээ аваад аль айлын нохой урсан гэж асуухад урд айлын том тэргэн доор байсан нохой урсан гэсэн. Тэгээд би явж очоод тэр айлын хашааных нь гаднаас хүн амьтан байна уу гээд орилоод асуутал нэг залуу гарч ирсэн. Тэр залуугаас энэ хэний нохой бэ  хүүхэд урчихлаа гэхэд хажуу айлын нохой энэ манай нохой биш гээд гэртээ яваад орсон. Тэгээд би цагдаа дуудчихаад хүүхдээ аваад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод боолт хийлгэсэн.Цагдаагийнхан Уугантуяа гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. Тэгээд би залгатал энэ манай нохой бишээ би төмөр зам дээр ажилтай байна гээд утсаа тасалсан. Би хүүхдээ гэртээ аваачиж хэвтүүлчихээд цагдаад ирж мэдүүлэг өгсөн. Тэгээд 6 хоногийн дараа энэ хүүхэн би эзэн нь байгаа юм гээд ирсэн бөгөөд өөрийнхөө хүүхдийг өвчтэй зовлонтой гээд яриад байсан. Би бол энэ хүнээс мөнгө төгрөг авъя гэж яриагүй. Хүүхдийнхээ биеийн байдлыг гайгүй болсон хойно л мөнгө төгрөг ярья гэж бодсон. Тэгтэл 3 хоногийн дараа энэ хүүхэн нөхөртэйгээ орж ирээд мөнгө төгрөг өгье гэсэн. Би мөнгө төгрөг авахгүй хүүхдийнхээ биеийн байдлыг харъя гэсэн. Тэгээд цагдаа дээр очоод байцаалт өгөөд байж байтал эмчилгээний зардал 450,000 төгрөг гарсан энэ мөнгийг та ав гэж цагдаа хэлсэн би авахгүй гэсэн чинь энэ бол цагдаагийн шатанд авах ёсотой байдаг юм гэсэн. Тэр Улаанбаатар авч явсан нь манай эхнэр Улаанбаатар хотод хаягтай байдаг учраас гэмтэлийн эмнэлэгт үзүүлж хорооны эмнэлэг дээрээ шарлага хийлгэсэн.  Манай хүүхэд цочролд их орсон байсан, шөнө утнаж байгаад ээжээ,ааваа нохой гээд орилж босож ирээд байсан. Энэ явдалаас болж охины минь сүнс хүртэл зайлан байсан. 3 сая төгрөг нэхсэний учир нь бол шөнө би найзыгаа хойшоо том машинтай гаргаж өгчихөөд ядраад гэртээ ирэхэд энэ хүүхэн нөхөртэйгээ ирчэхсэн 350,000 төгрөг өгье гээд байхаар нь ядраад амрах гээд энэ хүмүүсийг явуулах гээд 3 сая төгрөг өгчих тэгвэл хэрэгсэхгүй болгож болно гэж хэлсэн. Тэрнээс биш 3 сая төгрөг авъя гэж хэлээгүй амрахын тулд л тэгж хэлсэн. Эдний нөхөр захаас бараа авах гэж юм шиг одоо хэдэн төгрөг өгөхөв гээд байсан. Тэгээд хүүхдийн эд эрхтнийг үнэлээд байгаа юм шиг санагдсан. Ер нь бол хүүдэд минь сэтгэл гаргаж биеийг нь асуугаагүйд гомдоод байгаа юм, бидэнтэй үл тоомсорлож харьцсан. Одоогийн байдлаар нэхэмжлэх мөнгө байхгүй байна, цаашид охиноо эмчлүүлбэл зардлыг нь нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг

Насанд хүрээгүй хохирогч О.Хишигнямын хэрэг бүртгэлтэнд өгсөн “... 2016 оны  08 сарын 06-ны 14:00 цагийн  үед би гэрээсээ гараад дэлгүүр орчихоод явж байгаад айлын нохой над руу дайрахаар зугтсан тэгтэл араас ирээд нохой гуянаас хазаад авсан. Тэгтэл том ах ирээд намайг босгосон. Би ээж, аав руу залгаж  дуудсан. Тэгээд эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан. Зүүн гуяндаа нохойд хазуулсан, биедээ би хөнгөн гэмтэл авсан. Эмнэлэгт үзүүлж боолт хийлгэж байгаа. “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 9/

            Дорноговь аймгийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 09-ний “ 1.О.Хишигнямын биед зүүн өгзөг зүүн гуяны шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн өдрийн 233 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлн судлав.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч А.Уугантуяа нь 2016 оны 08 сарын 06-ны өдөр 14 цагийн үед Замын-Үүд сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Нарны гудманд өөрийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй О.Хишигням нохойд уруулж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч А.Уугантуяагийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүнийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодидийг хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Уугантуяагийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч О.Хишигнямын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шинжээч Э.Анхбаярын 2016 оны 08 сарын 09-ний өдрийн 233 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Уугантуяагийн гэм буруу тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Уугантуяа нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бгөөд насанд хүрээгүй хохирогч О.Хишигнямын биеийн эрүүл мэндээ эмчлүүлэхэд зарцуулсан зардалд 450,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийг явцад тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ш.Отгонбаатар нь одоогийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй байна, цаашид охиноо эмчлүүлбэл зардлыг нь нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг бөгөөд түүний шүүхэд мэдүүлэх, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

Иймд шүүгдэгч А.Уугантуяаг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Уугантуяа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулах хнгөрүүлэх нөхцөл болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Жалиар овогт Алтантуяагийн Уугантуяаг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодидийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар шүүгдэгч Алтантуяагийн Уугантуяаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.                           

            3. Энэ хэрэгт холбогдуулан хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч  нь А.Уугантуяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч А.Уугантуяа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл  уг ялын хэмжээнээс хамааруулан  3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.                          

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан А.Уугантуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Энэ шийтгэх тогтоолыг А.Уугантуяа, хохирогч нар зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД