Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

    2022         03          22                                          2022/ШЦТ/36

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                     С.Б

Улсын яллагч                                    Э.Б

Шүүгдэгч                                Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Н холбогдох эрүүгийн 2104001040009 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын 1....хэсэгт  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овгийн Н-ийн Н /РД: /

Үйлдсэн хэргийн талаар:

Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой 03.00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн хэсгийн 3 дугаар гудамжны 03 тоотод оршин суух Р.А-ын гэрт хардалтын улмаас хохирогч Б.Б-ын нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж, улмаар гэрээс дагуулж гаран уг хашааны гадна зүүн шанаа хэсэгт гараар олон удаа цохиж газарт унаган нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв,

Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө өөрийн найз Р.Азжаргалын гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 03 тоотод байрлах гэрт амарч байхад шөнө 3 цагийн үед гаднаас үл таних хоёр эрэгтэй орж ирсэн. Туранхай биетэй залуу над руу заагаад “энэ хэн юм бэ” гэж асуугаад намайг 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд намайг “хувцасаа өмс” гэхээр нь хувцасаа өмсөөд, тухайн хоёр залуутай хамт хашааны гадна гарсан. Тэгэхэд Н намайг “чи хүний найз охинтой явдаг хэн бэ, наадах чинь найз залуутай” гээд намайг олон удаа цохисон, тэгээд газар хэвтэж байхад миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн ба би А-ын гэрт оролгүйгээр явсан. Намайг Н гэх залуу зодсон. Би Н-с эмчилгээний зардал болон хохиролд 1,200,000 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 78-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Р.А-ын мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ байж байхад гаднаас Э, Н нар орж ирсэн. Тэр хоёр согтуу байсан ба манайд унтаж байсан найз Б-г Н “энэ юун хүн юм бэ” гэж надаас асуухад Б босоод ирсэн. Н Б-г гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Н, Э нар Б-н хувцасыг өмсгөөд аваад гарсан. Түүнээс хойш надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Э-н мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр найз Н-тэй байж байгаад орой 21 цагийн үед Н-н найз охин Р.А-ын гэрт очоод хоол хийлгэж идсэн. Тэгээд манай хоёр найз мотоцикль эвдэрчихсэн гээд А-ын хашаанд хүрээд ирсэн. Бид дөрөв эвдэрсэн мотоциклийг нь янзалчихаад Багануур дүүрэг 1 дүгээр хороо Улаан ухаа гэх газар очиж 2.5 литрийн 4 ширхэг пиво хувааж уугаад манай хоёр найз тэндээ үлдээд Н бид хоёр буцаж шөнө А-н гэрт ирсэн. Тэгтэл А-тай нэг хүн хамт байсан. Тухайн үед Н уурлаад “энэ юун залуу юм бэ” гээд А-с асуугаад, тэнд байсан залууг хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд гэрэл асаагаад тэр залуугийн хувцасыг өмсүүлээд аваад гарсан. Н хашааны гадна нөгөө залууг хашааны гадна хэсэг зодсон. Яг яаж зодсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

              Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09/шэ301 дугаартай: “Б.Б-н биед хамар ясны шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,

              Хохирогч Б.Б-ын “Амбулаторийн карт”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61, 68-р хуудас/,    

              Хохирогч Б.Б-ын Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэнд “Миний бие нь Н.Н-ээс эмчилгээний төлбөр болон хохиролд 1,200,000 төгрөгийг авсан ба  ямар нэгэн  нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэжээ. /хх-н 78-р хуудас/,

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...ИН .......регистрийн дугаартай А овгийн Н-н Н...” гэжээ.  /хх-н 48-р хуудас/,

Шүүгдэгч Н.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой 03.00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн хэсгийн 3 дугаар гудамжны 03 тоотод оршин суух Р.А-ын гэрт хардалтын улмаас хохирогч Б.Буянтын нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж, улмаар гэрээс дагуулж гаран уг хашааны гадна зүүн шанаа хэсэгт гараар олон удаа цохиж газарт унаган нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө өөрийн найз Р.А-ын гэр болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 03 тоотод байрлах гэрт амарч байхад шөнө 3 цагийн үед гаднаас үл таних хоёр эрэгтэй орж ирсэн. Туранхай биетэй залуу над руу заагаад “энэ хэн юм бэ” гэж асуугаад намайг 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд намайг “хувцасаа өмс” гэхээр нь хувцасаа өмсөөд, тухайн хоёр залуутай хамт хашааны гадна гарсан. Тэгэхэд Н намайг “чи хүний найз охинтой явдаг хэн бэ, наадах чинь найз залуутай” гээд намайг олон удаа цохисон, тэгээд газар хэвтэж байхад миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн ба би А-ын гэрт оролгүйгээр явсан. Намайг Н гэх залуу зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 78-р хуудас/,

- Мөрдөн байцаалтад гэрч Р.А-ын мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ байж байхад гаднаас Э, Н нар орж ирсэн. Тэр хоёр согтуу байсан ба манайд унтаж байсан найз Б-ыг Н “энэ юун хүн юм бэ” гэж надаас асуухад Б босоод ирсэн. Н Б-ыг гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Н, Э нар Б-ын хувцасыг өмсгөөд аваад гарсан. Түүнээс хойш надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

- Мөрдөн байцаалтад гэрч Х.Э-ийн мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр найз Н-тэй байж байгаад орой 21 цагийн үед Н-ийн найз охин Р.А-ын гэрт очоод хоол хийлгэж идсэн. Тэгээд манай хоёр найз мотоцикль эвдэрчихсэн гээд А-ын хашаанд хүрээд ирсэн. Бид дөрөв эвдэрсэн мотоциклийг нь янзалчихаад Багануур дүүрэг 1 дүгээр хороо Улаан ухаа гэх газар очиж 2.5 литрийн 4 ширхэг пиво хувааж уугаад манай хоёр найз тэндээ үлдээд Н бид хоёр буцаж шөнө А-ын гэрт ирсэн. Тэгтэл А-тай нэг хүн хамт байсан. Тухайн үед Н уурлаад “энэ юун залуу юм бэ” гээд А-аас асуугаад, тэнд байсан залууг хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд гэрэл асаагаад тэр залуугийн хувцасыг өмсүүлээд аваад гарсан. Н хашааны гадна нөгөө залууг хашааны гадна хэсэг зодсон. Яг яаж зодсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

              - Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09/шэ301 дугаартай: “Б.Б-н биед хамар ясны шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/, болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Н нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Н.Н-ээс 1,200,000 төгрөг авсан ба ямар нэгэн гомдол саналгүй гэж илэрхийлсэн байх тул шүүгдэгч  Н.Н-г  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овгийн Н-н Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овгийн Н-н Н-т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  Н.Н-т  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Н-т  тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н нь гэм хорын хохиролд хохирогч Б.Б-д 1,200,000 төгрөгийг төлснийг баталж, хохирогч нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй Н.Н-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Н-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН